Харийг зорих залуусын цуваа жилээс жилд нэмэгдсээр үндэсний аюулгүй байдлын “харанга” дэлдэх нь

Өдөр, шөнийн сурвалжлага

Харь газарт виз гэгч алга дарам цаасыг ямар нэгэн шалгуургүйгээр шууд өвөртөлж болдог бол Монгол гэх энэ улсад хүн үлдэхгүй нь бололтой. Манай улсад визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх найман салбар байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр газраар визээ гарахыг хүлээсэн, мэдүүлэх дарааллаа хүлээсэн иргэдийн тоо өдрөөс өдөрт эрс нэмэгдсээр байна.

Өнөөдөр гэхэд л БЗД-ийн “Бридж” группийн байранд байрших Солонгос улсад зорчих визний мэдүүлэг хүлээн авах газрын гадаа багахан хэмжээний “дайн” болж байна. Учир нь тус газраас ирэх сард тус улсыг зорих хүсэлтэй иргэдэд виз мэдүүлэх дугаар тарааж буй нь энэ юм. Өөрөөр хэлбэл, гурван сарын аялалын виз  ийнхүү магнаг болж байна.

Тэгэхээр энэхүү уртаас урт цувааг харсан гадны иргэд монголчуудын баяныг гайхах биз ээ. Аялалын визэнд ингэж хонон өнжин дугаарлахыг хараад гайхахгүй гээд яах вэ. Гэвч үнэн чанартаа монгол залуус эх орон, элгэн садандаа амьдрахаас туйлдаж байна. Тэд сайхан амьдрахыг л хүсэж байгаа.

Эрх мэдэлтнүүд эдийн засаг өссөн үзүүлэлттэй хэмээж байгаа ч үнэндээ сүүлийн гурав дөрвөн жил хямрал нүүрлэж, иргэдийн амьдрал эрс уруудсан. Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, харин гар дээрх цалин нь бахь байдгаараа. Бүтэн сар ажиллаж авсан цалин нь автобус унааны мөнгөндөө зарцуулагдаж, хоол  хүнсэндээ хагас дутуу хүрэхтэй үгүйтэй урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж амьдарсаар залхсан залуусын хувьд ганц гарц нь БНСУ-д очиж ажиллах болж байна.

 

Хөөрхий эмээ, өвөө нар хөнжил нөмөрч хүүгээ, охиноо харьд ажиллуулах гэж шөнийг цурам хийхгүй, урдуураа ганц хүн ч болов оруулахгүй гэсэндээ нойргүй хонох дүр зураг. Харин залуус нь гахай нохойгоороо дуудалцаж, гар зөрүүлэх нь энүүхэнд. Энд ёс суртахуун энэ тэр гэж ярих ч хэрэг алга. Тийм эрх ч байхгүй. Монгол орны ирээдүй болсон залууст эх орондоо хүн шиг амьдрах боломж нөхцөл байдагсан бол юу гэж ингэж үйлээ барж, үсээ зулгааж суух билээ. Үнэндээ тэдэнд цалингаа хурааж, амьдралаа босгох ямар ч нөхцөл боломж байхгүй. Энэ улсад зээлгүй хүн гэж ховор. Тиймээс л харийг зорих иргэдийн цуваа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхэд ойрхон боллоо. Гэвч төр сандайлсан цагаан захтнууд өндөр сэнтийдээ, халуун хөнжилдөө нүдэн балай, чихэн дүлий суусаар…

Энд ганцхан жишээ дурьдахад, 2015, 2016 онд тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй 4000-5000  орчим иргэн л бүртгүүлж байсан бол өнгөрөгч жил 8000 гаруй болж өссөн нь өмнөх оноос хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Харин энэ онд харийг зорих залуусын цуваа улам өсөх нь урьд шөнийн ганцхан виз мэдүүлэх төлөөллийн газрын гадаах байдал илтгэж байна. Энэ бол яах аргагүй үндэсний эмгэнэл шүү, төр түшилцсэн нөхдөө.

О.ГЭРЭЛ (эх сурвалж newsmedia.mn)

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд