Лу БОЛД: МАНАН-гийхан ирэх сонгуулиар, эрх мэдлийн төлөө улайрах нь тодорхой

Ховд аймагт ирж иргэд олон түмэнтэй уулзалт хийх болсон учир, зорилгынхоо талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

Сүүлийн тав, зургаан сар УИХ-ын таван гишүүн 100 гаруй төрийн бус байгууллагуудтай хамтран МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний хөдөлгөөн зохион байгуулаад улс төрийн тэмцлийн бүхий л хэлбэрүүдийг Монгол орон даяар өрнүүлж байгаа. Энэхүү тэмцэл, хөдөлгөөнийхөө талаар ард түмэнтэйгээ зөвлөлдөе, санал бодлыг нь сонсъё гэж бүх аймаг, дүүргээр тойрч уулзалтуудыг хийж байна. Батзандан гишүүн бид хоёр, мөн дээр нь УИХ-ын гишүүн С.Жавхлан нэмэгдэж, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл улс төрийн хүчнийг үүсгээд, олон түмэнд өөрсдийнхөө зорилгыг таниулахаар ажиллаж байна. Энэ бүхний цаана иргэдийн өөрсдийнх нь дэвшүүлж байгаа цаг үеийн хүлээгдсэн томоохон асуудлууд байгаа юм. Дэлхийн хамгийн их баялагтай орон хэрнээ хамгийн их ядуу амьдарч байгаа Монголчууд бид баялгийнхаа эзэн нь болж, дэлхийн дахинаа Монгол Улсын иргэн гэдэг нэрийг зохих түвшинд гаргах томоохон хувьсгалыг хийх цаг болсон. Тийм учраас шударга ёсныхоо хувьсгалыг хийхийн тулд ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож байгаа нь энэ юм.

Шударга ёсны эвсэл байгуулагдсан тухай ярилаа.  Гол үзэл баримтлал нь юу вэ?

Одоо манай улсад хоёр том нам, 30 гаруй жижиг намууд байгаа. Жижиг намууд нь  том намын бөөрөнд наалдан амь зогоох жишээтэй амьдардаг бөгөөд бүхий л улс төрийн намуудын оршин байх амьдрах арга барил нь хуурамч, хулгай луйврын сэтгэхүйд түшиглэсэн ийм улс төрийн тогтолцоо манайд ноёлж байгаа.  Иймээс шударга ёсны хувьсгалыг хийх хэрэгтэй болсон. Ингэхийн тулд ард иргэдээр өөрсдөөр нь сонголт хийлгэдэг тогтолцоог бий болгох ёстой. Тэгээд бид ард түмний эвлэлдэн нэгдэх хүчин зохион байгуулахаар ажиллаж байгаа. Бидний тэмцэл хаа хүрч, хэрхэн явахыг ард түмний сонголт л мэднэ. Бид ард түмнийг хуурч мэхлээд худлаа ярихгүй.

Та бүхний үүсгэсэн эвсэлд одоогоор хичнээн хүн нэгдээд байна? 

Монгол түмний нэгдэлдээ бид улс төрийн намуудыг оролцуулаагүй, харин улс төрийн явцуу зорилго агуулдаггүй ард түмний эрх ашгийг хамгаалахын төлөө нэгдсэн 100 гаруй ТББ бидэнтэй хамт шаардлагуудыг тавьж байна. Миний хувьд тодорхой улс төрийн хүчин гарч ирэх шаардлагатайг өнгөрсөн 30 жилийн түүх нотолж байна гэж үзэж байгаа. Иргэд өөрсдөө нам харгалзахгүйгээр Монгол Улсын иргэн гэдгээрээ нэгдэж, улс төрийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Цаашаа амжилтад хүрэх эсэх иргэдээс шалтгаална. Энэ бол Батзандан, Болд, Жавхлан гээд хэсэг улс төрчид өөрсдийгөө дэмжүүлэх зорилго биш юм.

Ямар тодорхой шаардлага тавьж байгаа тухайд манай уншигчдад мэдээлэл өгөх үү ?

Бид гурван үндсэн шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, баялгийн хувьсгал хийнэ. Монголын бүх баялаг, томоохон стратегийн ордууд ард түмний өмч байх ёстой. Ард түмэн байгалийн баялгийнхаа үр ашгийг шууд хүртдэг байх ёстой. Нэг үгээр хэлбэл ард түмний хяналтад орно гэсэн үг. Хоёрдугаарт, газрын хувьсгал хийнэ. Өнөөдөр улс төрийн намуудад байгаа нөхдүүд, улс төр, бизнесийн бүлэглэлүүд ард түмний авах ёстой ихэнх газрын өмчлөл лиценз, тэр ч байтугай Эрдэнэт үйлдвэр, Сүхбаатарын талбай, Их тэнгэрийн амыг ч гэсэн хулгайлчихсан байсныг бид хэзээ хойно мэдсэн. Иргэд 0,7 га газар өмчилж авсан. Харин эрх мэдэлтнүүд хэдэн арван га-гаар нь ард түмнээс хулгайлж байна. Бид үүний эсрэг тэмцэж байгаа. Гуравдугаарт, Шударга ёсны тэмцэл буюу Шударга бусын хонгилыг нураах. Эрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэггүй хэрнээ иргэдэд илүү дарамттай үйлчилдэг. Тиймээс хуулийн байгууллагыг өөрчлөх шаардлага байгаа. Ард түмэндээ үйлчилдэг, мэргэжлийн шаардлага хангасан, ард түмний өмнө өргөсөн тангарагтаа үнэнч шүүх засаглалыг бий болгох гээд иргэдээс өөрсдөөс нь гаргасан логикийг бид дэвшүүлж байна.

Улс төрийн намынхан болоод төрийн эрхэнд байгаа нөхөд  энэ шаардлагуудыг хүлээж авах дургүй, санал нийлэхгүй байгаа тохиолдолд хэрэгжүүлэх арга зам нь ямар байх ёстой гэж харж байна вэ?

Одоо бид улс төрийн хүчин зохион байгуулаад баялгийн сангийн хуульчдыг ажиллуулахаар төлөвлөж байна. Том хувьсгалаа хийнэ гэхээр 30 жил гацдаг шиг явахыг үгүйсгэх аргагүй. Аливаа нэг юмыг хийх амархан, хамгаалах нь чухал. Би Ашигт малтмалын газрын дарга байхдаа 15 орд газрыг олигархуудаас салгаж авсан. Намайг ажлаа өгсний дараа шүүхийн шийдвэр гараад буцаагаад өгчихсөн. Энэ луйврийн асуудал бол маш гүн гүнзгий тогтолцоо. Тэрний өмнө бид сөхөрч байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын 40 гаруй гишүүн дэмжээд, парламентын үйл ажиллагаагаа 40 хоног гацааж байж зарим буруу гарын эрх мэдэлтнүүдийг унагаж чадсан . Ирэх сонгуульд МАНАН бүлэглэл маш эрчимтэй бэлтгээд эхэлчихлээ. Тэд одоогийн авчихсан байгаа 400 гаруй орд газрыг өөрсддөө авч үлдэхийн төлөөн маш том тулалдаан явах гэж байна шүү дээ. Бүх ард түмний хөдөлгөөн маань бүх аймаг, сум, баг, иргэн бүрт хүрч байж, эрхийнхээ төлөө иргэд маань тэмцэнэ. Эрхийнхээ төлөө тэмцэнэ гэхээр гудамжинд гараад зодолд гэсэн үг биш. Бид эх оронч хүмүүсээ дэвшүүлээд өгье, тэдний төлөө саналаа өгчих гэсэн зарчим юм. Ингэхдээ иргэд өөрсдийн дундаас хүнээ дэвшүүлнэ гэсэн үг. Тийм эх орончдоо иргэдээ маань таньж байгаа. Гадаадын улс оронд тухайн нутгийг төлөөлж байгаа парламентын гишүүн тэр газраа төрж өссөн хүн байдаг.

Тогтолцооны том хувьсгал хийхэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу?

Ямар ч шаардлага байхгүй. Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт хийхэд болно. Тухайн аймгаас сонгогдсон гишүүн чуулгантай үед нь чуулгандаа оролцчихоод үлдсэн хугацаандаа орон нутагтаа амьдарч, ажиллахад болно. Бид хуулиа хянадаг, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. УИХ-ын гишүүд сонгогдсон ард түмнийхээ дунд амьдарвал хэзээ ч урвахгүй, хэзээ ч авлигач болохгүй шүү дээ. УИХ-ын гишүүн болоод Улаанбаатарт амьдраад, хоёр өрөө байртай байснаа жилийн дотор сая долларын хаустай болж байна. Энэ одоо юу гэсэн үг вэ?, авлига авах урилга, эрхийн бичигтэй болчихсон гэсэн үг юм шиг.  Жирийн сургуулийн захирлаар томилогдох УИХ-ын гишүүн болох хоёр ялгаагүй. Ард түмэнд мөнгө тарааж, санал худалдаж авдаг байдлыг таслан зогсоох ёстой.

Шударга бусын хонгил гэгдэх болсон бугшсан асуудлын тухай та бүхний ажилласан аймгийн иргэд юу ярьж байх юм?  

Аймаг, сум бүрт шударга бусын хонгил яригдаж байна. Манай аймагт, суманд МАНАН байна гэж иргэд хэлж байна.МАНАН-гийн тогтолцоо бүүр аалзны тор шин бүх газрыг хэрж барьцалдсан байна. Бид үүнийг бүхэлд нь нураах ёстой. Энэ бол маш том пирамид байгаа. Бид одоо 18 дахь аймагтаа ажиллаж байна.

За та бүхний ажилд амжилт хүсье.

                                                                                                                                                       Ярилцсан Г.Төрмөнх

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд