“Шудрага ёс эвсэл”-ийн буухиа Ховд аймагт өрнөсөн нь

УИХ-ын чуулган дээр өрнөсөн эгзэгтэй асуудлуудаар намын шийдвэрийг дагаагүй,  Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг луйвардаж авсан, Зоригийн хэргийг зохиомлоор хүлээлгэх гэж нэр бүхий иргэдийг эрүүдэн шүүсэн зэрэг бусармаг асуудлын тухайд шудрага ёсыг эрхэмлэж, байр сууриа хурцаар илэрхийлсэн, аялдан дагалдаагүй гэдэг шалтагаар намаасаа хөөгдсөн (өөрсдийнх нь мэдэгдсэнээр) Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд болон УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлан, мөн тэднийг дэмжигч Ерөнхийлөгчийн зөвлөх Монгол улсын гавъяат инженер Д.Жаргалсайхан, МУСГЗ, Чойномын нэрэмжит шагналт, яруу найрагч Ай.Төмөр-Очир нарын бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 4-нд Ховд аймагт ирж, иргэд, олон түмэнтэй уулзалт зохион байгуулсан.

Уг уулзалтан дээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ: “Өнгөрсөн жилүүдийн статистикийг сөхөж үзвэл сангийн сайд нь (С.Баярцогт) оффшорт 70 сая доллар буюу 200.0 тэрбум төгрөг ард түмнээсээ хулгайлаад нуучихсан, Ерөнхий сайд нь (С.Баяр) Америкад, ард түмнээс хулгайлсан хөрөнгөөрөө найман хаус аваад нуучихсан гэх мэт зүдэг явдлаас гадна, сайд дарга нар “стратегийн орд цуглуулдаг” болсон, Монголын 14 банкны хадгаламжийн хэмжээ 11 их наяд бөгөөд түүний 10 их наяд нь 200 - хан хүний мэдэлд байдаг. Энэ байдлыг үргэлжлүүлээд байх уу, зогсоох уу гэдэг асуудлыг хөндсөн. Тэрбээр “Би Э-гээр эхэлсэн даргатайгаа хамт цааш явсан бол Эрдэнэтийн 49 хувиас хувь хүртчихсэн, ядарч  зовж байгаа ард түмнээ  мартчихсан байх байсан. Сүүлийн 30 жил бид хангалттай намчирхаж, талцаж, намуудын, олигархуудын тоглоом боллоо. Тиймээс одоо ард түмэн маань намгүйгээр нэгдэж тэмцэх цаг болсон. Эрх мэдэлтнүүдийн орлогыг ард түмний цалин, орлоготой харьцуулахад тэмээ ямаа шиг, гадаадын улс орнуудын иргэдийн авч байгаа цалинг Монголын иргэдийн авч буй цалин хөлстэй харьцуулахад тэмээ, ямаа шиг байна. Үнэхээр Монгол улс, улсаа тэтгэх баялаггүй болоод тийм байгаа юм биш. Баялгийг нь хэдхэн дарга нар, эрх  мэдэлтнүүд хувааж авчихаад, ард түмнийг хуурч мэхэлж байгаагаас ийм байна. Ганц жишээ дурьдахад Гуравхан сумтай Говьсүмбэр аймгийн 2 сумыг нь дөрөвхөн компани өмчлөөд авчихсан байна. Нэг суманд 100 гаруй лиценз эзэмшиж байгаа тэр компаниуд бол Монголын ард түмнийг хуурч мэхэлж буй мөнөөх эрх мэдэлтнүүдийн эзэмшдэг компаниуд. МАНАН мафийн сүлжээ Монголыг битүү хэрсэн. Аймаг, сум төдийгүй багийн төвшинд энэ мафийн сүлжээ амь бөхтэй шигдсэн байна. Нам харгалзахгүй тэмцэж эх орноо аваръя” хэмээн уриалсан.  

УИХ-ын гишүүн С.Жавхлан “бага байхад аав ээж маань надад олонтойгоо хамт яваарай гэж захидаг, эмээ маань цаг, үе их өөр болно, хүмүүс туулайн чинээ морьтой, тохион чинээ биетэй болох юм гэнэ лээ. 2000 он гараад Монголын цаг ирэх, Тэнгэрийн үүд нээгдэх юм гэнэ лээ” гэж байнга хэлдэг байсан нь надад хоногшуулах гээд хэлээд байдаг байж. 2008 оны үеэс хойш надад эмээгийн үг бодогдоод тэмцэж эхэлсэн. УИХ-д ороод их ганцаардсан, сүүлд Батзандан, Болд нарын гишүүдийн явуулж буй хөдөлгөөөнийг олон сар ажигласны эцэст нэгдэхээр шийдсэн гэв.

Харин Д.Жаргалсайхан Өнөөдөр Монголд эдийн засгийн дарангуйллын мафижсан систем бий болжээ. Монголын баялгийн 98 хувийг эзэмшиж байгаа, Монголын баялаг, байгалийн баялгийг хулгайлж авсан олигархи МАНАН-чууд Монголчуудын эдийн засаг, оюун санааны тусгаар тогтнолыг үгүй хийх гэж зүтгэж байна. Намууд Монголыг нураах гэж байгаа учраас би Ардчилсан намын гишүүн байснаа орхиод гарсан. Намайг ардчилсан намаас УИХ-д нэр дэвших тухай яригдахад тэр намын удирдлага надаас хоёр зуун тавин сая төгрөг нэхсэн. Өнөөдөр аль ч аймагт сонгууль болоход тэр нутгийн уугуулууд гэсэн олигархи, баячууд хүрч ирээд, худлаа ярьж, мөнгө, бэлэг тараагаад, саналыг худалдаж авч сонгогдоод, тэр ард түмнээ дуулгавартай дарлагдагчид болгон мэхэлж, даралж суудаг тогтолцоо оршиж байна.  Би өнөөдөр инженер мэргэжлийнхээ дагуу Монголд  машин үйлдвэрлэл хөгжүүлэх гэж зүтгэсэн ч эрх мэдэлтэй луйварчдаар хаалгаж боолгож, дарлуулж, санасандаа хүрч чадахгүй байна. Дэлгэрсайхан гэдэг хулгайч УИХ-ын гишүүн Монголын төмөрлөгийн үйлдвэрлэлийн  хамаг түүхий эдийг хамж гадаадад гаргаад, эх орныхоо эсрэг луйвар хийгээд түүгээрээ баяжиж таргалаад сууж байна. Иймээс өөрчлөлт хийе. Зөв шудрага иргэдээр Чингисийн алтан төрийг бариулъя гэсэн.      

Ай. Төмөр-Очир: “Монголчууд маань гадаад руу залуусаа экспортлож ханаад, одоо төрөө экспортлож байна. Би насаараа нам гэж итгэж, намын улаан хамгаалагч байсан. Нам хэрэггүй гэдгийг ухаараад 2016 онд намаасаа гарсан. Одоо ард түмэн ухаарч байна. Арчилсан намын гишүүд өдөр, сараар, арав хориороо, Ардын намын гишүүд  мөн л олноороо намаасаа гарцгааж байна. Харин одоо шудрага ёсны төлөө гэсэн энэ сайхан намыг байгуулаад тэмцэж байгаа эд нартайгаа нийллээ” гэсэн.

Уулзалтанд оролцсон Ховд аймгийн иргэдээс олон хүн үг хэлж тэдний явуулж буй үйл ажиллагааг дэмжиж байна, гэдгээ илэрхийлэн, зөв зүйтэй санаа гэцгээж урам өгсөн бол бас зарим нь, ялангуяа ардчилсан намын хэд ядан хүн, тэднийг эсэргүүцэж, дургүйцлээ илэрхийлсэн. Тухайлбал Ц.Нарантуяа 3 жилийн өмнө бид нар хамтдаа намаа ялуулна гээд сонгуульд зүтгэж байсан, хэдхэн сарын өмнө намынхаа их чуулганд хамт сууж, намаа хөгжүүлнэ гэж байсан та хоёр өнөөдөр намаа муугаар хэлж байгаа чинь таалагдахгүй байна. Популизм хийж, ард түмнийг мунхруулж байна гэсэн бол тус намын залуу гишүүн Х.Эрдэнэбаатар “өнөөдөр та нар Монгол болохгүй байна, нийгэм ийм байна гээд байгаа чинь муулаад байгаа намтайгаа хамт байхдаа өөрсдийн чинь бий болгосон зүйл. Тиймээс намыг муулж болохгүй” гэх маягийн шүүмжлэл хэлсэн.

  Ажиглаж байхад шудраг ёсны эвсэл хэмээн нэрийдсэн энэхүү үйл ажиллагааг өрнүүүлж буй нөхдийн маань үг үйлдлээс авах ч зүйл, бас хаях ч зүйл олон байх шиг. Юуны өмнө Монгол улсыг маань улс төрийн нам гэгч цэвэрхэн нэртэй “булхайн тор”-оор хэрсэн байгааг олж харж, түүнийг зоригтой зарлаж буй нь нэн чухал зүйл. Мөнхүү нам харгалзахгүйгээр бузар, бусармагийн эсрэг нэгдэж тэмцэх хэрэгтэй гэдэг нь санаа нь мэдээж маш дэмжүүштэй. Бас төрийн эрх барихаар орон нутгаас сонгогдож буй хүмүүс тухайн орон нутгийнхаа ард түмэн дотор байнга амьдардаг хүн байх ёстой гэдэг бүүр зөв санаа юм. Тэгсэн атлаа намын торыг яаж устгаж, Монголын нийгмийг эрүүл тогтолцоотой болгох вэ гэдэг тухайд гаргалгаагаа гүйцэд бодож олоогүй мэт санагдав. Тэрбээр “ард түмэн зөвхөн шудрага эх оронч хүмүүст л саналаа өг тэгэхэд л бүх юм засрана” гэж байгаа нь бараг л “бидэнд л саналаа өг” гэж байгаагаас өөрцгүй. Бас намыг устгая гээд байгаа атлаа өөрсдөө шинэ нам байгуулчихсан явж байгаа нь зөрчилтэй.

Үнэхээр тогтолцооны гажгийг халъя гэж байгаа бол хууль, эрх зүйд нэн яаралтай системтэй өөрчлөлт хийж эхлэх, үндсэн хуулинд байгаа төрийн байгуулалттай холбоотой зарим зүйл тухайлбал “Ерөнхийлөгчийг УИХ-д суудалтай улс төрийн намаас нэр дэвшүүлнэ гэдэг явцуу заалт”, мөн шүүгч, прокурорыг Ерөнхийлөгч томилох тухай заалт, түүнчлэн УИХ-ын танхимын бүтцийн тухай заалт зэргийг, Монгол орны өөрийн язгуур онцлог болоод бодит нөхцөл байдалтай уялдуулж өөрчлөх, мөн сонгуулийн хуулийг нийт ард түмнээр хэлэлцүүлж, ард нийтийн идэвхтэй оролцоотойгоор, хулхи арга замаар бус, харин ил тод, нээлттэй байдлаар, хуугаар нь өөрчилж байж дараагийн алхам зөв хийгдэх боломжтой болох байх. Ямар ч атугай ард түмний дунд засаглалаа засахыг уриалсан хэт цахиж, санаа өгч байгаагаараа тэдний үйлс ач холбогдолтой юм гэдгийг хэн хүнгүй хэлж, ярьж дэмжиж байгаа юм.         

                                                                                                                                                                                                                                                         Г.Төрмөнх

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд