Хөгжлийн тухай эрэгцүүлсэн минь ...

Үзэл бодол

Бид хөгжиж байна уу? Хөгжих гээд хөвж явна уу? Шуудхан хэлэхэд хөгжихийг мөрөөдөх төдий. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ. Ардын хувьсгал ялахаас өмнө долоон зуу гаруй сүм хийдтэй, долоон зуугаад мянган хүн амтай, нүүдлийн, тархай бутархай мал аж ахуйтай байсан   манай орон их Оросыг дагаж далан жил манаргахдаа хөгжлийн арвин их туршлага хуримтлуулсан байна. Зээл тусламжинд дулдуйдаж хөгжсөн гэж муу хэлдэг л юм. Ямар ч л байсан авсан зээл тусламжаа хөгжлийн төлөө үрж чаддаг дарга нартай байжээ. Өнөөдрийн энэ хэд шиг авсан зээлээ “оффшор“ данс руугаа чулуудчихаад, баахан дуусдаггүй барилга, тасархай төмөр зам барина гэж хоохолзоод, түүнийгээ царцааж, дахиад мөнгө хайх аянд морддог сайдуудтай байгаагүйсэн.

Социалист систем задарснаар Монгол орон зах зээлийн (капиталист) тогтолцоонд шилжиснээс хойш гучаад жил өнгөрөв. Энэ хугацаанд “МАНАН” буюу улс төрд нөлөөгөө даамай тогтоосон зонхилох хоёр бүлэглэл Засгийн эрхийг ээлжлэн барьж, үйлдвэр, албан газруудыг хувьчлал нэрээр хуваан авч, ашигт малтмалынхаа орд газруудыг харийн баячуудад гэрээ нэртэйгээр цөөн хэдэн нөхдийн хямдхан эрх ашгийн төлөө хахуульд өгч, дундаас нь хэдэн зоос унаган “бошийцгоож байхад ард түмний аж амьдрал доройтон, гуйлагчин түүлэгчин олширч, төв газарт “тареншейнихан” гэх амьдралын шинэ хэв маягтнууд ч бий болов. Бүдүүлэг явдал, гэмт хэргийн золиос болж харамсалтайгаар амиа алдагсадын тоо Халхын голын дайнд үрэгдсэн Монгол цэргийн тооноос хол давжээ. Улс орныг удирдаж байгаа, “бид л удирдах ёстой” хэмээн омойтох өнөөх “МАНАН” бүлэглэлийнхэн маань үүнийг хөгжил гэж ойлгодог бололтой. Өмнөх тогтолцооны үед Монгол хүн төрийн зардлаар сурч боловсорч, мэргэжил эзэмшиж, сансарт нисч, сансрын тойрог замд эрдэм шинжилгээний  сорил туршилт хийж байсан нь хөдлөшгүй үнэн. Тэгээд ч Монгол улс маань өөрийн иргэнээ сансарт хөөргөсөн цөөхөн орны нэгэнд тооцогдож байв. Хэний хөлгөөр сансарт ниссэн хийгээд, хэнтэй хамтарч  хөгжлийн замаар тэмүүлж байсныг хавчуулан, тэр үеийн хөгжлийн концепцийг (үзэл баримтлал)  өнөөгийнхтэй харьцуулбал “тэмээ ямаа, тэнгэр газар” шиг ялгаа зөрөөтэй дүр зураг тодрох нь нэг л гунигтай.

Толгой ажиллаж, гар хөдлөхгүй бол “ам тосдох”-гүй гэдэг нь тодорхой. Капитализмийн нэг шинж чанар гэвэл өөрсдөө үйлдвэрлэж сүйд болохгүй ч бусдаас элдэв эрээн мярааныг цуглуулан, түүгээрээ гэдсээ дүүргэж, сэтгэлээ цатгах явдал.  Уг нь энэ бүхнийг өөрсдөө хийдэг  бол сайнсан ... Гэхдээ энэ бол хөгжил биш ээ. Миний нэг танил өвгөн “Зөөврийн эдийн засаг, тээврийн хөгжил гэж байдаггүй юм” хэмээн бухимдаж суусан. Чухамдаа бол үүнээс илүү үнэн үг гэж үгүй. Доллар гэх барууны цаасан мөнгө манай улсын эдийн засагт “шоронгийн атаман” шиг даналзаж, сайд дарга нарын шуналын галыг бадраана. Тэгээд элдвийн арга чарга хэрэглэн, энд тэндээс баахан валют (гадаад мөнгө) зээлээд, хувааж авч, үрэн таран хийх мөртөө, “урьд нь тавьсан өрийг дарахын тулд л ингэж байна” хэмээн ард олны амыг тагалахад нөгөөдүүл нь гайхан алмайрна.  

Үзэгнээс өөр зэвсэггүй хэдэн сэтгүүлчид үүнийг нь илчилж, өлөн зөмөг ард түмний дунд баахан шуугиан дэгдээвч, “жингийн цуваа явж л байна, жингэр нохой хуцаж л байна” гэгчийн үлгэрээр  тоомсоргүй царайлсаар тэгсхйигээд нам жим болно. “МАНАН”-гийн төр хөгжлийг ингэж л хөтөлж явна. Социалист нийгмийн үед сонгууль болоход урьдчилан бэлдсэн хэн нэг танихгүй хүний нэрийг бичсэн хуудсыг  сонгогч дундуур нь нугалаад санал хураах хайрцагт хийх үүрэгтэй байлаа. Тэгвэл өнөөдөр хоосон амлаж ард олнг хулхиддаг, нам, эвсэл, бүлэглэлээс нэрийг нь дэвшүүлсэн бас л огт танихгүй тав гурван хүнээс “нэг худалч”-ийнх нь нэрний өмнөх тоог дугуйлаад хайрцаганд хийж байгааг хэсэг бусаг хүмүүс “АРДЧИЛЛЫН ОЛОЛТ” хэмээн хөөрч хөвсөлзөнө. Дээрхийн хувьд гэвэл аль нь ч алинаасаа дээрдэх юм үгүй, нэг зоосны хоёр тал юм.

Байгаль, цаг уур, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын хувьд өөр өөр дөрвөн аймаг, зургаан дүүрэгт өсвөр үеийнхний эрүүл мэнддээ хандах хандлага, мэдлэг дадал хэвшлийг тодорхойлох судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зардлаар явуулжээ. “Эрүүл мэнд байна гэдгийг та юу гэж ойлгож байна вэ?” гэсэн асуултанд өвчин эмгэггүй байх явдал гэж судалгаанд хамрагдагсдын 67,9 хувь нь хариулж байсан бол арван таван жилийн дараа дээрх асуултыг өсвөр үеийнхний дунд дахин тавихад эрүүл мэндээ хамгаалан сайжруулахын тулд эрүүл ахуйн дэглэм, урьдчилан сэргийлэлт, чийрэгжүүлэлтийн арга хэмжээг илүүтэйд үздэг гэж судалгаанд хамрагдагсдын 68,2 хувь нь хариулсан байгаагаас үзэхэд манай залуу үе эрүүл мэндийн цогц ойлголтгүй ч  сэтгэхүй болон мэдрэхүйн хувьд дэвшил гарсан нь харагдаж байна. Үүнийг харин хөгжил гэж болох юм.

Нийгмийн хөгжил гэсэн ойлголтыг шинжлэх ухаан техникийн, сэтгэхүйн болон утга зохиол урлагийн, ахуйн гэсэн гурван хэсэгт хувааж үзэж болно. Төрийн соёрхолт инженер Нацагням “Миний бүтээл Монгол улсыг зуун жил тэжээнэ” гэж ам бардам хэлсэн байсан. Бас ДОХ-ын вакцин гаргаж авсан Монгол эрдэмтний тухай гадаадын хэвлэлүүд шуугиж байна. Монголын төр иймэррхүү хүмүүсийнхээ нээлт, оюуны чадавхийг ашиглах ёстой. Тэгтэл Шинжлэх ухааны акедемийг татан буулгаж, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг тараан, их сургуулиудтай нэгтгэх тухай Засгийн газрын тэргүүн нь “донгодоод” явж байсан явдал саяхан гарсан. Шинжлэх ухааны ололт амжилтыг төр дэмжихгүй байгаа болохоор энэ тухай ярихын ч хэрэггүй санагдах.  Үнэн үг хэлж, дарга даамлуудад ад үзэгддэг, үс, сахландаа баригдсан хэдэн уран бүтээлчдийн үүрэг, “рол”-ийг ч уул нь үгүйсгэхийн аргагүй Шүүмжлэлтэй хандаж, үнэнийг зоригтой илчилж, ач холбогдолтой санаа оноо гаргаж, санал дэвшүүлж байгаа сэтгүүлчид, зохиолчид уран бүтээлчдийнхээ үгийг авдаг бол бас л хэрэгтэй санж. Гэвч тийм биш. Соёл утга зохиолыг хөгжүүлэх талаар үнэнээсээ санаа тавихаасаа илүү аар саар тэмцээн наадмархуу зүйл зохиож, нүдний зугаа болгох төдийхнөөр хуурах гэж оролдоход нөгөө хэд маань ч цайлган, хөөргөн улс болохоороо түүнд нь сэтгэл ханах маягтай. Харин улс төрчид, бодлого боловсруулж хэрэгжүүлэгчид маань уралдааны морь, хурдан буу, ганган машинд хөрөнгө хаян чамирхацгаахад ноомой томоотой ард олон бас л гайхасхийгээд өнгөрнө.

Нэг хууль баталж байхдаа нэжгээд олон ашиг хонжооны сэдэл боловсруулж суудаг анжгайнууд маань “улсын баяр наадмын тухай” хуульд хурдан морийг заавал эмээлтэй унаж уралдах нэмэлт заалт оруулж батлуулахдаа гадаадаас эмээлийн үйлдвэр оруулаад ирчихсэн байх жишээтэй. Ийм жишээ олон бий.  

Ахуйн хөгжил гэдэг бол их том ойлголт. Хязгаар нутгийн ард түмэн үе улиран амьдарч ирсэн  унаган нутгаасаа дайжиж, төв суурин газар бараадах болсоор удлаа. Аргагүй ээ, өргөн уудам газар нутагтай, цөөхөн хүн амтай, зам харилцаа муу хөгжсөн манай нөхцөлд тэр хүмүүс ажил олж хийх л гэж, амьдрал ахуйгаа өөд нь татах гэж л нүүж яваа. Хөгжил дагаж төвлөрөл байх нь зүй. Бид сайд дарга нарынхаа, хуурамч үг, хоосон амлалт, өөрсдийгөө дэмий магтсан магтаалд нь чих дөжирч, нэгэнтээ бүүр дасал болжээ.

Та нар хөдөө цэвэр агаарт мах, түлээ, усаа үнэгүй хэрэглэчихээд явж байна. Хамгийн гол нь бие эрүүл, ийм амгалан тайван орчинд эрүүл байхаас ч яахав, тэгэхэд хотынхон тэр олон машин техникийн дуу чимээ, утаа тортог, бас хүмүүсийн уур уцаар дунд яаж тайван, амгалан, эрүүл байх юм бэ гэж “онолдох“ нь энүүхэнд. Тийм л юм бол эрхэм дарга нар хөдөө ирээд амьдрана биз дээ. Гэвч түүн шиг худлаа зүйл үгүй. Тэднийг хөдөө ирж аж төрөхийг харахын оронд “нар баруунаас мандах”-ыг үзнэ гэвэл харин ямар бол гэхээр. Малын гаралтай түүхий эдэд нэмэгдэл урамшуулал олгож эхэлснээс хойш манай улсын мал наян сая шахам тоо толгойд хүрлээ. Гэвч хүнээ бүрэн тоолж чаддагүй нөхөд чинь малаа бүрэн тоолж чадах уу. Энэ их л эргэлзээтэй.

1986-1990 онд ХХААЯ-ны сайд байсан Ш.Гунгаадорж Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр үед хорин таван сая малтай байсан. Одоо далан таван сая малтай ч тухайн үеийн бүтээгдэхүүний талыг ч гаргаж чадахгүй байна (Өдрийн сонины 2016 оны 7 сарын 28-ны дугаар) гэжээ. Үүнийг хөгжил гэх үү, эсвэл “түгжил” гэх үү. Гурван жилийн өмнө бидний хэдэн хүн БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн нутгаар явсан юм. Ховог сайрт малчин айлын гэрт зочилоход хонио холбочихсон вакцин хийж байхтай таарлаа. Юуны вакцин хийж байгааг лавлахад “хонины элэг хамгаалах тариа тарьж байнавт” хэмээн малын эмчийн хэлэхийг сонссон МУСГЗ Ц.Сүрэнжав “Ховог сайрт хонины элэг хамгаалахад хөрөнгө зарж вакцин тарьж байдаг. Ховдын Булганы Сүрэнжавын элгийг хамгаалах газар Монголд байна уу” гэж хошигнож байж билээ. Бид үнэхээр хөгжинө энэ тэр гэж явж байгаа юм бол энэ мэтээс санаа сэдэл авах хэрэгтэй байх.

Дурьдаж буй хугацаанд Монголд эрчимтэй дэлгэрсэн нэг л зүйл байгаа нь элдэв янзын шашны урсгалууд юм. Ламын шашны, Аллахын, Ертөнцийн эзэн гэгчийг шүтэгсдийн бүх л урсгал хэв  маяг Монголд цэцэглэж  тэр ч байтугай түүхийн бүүр нэн шинэ үед нэгэн Солонгос эрийн бий болгосон гэх  Мүүнийн шашин гэгч юмны харгис, гаж урсгал Монголд орж ирэхэд Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, яамны сайд нар гэх мэт хүмүүс хөл алдан гүйлдэж, өргөж дэмжсэн байдаг. Өнгөрсөн жил олонд задарсан энэ мэдээллийн үнэнд гүйцэгдэхдээ Боловсролын яамны хэлтсийн дарга бүсгүй нь ажлаа өгч, “Мүүн”-дээ үнэнчээр үлдлээ гэсэн чинь тун ч удалгүй, жил ч болоогүй байтал дахиад л салбарын хариуцлагатай ажилд томилчихож байгаа юм.

Германы эрдэмтэн Аденуар “Олон шашин цөмийн бөмбөгнөөс аюултай” гэж хэлсэн байдаг. Миний төрөлх сум болох хязгаарын буйдхан суманд л гэхэд гурван шашны дөрвөн сүм бий. Ер нь хөгжилгүй сул дорой орны ард түмэн мухар сүсэгт автаж, өглөгийн эзнээс өглөг горьдох нь элбэг. Их гүрнүүд ийм байдлыг овжиноор ашиглаж, бага буурай орныг уусгаж алга болгосон нь түүхэнд цөөнгүй давтагдсан гашуун үнэн. Тийм л замаас холхон байцгаах юмсан гэж эмзэглэсэндээ үүнийг эрээчиж сууна. Бүх зүйлийг харлуулахыг хүссэнгүй л дээ. Энэ байдлаас гарахын тулд бид хөгжих ёстой. Хөгжих гэж байгаа бол ухаан бодлоо дайчилж, бодож тунгаах ёстой. Энэ олон гэрээ хэлцэл, зээл, тусламж, өгөө авааны цаана  чухам ямар ирээдүй байгааг тодорхой сайн харж байж, урагшаа нэг алхах хэмжээнд бодож сэтгэж чадаж байвал мөнөөх хөгжлийн төлөө гэж хөөрөлхөн сайрхдаг зүйлийнхээ зүг чигийг зөв харж байна гэсэн үг шүү дээ хэмээн өөрийн бодлыг илэрхийлэхийг хүслээ.      

Аюушийн Жаргалсайхан (Зохиолч, нийтлэлч)                                         

        

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд

  • Нэр : иргэн

    Сэтгэгдэл : үүнээс үнэн юу байхавдээ.мэдэхгүй юм даа хэн нэгэн зоригт аавын хүү л гарч хувьсгал хийхээс нааш байдал янзаараа.дөжисөн дарга сэтэртэнгүүдээс улс орны хөгжил энэ тэрийг горьдоод ч яахав

  • Нэр :

    Сэтгэгдэл :