МАН-ын лидерүүдийг хагаралдуулсан ХААЛТТАЙ ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хурал цаг үеийн олон чухал асуудалд тоймтой шийдэлд хүрэх болов уу гэсэн хүлээлт бий болгоод байсан билээ. Тухайлбал, "60 тэрбумын бичлэг"-т холбогдоод буй Ц.Сандуй, намын дарга М.Энхболд нарт хариуцлага тооцох тухай, сүүлийн өдрүүдэд яригдаад буй одоогийн Засгийн газрыг огцруулах УИХ дахь МАН-ын бүлэг дотор өрнөж буй үйл явдалд эрх баригч намын Удирдах Зөвлөл тодорхой шийдэлд хүрч Бага хурлын товоо  тогтоно гэсэн мэдээлэл байсан ч тэд зөвшилцөлд хүрч чадсангүй. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдрийн хурал таван цаг орчим үргэлжилсэн бөгөөд хурлын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх өөрийг нь тагнаж чагнаж байсан тухай тодорхой баримтуудыг дэлгэн ярьсан байна. Харин үүнд буруутгагдаад байсан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шадар сайдаа тагнаж чагнасан зүйлгүй гэдгээ ч хэлж асуудал мухардсан байна. Харин энэ тухай ярианы төгсгөлд У.Хүрэлсүх МАН-ын удирдлагууд албан тушаалынхаа хойноос хөөцөлдөн зууралдаж байгаад бухимдаж байна. М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёрыг хамтдаа ажлаа өгч асуудлаа шийдүүлэх санал гаргасан аж. 

Мөн энэ үеэр У.Хүрэлсүхийн сөрөг хүчнийхэнтэй утсаар ярьсан бичлэг задарсан тухай яриа өрнөхөд тэрбээр наадмын комиссыг ахалж байхдаа "Монгол наадамд Монгол морь л уралдах ёстой" гэж хэлэх болсноо намын дарга М.Энхболдын хүү анх гаргасан санаачлага байсан талаар хэлжээ. Үүнийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ч баталж холбогдох баримтууд байгаа талаар хэлжээ. 

У.Хүрэлсүх иймэрхүү утгатай зүйлс яриад өөрийг нь Шадар сайд болоход дэмжсэн намын Удирдах Зөвлөлийн гишүүдэд талархаж буйгаа хэлээд энэ ажлаа хүлээлгэн өгөх болно гээд хурлыг орхин гарсан байна. 

Харин удалгүй алдарт 60 тэрбум төгрөгийн бичлэгийн асуудал хөндөгджээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар 60 тэрбум төгрөгийн тухай бичлэг нь эвлүүлэг бус бодит яриа байсныг Ц.Сандуй өөрөө хүлээн зөвшөөрч энэ санаачлагадаа намын дарга М.Энхболдыг хамаатуулсанд уучлал гуйсан байна. Ингэхдээ ярианд багтсан А.Ганбаатар гэгчийн талаар ч зохисгүй үг хэлж өөрийгөө хамгаалсан байна. 

Ц.Сандуйгийн энэ мэдэгдлийг сонссон МАН-ын удирдлагууд дуу авалцан түүн рүү дайрч "Өдий хүртэл бидэнд энэ бичлэгийг эвлүүлэг гэж итгүүлж байсанд бухимдаж байна" гэх санал, шүүмжлэлээ хэлж Ц.Сандуйг яаралтай намаас хөөх тухай ярьж эхэлсэн байна. Ц.Сандуйгийн мэдэгдлийг хамгийн их шүүмжилсэн хүмүүст Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл нар багтаж байна. 

Ингээд санал хураахад МАН-ын Удирдах зөвлөлийн 11 хүн Ц.Сандуйг огцруулахыг дэмжсэн байна. Харин 15 хүн түүнийг хамгаалж үлдээжээ.

Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд зэрэг гишүүн Ц.Сандуйг огцруулах шаардлагагүй гэсэн байна. Тэднээс гадна Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар “60 тэрбумын” гэх бичлэгийн асуудлыг шалгах асуудал дуусаагүй, гэм буруутай эсэх талаар шүүхийн шийдвэр гараагүй тул огцруулах бодит үндэслэлгүй гэжээ.

Харин энэ үеэр Ц.Нямдорж УЗ-ийн хуралд нэлээд бухимдаж намын удирдах зөвлөлийг ажлаа хүлээлгэж өг хэмээх утгатай үгс хэлээд мөн л хурлыг дундаас нь орхин гарсан талаар эх сурвалж хэллээ.  

Ийнхүү МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүд зарчмын тодорхой шийдэлд хүрч чадахгүй байсаар хурлаа өндөрлүүлсэн байна. 

Энэ хуралд яригдсан асуудлуудаас үүдэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэг ч өнөөдөр Ц.Сандуйг огцруулах бичгээ яаравчлан өргөн барих шийдвэрт хүрчээ. 

Учир нь тэд МАН-ын УЗ Ц.Сандуй болоод зарим нөхөрт хариуцлага тооцох асуудал яригдаж шийдвэр гарна гэж хүлээж байсан ч талаар болсон тул ийнхүү өөрсдөө хөдөлгөөнд орж үйлдэл, алхмаа албан ёсоор баталгаажуулж эхэлжээ.

 Эх сурвалж Ikon.mn 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд