Б.Отгонтулга: Ховд хотын таксины үйлчилгээг Стандартын дагуу явуулахаар ажиллаж байна

  • Ховд хотод шинээр байгуулагдан үйл ажиллагаа

явуулж буй СИТИ ТАКСИ ХХК-ны захирал Б.Отгонтулгатай ярилцлаа -

- Танай компани байгуулагдсанаас хойш ямар хугацаа өнгөрөөд байна? Энэ хугацаанд тодорхой ямар асуудлуудыг шийдэж, Ховд хотын такси үйлчилгээнд ямар дэвшил гарч байна вэ? 

- Манай компани 2016 оны 03 дугаар сард албан ёсоор байгуулагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр үйл ажиллагааныхаа нээлтийг албан ёсоор хийсэн. Ховд хотын такси үйлчилгээний асуудлыг ярихад зарим талаараа эмзэг асуудал гэж болохуйц, яалт ч гүй шийдэх, цэгцлэх асуудлуудыг нэг гэж бид харж байгаа. Яагаад эмзэг асуудал бэ гэхээр нэг талд нь такси үйлчилгээ эрхэлж байгаа, түүгээр амьжиргаагаа залгуулж байгаа иргэдийн эрх ашиг, нөгөө талд нь үйлчлүүлэгч, олон нийтийн эрх ашиг гэсэн асуудал байгаа. Манай аймгийн хувьд такси үйлчилгээ нь зах зээл эхэлснээс хойш 3 дугуйтаар (шаахайт) эхэлж хувь хүмүүсийн амьжиргаагаа залгуулах арга хэрэгслийн төдийд явж ирсэн байдаг. Гэтэл нийгэм хөгжихийн зэрэгцээ аливаа зүйл асар хурдтай хувьсаж, хөгжиж байна. Мөн энэ төрлийн үйлчилгээ нь буух эзэн, буцах хаяггүй явж байгаа. Иргэд эд зүйлээ мартаж гээсэн тохиолдолд яахав, үнэ тарифын хувьд ямар байхав, таксины зогсоолын асуудал гэх мэт шийдэх, цэгцлэх асуудал их байгаа. Такси үйлчилгээний хувьд дэвшил мөн гарч эхэлж байгаа. Манай компани өөрийн эзэмшлийн стандарт, шаардлагад нийцсэн 4 такси явуулж байгаа бөгөөд компанид бүртгүүлэн гэрээ байгуулсан бусад таксинуудтай хамт нэгдсэн зохион байгуултанд орж ажиллаж байна. Эдгээрийг бид симфор болон логотой болгож, бусад энгийн автомашинуудаас ялгарах байдлыг хангаад байна. Симфор логотой болсноор үйлчлүүлэгч, иргэд таксийг таних, хариуцлага нэхэх нөхцөл бүрдэж байгаа. Өөрөөр өмнө нь гудамжаар яваа жижиг машин бүрийг такси гэж хардаг, ойлгодог байсан бол одоо албан ёсны такси аль бэ гэдгийг ялгадаг, эд зүйлээ мартсан, жолооч зан харилцааны доголдол гаргасан бол хариуцлага нэхэх бүрэн боломжтой болж байгаа явдалд иргэд ч талархалтай хандаж байна. 

- Такси үйлчилгээг ийнхүү зохион байгуулалтанд оруулах зайлшгүй шаардлагуудын талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

- Такси үйлчилгээ нь нийтийн тээврийн нэгэн төрөл учир Автотээврийн тухай хууль, мөн холбогдох стандарт журмынхаа дагуу Автотээврийн төвтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил нь явагдах зарчимтай. Гэрээ байгуулж байж энэ үйлчилгээ маань албан ёсны болохоос гадна, жолооч нарын маань ажил ч хууль ёсны болж, иргэд олон нийт, үйлчлүүлэгчдийн эрх ашиг хангагдах учиртай. Ховд аймгийн хувьд нэг үеэ бодвол нийтийн тээвэр хөгжөөд сайхан болж байгаа. Хэдхэн жилийн өмнө хот хоорондын нийтийн тээвэр ямар байсан билээ. Гэтэл одоо стандарт журмандаа ороод, иргэд үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хангаад явж байна. Хот хоорондын хүн тээврийн үйлчилгээ ингээд зохих журманд орчихсон, үйлчилгээний шалгуур шаардлагаа хангаад явж байхад гагцхүү хот доторх нийтийн тээвэр, тэр тусмаа такси үйлчилгээ зохион байгуултанд ороогүй орхигдсон байсан. Энэ асуудлыг шийдэхийн төлөө манай компани аймаг, орон нутгийнхаа төр захиргааны байгууллагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Мөн дээр хэлсэнчлэн нийгмийн хөгжлөө дагаад энэ төрлийн үйлчилгээ маань хувь хүмүүсийн амьжиргаагаа залгуулах арга хэрэгсэл бус үйлчилгээ талаасаа хөгжих ёстой. Зэргэлдээ аймгууд болох Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгууд мөн энэ үйлчилгээнд стандарт журмыг нэвтрүүлж эхлээд явж байгаа.

- Такси үйлчилгээний батлагдсан стандарт байдаг гэсэн. Энэ стандартыг хаанаас баталдаг вэ?

- Такси үйлчилгээ маань нийтийн тээврийн нэг төрөл тул ерөнхийдөө Автотээврийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд үйлчилгээ талаас нь төрөлжсөн стандартуудад хуваагдсан байдаг. Монгол улсын Стандартчиллын үндэсний зөвлөлөөс такси үйлчилгээг зохицуулах Монгол улсын стандартыг анх 2002 онд баталж байсан бөгөөд 2008, 2013 онуудад Такси үйлчилгээний Ерөнхий шаардлага MNS 5122 : 2013 стандартыг шинэчлэн баталсан.

- Тухайн стандартын талаар үйлчлүүлэгчид, жолооч нарын зайлшгүй мэдэж байх ёстой зүйлүүд гэж байгаа байх. Тэгвэл энэ мэдээллийг уншигчидтай хуваалцана уу?

- Такси үйлчилгээний стандарт нь таксиний үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, таксиний жолооч, хэрэглэгч байгууллага, иргэдэд хамаатай бөгөөд эдгээр нь энэхүү стандартыг заавал дагаж мөрдөнө гэж  зааж өгсөн байдаг.  Ер нь нийгмийн бүхий л харилцаа хууль, журам, стандартаар зохицуулагдсан байдаг бөгөөд иргэд олон нийтийн эрх ашгийг хангагдахад чиглэгдсэн байдаг. Харин түүний хэрэгжилтийг хэрхэн яаж хангах бэ гэдэг нь чухал. Такси үйлчилгээний Ерөнхий шаардлага MNS 5122 : 2013 стандартад зааснаар “Такси” гэж Зорчигч болон тээш, гар тээш тээвэрлэхэд зориулагдсан, төлбөртэй, явсан замын урт болон үйлчилгээний үнийг тооцох зориулалтын төхөөрөмжөөр тоноглогдсон, тусгай таних тэмдэг бүхий суудлын автомашныг хэлнэ. Таксиний жолооч нь тухайн ангиллын жолоодох  эрхийн үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн сургалтанд хамрагдаж үнэмлэх авсан, 21 –ээс дээш настай, 2-оос дээш жил жолоочоор ажилласан, үйлчилгээ үзүүлэх нутаг дэвсгэр, гудамж, замын сүлжээг сайн мэддэг, харилцааны өндөр соёлтой хүн байна гэж зааж өгсөн байдаг. Мөн зорчигч, үйлчлүүлэгчид тавигдах шаардлагыг зааж өгсөн байдаг. Мөн зорчигчдийн тухайд таксигаар үйлчлүүлсэн үйлчилгээний үнийг зориулалтын төхөөрөмжийн дэлгэц дээрх үнээр төлөх, хориотой эд зүйл, ачаа тээш авч явахгүй, таксины эд зүйлийг эвдэж гэмтээхгүй, архи тамхи хэрэглэхгүй гэх мэт шаардлагуудыг зааж өгсөн байдаг.

- Зохион байгуулалтанд ороогүй, дур дураараа байсан таксины үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээг нэгтгэж, зохицуулан ажиллаж эхлээд байгаа шинэ байгууллагыг удирдаж байгаагийн хувьд таксины үйлчилгээ эрхлэгчид болон үйлчлүүлэгчид мөн холбогдох бусад хүмүүст хандаж юуг онцлон хэлмээр байна вэ?   

- Такси үйлчилгээ нь дүрэм журамгүй зүйл биш. Хэрэглэгчдэд энэ төрлийн үйлчилгээ үзүүлж, хөлс авч байгаа бол энэ стандарт журмын дагуу үйлчилгээ үзүүлнэ гээд тодорхой заагаад өгчихсөн стандарт нь байгаа. Монголын хууль 3 хоногтой гэдэг сэтгэхүйгээр хандах бус стандарт журмыг нэвтрүүлээд явах нь чухал. Шинэ ажил, үйлчилгээ эхлүүлэхэд мэдээж бэрхшээл, хүндрэл гарч ирнэ. Энэ  бүгдийг бид цаашид хууль журмын хүрээнд төрийн байгууллагуудтайгаа, жолооч нартайгаа хамтраад шийднэ. Хувиараа такси үйлчилгээ эрхлэгч жолооч нартаа хандаж хэлэхэд нэг байгууллага хамт олон болоод стандарт журмаа баримтлаад хамтраад ажиллах бүрэн боломж бидэнд байгаа. Хамтраад ажилласнаар нэгдсэн зохион байгуулалтанд орж, жолооч нарын эрх ашгийг хамгаалдаг, такси үйлчилгээ үзүүлэх орчинг сайжруулах асуудлыг судалж, аймаг орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад хандаж, шийдвэрлүүлэх албан ёсны байгууллагатай болно. Мөн тулгамдсан асуудлуудаа ярилцаж, хамтын хүчээр шийдэх, мэргэшил ур чадвараа дээшлүүлэх, үйлчилгээг аль аль талдаа илүү хөнгөн шуурхай болгох нөхцөл бүрдүүлэх, хөдөлмөрийнхөө үр шимийг үнэлүүлэх, төр заиргааны байгууллагаас явуулж буй бодлого үйл ажиллагаанд оролцох, тэрчлэн төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулал эдэлх ч боломж нээгдэнэ гэдгийг дуулгахад таатай байна.  

                - Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд улам их амжилт хүсье

                - Баярлалаа. Танай сонины хамт олоны ажилд ч өндөр амжилт хүсье.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд