Урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг төгрөг эрсдэл тохиолдоход зарцуулсан 100 төгрөгтэй тэнцэнэ”

  • Ховд аймгийн малчдын зөвлөгөөнийг сурвалжилсан тэмдэглэл -

ХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн, хууль зүйн сайд С.Бямбацогт нарын санаачлагаар Ховд аймгийн малчдын зөвлөгөөнийг 2017 оны 9 сарын 09-нд Ховд аймагт хийв. Зөвөлгөөнд Ховд аймгийн 17 сумын 170 орчим малчин, ХААХҮ-ийн сайд болон газрын дарга нар УИХ-ын гишүүн хууль зүйн сайд С.Бямбацогт, УИХ-ийн гишүүн О.Батнасан, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, орлогч дарга Ш.Батсүх, аймгийн ХХАА-н газрын дарга Баатарзориг болон ЗДТГ, ХХАА-ын газрын мэргэжилтнүүд, сумдын удирдлагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөгчийн газар, төсөл хөтөлбөрйинхөн, хэвлэл мэдээлэл болоод бусад холбогдох албаныхан оролцсон юм.

Ирэх өвөл хаврын улирал байгаль цаг агаарын бэрхшээл үүсэж магадгүй тул болзошгүй эрсдлийг давахад хэрхэн бэлтгэх, хэрэв тийм байдал үүслээ гэхэд яаж даван туулах тухай асуудал зөвлөгөөний гол сэдэв байлаа. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн энэхүү болзошгүй эрсдлийг урьдаас тооцож, төлөвлөхтэй холбоотойгоор, малчдын дийлэнх нь ахимаг болон дунд насны хүмүүс болж, малчдын залуу халаа байхгүй болж байгаа нь тулгамдсан асуудал гэдгийг онцлоод, энэ талаар тодорхой бодлого явуулна гэдгийг дуулгасан. Энэ хичээлийн жилд ХААИС-д 200 гаруй хүүхэд малын эмч, мал зүйчээр элссэн нь таатай мэдээ гэдгийг мөн тэмдэглэж хэлсэн агаад бүх цаг үед малын эрүүл  мэндийг хамгаалах асуудлыг нэгдүгээр тавих ёстой гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг намрын чуулганаар батлуулахаар ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Батнасан, сайд П.Сэргэлэн болон холбогдох хүмүүс мэдээлэл өгөв.

ХХААХҮ-ийн яамны Газар тариалангийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун Засгийн газраас атрын гуравдугаар аяныг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан, үүний хүрээнд таримал тэжээлийн үйлдвэрлэлийг дотоодын хэрэгцээний 50 хувийг хангах түвшинд хүргэх, хүнсний ногоо, жимс жимсгэний дотоодын хэрэгцээг дотоодоосоо хангадаг болох, газар тариалангийн бүтээгдэхүүнийг экспортлох зорилт дэвшүүлж байгаа тухай болон саяхан ОХУ-аас Монгол улсын ХАА-н салбарын техникийн шинэчлэлд 10.0 сая долларын хөрөнгө оруулсныг дуулгасан юм.    

Малчдын амжиргааны үндсэн эх үүсвэр нь мал болон малынхаа бүтээгдэхүүнийг борлуулж, орлого олох явдал. Тиймээс малыг гүйлгээнд оруулах, малын түүхий эдийг тухайлбал махны борлуулалтын сүлжээг илүү уян хатан болгох арга зам олох асуудал хурцаар тавигдаж байгаа юм байна. Зөвлөгөөн дээр үг хэлсэн бүх малчин энэ асуудлыг хөндөж байв. Албаны хүмүүс энэ талаар ярихдаа малыг гүйлгээнд оруулах шаардлага нь сүүлийн үед малын тоо толгой ихдэж, бэлчээрийн хүртээмж тааруу болсоноос, тэрчлэн зуд зурхан гэх мэт болзошгүй эрсдсээс сэргийлэх асуудлаас голчлон урган гарч байгаа мэтээр тайлбарлаж байсан. Гэвч малчин хүний амжиргааны цорын ганц эх үүсвэр нь энэ гэдэг талаар төдийлөн хөндөхгүй байсан нь  малчны амьдралын нарийн ширийнийг тэр болгон ойлгодоггүйтэй холбоотой болов уу.

Энэ жилийн хувьд нэгдсэн байдлаар дотоодын үйлдвэрт мах борлуулах ганц боломж байгаа нь Дархан хотод байдаг “Darhan meat pood” /Дархан мах, хүнс/  мах боловсруулах үйлдвэрт нийлүүлэх явдал гэнэ. Уг үйлдвэрийн Ховд аймаг дахь төлөөлөгч Х.Баярхүү зөвлөгөөн дээр мэдээлэл хийсэн бөгөөд кг махыг 3200 төгрөгийн үнэтэйгээр зөвхөн үйлдвэр дээрээ амьдаар нь авна, нядалсан мал махыг авахгүй  гэсэн юм. Гэвч өдийгөөс хойш, мянга хол илүү км газарт малыг тууж, эсвэл ачиж аваачна гэдэг тийм ч шулуун дардан зүйл биш, эрсдэл ихтэй тул малчид эргэлзэх нь их байлаа. Гэсэн ч тийшээ мал нийлүүлэх малчид байвал сумын удирдлагууд хариуцан зохицуулж, аймгийн хэмжээгээр нэгдсэн байдлаар борлуулах зохион байгуулалт хийхээр яригдсан.     

Зөвлөгөөн дээр мэдээлэл хийсэн албаны бүх хүмүүс хийгээд төсөл хөтөлбөрийнхөн Монгол улсад болон Ховд аймагт бэлчээрийн даац үлэмж хэтэрсэн тухай ярьцгаав. Тухайлбал аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Г.Пүрэвганди “аймгийн бэлчээрийн зориулалтай нийт газар нутгийн 60 –аас дээш хувь нь  даац олон дахин хэтэрсэн”, ОБГ-ын газрын дарга Б.Алтанбадралт “Ховд аймгийн нийт нутгаар бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрсэн”, УЦУОШ-ний газрын дарга А.Энхзаяа “бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн” гэсэн мэдээллүүд хийцгээв. Мянгад сумын ИТХ-ын дарга Д.Намсрайжав энэ олон зөрүүтэй мэдээллүүдийн учрыг олохгүй байна гэдгийг учирлаад, урьд нь “Бэлчээрийн менежментийн холбоо”-ноос Ховд аймгийн бэлчээрийн даац 7 дахин хэтэрсэн гэж мэдээлэл өгч байсан. Харин өнөөдөр гурван салбарын албаны гурван хүн мэдээлэл хийхэд гурван өөр тоо хэлж байгаа нь ямар учиртай юм бэ гэсэн юм.

Аймгийн УЦУОШ-ний газрын дарга А.Энхзаяа “зөвхөн манай байгууллагын мэдээлэл албан ёсны үнэн мэдээлэл яагаад гэвэл Засгийн газрын тогтоолын дагуу судалгаа хийдэг. Бусад нь бол албан ёсны мэдээлэл биш шүү !” гэж анхааруулав. Үүнийг нь С.Бямбацогт гишүүн ч дэмжив. Гэхдээ олон дахин гэдэг нь яг хэд гэсэн үг вэ гэдгийг тодруулсангүй, гэтэл энэ нь (олон дахин гэдэг нь) 10-аас дээшхийг хэлэх ёстой бололтой. А.Энхзаяа  дарга ийнхүү “Засгийн газрын тогтоолын дагуу судалсан нь л үнэн байх ёстой” гэж анхааруулсан атлаа ямар аргачиллаар, шинжлэх ухааны ямар технологийг ашиглан судалсан учраас ингэж үзэх ёстой болсноо тайлбарлаагүй юм. А.Энхзаягийн Харин ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэлэх үеэрээ “Монгол оронд бэлчээрийн даац хэтэрсэн үзэгдэл байхгүй” гээд, үүнтэй санал нийлэхгүй байгаа гэдгээ мэдэгдсэн. ХХААХҮ-ийн яамны МАА-н бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишийн ярьсанаар Ховд аймгийн хувьд 100 га газар тутамд хонин толгойд шилжүүлснээр 95 толгой мал оногддог гэх. Тэгвэл Сэргэлэн сайдын хэлээд байгаа зүйл илүү үндэслэлтэй ч байж мэдэх.

Л.Чой-Иш даргын хэлсэн нэг чухал үгийг энд онцлох ёстой гэж бодож байгаа маань. “Болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг төгрөг, нэг цагийн хөдөлмөр, цаг хүндэрсэн үед зарцуулсан 100 төгрөг буюу 100 цагийн хөдөлмөртэй тэнцэнэ гэдгийг байнга санах нь чухал” гэсэн үг юм. Тэрээр үүнийг үндэс болгон бүх аймгуудад гар тэжээлийн аянг зохион байгуулж, хүн бүхэн эрвийх дэрвийхээрээ оролцох ёстой гэдгийг чухалчилсан юм.

Мөн зөвлөгөөн дээр зөвлөгөөнд оролцогч Мөст сумын малчин “цас зудтай хүйтэн үед өдөрт нь мал сайн цадаагүй өвс муутай байх юм бол шөнөд нь хэвтэх хэвтэр бууцыг нь маш сайн дулаалж, хуурай байлгах хэрэгтэйг” зөвлөсөн мөн Манхан сумын малчин Х.Хаянхярваа:

Зудын үед юуны өмнө малчид өөрсдийн эрүүл мэнддээ сайн анхаарах, болзошгүй үед хэрэг болох хүн хүчийг урьдаас зөв тооцоолох, том толгой мал (нас гүйцсэн бүдүүн, ирэг сэрх гэх мэт) өвсгүй болж зуд зурхан нүүрлэсэн үед харгана бут гэх мэт модлог ургамал хэмлээд, улмаар үүдэн шүд нь ганхаж, шүдгүй болж амархан үхдэг тул, цаг хүндрэх магадлалтай болвол хамгийн түрүүн бүдүүн малаа зарж борлуулах нь чухал гэдгийг зөвлөснөөс гадна хадлан авах боломжтой боловч усгүйгээс хадлан ургахгүй байгаа газрыг усжуулах арга хэмжээ авч өгөхийг хүссэн. Мөн хэд, хэдэн малчин орчин үед вакцин хийхийг мэддэг ч өвчилсөн малыг эмчилж эдгээхийг мэддэггүй малын эмч олон байгааг сануулсан юм.

Ховд сумын Засаг дарга Ш.Ерболат: хэд хэдэн чухал санал дэвшүүлсэн нь:

  • Одоо мөрдөгдөж байгаа “Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулинд вакцин хийлгэхгүй байгаа малчин, хийхгүй байгаа малын эмчийн хариуцлагыг чангатгасан заалт тусгах
  • Сумдын Мал эмнэлэг үржлийн албаны орон тоо, төсөв эрх хэмжээг нь тодрхой болгож баталгаажуулах
  • Хувийн мал эмнэлгээс татгалзаж, мал эмнэлгийн бүх үйлчилгээг улсын статустай болгож, мал эрүүлжүүлэх, эрүүл малтай гэж олон улсад үнэлэгдэх зорилтыг бодлогор хэрэгжүүлэх
  • Сумдын аюулгүй нөөцөд тэжээл бэлтгэхэд төсөв байдаггүй учир түүнийг шийдэх
  • Вакцин горимын дагуу хийгддэггүй, хугацаа хоцордог, тээвэрлэхдээ хадгалалтын горим зөрчдөг зэргээс үр дүн гардаггүй зэргийг анхаарч бүх зүйлийг хугацаанд нь, стандарт горимын дагуу хийж байх нөхцөл бүрдүүлэх, хэрэгжүүлэхийг санал болгосон.

          Өвөлжилтийн бэлтгэлд зориулж, Ховд ХХААХҮЯ-аас Ховд аймагт 30.0 сая төгрөг, мөн Засгийн газрын шийдвэрээр 250.0 сая төгрөгийг тус тус шийдэж өгсний дийлэнхийг өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зарцуулна гэдгийг аймгийн удирдлагууд мэдэгдсэн юм.            

                Г.Төрмөнх