Бидний өнөөдрийн оюун сэтгэлгээний соёлын тухай “гашуун зурвас”

Нэг: Төөрөлдсөн соён гэгээрэл

Манай өнөө цагийн нийгмийн амьдралд “соён гэгээрүүлэх” гэдэг үг их хэрэглэгдэх болжээ. Авлигатай тэмцэх газрын нэг томоохон чиг үүрэг бол соён гэгээрүүлэх үйл ажиллагаа юм байна. Бас цагдаа, прокурор, шүүх болон шийдвэр гүйцэтгэх байгууллага, төрийн захиргааны чиглэлийн байгууллагуудын хийх ажлын зонхилох хэсгийг соён гэгээрүүлэх чиг үүрэг эзэлдэг гэх. Үнэхээр соён гэгээрүүлэх энэ том үүргийг хэрэгжүүлэхгүй бол төр оршин тогтноно гэх ч хаашаа. Соён гэгээрүүлэх үйлс бол цагийн цагт нийгмийг жолоодон залах том үйл хэрэг байсаар ирж. Харин дээр дурьдсан хууль сахиулах буюу хар яриагаар бол “хүчний” гэгдэх төрийн байгууллагуудын тэрхүү соён гэгээрүүлэх ажиллагааны хүрээнд ямар ажил үйлс өрнөдөг болохыг авч үзвэл ердөө төрийн хуулийг таниулан сурталчилах, тайлбарлан ойлгуулахад чиглэгдсэн ажлууд л байх агаад төрийн бүтэц тогтолцооны уламжлалт бас нэг чухал салбар нь болох соёл, боловсрол, оюун санааны чиглэлийн аливаа үйл хэрэгт мөнөөх “соён гэгээрүүлэх” хэмээх өргөн агуулга бүхий нэр томъёог хэрэглэх нь бараг л үгүй мэт. Гэвч хууль сахиулахынхны соён гэгээрүүлэх үйлс ямар бодлого, зарчмаар өрнөөд байгааг ойлгоход их хэцүү. дөрвөн жилийн өмнө Авилгатай тэмцэх газрын нэг мөрдөн байцаагчид нэр бүхий албан тушаалтны луйврын хэрэгтэй холбоотой гэрчийн мэдүүлэг өгөв. Тэнгэрийн нэр барьж тангаргалахад гэрч уг луйврын асуудлыг бүхий л баримт нотолгоогоор нь, зөрчигдсөн хуулийн заалтуудыг А, Б-гүй мөргүүлж, гарцаагүй нотлоод байхад, нөгөө байцаагч маань цаашаа эргэнгүүтээ энэ эрх мэдэлтний “зөв л байсан байна штэ” гэсэн албан шийдвэр гаргаад, илгээж байгаа юм. Бас “шүүгч нэртэй эрхэмүүд” хуулийнхаа заалтыг улайн цайм гүтгээд, захиалагчдаа, эсвэл хуйвалдсан нэгэндээ үйлчилдэг, өмгөөлөгчийн “арьс хөдөрсөн” зарим нь хэрэв төлбөрийн чадвар муутай хохирогчийг өмгөөлөх юм бол шууд нөгөө хариуцагч буюу гэмт хэрэгтэнтэй нам нийлж, сэм тохиролцоод, авлига авчихдаг, зарим цагдаа прокурор нь намаар дөрөөлж, албан тушаал өмчирхсөн увайгүй дарганцаруудын захиа даалгавраар, гарынх нь аясаар хөдөлж, тэдний өөдөөс шудрага үг хэлсэн нэгнийг хэрэгтэн болгон шийдвэр үйлддэг, энэ мэт ялзарсан хэрэг явдлуудын алинд нь ч хариуцлага тооцох эрх зүйн тогтолцоо байдаггүй, хамсаатнууд нь тэд нарыгаа хуулийн заалтыг санаан зоргоор, элдвээр мушгин тайлбарлах замаар хамгаалдаг хачин, сонин үзэгдлүүдийг нэг бус удаа хоёр циймэрээрээ харж, дэлдгэрээрээ дэргэдээс нь сонсов.

Санамсаргүй түлхээсээр гол сэдвээсээ жаахан хазайсандаа хүлцэл өчөөд, үүнийг орхин үгүүлвээс, молхи миний бодоход соён гэгээрүүлэх нөр үйлсийг далайцтай өрнүүлэх талбар нь шинжлэх ухаан, соёл, утга зохиол, урлаг, мэдээллийн чиглэлээр ажилладаг байгууллага, хүмүүс л баймаар санагдах. Ийнхүү өөнтөгч бодол төрсний учир юун гэвээс  жинхэнэ соён гэгээрүүлэх үйл хэргийн түүчээ болж байх ёстой эдгээр салбаруудын өнөөгийн байр байдал нэг л гундуухан, хавчигдмал юм шиг санагдсаар буйгаас үүдэлтэй билээ.

Өнгөрсөн жил ажлын далимд Ховд аймгийнхаа алсхан нэгэн сумын соёлын төв болон номын сангаар зориуд орж, сонирхох дашрамд сүүлийн жилүүдийн номын баяжилт яаж хийгдэж байгааг нь асуувал эрхлэгч нь тийм боломж тун хомс байдаг тухай учирлав. “Шинээр ном авахад зориулж жилд ердөө тавиас жаран мянган төгрөг төсөвлөгддөг юм. олигтойхон чанартай, сайн ном авъя гэхэд нэг ширхэг номны үнэ ч бүрдэхгүй байгаа биз дээ” гэсэн нь намайг үнэхээр цочоож билээ.  Үүнээс улбаалаад бусад сумууд болон аймгуудын номын санг эрхэлсэн хүмүүстэй холбогдож, тухайн асуудлаар тодруулбал бүгд л адилхан ажээ. Харин аймгийн номын санд бол жил тутам яахав дээ нэг сая орчим төгрөгийг номын баяжилтанд зориулан төсөвлөдөг гэх. Ном хэрэглэгдхүүний нөөц нь шинээр бараг л сэлбэгдэхгүй байгаа ийм нөхцөлд хэзээ язааны хуучин номын нөөцдөө тулгуурлаж л хэрэглэгчдэд үйлчлэхээс хэтрэхгүй нь тодорхой бөгөөд үйл ажиллагаа нь төдий хэрээр хязгаарлагдмал хавчигдмал байх нь ойлгомжтой. Гэсэн хэр нь бүх аймгуудад зөвхөн номын санд л гэхэд дунджаар арав, хорин орон тоотой, сумуудад бол нэгээс хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажилтнуудыг ажиллуулна. Ном соёлыг олонд түгээж, эрдмийн охийг дэлгэрүүлэх үндсэн зорилго бүхий үйл ажиллагаанд зориулагдах төсөв зардал нь мөнөөх ажилтнуудынхаа цалин хөлсний зардал сүйтгэлийн хагасын хагасд ч хүрэхгүй. Ерөнхий боловсролын сургуулиудын тухайд  ихэнхдээ номын сантай болж, тусгай номын санчийг ажиллуулдаг ч гэсэн гол зүйл болох номын баяжилтанд зориулж, сургуулийн төсөвт нэг ч төгрөг төсөвлөдөггүй. Миний өөрийн биеэр очиж ярилцаж үзсэн хориод сургуулийн бүгдийнх нь байгаа байдал ийм байсан болохоор нийтэд хамаатуулан “сургуулиудад” гэж бичив. Үүнийг нь ашиглаад Монголд өөрийн улсын соёл сэтгэлгээ, бодлого, үзэл бодлын нөлөөг уусган нэвтрүүлэх гэсэн гадаад гүрнүүд, Америк, Япон, Хятад мэтүүд элдэв сайн санааны тусламж, хүмүүнлэгийн үйлс гэсэн нэр хөдөргөн, бодлогоор сонгогдсон баахан ном материалаар өнөөх номын сангуудын тавиурыг чимэглэнэ. Зарим аймгуудын нийтийн номын сангийн албан ёсны бүтцэд “Америкийн соёл мэдээллийн төв” гэсэн тусгай байгууллагыг шургуулан албан ёсны үйлчилгээ явуулсаар олон жил болж байна.      

Дээрх асуудал нь жил бүрийн улс, орон нутгийн төсвийг төлөвлөж, боловсруулж буй үйл явцтай холбоотой. Энэ талаар санаа тавьдаг,  эсвэл тухайн чиглэлийн ажил эрхлэдэг хэн ч байлаа адилхан төсвийн төсөвт санал оруулж тусгуулах, байдлыг арай дээр болгох талаар хувь нэмрээ оруулах боломж нь бараг л хаалттай. Үүнтэй маргах ч юм уу эс үнэмших нөхдүүд байж болох л доо. Тэгвэл мөнөөх номын санчид хийгээд соёлын ажилтнуудын хэн нь ч ялгаагүй, түүхэндээ ном, соёлын асуудлаар төсөвт ямар нэгэн санал гаргаж үзээгүй гэсэн ба төсвийг төлөвлөж батлуулах үйл явц хэрхэн явагддаг талаар гадарлах нэгэн даанчиг олдоогүй гэдгийг тунгааж үзэх биз ээ.

 Хоёр: Ямар төр байна тийм ард түмэн

Хэдэн жилийн өмнө төсвийг бүрдүүлэх, зарцуулах, түүнчлэн төлөвлөхөд иргэд олон түмний оролцоог хангахын төлөөнөө хууль тогтоомж боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх баталгааг бий болгож байна хэмээн олон удаагийн хурал чуулган, сургалт, зөвлөгөөн зохиогдсон, төсвийн хуулинд ч чамлалтгүй ахиц гарсан гэх боловч  өнөөдрийн хөрсөн дээрх амьдралыг харваас энэ нь лав л соёлын салбараас гадуур хийгдсэн зүйл бололтой.  Ер нь амьдрал дээрээ бол хаа газрын улс, орон нутгийн төсвийн төслийг төлөвлөж боловсруулах үйл явцад хүссэн бүхэн чөлөөтэй оролцох боломжгүй, “төр захиргааны хайрцаг”-наас гадна байдаг байгууллага, хүмүүс санал өглөө гэхэд тусгагдах магадлал нь тун бага, намын нэрээр улс төрийн албан тушаал гэгчийг эзэлж, хуулийн далбаанд төсөв захирагч гэх мэдлийг олсон, “улс төрийн” албан тушаалтай эрхэмүүд болон түүнийг тойрсон бүлэглэлийн үзэмжээр асуудлууд шийдэгддэгийг муухан мэдэх юм.   

Энд номын тухай анхлан авч үзэж буйгийн учир юу гэвэл мөнөөх “соён гэгээрүүлэх” үйлсийн үндсэн цөм нь номонд, номын сан хөмрөгт  чиглэгдэх ёстой болов уу гэж боддогынх юм. “Номгүй хүний цээж харанхуй, хоньгүй айлын хот харанхуй” гэж учирлан сургадаг ард түмэн өнөөдөр бүүр төрийн бүтцээр бий болгосон ном бүтээлийн нөөц сангийнхаа асуудалд ийм байдлаар ханддаг болсныг бодоход гайхширмаар биш гэж үү. Эрдэмтэд, зохиолчид, бичгийн эрхэмүүд, салбар, салбарын оюунлаг сэхээтнүүд маань ном бүтээх, үндэсний оюуны сан хөмрөгт өөрсдийн хувь нэмрээ оруулах ажлаа хийсээр байгаа. Гагцхүү тэдний ном бүтээл, оюуны үр шимийг шингээн дэлгэрүүлэх  орон зайг төрийн бодлогоор бий болгох явдал үгүйлэгдэж, тэр нь холбогдох хүмүүс хийгээд газар, салбарын үйл ажиллагаанд нөлөөлөхийн хэрээр нийгмийн амьдралд гарз гачигдал авч ирэх нэг шалтгааан болж байна уу даа гэх бодол байнга төрдөг юм. Түрүүхэн нэг зохиолч цахим талбар дахь нүүр номондоо “өнөөдөр төрийн бодлого, үйл ажлыг хариуцаж авч явж байгаа хүмүүс, тэр тусам удирдах албан тушаалтнууд маань “номноос болсон юм шиг” зан гаргадаг, ном уншиж, тархи оюунаа гийгүүлэх хүсэл зоригоор тун маруухан, ёстой л нөгөө “номгүй хүний цээж харанхуй” гэдгийн үлгэр загвар болж, даган дууриагчдаа үржүүлсээр байна” гэх утгатайгаар халаглан бичсэн байна лээ. Оргүй ч зүйл биш л дээ. Чухам эрх тушаал, хариуцлага бүхий эрхэмүүд ийм байгаагаас нийгмийн сэтгэл санааны өнгө төрх ихээхэн шалтгаалж буй нь мэдээжийн асуудал. Сэтгэлгээ нь “нэг тиймэрхүү л” байна даа гэдэг бол юм юман дээр харагддаг л даа. Жишээлэхэд өнөө цагт манай улс сайн бол арваад жил, саараар бараг гурав дөрвөн жилийн давтамжтайгаар эдийн засаг, санхүүгийн хямралд автаж, аргаа барах болсон бөгөөд үүнээс гэтлэхийн төлөө энэ тэргүүнд авч хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдийн нэг нь төсвөө танаж, хязгаарлах явдал байдаг. Тэгээд төсөв хасах болох дээр хамгийн түрүүнд эрхэмүүдийн нүдэнд өртдөг зүйл нь, ном хэвлэлийн болон ард олонд соёл мэдээлэл түгээхэд чиглэгдсэн зардал байх. Эдийн засаг доройтоход хамгийн их гай, нэрмээс болж буй нь энэ хөөтэй ном, хэвлэл, соёл мэдээллийн зардал байна хэмээн орон нутгийн засаг, захиргаанаасаа Засгийн газраа хүртэл санаа нэгдэн, онош тогтоож байгааг нь хараад нэгэнтээ хөх инээд хүрэх шиг, нэгэнтээ өр эмтрэх шиг болдог юм.

“Ард түмэн нь ямар байна төр нь тийм байдаг” гэж олонтоо ярьцгаахыг сонсдог. Тэгвэл бас төр нь ямар байна ард түмэн нь түүний чиг бодлогын өнгө аяс, хэм хэмжээ түвшинтэй таарсан сэтгэлгэ, бодол тэмүүлэлтэй болж төлөвшдөг, үгүйдээ гэхэд төрийнхөө байгаа байдалд л зохицож амьдардаг гэдэг нь харин ч хөдлөшгүй үнэн зүйл болов уу. Өнөөдөр  ном, соёлын сан хөмрөгтөө төсөв зарахгүй байх нь хэвшил болсноор зогсохгүй, хэвлэл захиалж уншдаг уу? гэж асуухад нүдээ бүлтийлгэн гайхаад, эвэртэй туулай үзсэн мэт болох нь энүүхэнд. “Интернэтээс бүх мэдээллийг авчихаад байхад чинь юун хэвлэл, мэвлэл гэж хоцрогдсон юм яриад байна аа” гэж тэрүүхэндээ маадгар ааш гаргах эрхэмүүдтэй нэг бус удаа таарч байв.  Интернетээс яг л бүгдээрээ сонгодог уран зохиол уншиж, сэтгэхүйн өндөр түвшний бүтээлд шимтэж харагдаач гэж адармаар санагдах ч “тэнэг мугуйд улстай тэрсэлж битгий тэмц” гэсэн нэрт яруу найрагчийн үг санаанд орсноор, түргэн занг маань хорьж, зөөлрүүлнэ. 

Орон нутагт бол номын дэлгүүрээс ном худалдаж авч уншдаг хүн өдрийн од шиг. Манай аймгийн төвд л гэхэд ганцын зэрэг номын дэлгүүр байх бөгөөд өдөр тутмын хэрэглээний бичиг цаас, зайлшгүй авах ёстой сурах бичиг сэлтийг эс тооцвол номын гүйлгээ тун чиг маруухан, сард тав аравханаас огт хэтэрдэггүй хэмээн тухайн үйлчилгээг эрхлэгч нь ярьж байсан. Дээр нь үүн дээр манайхны нэг “брэнд” сэтгэлгээ сүрхий хүчтэй нөлөөлнө. Юу гэвэл үнэхээр ном авч уншихдаа тулвал нийслэл мэт том хотын, томоохон дэлгүүрээс авахаас эндхийн “нэг муу мухлаг” бол яамай л байна гэж үздэг “хэт соёлжсон” хандлага зөвхөн энэ биш, юм юман дээр нэлээн хүчтэй үйлчилнэ. Бас дотоод учир шалтгаан, агуулга, чанар чансаанд бус гаднаасаа үзэгдэх дүр, хөдрөх нэр, аахар шаахраар урхидан татах арга чарганд учиргүй хөөрөн, дагаж “навсаганах” нь “гэм биш зан” болсныг хайцаалж, хамгаалаад ч яалтай. Орон нутагтаа амьдарч аж төрдөг хэн нэгэн нь лекц унших (ном тавих), эсвэл уран бүтээлийн тайлан үзүүлбэр үзүүлэх, тоглолт хийх гэвэл барагтай цөөхөн хүн цугларах мөрт, нэр, зүснээс цаашгүй ч зурагтаар олон удаа харсан, олонд нэртэй нэгэн гэсэн шошго зүүсэн, эсвэл УИХ-ын гишүүн, сайд, дарга гэх мэтийн эрх мэдэл өндөртөнгүүдийн “далбаа нөмөрсөн” ч юм уу нөхдүүд гаднаас ирээд, зар тараавал багтаж цөхтөлөө шавааралдах нь бас л хэвшмэл үзэгдэл. Иймэрхүү хандлагын үр урхагт өөрийгөө золиослогсод нь мэдээж хөөрхий оюуны талбарт сэтгэл, зүтгэлээ зориулагсад.

Ер нь бол өнөөгийн нөхцөлд зохиолчид, хөгжмийн зохиолчид, зураачид, чөлөөт нийтлэлч, сэтгүүлчид гэх мэт хүмүүсийн хувьд,  тэр тусмаа хөдөө орон нутагт аж төрдөг бол яг тэр ажлаараа дагнаж амь зуух ямар ч боломжгүй нь эндээс харагддаг. Амь зуух, амьжиргаагаа авч явахын төлөөнөө заавал өөр ямар нэг ажил хийх, аж ахуй, арилжаа наймаа эрхлэхгүй бол “модоо бариад, ясаа тавина” л гэсэн үг. Ингээд хөөрхий хэнээ янаагүй төрөхөөс заямал авьяас билгээ хөгжүүлэх, бичиг ном, бүтээл туурвилын мөр хөөж, үр шимийг нь үзэх, хотол олны оюуны далайд хувь сэлбэхийг хүссэн хүсэл мөрөөдлөө мухарлах нь энгүүхэн зүйл. Үүнтэй уялдуулаад бидний дунд тэнэж явдаг нэгэн ёгт санааг сануулбаас манай улсад төрийн голдуу аль нэг байгууллагад ажиллаж байгаад насны тэтгэвэрт гармагцаа “за хө ноосоо тушаачихлаа, харин одоо зохиол бүтээл туурвиж, номын мөрөө хөөнөө, зохиолчдын эвлэлд, сэтгүүлчдийнхээ байгууллагад элсэнэ ээ хө” гэдэг хэв загвар сүрхий дэлгэрсэн гэдэг нь үнэн юм билээ. Дашрамд цухуйлгахад бас л хаа нэгтээ хурган түшмэл ч юм уу, дарганцар хийж явсан, эсвэл сум орон, хороо дүүргийнхээ талаар сонин сэтгүүлийн өнцөгт ганц нэг халтар мэдээрхүү юм хэвлүүлж, түүндээ өөрийгөө хөөргөн бодож явсан нөхдүүд нэг мэдэхнээ сэтгүүлчийн байгууллагын мэргэжлийн шагналыг хүртчихсэн манаргаж явах нь нэг бус. Төрийн гэгдэх одон, тэмдэг, цол гуншингуудын нэлээд хувь нь мөн л иймэрхүү хуурмаг байдлаар тараагддагыг ард олон мэдэрхээр барахгүй дөжирч орхиод байна гэхэд бас хилсдэхгүй. Гэтэл яах аргагүй мэргэжлийн түвшинд өч төчнөөн нийтлэл нэвтрүүлэг бэлтгээд, соён гэгээрүүлэхэд хичээж, бэртэгчингүүдтэй үзэлцэж, эрэн сурвалжлах ажилд бие сэтгэлээ хатааж яваа нь мөнөөх урамшил шагналын сургийг ч сонсоогүй байх нь ч олонтоо. Харин зохиолчдын байгууллагын хувьд гэвэл ямар ч асан үүнээс арай өөр “босго өндөр, бүс чанга, хормой бэл нь уужим цэгцтэй” юм гэж санагддаг.  Уран бүтээл туурвих, оюуны салбарт зориг хүчээ сорих үйлсийг чөлөөнд гарсан хойноо цаг өнгөрөөх дайны хөнгөн зугаа гэж ойлгоход хүргэж буй, эс бөгөөс амных нь салиа арилаагүй зарим нэг хөнгөмсөг эхлэн сонирхогчид цээжээ дэлдэн хийрхэж, мөнөө “номын хуудсанд салхи оруулж үзээгүй” шахам дарганцаруудыг хөөрхөн “могдорлон”, “би бол нэлээн нэрд гарч эхлэх гээд байгаа цөөн нөхдүүдийн нэг шүү дээ” гэж итгүүлэх замаар илүү харж, булуу долоох гэх мэтийн солиу, саармаг үзэгдлүүд юунаас улбаатай вэ гэдгийг бодолцож үзэхэд бас ч илүүдэхгүй болов уу гэснээс үүнийг дурьдаж байгаа хэрэг.  

Өдгөө манайд материаллаг үйлдвэрлэл, борлуулалт эрхлэж буй бол “баялаг бүтээгч” хэмээн дээдлэж, төрөөс төрөл бүрээр дэмжихийг эрхэмлэх авч, оюуны бүтээлийг баялагт тооцохоос цэрвэдэг болсон юм уу гэхээр сэтгэгдэл төрнө. Байгалийн баялаг, газрын баялаг, уул уурхайн баялаг, үйлдвэрийн баялаг хэмээн ярьж. Мөнөөх баялаг бүтээгчдэд зориулагдсан бодлого хөтөлбөр, төсөл төлөвлөгөө хэрэгжүүлдэгээс бус “оюун ухааны баялаг” гэж ярьдаг, түүнийг хөгжүүлэх арвижуулахад чиглэгдсэн бодлого хөтөлбөр хэрэгжүүлдэг явдал үгүйлэгдээд байх шиг. Эсвэл “дээд давхаргатаа”, зиндаа өндөр нөхдүүдийн түвшинд хийгдээд байдаг ч байж мэдэх л дээ. Хэрэв тийм байх аваас энгийн ард олны түвшинд бууж ирдэггүй нь гачлантайяа.

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг зохиолчдын болон зураачид хөгжмийн зохиолчид, сэтгүүлчдийн байгууллага, чөлөөт уран бүтээлчид саналаа нэгтгэн, уран бүтээл, оюуны туурвилыг дэмжиж хөгжүүлэх хөтөлбөрийн санал боловсруулж, аймгийн захиргааны болоод нутгийн удирдлагын байгууллагад өргөн барьсан боловч хар, цагаан дуугүй (ямар ч хариу өгөлгүй) жил тойрч, дараа жил нь гандан бууралгүй дахин шинэчилж өөрчилөөд оруулж өгч, аанаа л жишим ч үгүй дараад орхичихож, мэргэжилтэнд нь хандсан чинь дарга нартаа яриач, би яаж шийдэх юм гэж, дарга нарт нь бараалхахад мэргэжилтэнд цохоод өгчихсөн л дөө, та нар мэргэжилтэнтэй уулз гэж, дахиад мэргэжилтэнтэй уулзвал наадхийг чинь хурлаар хэлэлцүүлэх боломжгүй асуудал гээд жагсаалтанд оруулахгүй байгаа штэ” гэсэн, дараа нь УИХ-ын нэр бүхий гишүүнд өөрийн биеэр улаан гарт нь өргөн бариад, араас нь сураг ажиг тавихад  “би тийм санал хүлээж авсанаа огт санахгүй байх чинь” гэж мэлзэх жишээний.   

Гурав: Гашуун зурвас таталсны учир

Оюуны үйл эрхлэж, оюуны бүтээлд шамдаж буй хүмүүсийг хамгийн үнэ хүндгүй, хэрэггүй зүйлд цагаа үрж буй мэтээр үздэгт нэгэнтээ дасаж, элэнгэршсэн, хичнээн үнэ цэнэтэй бүтээл туурвил дэргэд нь байлаа ч түүнийг сөхөж харах, бодол ухаандаа тунгаах хүсэл эрмэлзлэл нь манантан будангуйрсан ийм нөхцөлд төрийн хурц хараагаар олж харж, төрийн сэргэг сэрмүүн бодлогоор сэрээн сэнхрүүлж, өндийлгөн босгох учиртай гэж “мунхаглан” боддог  билээ.           

 “Их далайн ероол нэг гүн, эрдэмтэй хүний санаа нэг гүн, энх төрийн бодлого нэг гүн” хэмээн бидний ард түмэн, өтгөс дээдэс маань цэцэлсэн байдаг. “Энх төрийн бодлого гүн гүнзгий” байхын үндсийн үндэс нь төрийн ой ухаанд ном соёл, ухаан эрдэмийг илтэд онцгойлон хадгалж явах явдал хэмээн хаа газрын ихэс мэргэд сургасаар ирж. “Соёл бол хүн төрөлхтний хамгийн эмзэг сэдвийн нэг мөнөөс мөн. Ийм болоод л улс гүрнүүд соёлын бодлогоо эдийн засаг, гадаад бодлого гэх мэттэй ямагт эн зэрэгцүүлэн авч үздэг” хэмээн нэрт судлаач Д.Ганхуяг бичжээ. Үнэхээр дэлхийн улс гүрнүүдийн түүхийн зах зухаас нь л татаад үзэхэд бүүр манай тооллын урьдах үеэс эхлээд төрийн бодлогынхоо тэргүүлэх зиндаанд ямагт соёлын болон сэтгэлгээний асуудлыг тавьж ирсэн нь илэрхий байдаг. Одоо ч мөн адил, ердийн жишээ, манай улсын хойд, урд хоёр хөршийн төрийн бодлогод соёлын болон оюуны салбарын эзлэх байр суурь ямагт өндөрт байсаар байгааг олон баримт нотолгоонд тулгуурлан үгүүлж болно. Ер нь соёлоор дамжуулан улс төр, дипломат, нийгмийн болон бусад олон чиглэлийн зорилгыг хэрэгжүүлдэг туршлагууд ч бий. Бүүр эзлэн түрэмгийлэх, уусган шингээх бодлогыг ч аливаа ард түмний соёл, сэтгэлгэ рүү шургуулах замаар гүйцэлдүүлж байсан, өдгөө ч тэгж байгаа жишээнүүдийг ярьж бас болно.

Тэгвэл манай улс орон соёл болоод ард түмнийхээ “оюун санааны тусгаар тогтнол”-д хэрхэн анхаарал талбиж, ямар бодлого явуулж буйг тунгаан бодох шаардлага дахиад гарч ирнэ. Дээр үгүүлсэн амьдралын оочин, цоочин жишээнүүдийг эвлүүлээд үзэх юм бол ямар шиг дүр зураг харагдахыг уншигч та төсөөлөөд үзэгтүн.  

Ийнхүү “гашуун зурвас” татлах болсны гол учир зорилго гэвэл нэн ялангуяа төрийн холбогдох ажил хариуцсан салбар, газруудын удирдаж буй нөхөд болоод тэнд ажиллагсад, бусад холбогдох хэн ч байлаа гэсэн дурьдагдсан бүхнийг эргэж нэг хараад, бодитой оршиж байгааг нь хүлээн зөвшөөрсөн нөхцөлд засаж залруулах, илүү дэвшилтэт байдал руу өөрчлөн хувиргахын тулд яавал зохилтойг бодож үзэж, ухаан бодлоо чилээн, үйлс зүтгэлээ зориулаасай гэснээс үүдэлтэй юм. Үүнээс улбаалаад хэлэхэд соёлын бодлого, үйл ажиллагаа, амьдралд тулгарч буй асуудлыг хэлэлцэхээр уулзалт, зөвлөгөөн, хэлэлцүүлгүүд явагдаж байгаа харагддаг ч, дээр дурьдсанчилан гол төлөв “хайрцаган доторхи” нөхдүүдийг л (зөвхөн төрийн бүтцэд тухайн асуудлаар ажил хариуцан ажиллаж, цалин авч буй хүмүүс) хамруулж, “хайрцагны дотор талаас” харсан үйл ажлууд л өрнөөд байх шиг санагддаг. Тиймээс гадна талаас нь чөлөөтэй харж, гашуун нясууныг нь харамгүй мэдэрч байгаа ганц хоёр ч болов нөхдийг хамруулан оролцуулж, санаа бодлыг нь сонсох аваас тустай байх болуужин гэдгийг энд зориуд хавчуулахыг хүсэв.             

Одоо хэрэгжиж байгаа Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг харваас соёлын салбарт бас ч гэж учир гаргацтай зүйлүүдийг томъёолон тусгаж оруулжээ.

Тухайлбал “Соёл урлагийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож, соёл урлагийг хөгжүүлэх бодлого, санхүүжилт, удирдлага зохион байгуулалтын шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Үндэсний болон сонгодог урлаг, нүүдлийн соёл иргэншлийг төрийн ивээлд байлгаж, бүх нийтийн соёл урлагийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, соёл урлагийн аялал жуулчлал, гадаадад монголын үндэсний соёл урлагийг сурталчлах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, монгол контентийг хөгжүүлнэ” мөн “Соёлын тухай хуулийг шинэчлэн батлана, уран бүтээл туурвих, уран бүтээлчдийг урамшуулах санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгоно, монгол өв соёлын дархлааг бий болгох талаар цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ, соёл урлагийн аялал жуулчлал хөгжүүлэх, гадаадад монголын үндэсний соёл урлагийг сурталчлах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох талаар тусгайлсан бодлого хэрэгжүүлнэ. соёл, урлагийг дэмжих сан байгуулна” гэснээс гадна соёл урлагийн чиглэлийн барилга байгууламжуудыг шинээр барих, сэргээн завсварлах ажлуудыг хийх зорилт тавьжээ. .”Соёл, шинжлэх ухааны салбарын ажиллагсадын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ” гэсэн нь тун чихэнд чимэгтэй.

Үүн дээрээ тулгуурлаад, цаашид ард түмний сэтгэлгээний соёлыг залж чиглүүлэх гол хүчин зүйлүүд болох өнөө болоод хойч үеийнхнийг оюунаар тэтгэн сэлбэх, ном, бүтээл, түүнчлэн эрдэм ухаан, уран бүтээлийн сан хөмрөгийг арвижуулах, “оюуны бүтээлчид”-ийн санал санаачлага, аливаа үйл ажиллагааг нь дэмжих, түүнчлэн “оюунлаг мэдээлэл”-ийг нийтэд түгээн нэвтрүүлэхэд чиглэгдсэн төсөв хөрөнгийг тухайн асуудлаар санаа тавьж буй оюуны соёлын зүтгэлтнүүдийн саналд үндэслэн, нягт судалгаатайгаар суулгаж өгдөг болох, номын сангуудаа өөд нь татах,  ард нийтийг уншиж судалж, тунгаан бодох замаар өөрийгөө хөгжүүлэх чиг баримжаанд хөтлөх, үндэсний соёлын дархлаанд элдэв аргаар шурган нэвтрэх гадны бодлогод “хицээмжтэй” (хяналттай) хандах, “Соён гэгээрүүлэх” гэдэг ойлголтыг “энх төрийн” бодлогодоо энгүй өргөн, гүн гүнзгий учир утгаар нь зохилдуулан хэрэглэх, оюун санааг үнэт баялаг хэмээн дээдлэж ирсэн үндэсний язгуур “сэдхилгээг” сэргээн идээшүүлэх, оюуны салбарт зүрх сэтгэлээсээ зүтгэгсэд, зохиолчид, эрдэмтэд, уран бүтээлчид, “оюун санааг бүтээн туурвигчид”-ыг төрийн бодлогоор дэмжиж, бусадтай адил ажиллаж амьдрах нөхцөлөөр хангахыг чухалчилан үзэх нь төрийн үйлс болоод ард түмний алс ирээдүйд юу юунаас чухал хэрэгтэй гэдгийг онцлон сануулахыг хүссэн бүлгээ.

Оюун санааны гэрэл гэгээ мөнхөд дэлгэрэг !   

Яруу найрагч, зохиолч Хиргис Г.Төрмөнх  

2018 оны 4 сарын 06. Ховд хот