Халуун сэдэв

ТӨЛСӨН АВСАНАА НИЙТЭЛ /ТАН/ эвслийн гишүүн байгууллагууд хамтран, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, аймгийн ИТХ-ын болон Засаг дарга нар, тэрчилэн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуульд заасан бүх албан тушаалтнуудад өөрийн болон гэр бүлийн гишүүд, төрөл, садан, бусад хамаарал бүхий этгээдийнхээ эзэмшилд буй олборлох салбар дахь хувь эзэмшил, компани, аж ахуйн нэгжийн саналын болон удирдлагын бусад эрхийн тухай мэдээллийг үнэн зөвөөр гаргаж өгөхийг хүсэж, “НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ” илгээсэн билээ. Уг захидлыг хамаарал бүхий бүх албан тушаалтан, эрх мэдэлтнүүдэд өнгөрсөн 4 сарын 25-30-ны хооронд хүргүүлсэн бөгөөд дээрх этгээдүүд захидалд дурьдагдаж буй мэдээллийг хавсралт маягтын дагуу нэгд нэгэнгүй, нарийн, тодорхой бөглөж 2018 оны 05 сарын 15-ны дотор хариу хүргүүлэх ба хариуг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд мэдээлэх юм.

Энэ нь манай улсад газар авч, архаг өвчний шинжтэй болсон уул уурхайн болон олборлох салбарын эзэмшил, эрх мэдлийн болон орлогын хувиарлалтын хэт тэнцвэргүй байдлыг  тэнцвэржүүлж, эрүүлжүүлэхэд чиглэгдсэн нэн чухал алхам гэдгийг анзаарч, анхаарлаа хандуулахыг нийт олон түмэнд УРИАЛЖ байна !

НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ                                                                                                                                                                          

                Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Энэхүү захидлыг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын хүрээнд “олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд”-ийг (цаашид бенефициар өмчлөгч гэх) ил тод болгоход чиглэгдсэн Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтарсан гурван талт Ажлын хэсгээс баталсан Замын зургийг хэрэгжүүлэх үүднээс хүргэж байна.  

ОҮИТБС нь байгалийн нөөц баялгаар баян дэлхийн 58 орны гишүүнчлэлтэй, салбарын ил тод байдлыг хөхиүлэн дэмжих зорилго бүхий олон улсын санаачилга билээ. Уг санаачлагыг олон улсын санхүүгийн болон хөгжлийн байгууллагууд ихээхэн дэмжиж ирсэн бөгөөд ялангуяа ОҮИТБС-ын Стандартын 2.5(b)-д зааснаар эрдэс баялгийн салбарт “бенефициар өмчлөгч”-ийг ил тод болгох нь татвараас зайлсхийх эрсдэл, авилга, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, баялгийн тэгш хуваарилалтыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үздэг.

Тийм ч учраас Монгол Улс эрдэс баялгийнхаа салбарт “бенефициар өмчлөгч”-ийн мэдээллийн ил тод байдлыг хангах үйл явцыг дэмжиж, “Нээлттэй засаглалын түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-II”,[1]Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө[2]-нд тусган хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ авч эхлээд байна.   

Монгол Улс нь ОҮИТБС-ыг хэрэгжүүлэгч гишүүн орны хувьд “бенефициар өмчлөгч”-ийг ил тод болгох үндэсний төлөвлөгөө буюу Замын зургаа гарган, бүртгэл-мэдээллийн сан үүсгэж, улмаар 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд олон нийтэд нээлттэй болгосон байх үүргийг иргэдийнхээ өмнө төдийгүй Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагын өмнө хүлээгээд байна. Ингэснээр татварын суурийг багасгаж ашгийг зувчуулах (BEPS) явдлын эсрэг нэгдсэн дэлхийн бусад улс орнуудтай “бенефициар өмчлөгч”-ийнхөө мэдээллийг харилцан солилцох боломж нээгдэх юм.  

Олборлох салбарын засаглалыг сайжруулах, ялангуяа “бенефициар өмчлөгч”-ийн ил тод байдлыг хангах зорилгоор ТББ, судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд хамтран ажиллахаа илэрхийлж, баг бүрдүүлэн ажиллаж эхлээд байна. Бид энэ хүрээнд  хуульд заасан төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, төрөл, садан, бусад хамаарал бүхий этгээдийн олборлох салбарт эзэмшиж буй хувь эзэмшил, компани дахь саналын болон удирдлагын бусад эрхийг эрэн сурвалжилж, нийтэд мэдээлэх, улмаар 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө “бенефициар өмчлөгч”-ийн ил тод  байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ түүхэн ач холбогдол бүхий эрх зүйн орчин бүрдүүлэхэд таныг бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Иймд Та хавсралтаар илгээсэн мэдээлэлтэй сайтар танилцан, холбогдох мэдээллийг үнэн зөвөөр бөглөж, 2018 оны 05-р сарын 15 өдрийн дотор дээрх хаягаар бидэнд ирүүлнэ үү. Төрийн хуулийг дээдлэн сахиж ажиллах тангараг өргөсөн ард түмний төлөөлөгчийн хувьд Та энэхүү мэдээллийг гаргаж өгснөөрөө Монгол Улсын эрдэс баялгийн салбарт ил тод байдал, сахилга хариуцлага, шударга ёсыг  төлөвшүүлэхэд үлгэр жишээ үзүүлэн манлайлан оролцож, ашиг сонирхлын зөрчлөөс ангид гэдгээ ард түмнийхээ өмнө батлан харуулах болно.

Ард түмний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн мэдээллээ үнэн зөвөөр гаргаж өгнө гэж найдаж байна.

                ЖИЧ: Бид энэхүү нээлттэй захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан бүх албан тушаалтнуудад илгээсэн болно. Түүнчлэн Та бүхэнд илгээсэн энэхүү нээлттэй захидал болон түүний хариуг 2018 оны 05 сарын 20-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй зарлахаа мэдэгдэж байна.

[1] “Нээлттэй засаглалын түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө II”-ний 12 дахь хэсэг, “Байгалийн баялгийг ашиглах үйл ажиллагаанд бенефициар өмчлөгчийн мэдээллийн ил тод байдлыг хангах”

[1] “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 4.1.6.5.3 дахь хэсэг, “ОҮИТБС-ын стандартын хүрээнд ашиг хүртэгч (бенефициар) эздийг ил тод болгох”.

Хүндэтгэсэн

“ТӨЛСӨН АВСНАА НИЙТЭЛ” ЭВСЛИЙН ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД