"Далд өмчлөл"-ийн талаар хүргүүлсэн нээлттэй захидалд эрх мэдэлтнүүд хэрхэн хариу барив

 “ТАН” эвслийн гишүүн байгууллагууд /Төлсөн авсанаа нийтэл/ болон байгалийн нөөц, олборлох салбар дахь хувь эзэмшил, өмчлөлийн мэдээллийг нээлттэй болгох зорилго бүхий үндэсний хэмжээн дэх иргэний нийгмийн баг хамтран, Авилгатай тэмцэх, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдээллээ заавал мэдүүлэх, нээлттэй байлгах үүрэг бүхий албан тушаалтнууд, түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнууд, урьд өмнө төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст нээлттэй захидал хүргүүлж “бенифициар өмчлөл”-өө (олборлох салбар дахь хувь эзэмшил, компани, аж ахуйн нэгжийн саналын болон удирдлагын бусад эрхийн тухай мэдээлэл) сайн дураар нээлттэй болгохыг сануулж, хариу хүссэн тухай бид өмнө нь тавдугаар сарын эхээр мэдээлсэн.

Нээлттэй захидлыг холбогдол бүхий бүх албан тушаалтануудад 2018 оны дөрөвдүгээр сарын 25-30-ны хооронд хүргүүлсэн бөгөөд дээрх этгээдүүд захидалд дурьдагдсан мэдээллийг хавсралт маягтын дагуу, нарийн тодорхой гаргаж тавдугаар сарын 15-ны дотор хариу ирүүлэх ёстой байсан.

Энэ үйл ажиллагаа нь “бенифициар өмчлөл”-(байгалийн нөөцийн буюу олборлох салбар дахь илэрхий бус өмчлөл)-ийн талаар мэдээлэл өгөх, энэ талын асуудлыг зохицуулах эрх зүйн зохицуулалт бий болгоход УИХ-ын гишүүд болон өндөр албан тушаалтнууд санаачлага гаргах эсэхийг тандах,  улмаар энэ бүх үйл явцыг нээлттэй мэдээлж, олон нийтийг энэ талын ойлголттой, мэдээлэлтэй болгоход чиглэгдэж байгаа юм.  

Захидал хүргэгдсэн, албан тушаалтнууд болон хамаарал бүхий этгээдүүд үүнд хэрхэн хандсан тухай мэдээллийг уншигчид, олон нийтэд амалсныхаа дагуу одоо хүргэе !

Хугацааны хувьд тавдугаар сарын 15-ны дотор бүх хариуг хүлээн авах ёстой байсан авч захидал хүргэгдсэн нөхөд хугацаандаа хариу ирүлэхгүй байсан тул хариу мэдээлэл хүлээн авах хугацааг гурван удаа сунгаж, хамгийн сүүлд 6 дугаар 31-ээр эцэслэн, хаасан байна.    

Ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, ҮАБЗ-ийн дарга асан П.Цагаан нарт нээлттэй захидал хүргүүлсэн боловч огт хариу ирүүлээгүй.

УИХ-ын 76 гишүүнээс 4 гишүүн албан ёсоор хариу ирүүлсэн бөгөөд 43 гишүүн нь нээлттэй захидалтай танилцсан гэсэн боловч захидлын дагуу өгөх ёстой мэдээллээ өгөөгүй, нэр бүхий дөрвөн гишүүн албан бичиг хүлээж аваад хариу өгөх шаардлагагүй гэж туслахаараа дамжуулан мэдэгдсэн бол үлдсэн 25 гишүүний хувьд захидал хүлээж авсан эсэхийг нь мэдэхээр удаа дараа холбогдохыг оролдсон боловч, утсаа аваагүй, холбогдож, хариу өгөхөөс зайлхийжээ.  

УИХ-ын Гарамжав энэ үйл ажиллагааг дэмжиж байна гэдгээ утсаар илэрхийлээд, сургалт болвол оролцох, хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ мэдэгдсэн авч, өөрийн мэдээллээ ирүүлээгүй, МАН-ын бүлгийн гишүүн Лүндээжанцан, Солтан, мөн АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж нар “намын бүлгээрээ ярилцаж байж хариу өгнө, гишүүд нэгдсэн журмаар хариу өгнө” гэсэн тайлбар хэлсэн авч өөрсдийн мэдээллээ ирүүлээгүй, хэлсэн тайлбар нь ч худлаа болж таарсан байна.

Харин Оюунхорол гишүүн албан бичигтээ танилцсанаа хэлсэн ч “хүснэгт бөглөх шаардлага байхгүй, хөрөнгө орлогын мэдүүлгээ Авилгатай тэмцэх газарт өгсөн, түүнээс авч болно, уул уурхай компани байхгүй” гэсэн бол, гишүүн Нямбаатар “компани болон олборлох салбарын өмчлөл байхгүй, хариу өгөх шаардлагагүй”, гишүүн Л.Болд  “захидал бүрт хариу өгөх шаардлагагүй”, гишүүн Цогтбаатар мөн Оюунхоролын адилаар “ХОМ бөглөсөн тул хариу өгөх шаардлагагүй” гэсэн бол, гишүүн Дэлгэрсайхан “албан бичиг ирээгүй, ер нь юуг судлаад байгаа юм” гэх мэтээр  байр сууриа илэрхийлсэн байна.

Аймаг, нийслэлийн удирдлагуудын хувьд  нийт 62 албан тушаалтанд захидал хүрснээс 12 засаг дарга, 13 ИТХ-ын дарга албан ёсоор, бичгээр хариу ирүүлсэн. Эдгээрээс Сэлэнгэ  аймгийн ИТХ дарга өөрөө бус харин хамаарал бүхий этгээд буюу төрсөн хүүгээ “Уран Сэлэнгэ” ХХК-ны хувьцааны 50%-ийг эзэмшдэг, тус компанийн хөрөнгө оруулалтын 50% ийг оруулсан гэж мэдүүлжээ.

Мөн Засгийн газрын гишүүд, газар, агентлагийн дарга нар гэх мэт алба хашдаг  32 албан тушаалтанд захидал хүргүүлснээс  зургаан албан тушаалтан албан тоотоор хариу ирүүлэхдээ олборлох салбарт хувь өмчлөл байхгүй гэх төдийг мэдэгдсэн бөгөөд мэдээллийг маягтын дагуу дэлгэрэнгүй бөглөж ирүүлээгүй байна.

Эндээс ажиглахад төрийн өндөр албан тушаалтнууд өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр болон шадар ажиллаж байсан хүмүүс, УИХ-ын гишүүд гэх мэт өндөр албан тушаалтнуудын хувьд захидалд төдийлөн таатай бус хандсан, цааргалсан, мэдээлэл өгөхөөс зайлсхийсэн байдал ажиглагдаж байна гэж дүгнэж болохоор байна.

Энэ нь дам, дамдаа манай улс төрчид гэгдэх хүмүүсийн улс төрийн болон албаны соёл, ёс суртахууны түвшинг илэрхийлэхээс гадна, төрийн тухай ямар шиг ойлголттой байдгаа  ч дам дамдаа илэрхийлж байгаа гэж үзэж болох.

Улс орныг удирдах, төрийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх  үйл явцыг улам чамбайруулах тухай асуудал нь эрх мэдэл олж авсан цөөн хэсгийн асуудал биш, Монголын нийт ард түмний нийтлэг эрх ашгийн асуудал гэдэг утгаар, улс орны өмнө тулгамдаж буй зүйлийг ул суурьтай, судалгаатай, ард нийтийн оролцоотойгоор зохицуулж шийдэж байх сонгодог зарчмыг удирдлага болгон, энэхүү үйл ажиллагааг өрнүүлсэн.

Гэвч захидал хүлээж авсан нөхдийн хандлагаас харахад тэрхүү зарчимыг хэрэгжүүлэхэд манай эрх мэдэлтнүүд өөрсдөө хойрго байна гэж үзэж болохоор байгааг уншигч та бүхэн ч анзаарах байх.

Сонирхсон болоод мэдээллийг тодруулах хүмүүс, шаардлагатай бол 99724869   99284057 утсаар холбогдож болно.

“ТАН” эвсийн гишүүн байгууллагууд

Ажлын хэсэг