“Ховд-Эвийн хүч” худалдааны төв эдийн засгийн эргэлтэд орно

2012-2016 оны Шинэчлэлийн Засгийн газар, Ховд аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Баруун бүсийн худалдааны төв барих зорилтыг тусгасны дагуу аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, баруун бүсийн төв зах дээр худалдаа наймаа эрхлэгчдийн дунд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг өрнүүлэн төр, хувийн хэвшлийн хамтын хөрөнгөөр худалдааны төв байгуулахаар болсон юм. Тэрбээр “шинээр худалдааны төв барихад зарцуулах  хөрөнгийн багаахан хэсгийг та нөхөд гарга, дийлэнх хэсгийг нь /бараг 90 хувийг/ төрөөс гаргана, тэгээд уг төвийг баригдсаны дараа та нар эзэмшиж, худалдаагаа эрхлэх ба аажмаар та нарын өмчлөлд шилжүүлнэ” хэмээн ятгасан байдаг. Д.Цэвээнравдангийн “санаачилга”-ыг дэмжсэн худалдаа, наймаа эрхэлдэг 400 гаруй иргэн 1 тэрбум 15 сая төгрөгийг маш богино хугацаанд босгожээ. Худалдаа эрхлэгчдээс мөнгө цугларсан дариуд Засаг дарга тэргүүтэй хүмүүс “Оож ван” ХХК-тай наймаа тохирон,  худалдаа эрхлэгчдийн хувь нийлүүлсэн мөнгөнөөс 315 сая төгрөг гаргаж, уг компаний мэдэлд байсан 10000 м2 квадрат газрыг худалдан авсан байдаг. Тэгээд шинэ худалдааны төв барихаар улсын төсвөөс /Ерөнхий сайдын багцаас/ 3 тэрбум 663 сая төгрөг гаргаж, мөн 400 гаруй бизнес эрхлэгчээс хувь нийлүүлсэн 1 тэрбум 15 сая төгрөгийг нийлүүлэн, нийт 4,6 тэрбум гаруй төгрөгөөр сэндвичэн материал бүхий худалдааны төвийн барилгыг барьж босгосон.

Захын барилгыг барьж байх хооронд Засаг дарга болон холбогдох нөхдийн идэвхтэй оролцоотойгоор цөөн хэдэн хүний нэр дээр бичиг баримт бүрдүүлж, “Эе эвийн хүч” ХХК байгуулан, шинэ баригдсан худалдааны төвийн үйл ажиллааг улирдан явуулахаар ажиллаж эхлэв. Гэтэл тэрхүү компани гэгч нь нийт хувь нийлүүлэгчдээ тойргийн гадна орхин, цөөн хэдэн хүн үгсэн хуйвалдаж, өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн байгууллага байсан ба цугларсан мөнгө хөрөнгөнөөс дур мэдэн зарцуулж, өөрсддөө өндөр цалин олгосон гэх мэт үл бүтэх зүйлүүд хийж байсныг хувь нийлүүлэгчид олж мэдсэнээр, 2013 оны 03 сарын 16-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар “Ховд эвийн хүч” компанийг хоршоо болгон өөрчилж, дүрэм, дотоод журмыг хэлэлцэн баталж, хоршооны тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийг байгуулан, хууль бус компаний бүртгэлийг хүчингүй болгуулсан байдаг. "Эвийн хүч" худалдааны төвийн барилгын ажлыг “Ус орчин” ХХК гүйцэтгэн ашиглалтад оруулж 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нээлтийн тууз хайчилсан. Гэтэл хоршооны хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөр авсан газрыг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан захирамжаараа ЗДТГ-ын мэдэлд шилжүүлжээ. Үүнээс эхлэн хоршоо, төр хоорондын газрын өмчлөлийн маргааны асуудал дэгдэж, таван жилийн хугацаанд сунжирч, шүүхээр заргалдаж явсан.  

Маргаан мэтгэлцээний бай болсон “Ховд-Эвийн хүч” худалдааны төвийг ашиглалтад оруулах эсэх асуудал байнга олны анхаарлын төвд байсаар ирсэн ба хэд хэдэн Засаг даргын нүүр үзэж олон удаагийн хэлэлцээр, маргаан мэтгэлцээн өрнүүлсэн авч, шийдэгдэхгүй байсаар 2014 онд ашиглалтанд хүлээн авсан гэх битүү захын сэндвичэн барилга ашиглагдахгүй зэвэрч, тоногдон сүйдэх нь холгүй болж байв.

2018 онд аймгийн шинэ удирдлагууд ажлаа авсан даруйдаа “Эвийн хүч” худалдааны төвийг эдийн засгийн эргэлтэд оруулах хамтын шийдэлд хүрэхийн тулд “Ховд-Эвийн хүч” хоршооны тэргүүлэгчидтэй хэд, хэдэн удаагийн уулзалт, хэлэлцүүлэг хийж, хуулийн гарц, гаргалгаа, боломжит бүх хувилбарыг судалжээ. Үүний дүнд хамгийн оновчтой шийдэл нь орон нутгийн 78 хувийн, хоршооны 22 хувийн өмчийн оролцоотой аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах хэмээн үзсэн байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 02 сарын 27-ны өдрийн хуралдаанаар “Эвийн хүч” ОНӨОААТҮГ-ын дүрмийн төслийг хэлэлцсэн ба хууль эрхзүйн бусад харилцааг аймгийн Засаг дарга, Ховд эвийн хүч хоршооны дарга нарын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, зохицуулахаар шийдвэрлэв.

“Ховд - Эвийн хүч” хоршооны тэргүүлэгчид, аймгийн удирдлагуудын хамт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан уг шийдлийг бүх гишүүддээ танилцуулах, гэрээний төсөлд санал авах, хоршооны тэргүүлэгчдээ шинээр сонгох зэрэг дотоод асуудлуудыг шийдэх зорилгоор энэ сарын 04-ний өдөр хоршооны бүх гишүүдийн хурлыг хуралдуулсан. Хуралд 300 гаруй хувь нийлүүлэгч оролцсон ба “Эвийн хүч” орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах санал болон хамтын ажиллагааны гэрээг олонхиороо дэмжиж, худалдааны төвийн үйл ажиллагааг 2019 оны 3 дугаар сард багтааж эхлүүлэхийг санал болгов.

Нэг талаас аймгийн Засаг дарга болон Орон нутгийн өмчийн газар, нөгөө талаас “Ховд “ Эвийн хүч хоршоо” харилцан зөвшилд хүрснээр, “хоршоо нь худалдааны төвийн үйл ажиллагааг найдвартай, тогтвортой зөв менежментээр удирдан зохион байгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 70 хувийг “Ховд-Эвийн хүч” хоршооны төлөөлөл, 30 хувийг Орон нутгийн өмчийн газрын төлөөлөл бүрдүүлэх, үйл ажиллагааны орлогоос бий болсон татвар төлсний дараах ашгийг төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу хуваарилах, хамтын үйл ажиллагааны үр дүнг жил бүр харилцан тайлагнах, шаардлагатай тохиолдолд явцын тайланга сонсож хэлэлцэх” гэх мэт чухал заалтуудыг тусгасан гэрээг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр байгуулав.

Харин ганц нэг заалт тухайлбал шинээр байгуулж буй “Эвийн хүч” ОНӨААТҮГ-ын захирлыг аймгийн Засаг дарга өөрийн саналаар томилно гэсэн заалт оруулж хэрэгжүүлнэ хэмээн Засаг дарга зүтгүүлсэн нь Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, компаний тухай хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж, байсан ч Засаг дарга үүнийг хүчээр шийдэхийг илүүд үзсэн бололтой.

Түүнчлэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар албан ёсоор байгуулагдаагүй, төлөөлөн удирдах зөвлөл нь сонгогдоогүй байхад төлөөлөн удирдах зөвлөлийн хийх ёстой ажлыг шүүрэн авч, Эвийн хүч ОНӨОААТҮГ-ын дүрмийг боловсруулж, түргэн түүхийдүү дүрэм гаргаж, хэлэлцэн баталж байгаа нь мөн дээрх хуулиудад нийцэхгүй шийдэл болж байгааг анхаарах шаардлага гарч ирэх байх. Хуулиар бол төрийн буюу орон нутгийн өмчийн оролцоотой, эсвэл төр, орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд ИТХ, болон Засаг дарга, Захиргааны байгууллагын оролцох эрх хэмжээ нь тухайн хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орох төрийн өмчийн төлөөлөгчийг  томилон, ТУЗ-д нэр дэвшүүлэх хороонд нь санал болгох, мөн холбогдох, хяналтыг хэрэгжүүлэх, томилогдсон төрийн өмчийн төлөөлөгчид холбогдох асуудлаар чиглэл өгөх, тайлан хэлэлцэх зэргээр  хязгаарлагддаг зохицуулалттай.

Үүнийг орхин үгүүлэхэд хоршооны тэргүүлэгчид өнгөрсөн таван жилийн туршид аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангийн гаргасан 2013 оны 02 сарын 22-ны А/56, 2014 оны 12 сарын 09-ны А/614 дугаар захирамжуудыг тус, тус хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхэд гурван удаа, Захиргааны хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд нэг удаа нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх А/614 дугаар захирамжийг нь хүчингүй болгосон, мөн ЗХАШ-ны шүүх А/56 дугаар захирамжийг түдгэлзүүлсэн, тэрчлэн худалдааны төвийг хууль бусаар эзэмшихээр хуулийн этгээд үүсгэн байгуулж, улс төрөөс хамаарал бүхий этгээдийг Захирлаар томилон, 2015 оны А/306 дугаар хууль бус захирамж гаргасан байсныг 2019 онд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нэгдүгээр заалтыг нь хүчингүй болгон шийдвэрлэсэн, худалдааны төвийн барилгыг анх барихад хувь нийлүүлэгч худалдаа эрхлэгчдийн зүгээс хяналт тавих боломж олгоогүйн улмаас барилга маш чанаргүй баригдаж, уг чанаргүй барилгыг төрийн нөхөд маань ашиглалтанд хүлээн авсан байсан учраас барилгын ажлыг гүйцэтгэсэн “Ус орчин” ХХК-д хоршооны тэргүүлэгчид удаа дараа шаардлага, хүсэлт хүргүүлж, гурван удаа нэмэлт засвар хийлгүүлж, шалыг плитатай болгуулсан зэргийг уг хуралдаан дээр хоршооны дарга тайлагнасан юм.

Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлэхдээ эхний ээлжинд худалдааны төвтэй холбоотой бүх өр төлбөрийг тэглэж, ашиглалтад оруулах, цаашлаад эд хөрөнгө нь тоногдсон асуудлуудын талаар хууль хяналтын байгууллагад хандаж, хариуцлага тооцуулах нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн.

“Ховд-Эвийн хүч хоршооны дарга Г.Хүрэлмөнх илтгэлдээ “....шинээр сонгогдсон аймгийн удирдлагууд бидний санал хүсэлтийг удаа дараа анхааран сонсож, асуудлыг шуурхай шийдвэрлэхэд хичээн, юуны өмнө “Ховд –Эвийн хүч” худалдааны төвийн халаалтын асуудлыг шийдэхийн тулд орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинээр бага оврын уурын зуух бариулж, ашиглалтанд хүлээн авсан. ЗДТГ-ын эзэмшилд байсан “Ховд-Эвийн хүч” худалдааны төвийн газрыг хоршооны эзэмшилд шилжүүлэх шийдвэр гаргаснаар маргаан, зөрчилдөөнтэй байсан асуудал шийдэгдэж, Худалдааны төвийг ажиллуулах үндсэн нөхцөл бүрдсэнд аймгийн Засаг дарга болон холбогдох албаныханд хоршооны нийт гишүүдийн өмнөөс талархал дэвшүүлье. Худалдааны төвийн цаашдын үйл ажиллагаа та бидний ойлголцол хамтын ажиллагаанаас хамааралтай. Хувь нийлүүлэгч худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хүндэтгэж хамгийн бага талбайн түрээстэй байлгахыг хамтран ажиллагч тал маань хүлээн авч байгаа. Тэгэхээр цаашид ОНӨОААТҮГ-ын үйл ажиллагааг хэвийн тогтвортой аль аль талдаа үр өгөөжтэй явуулахын тулд баримтлах гол зарчим маань хэн нэгний юм уу цөөн этгээдийн эрх ашиг бус, харин бүх хувь нийлүүлэгч, худалдаа эрхлэгчдийн нийтлэг эрх ашигт нийцсэн шийдвэрүүд дээр тулгуурлах ёстой гэдэгтэй та бүхэн маань санал нэг байгаа гэдэгт итгэлтэй байна. Ховд – Эвийн хүч хоршоо болон төр хувийн хэвшлийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр бий болсон худалдааны төвийн маань цаашдын хувь заяа та бидний эв нэгдэл, хамтын хүчин чармайлт, асуудлыг бодитой харж, нэгэн зүгт хандсан ухаалаг үйл ажиллагаанаас шууд хамаарах болно гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна” хэмээсэн.

Ямар ч асан таван жилийн турш эзэнгүй зэвэрч хэвтсэн “Ховд-Эвийн хүч” худалдааны төвийн үйл ажиллагаа эхлэхээр болж, тоногдож, шамшигдсан эд хөрөнгө нь  хамгаалах эзэнтэй болж, уг объект эргэлтэнд орж байгаа нь сайн хэрэг. Анхнаасаа хуулиас гадуур, будилаан зөрчилтэйгээр бий болгосон зүйлийг хууль ном хийгээд практик амьдралтай зохицуулан, зохист гольдролд оруулахад алдаа мадаг гарахгүй байх баталгаа үгүй. Цаашид энэ бүхэн улам боловсронгуй болж, хий байгүй, зөв гольдролоороо ажиллан, аймаг орон нутаг, ард иргэд, худалдаа эрхлэгчдийн нийтлэг эрх ашигт нийцэж, үр өгөөжөө өгөх нь нэн чухал. Тиймээс цаашид асуудал хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.