“Огторгуйн далай Заяа Бандида” Намхайжамцын нэрэмжит БАРУУН БҮСИЙН УТГА, УРАН ЗОХИОЛЫН II ЧУУЛГАНЫ СОНОРДУУЛГА, УРИАЛГА

“Огторгуйн далай заяа бандида” Намхайжамцын нэрэмжит Баруун бүсийн утга, уран зохиолын II чуулган энэ оны 9 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд Ховд аймагт амжилттай явагдсан билээ.

Өнгөрсөн 2018 оны 10 дугаар сард Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн санаачлагаар тус аймагт болсон Баруун бүсийн зохиолчдын анхдугаар чуулганы үеэр уг арга хэмжээг жил тутам, аймгуудад ээлжилэн зохион байгуулах санаачлага гарсаны дагуу 2019 онд ийнхүү Ховд аймагт зохиогдсон. Баруун бүсийн Утга, уран зохиолын II чуулганаас дараа, дараагийн үйл ажиллагааг Говь-Алтай /2020 онд/, Увс 2021 онд, Баянхонгор 2022 онд, Баян-Өлгий 2023 онд жил дараалж буухиалан зохион байгуулахаар тогтсон нь Завханы зохиолчдын байгууллагын тэргүүн, яруу найрагч  Б.Баяржавхлан нарын 2018 онд анх санаачилсан энэхүү үйл хэргийн цаашдын замналыг улам тодруулан бататгаж байгаа хэрэг. 

Энэ удаагийн чуулганд Ховдоос гадна, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Увс, Баян-Өлгий аймгийн Зохиолчдын байгууллагын удирдлага болон төлөөлөгчид, мөн Улаанбаатар, Налайх, Дархан хотуудаас яруу найрагчид, зохиолчид, судлаачид, МЗЭ-ийн эвлэлийн удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ Долгорын Цэнджав, Ховд аймгийн удирдлага, мөн утга зохиол  судлаачид, зохиолч, яруу найрагчид, соёл утга зохиолын зүтгэлтнүүд, утга зохиол сонирхогчид, Ховд их сургуулийн хэл зохиолын тэнхимийн оюутнуудаас бүрдсэн 100 гаруй хүн оролцсон.

Чуулганы хүрээнд: “Утга зохиол, оюун санааны мөнхийн өв баялаг” сэдэвт онол, амьдралын бага хурал, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Х.Эрдэнэбаатар агсаны нэрэмжит яруу найргийн наадам, чуулбар, Дууны яруу найргийн нэрт мастер Лувсангийн Дагвадорж агсаны уран бүтээлийн дурсгалд зориулан босгосон гэрэлт хөшөөний нээлт,  Ховд аймгийн Буянт суманд уншигч зохиолчдын уулзалт, зохиолч, оролцогчдын уран бүтээлийн аялал гэсэн үйл ажиллагаанууд явагдсан юм.

“Энэ удаагийн чуулганы гол учир холбогдол нь гэвэл оюуны соёлын нэгэн чухал зүйл болох утга, уран зохиолын тухай ойлголтыг орон нутгийн ард олны дунд улам дэлгэрүүлэх, нэр бүхий зохиолч, найрагчдын дурсгалыг хийгээд уран бүтээлийг нь мөнхжүүлэх, шинэ санаачлага, эрэлхийллүүдийг туршин, хэрэгжүүлэх, мөнхүү төр засаг хийгээд, нутгийн удирдлага, захиргааны байгууллагаас боловсруулж, хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдэд энэ чиглэлийн хүлээгдэж буй асуудлуудыг шигтгэн оруулж, байр зайг нь эзлүүлэхийн тулд тал, талаасаа хэрхэн хамтарч ажиллах хэрэгтэйг ярилцаж, зөвлөлдөхөд оршиж байлаа хэмээн МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбарын гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Г.Төрмөнх ярьж байсныг улбаалан, чуулганд оролцогчдын нэгдмэл саналын илэрхийлэл болсон СОНОРДУУЛГА, УРИАЛГА-ыг Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ, БСШУС-ын яам, Монголын Зохиолчдын эвлэл болон аймгуудын удирдлага, утга зоиолын нэгдлүүдэд хүргүүлж байгаа ажээ. Сонордуулга, уриалгыг уншигч олонд толилуулж байна.

“Огторгуйн далай Заяа Бандида” Намхайжамцын нэрэмжит

БАРУУН БҮСИЙН УТГА, УРАН ЗОХИОЛЫН II ЧУУЛГАНЫ

СОНОРДУУЛГА, УРИАЛГА 

                               Ховд хот                                                                                                                                                                                                          2019.09.23-24

          Чуулганы УРИАЛГА: “УТГА ЗОХИОЛ-ОЮУН САНААНЫ МӨНХИЙН ӨВ БАЯЛАГ”

            Чуулганд оролцогчид: Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Увс, Баянхонгор аймгуудын Утга зохиолын нэгдэл, зохиолчид, яруу найрагчид, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөл, Ховд Их сургууль, эрдэмтэн судлаачид, Утга, соёлын зүтгэлтэнүүд, чуулганы нийт төлөөлөгчид.

            СОНОРДУУЛАХ НЬ:

           2018 онд Завхан аймагт зохион байгуулагдсан Баруун бүсийн Зохиолчдын анхдугаар чуулганы шийдвэрийг улбаалан, 2019 оны 9 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд Ховд аймагт явагдсан “Огторгуйн далай заяа бандида” Намхайжамцын нэрэмжит “Баруун бүсийн Утга, уран зохиолын II чуулган”-ы нийт оролцогчдын нэгдмэл саналыг үндэслэж, Монгол улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай олон улсын конвенц, Монгол улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засгийн газар, Боловсрол Соёл Шинжлэх ухаан Спортын яамны үйл ажиллагааны хөтөлбөрийн агуулга, үзэл санаа, холбогдох баримт бичгүүдэд тусгагдсан “СОЁЛ”-ын талаарх заалтуудыг удирдлага болгон, тус чуулганаас дараах  СОНОРДУУЛГА, УРИАЛГА гаргасныг албан ёсоор хүргүүлж байна.

           Бид бүхний санал, сонордуулгыг хүлээн авч, тунгаан үзэж, ажил хэрэг болгохыг хичээнгүйлэн хүсье !      

Нэг. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАРГА,

ЕРӨНХИЙ САЙД, БСШУС-ЫН САЙДАД

       1. Оюуны соёлын дархлааг хамгаалах нь үндэсний аюулгүй байдлын нэн тэргүүний асуудал гэдгийг бодолцон, Хэл соёл–Утга, уран зохиолын асуудлуудыг төрийн бодлогод шингээн,                  амьдруулах талаар дорвитой алхам хийх

  1. Монгол улсынхаа түүнчлэн бусад улс, дэлхий нийтийн түүх, соёл, өнөө, ирээдүйн бодит чиг баримжааг харгалзан, утга, уран зохиолыг төрийн бодлогоор дэмжиж, соёлын бодлогын тэргүүлэх чиглэлд багтаан авч явах
  1. Үүний тулд зохиолчид болон оюуны бүтээлчид, мөнхүү соёл, боловсролын чиглэлийн мэргэжлийн байгууллагуудын хамтын оролцоонд тулгуурласан зөвлөл байгуулж, оюуны соёлын дархлааг бий болгоход чиглэгдсэн үйл хэргийг үндэсний болон орон нутгийн түвшинд албажуулан зохион байгуулах, бодлого, хөтөлбөрөөр ханган, санхүүгийн эрх, чадамжыг нь бүрдүүлэх
  1. Зохиолчид, утга соёлын зүтгэлтнүүд болон зохиолчдын албан ёсны байгууллага болох МЗЭ-ээр дамжуулан, үндэсний соён гэгээрүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, энэ салбарт тодорхой хөрөнгө санхүүгийн төсвийг батладаг байх
  1. Онол, практикийг хослуулан хөгжүүлэх, Уран зохиолын судалгаа, задлал шинжлэл, орчуулгыг шинэ түвшинд гаргах
  1. Сургуулийн өмнөх нас болон ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын хөтөлбөрийг боловсронгуй болгож, багш нарыг чадавхжуулах, тэдний заах арга зүйг үндэснийхээ язгуур бодлого, зоригдолд тулгуурлан шинэтгэх
  1. Оюуны соёл - хэл, утга зохиолтой холбоотой алив асуудлыг үзэл суртал, ялангуяа улс төрийн нам, хүчинтэй холбоотой улс төр, ашиг хонжооны явцуу бодлого, санаархалаас ангид байлгах
  1. Энэхүү чуулганаас гарсан сонордуулгыг тунгаан хэрэгжүүлж, үр дүнг нь үзэх явдлыг даруй ажил хэрэг болгохын тулд орон нутгийн төдийгүй үндэсний түвшинд, талуудын болон үе, үеийнхний оролцоог хангасан ажлын хэсэг байгуулан ажиллуулах, үр өгөөжийг нь тухай бүр нягтлан хэлэлцэж, улам сайжруулах

ХОЁР: ЗОХИОЛЧДЫН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА БОЛОХ

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН УДИРДЛАГУУДАД 

  1. МЗЭ-ийн үндэсний төвүүдийн зүгээс зохиолчдийн уран бүтээлийн чанар, чансаанд анхаарал хандуулах, уран зохиолын төрөл зүйлүүдээр үндэсний сан бий болгож, нэн ялангуяа ур чадвар өндөртэй бүтээл туурвисан боловч, илэрхийлэн гаргах боломж нь хомс байгаа, өнгөрсөн хийгээд өнөө үеийн зохиолчдын бүтээлийг нийтэд таниулах ажлыг бодлого болгон хэрэгжүүлэх
  1. МЗЭ-ийн дэргэд орчуулгын төвийг байгуулж, уран зохиолын мэргэшсэн орчуулагчдыг бодлогоор бэлтгэх, орчуулгаар хөл унаа хийж, үндэсний уран зохиол, зохиолчдын бүтээл туурвилыг олон улсад түгээн сурталчилах бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх
  1. МЗЭ-ийн дэргэд орон нутгийн болон хөдөөгийн зохиолчдын асуудал хариуцсан төвийг бий болгож, энэ талын бодлого зохицуулалтаар ханган, салбаруудын уялдаа холбоо, хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага судлах, хөгжих боломжоор хангах
  1. Утга зохиолын бүтээлүүдэд үнэлэмж тогтоох, тэрхүү үнэлэмжийг үндэслэн аливаа шагналыг олгохдоо зохиолчийн уран бүтээлийн санг цогцоор нь, эсвэл тодорхой хэсгийг нь таниулан илэрхийлж чадахуйц ном, бүтээлүүдийг нь уншин судалж, тунгаан нягтлах замаар, уг бүтээлийн чанар чансаа, ур чадвар, далайц, цар хүрээ, хожмын үр өгөөжийг бодолцож шийдвэрлэдэг байх, тохиолдлын нэг удаагийн арга хэмжээгээр, нэг хоёрхон бүтээлд үнэлгээ өгөх замаар дүгнэхээс зайлсхийх арга барилыг нэвтрүүлэ

ГУРАВ: АЙМГУУДЫН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА,

ХОЛБОГДОХ ХЭЛТЭС АГЕНТЛАГИЙН УДИРДЛАГУУДАД

      1.Үндэсний соён гэгээрүүлэх бодлогыг орон нутагт хариуцан хэрэгжүүлэх тогтолцоог (хамтын оролцоот байгууллагыг) бий болгох

  1. Орон нутаг дахь төрийн байгууллагад соёлын салбарыг хариуцаж буй мэргэжлийн боловсон хүчний мэргэжил, боловсрол, чадвар чансаанд анхаарал тавих, энэ асуудлыг авч үзэхдээ бодлогын зохицуулалтыг хангах чиг үүрэгтэйгээр байгуулахыг санал болгож буй, хамтын оролцоот бүтцийн (байгууллагын) үйл ажиллагаатай нягт уялдаатайгаар шийдэж байх.
  1. Үндсэн хууль, мөн Соёлын тухай хууль, Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай олон улсын конвенц, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн агуулга, үзэл санаа, холбогдох заалтуудыг удирдлага болгон, бүс нутаг болон аймгуудийн хэмжээнд энэхүү сонордуулга, уриалгад тусгагдсан саналуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хөтөлбөр, төслүүдийг хамтын оролцоотойгоор, зохиолчдын байгууллага болон “оюуны бүтээлчид”-ийг нэгтгэдэг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын саналд тулгуурлан боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг 2019 оноос ажил хэрэг болгох
  1. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөр дэх хэл, уран зохиолын хичээлийн цагийг нэмэгдүүлэх, ном зохиолыг түгээн дэлгэрүүлэх, уншигчдын эрэлт хэрэгцээг хангахуйц номын эргэлт, худалдан борлуулалт, захиалгыг бодлогоор дэмжих
  1. Орон нутгийн Зохиолчдын байгууллагуудыг үйл ажиллагаа явуулах ажлын байраар хангах асуудлыг дэмжиж, шийдвэрлэх
  1. Орон нутаг дахь зохиолчдын байгууллагуудын баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хэтийн чиг хандлагыг харгалзан, Утга соёлын асуудлаарх бүсийн хэмжээний бодлого боловсруулахад анхаарал хандуулж харилцан уялдаатай ажиллах,
  1. Орон нутаг дахь томоохон их, дээд сургуулиуд, үүний дотор “Ховд” их сургуулийн дэргэд орчуулгын төвийг байгуулж, уран зохиолын чиглэлийн мэргэжлийн орчуулагчдыг бэлтгэх асуудлыг үе шаттайгаар шийдэх

 “Огторгуйн далай Заяа Бандида” Намхайжамцын нэрэмжит

БАРУУН БҮСИЙН УТГА, УРАН ЗОХИОЛЫН

 II ЧУУЛГАНЫ НИЙТ ОРОЛЦОГЧИД