“Их Алтай Россия – 2019” олон улсын спортын фестивал болов

“Алтай бидний бүгдийн гэр” олон улсын хөтөлбөрийн хүрээнд хоёр жил тутамд явагддаг аялал жуулчиллын спортын наадам 2019 оны 6 сарын 07-оос 15-ны өдрүүдэд ОХУ-ын Алтайн хязгаар дахь Смоленск мужийн нутаг дэвсгэр Шекийн хавцал, Элстэйн гол (Песчайнная река), Белокуриха аялал жуулчлалын цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү спортын наадмыг анх ОХУ-ын Алтайн хязгаарын холбогдох байгууллага, хүмүүс санаачилсан бөгөөд ОХУ, Монгол улс, Хятад, Казакстан улсын баг тамирчид тогтмол оролцож ирсэн. Тэрбээр 2013 онд Монгол улсын баруун хязгаар Ховд аймгийн нутаг дахь Шижигтэйн хавцалд, 2015 онд БНХАУ-ын Шинжаан Уйгарын ӨЗО-ны Алтай аймгийн нутаг дэвсгэр Хөх тохойд, 2017 онд Дорнод Казакстаны нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан.

Энэ удаагийн фестивальд ОХУ-ын Алтайн хязгаар, Чемал муж, Алтайн Бүгд Найрамдах улсаас нийтдээ 14 баг, Монголоос 1 баг, Дорнод Казакстанаас 2 баг, БНХАУ-аас 2 баг оролцсон хийгээд оролцогч баг тамирчид маань авто, мото уралдаан, агаарын нислэгийн спорт, рафтинг буюу усан завийн спортын багийн (зургаан хүнтэй) болон ганцаарчилсан (нэг хүнтэй), мөн хосын  (хоёр хүний) төрлүүдээр богино, уртын зайн уралдаанууд, хадны авиралтын сонирхогчын болон мэргэжлийн төрөл, скайранинг буюу уулын гүйлт, хурд, авхаалж самбаа сорьсон экстрем буюу адал явдалт спортын нийлмэл төрөл (комбинирования), мөн адал явдалт нийлмэл спортын мэргэжлийн төрөл, уулын алхалт, дугуйн спорт, загасчлалын спорт, олс таталт, Алтайн хязгаарын ард түмний үндэсний спортын төрөл болох куреш бөх, бухаша тартыс буюу хүч сорих тэмцээн, бай онох тэмцээн гэсэн нийт 17 төрлөөр өрсөлдсөн. Мөн урлаг соёлын хөтөлбөрүүд ч зэрэгцэн явагдсан юм.

Алтайн хязгаарын аялал жуулчлалын хот болох Белокурихагаас 60 гаруй км, Солоныский тосгоноос 10-аад км зайд уулын хавцалд болсон энэхүү фестивалийн зохион байгуулалтын тухайд ихэд хянуур, нямбай төлөвлөж бэлтгэсэн нь бүхий л зүйл дээр мэдрэгдэж байв.

Тэмцээн уралдаанууд Смоленскийн болон Алтайн район Шекийн хавцал, Элстэйн гол болон Белокуриха 1, Белокуриха 2 аялал жуулчлалын цогцолборуудыг дамжин зохион байгуулагдсан. Үндсэн лагерээс өөр газарт болох тэмцээнүүдийн оролцогсдыг тухай бүр нь машинаар болон автобусаар зөөж, буцааж хүргэж байснаас гадна өдөр бүрийн тэмцээний зохион байгуулалт, холбогдох бүхий л асуудлыг урьд өдөр нь техникийн зөвлөгөөнөөр нарийвчилан хэлэлцэж, багуудад мэдээлэл өгч байв. Гадаад улсаас оролцсон багуудад тус бүрт нь зааварлагч томилсон, басхүү тухай бүрт нь тайлбар мэдээллээр үйлчилэх хүмүүсийг томилсон байсан нь гадаадын багуудад үлэмж дэм тустай зүйл байлаа.

Аялал жуулчлалын их наадмын нээлтийн үйл ажиллагаанд Алтайн хязгаарын Засгийн газрын орлогч дарга хийгээд Эдийн засаг, аялал жуулчлалын сайд Павел Детятов, Монгол улсын Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Борис Ларин  нар оролцож, нийт тамирчдад мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн.

Найман өдөр үргэлжилсэн энэхүү наадмын нийлбэр дүнгээр Барнаул хот дахь Алтайн улсын их сургуулийн баг тэргүүлж, мөн Алтайн хязгаарын “Улаан од” (Красная звезда) баг дэд байрыг, Дорнот Казакстаны баг гутгаар байрыг эзэлсэн Монголын оролцогчдын хувьд хадны авиралтын төрлөөр Д.Мөнх-Эрдэнэ, Куреш бөхийн нэмэх 90 кг-ын жинд Э.Уламбаяр нар мөнгөн медаль, Мөн бай онох төрлөөр Д.Мянганбаатар, Э.Уламбаяр нар хүрэл медаль хүртэж, скайранинг буюу уулын гүйлтийн төрөлд Г.Төрмөнх, Д.Мянганбаатар нар 100 гаруй гүйгчээс эхний гучид багтсан тэрчлэн рафтинг, болон экстрэм спортын нийлмэл төрөлд багаараа идэвхтэй оролцсон юм.  

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд