Ногоон тивийн гайхамшиг

  • МЗЭ-ийн гишүүн, манай сонины идэвхтэн бичигч Аварзэдийн Оюунчимэг Австрали тавээс ийм нэгэн тэмдэглэл ирүүлснийг толилуулж байна –

      Яагаад ногоон тив гэдэг  юм бэ? Аргагүй дээ хагдардаггүй ногоон моддын орон юм.Гэхдээ энэ жилийн борооны улиралд бороо бараг орсонгүй.Энэ орны 30 шахам сая хүмүүс экологи орчиндоо халгүй аж төрж байгаа нь юу л бол арван хүн тутмын тав нь хятад байх шиг, статистик 650 мянга  л гэжээ. За үндсэн сэдэв рүүгээ орьё.

    Өмнөх нийтлэлдээ дурдсандаа Дэлхийн байгаль болон соёлын өв гэж 2017 оны байдлаар 1073 обьект бий.Үүнээс  206 нь байгалийн,832 соёлын,35 нь холимог өвийг Юнеско бүртгээд байгаа юм.Өнөөдөр Юнескод 165 орон гишүүн байна. Австрали дэлхийн байгалийн маш том өвүүдтэй,тэднээс заримыг нь танилцуулья.

                                               Юнескогийн байгалийн өв  Какаду

   Австралийн Хойт Газар штатын нийслэл Дарвин хотоос 171 километр зайтай үндэсний тусгай хамгаалалттай, дэлхийн байгалийн өв Какаду оршино.Австралийн хамгийн том байгалийн өв арван ёсөн мянган километр квадрат нутагтай .Угсаатны болон археологийн байгалийн үнэт олдвор өвийн нөөцтэй.Бараг дөчөөд мянган жилийн өмнө суурьшин амьдарч байсан уугуул иргэд болох аборигенчүүдийн үлдээсэн хадны зураг, ус намгийн гайхалтай байгаль, зөвхөн Австралийн амьтан,ургамлын олон төрөл зүйлтэй. Одоо ч цөөн уугуул иргэд аборигенчүүд онгон дагшин байгальдаа амьдардаг.

                                                         Улуру Ката Тьютагийн өв

     Энэ газар Австралийн газар нутгийн  бараг төв хэсэгт оршдог бөгөөд   анх 1870 аад онд Европчууд энд хөл таьсан.Фермерийн аж ахуй эрхлэх гэсэн цагаан арьстан зэрлэг дагшин байгалаа шүтэж амьдардаг уугуул иргэд хоорондоо зохицон амьдарна гэдэг бараг л үгүй л дээ. Өнгөрсөн хоёр зууныг дамнан тэмцсэн тэмцлийн угт Ананг аборигенчүүд энэ газартаа эзэн сууж, Австралийн засгийн газарт 99 жил түрээслүүлэх болж, аялагч жуулчид ирдэг газрын нэг болсон. Энэ газрыг хоёр ч дахин байгалийн өвд бүртгэсэн ба 500 сая жилийн өмнө далай тэнгис цалгилж байсан элсэн хөрстэй цөл газар юм.

    Дэлхийн байгалийн өв Улуру-Ката Тьютагийн газар нутаг 1326 километр квадрат. Улуру улаан хадан уулын урт 3,6 км,өргөн нь 3км ,дундач өндөр 348,хамгийн өндөр цэг нь 869м ,радиус нь10км  цөлд өнгө өнгөөр туяаран оршино.Түүнээс 40 километрт Ката Тьюта бас л улаан мөлгөр толгойт уулнууд энэ бүгдийн дор нэгдмэл  цул нэг чулуун хурдац гүн рүүгээ 6км түрэн оршдог гэдгийг геологийн шинжлэх ухаан нотолчихсон юм билээ.Тиймдээ ч дэлхийн өвийн шалгуурын 8,9,10р заалтаар бүртгэсэн байна билээ. Ув улаан өнгө төмрийн исэлтэй холбоотой.

   Тээр жил 25 дугаар суваг телевизээр Алтай аялагч нөхөдтэйгээ энэ газар ирээд их таатай бус өнгөц мэдээлэл өгөөд миний хувьд ер нь тийшээ зүглэх хүсэл төрөхөөргүй болгосон санагдана.

   Улуру Кака-Тьюта д уугуул иргэд өөрсдөө аялагч жуулчдад хөтөчөө хийдэг хорин нэгдүгээр зуунд хүй нэгдлийн овог аймгаараа  устчихгүй оршин үлдсэн энэ уугуул иргэдийн сүсэг бишрэл байгалийг мэдрэх  мэдрэмж суурин соёлт хүн төрлөхтнөөс хавьгүй өөр юм. Жишээ нь тэдний бурхан Лунгхату- хөх хэлт гүрвэл,Лира- хүрэн могой,Калай-эму тэмээн хяруул энэ ууланд дүрслэгдсэн нь өөр хайгаад ч байхгүй ижилгүй гэсэн.Тэгээд ч аль ч нутаг орны уугуул омог дэлхийн төвд болж буй тектоник,гео- физик өөрчлөлтыг шууд мэдэрч байдгийг Друнвало Мелхиседик”Могой гэрэл”болон бусад номондоо олон дурдсан байдгийг уншигч авгай та юу эс андах вэ? Ацтек, инккүүд, аборигенчүүдийг сайн судлах л хэрэгтэй л дээ. Ананг аборигенчүүд нутгийн бус амьтдыг мөрөөр нь мөшгөн таньж хэрхэн тэмцэх аргыг дор нь авдаг гэнэ.Түрүүчийн тэмдэглэлдээ дурдсан даа 50 сая жилийн өмнөөс дэлхийн уугуул энэ тив Өмнөд Америк,Африк,Энэтхэг, мөсөн тивээс тусгаарлагдсан бөгөөд амьтан ургамал нь маш гайхалтай.

   Зөвхөн энэ тивд зөөвөрлөгдөн ирсэн туулай, гэрийн хулгана, шавьж зэргийн үзүүлэх хор хөнөөл хохирол их гашуун сургамж ч байгаа тиймээс хил гаалиар ирэх ачаа чингэлэг чанга шалгах нэг нөхцөл болдог.

   Улуругийн дархан цаазат газрын амьтан ургамал маш сонин өвөрмөц эндемик өөр хаана ч байхгүй.Том шар бас туулай шиг кенгуру, Динго нохой 4000 жилийн өмнөөс зэрлэгшсэн байна.Зөөвөрлөн ирсэн нэг бөхт араб тэмээ тавин мянга давсан тоо толгойтой болжээ.Ургамлын аймаг гайхалтай.Хагдардаггүй далдуу ,акация хуайснууд ,гревиллия гээд                                                             

                                                 Уилландра нуур

   Дөчин таваас жаран мянган жилийн тэртээ ногоон тивд амьдарч байсан хүний хувьсал хөгжлийн тухай гайхалтай  мэдээлэл агуулсан  мөн туунчлэн  аврага том ууттан амьтдын бие бүтэн хадгалагдсан байдлаар эл ширгэсэн нуурын элснээс олддог ер бусын  газар гэж байгаа.Үүгээрээ дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн гайхамшиг гэж үздэг гэсэн.

   Уилландр нуурын орчмын тусгай хамгаалалтттай нийт талбай нь 2400км квадрат. Бүгд  5 том, 19 жижиг нуур 2 сая жилийн өмнө ширгэсэн гэх газар болой.Энэ газраас эрэгтэй эмэгтэй хүний чулуужсан цогцос олсон нь 1968 оны шинжэх ухааны шуугиан болсон.Тэдний амьдарч байсан он цаг 40-68 мянган жилийн өмнө байсан гэсэн дүгнэлт гарч хүн төрлөхтний соёл иргэншлийн нас төдий хугацаагаар урагшилсан үйл явдал болсон ажгуу.Эму тэмээн хяруул,том шар имж , динго нохой гээд амьтны нутагшмал эндимик амьтадтай юм билээ

                                                                Маккуори арал

   Австралийн Тасманы арлаас урагш 1.5 км т Антарктид Австрали тивүүдийн дунд шахам 34км урт 5км өргөн Маккуори арал оршино.Энэтхэг австралийн хавтан Номхон далайн хавтангуудын мөргөлдөөний үр дүнд үүссэн.Газар зүйн  өвөрмөц тогтоцтой базальтын баганалаг хэсэгшилттэй өөрөөр 6 км гүнээс манти давхаргаас урсан гарсан чулуулагтай өөр хаана ч байхгүй гэж дэлхийн байгалийн өвд оруулсан байх юм .Гэтэл манай орны 11 аймгийн нутагт   ийм баганалаг хэсэгшилттэй базальтын сонирхол татах тогтоцтой газрууд байна гэж  уншсан.

   Гэхдээ энэ арал маш сонирхолтой далайн заан, олон  янзын оцон шувуутай .Хаан оцон шувуу гэж ер бусын үзэсгэлэнтэй  амьтан юм. Метр өндөр саарал нуруутай дээд мөч хөл нь хар ,цээж толгойн дагз , доод хошууны хэсэгт  тод улбар шар өнгөтэй, өехий хэвлий цагаан . Дэлхийн хэд хэдэн арал дээр байдаг ба 18 р зууны үеээс агнасаар бараг устах шахаж олон улс хамгаалах арга хэмжээ авсаар  одоо тоо толгой нь нэг сая хос байгаа гэж үздэг .Папауа оцон шувууны биеийн өндөр 75-90 см, 7.5-9 кг жинтэй 200 метрийн гүнд шумбана. Биеийн ар нуруу хар, хар саарал,хошуу улбар улаан үзүүр нь хар,урд мөч шаргал,Антарктидын ойролцоох арлууд дээр 320 мянган хос байгаа гэж тооцоолдог.

   Зөвхөн Маккуоригийн оцон шувуу  шаргал хөхөлтэй 70см өндөр 6кг жинтэй. Энэ арал дээр өндөглөдөг.Ихэвчлэн далай тэнгист ихэнх цагаа өнгөрөөж  идэш тэжээл жижиг загас, жижиг амьтан “криль”-ээр хооллоно. Антарктидын оцон шувууд эрэгчин нь өндгөө дардаг бол  энэ оцон шувууны эмэгчин нь 35 хоног өндгөө дардаг.Бас нэг “Нүдний шилт” гэдэг улаан номонд орсон оцон шувуу байна.Хар нуруу цагаан цээж хэвлийтэй 65-70 см өндөр 3.8кг жинтэй.Хэнхдэг дээгүүр нарийн зураас татсаар хөл хүрсэн онцлогтой.Махчин загас, салхич шувуу, далайн муур гээд мундахгүй араатан идшээ болгодог тул гавшгай гайхалтай сэлдэг.10-12 жил амьдарна.

Далайн заан Мироунга энэ арал дээр хэвтэж нарлана, нэг ёсны тэдний амралтын газар.Эрэгчин 6.5 метр урт биетэй 4тонн жинтэй эмэгчин 3.5 метр.Урт хоншоортой үржлийн үед хөөж томорч зодолдох зэвсэг сүр хүч нь болдог.Махчин загас,халимны ангуучдаас далайн усанд гүн шумбаж зайлдаг.Загас ,толгой хөлтнөөр хооллоно.Австралийн аборигенчүүд Мироунга гэдэг нэрээр нэрлэсэн.  Арлын эргэн тойронд далайд хүрэн замаг ургадаг.Энэ дээрхи амьтдын тухай 20 - р зуунд л хүн төрлөхтөн тодорхой мэдэж эхэлсэн. Хүүхдийн нэг сайхан кино байдаг даа янз бүрийн оцон шувуу далайн заан нэгэндээ туслаж гардаг даа.

   Какарик нэртэй нисдэггүй  дэгддэг хөөрхөн тоть1832 онд шинжлэх ухаанд бүртгэгдээд  1880онд устсан. Манай хойт хөршийн экспедиц (Ф.Ф. Беллингаузены)  1820 онд арал дээр очоод нохой туулай муураа үлдээгээд явсан ба тэд нь зэрлэгшээд тоть барьж идэж энэ арлыг түйвээж өгсөн гашуун сургамжтай юм билээ.Хамгийн сүүлчийн муураа 2002 онд устгаж дууссан бөгөөд туулайтай их мөнгө зарж тэмцсээр л байгаа юм гэсэн.Шинэ газар амьтан ургамал зөөвөрлөгдөн, ямар ч дайсан махчингүй, идэш тэжээлийн суваргын гишүүн бус амьтан хэтэрхий их өсөж, байгаль орчинд маш халтай гэдгийн жишээ энэ байна даа.

                                                              Херд ба Макдональд арал

    Австралийн далайн чанад дахь Херьд Макдональд арлууд Перт хотоос 4099 км тэртээд оршдог. Антарктид тивээс   1630 км зайд оршино. Англи улсын 1492 оноос2007 он хүртэл 250 иад  газар нутаг арал тив улсаар нь эзлэж, колончлож  ,усан далайгаар байлдан дагуулж  Их Британи гэх  их гүрнийг байгуулсан. Хэд хэдэн тив улсуудыг эрхэндээ эрхшээж байсан Их Британи улс 20 р зуунд нэг хаант хараат колони улсуудаа биеээ даасан эрх зүйт орон болгосон ч батлан хамгаалах,гадаад бодлого нэг “холбоотон”улсыг бүрдүүлсэн гэж ойлгож байна.

    Херд ,Макдональд тэдгээрийн нэг шинээр нээсэн, эзэмшсэн арлууд юм .Саяхан энэ хоёр арлыг 1947 онд Австралийн эзэмшилд өгсөн.. Цас мөсөн хучлагатай Херд арлын хамгийн өндөрлөгт хоёр том галт уул саяхан сэрсэн талбай нь нэмэгдсээр  байгаа гэсэн АНУ  НАСА гийн хиймэл дагуулын мэдээтэй  Австраличууд сууж байна даа. Юу гэх юм эзэмшил газар нь”ургаад” талбай нь нэмэгдээд л энэ нь дэлхийн гүн рүү харж геологийн бүтэц ,мөстлөгийн процесс судлах боломж олгодог гэсэн  үг. Херд Макдональд арлын экосистем манай гаригийн хамгийн унаган төрхөөр байгаа арлууд юм. Дэлхийн байгалын өвд орох болсон учир   ч энэ.

   Антарктид орчмын бүслүүрт ордог өвлийн уур амьсгалтай их чийглэг,хагдны71 ,хөвдны 43 ,замагны 100 гаруй зүйлтэй,тэнгисын шувуу,оцон шувуу,далайн заан , далайн муур,далайн бар,далайн гахай ер далайгаар овоглогч бүхний амьдрах, дайран өнгөрөх 65 мянган километр квадрат талбай бүхий тэнгисын дархан цаазат газар.Онгон дагшин газарт зөвхөн судлаач, туйл судлагч 50 иад хүн ажилладаг суурин судалгааны төвтэй ба энэ нь манай дэлхийн хамгийн урд суурин гэнэ. 

                                                                     Хөх уулс

   Хагдардаггүй моддын орон Хөх уулс далдуу модныхоо түүхэн хөгжлийг үзүүлснээрээ дэлхийн өвд орж урт өндөр ханан хавцал энэ модны эфирын тос нарны гэрэлд ууршин суунаглан цэнхэртэн харагддаг тул Хөх уулс гэж алдаршсан газар.Нийтдээ 8 тусгай хамгаалалттай газартай.Далайн түвшинээс 1190-1360 метрт оршино. Субтропик халуун бүслүүрт оршдог тул жилд 1000-1800мм хур тунадас унадаг.Дорнод эргийн бороот ой шиг.Хавцалуудын өндөр нь 300-800метр ,хүрхрээ,агуйтай. Бас арваад метр өндөр модон ойм зураачийн бийрт дүрслэгдэж баймаар ургамлын гоо сайхан үзэсгэлэнтэй цогцолно.Аялалын замд нутгийн уугуул аборигечүүдын дуу хөгжим бүжиг үзэх боломжтой ба бөмбөрийн, бүжгийн ,бумерангийн хэмнэлд сэтгэл хөдлөхгүй аялагч алга байлаа

   Хөх ууланд ойрхон уурхайчдын хотхон Катумба оршдог.Уулын налуу 50.7 градусс, 450 метр урт төмөр замаар нүүрс зөөдөг байсан одоо жуулчдыг зөөдөг  мөн хүрхрээ, агуй үзэх цогцолборт үйлчилгээний газартай.Жилдээ 3 сая жуулчин авдаг гэж байгаа.  

   Энд бүүр динозаврын үед идэж байсан шилмүүст мод  ургамал одоо энэ тивд л 160 ширхэгт тоологдохоор үлдсэн байна шүү дээ.Гайхалтай гэдэг үг багадмаараа. 90 гаруй зүйлийн хагдардаггүй далдуу мод энэ ууланд ургана.Энэ модны өндөр100-110 тойрог нь 10 метр зарим судлаач 155метр өндөр,25метр тойрогтой тэмдэглэсэн байна.

   Тусгай замаар энэ онгон дагшин ойгоор алхахад жилд 5 метр ургадаг мод,үндэстэйгээ тэнгэр өөд асах нь аврага мод үзэж тэртээ хэдэн галавын өмнөх эрин цагт очсон мэт сэтгэдэл төрж явлаа.

                                                 Бөхтөр халим

   Манай цэнхэр гаригийн далайн хамгийн том хөхтөн халим.Уушгаар амьсгалдаг усны аврага амьтан.Олон янзын халим байдаг бөгөөд 3-6 м биеийн урттайгаас 33 метрхүрдэг биеийн жин нь3.5-150тонн хүрдэг. Нийтдээ 38 овгийн 80 шахам зүйл буй гэнээ.Бүх далайд халим оршдог ч хэдэн мянган километр нүүдэллэнэ.нэг жилд 20 мянган км 40 настай халим гэвэл дэлхийгээс сар хүрээд буцаад ирэх дайны зам туулдаг ажээ.

    Бөхтөр халимны биеийн урт нь 14-18 метр жин нь дундчаар 30 тонн.Тасманы тэнгисийн усанд 6-9 сард зулзагатайгаа байдаг .Урт гарт хар халимын ойрын төрөл нь усны үхэр, барагцаагаар 54 сая жилийн тэртээгээс  газраар хөлхөлдөж ,5 сая жилийн өмнөөс л усанд амьдрах болсон гэж байгаа. Аврага  амьтан харах завшаан олдож зураг ч авч  амжив. 

   Энэ тивд хэдэн сар боллоо .Янз бүрийн хэлтэй ,арьс өнгөтэй,соёл, шашинтай ертөнцийн олон  хүмүүс аж төрж байгааг харж явна. Уугуул иргэд болох аборигенчүүдын амьдрал ,хар тамхи таталт, ижил хүйстэн,нохой хөтөлсөн ганц бие хүмүүс гээд хүмүүний амьдралын бүх талыг харж байна.

    Бидний хэдэн цөөн монголчуудын үр хүүхдүүд минь энэ орны барилгын бүтээн босголтын хамгийн хүнд хамгийн хариуцлагатай төмөр хийц зангидан уях цутгах ,шинэ барилгын болон  айл цэвэрлэгээ зэрэг ажлыг ихэнх нь хийдэг юм байна.Хийх хийхдээ хамгийн чадварлаг хамгийн чанартай гүйцэтгэдэг ёстой бахархам сайхан залуучууд .Эх орондоо энэ их хүч чадлаа өргөх өдөр хурдан ирээсэй .Хариуцсан босс нь ийм үнэтэй цэнэтэй түүнд мөнгө их олж өгдөг хүмүүсээ хайрлаж байгаасай гэж ерөөж монгол ээжийн сэтгэлийн цагаан сүү өргөж тэмдэглэлээ өндөрлөе.

Аварзэдийн Оюунчимэг

    /МЗЭ-ийн гишүүн/  

 

 

 

                                                                                                                    

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлүүд