"Мөнххайрханы альпинад"-ын сонин

Аян замын тэмдэглэл

Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын цахим болон нүүр номонд зориулсан хувилбар

НЭГ.МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН,ОУХМ,МОНГОЛ УЛСЫН АНХНЫ SEVEN SUMMITTEER Б.ГАНГААМААГИЙН НЭРЭМЖИТ АЛЬПИНАД 2017

ХОВДЧУУД ХОЁР АЛЬПИНАД ДАРААЛАН ХҮЛЭЭН АВЛАА

Монголын Уулчдын Үндэсний Холбооны календарчилсан төлөвлөгөөний дагуу Мөнххайрхан /д.т.д 4204м/ ууланд 2017 оны VI.30-наас VII.03-ны хооронд Альпинад 2017 амжилттай зохиогдлоо.Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөлийн шийдвэрээр энэ удаагийн Альпинадыг Монгол улсын гавьяат тамирчин,ОУХМ,Монгол улсын анхны SEVEN SUMMITTEER Б.Гангаамаагийн нэрэмжит болгон зохион байгуулсан юм.Уулын спортын төдийгүй Монгол улсын түүхэнд тэмдэглэгдэх агуу амжилт,уулчин хоёрыг ийнхүү алдаршуулах нь зүйн хэрэг билээ.Ховд аймгийн ЗДТГ,ИТХ-д Монголын уулчид онцгойлон талархалтай хандаж байна.Учир нь Ховдчууд 2015 ба 2017онуудад Альпинадыг дараалан хүлээн авч зохион байгуулж буй нь энэ цаг үе дор сэтгэл,зүтгэл гаргасан үйл хэрэг мөнөөсөө мөн ажгуу.Ховд аймгийн Засаг дарга,Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог өөрийн биеэр хүрэлцэн ирж нээлтэд оролцлоо.Тэрбээр хүрэлцэн ирсэн бүх баг, тамирчидтай нэг бүрчлэн гар барин мэндчилж амжилт хүссэн.Манай улсын үе үеийн уулчид энэхүү шийдвэрийг баяртай хүлээн авсан бөгөөд дор бүрнээ сэтгэл догдлон чадах чинээгээр бэлтгэлээ базаасан нь илт байв.Альпинад 2017-д нийт 10 багийн 89 уулчид,тамирчид бүртгүүлж оролцлоо. “Сутайн бор” клуб нийт 20,үүнээс 18 тамирчин бүхий өргөн бүрэлдэхүүнтэй оролцов.Аймаг орон нутгаас зохион байгуулалтын тал дээр ихээхэн хүч тавьж,анхаарал хандуулжээ. Зохион байгуулах хэсэгт зөвхөн аймаг орон нутгаас 40 гаруй албан хаагч,МУҮХ-ноос 15 ажилтан оролцлоо.Аймгийн БТСГ, аймаг,сумын эмнэлэг,онцгой байдал,байгаль хамгаалах албад,бүртгэл,бичиг хэрэг гэх мэт бүхий л албадын ажилтнууд сэтгэл гарган тусалж дэмжин зүтгэсэн. Нийт 18 ахмад уулчид Альпинадад хүндэтгэл үзүүлэхээр хол ойроос хүрэлцэн ирсэн байлаа.Альпинадын нээлт сайхан болсон.Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт туйлч Н.Сэнгэдорж гуай “Алтайн магтаал” хайлж, талархал ,шагнал урамшуулал үргэлжлэв.Энэ үеэр МУҮХ-ны дэд ерөнхийлөгч,хатагтай Б.Золжаргалыг Ховд аймгийг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлж Ховд аймгийн засаг даргын нэрэмжит “Ховдын төлөө медаль”-иар шагнасан юм.

УУЛАНД ҮРГЭЛЖ НАРТАЙ БАЙДАГГҮЙ !

Альпинадын нээлтийн үеэр цаг агаар тогтуун,тэнгэр цэлмэг байсан бол маргааш нь авиралтууд эхлэх өглөө байдал эсрэгээрээ өөрчлөгдөв.Кэмп дээр бороо зүсэрч,хайрханы орой битүү манантай байлаа.Чөлөөт авиралтад 58,техникийн авиралтад нийт 15 уулчин авиралтаа өглөөний 4 цагаас эхлүүллээ.Ахмад уулчдын төлөөлөл Барилгачин оргилыг зорин мөн хэсэг хугацааны дараа цувааны араас хөдөлсөн.
Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын клубээс энэ удаагийн техникийн авиралтад хамгийн олон буюу 2 баг,8 уулчин оролцлоо.Техникийн авиралтад оролцогчдын талаас илүүг тус клуб бүрдүүлсэн гэсэн үг.Эрдэнэтийн Уулын холбооноос 1 баг,4 уулчин оролцлоо.Бид энэ удаад шинэ залуу тамирчидаа түлхүү сойсон бөгөөд Тонхилд хийсэн сургалт,бэлтгэлийн үр дүнг бодит нөхцөл дээр тэр тусмаа цаг агаарын хүнд нөхцөлд шалгасан. Тэд сорилтыг тун сайн давсан гэдгийг урьдчилан дуулгахад таатай байна.Сутайн бор клубээс техникийн авиралтад дараахь тамирчид оролцов. Үүнд:
1.Х.НямдооУулын спортын мастер,багийн ахлагч
2.Х.Батсайхан Уулын спортын I зэрэгтэй
3.Б.Одмандах уулын спортын I зэрэгтэй
4.Б.Пүрэвжав
5.Т.Раднаабазар
6.Ж.Сэдэд
7.Б.Ариунбаяр
8.Д.Хандсүрэн нар амжилттай оролцож оргилд гарсан.
Техникийн авиралтын гол онцлог бол хайрханы мөсний зах хүрч кэмп байгуулж хоноглох,уулын багаж хэрэгсэлийг иж бүрэн ашиглах,хамгаалалт хийх, эрсдэл тооцоход суралцах зэргээс гадна зэрэг цол ахиулах оноо цуглуулах явдал байлаа.Тэд үндсэн кэмпээс 6-7 км зайтай газар байрлаж хоноглосон.Бороо,салхи ихтэй,гол үерлэсэн, уулаараа хүчтэй цасан шамарга тавьсаар хоножээ.ОУХМ н.Бат-Эрдэнэ/Эрдэнэт Уулын Холбоо/ техникийн авиралтын баг тамирчдыг ахалсан бөгөөд тэд бүтэн багаар/15 уулчин/ Сүхбаатар оргилд 2017.VII.02-ны өдөр амжилттай хөл тавьлаа.Цасан шуурга намжихгүй байсан тул өгсөх замынхаа 2 талаар цас овоолж босгон тэмдэг тавьжээ.Үүнд цаг,хүч нилээдгүй зарцуулсан хэдий ч буух замд тус болсон нь гарцаагүй.Манай залуучууд туршлагатай ОУХМ.н.Бат-Эрдэнэтэй нэг олсонд явах завшаан тохиож их зүйл сурлаа.Техникийн авиралтын үеийн зарим нэгэн нэгэн содон мэдээ гэвэл “Сутайн бор”клубын уулчин Х.Батсайхан,Т.Заднаабазар нар VII.01-ны орой 21 цагийн үед хайрханы мөсний захад байрлах техникийн авиралтынхны кэмпээс үндсэн кэмп рүү явган ирцгээж нэмэлт хүнс,хувцас базаан буцацгаасан явдал юм.Энэ нь тухайн өдрийн хүнд замын дараа бас үертэй гол нааш цааш гатлах гэж хол зай туулах болсон,маргааш өглөө нь эртлэн босч оргил руу авиралт хийх байсан зэргийг тооцвол “хүндхэн” сорилт байсан нь мэдээж!.Тэд энэ өдөр ирэх буцах нийт 23-25 км замыг ачаа үүрэн туулсан.Нөгөө талаар тэдний “хүч”-ний бэлтгэл тун сайн байсныг давхар илтгэх мэт.Түүнчлэн Сутайн бор клубын залуу тамирчин Ж.Сэдэд техникийн авиралтын замд гарсан эхний өдөрөө морины тах олжээ.Уяач удамтай аавын хүүд бэлэгшээлтэй байлгүй яахав!. Товчоор дүгнэвэл,техникийн авиралт энэ удаагийн Альпинадын оргил үйл явдал байлаа.

Чөлөөт авиралтад нийт 58 тамирчин гараанаас гарсан.Тэднийг Монгол улсын гавьяат тамирчин,ОУХМ Т.Гүррагчаа ахалж оролцсон.Барилгачин оргил руу хайрханы өмнө зүгээс хад асга голлосон зам туулж хүрэх улмаар Сүхбаатар оргил хүрэх зам туулах ёстой байв.Цаг агаар д.т.д 3000м-ээс эхлэн огцом муудсан.Улмаар д.т.д 3950 орчимд хүрээд авиралтыг зогсоон буцах шийдвэрийг багийн ахлагч өгсөн юм.Үүнд нөлөөлсөн голлох шалтгаануудыг тоймловол:
1.Чөлөөт авиралтад оролцогчдын биеийн хүчний бэлтгэл хэт зөрүүтэй байв.Жишээ нь,авиралт эхэлснээс 1 цаг хүрэхгүй хугацаанд эхний оролцогч замаас гарч буцаж эхэлсэн.Алхалтын хэмнэл маш доогуур эхлэх үед шүү!.Улмаар хоцорч эхлэгсдийн тоо цааших 50-100м тутамд олноор нэмэгдэж эхэлсэн.
2.Дийлэнх оролцогчдын хувьд багаж хэрэгсэл,дулаан хувцас зэрэг хувийн бэлтгэл хангалт тааруухан байдаг нь илт байлаа.
3.Цөөнгүй оролцогчдын сэтгэл зүйн бэлтгэл хангалтгүй байв. Нартай дулаахан, цаг агаар тааламжтай үед ихэд дассан байдаг бололтой!.Авиралтын тактикийн талаар хэлэлцэх нөхцөл бүрдэхгүй байв.
Үр дүн нь д.т.д 3950м,Барилгачин оргил хүртэл 100 орчим метрийн зайд авиралтыг зогсооход хүрсэн.Авиралт өглөө үүрийн 05 цагаас өдрийн 12 цагийн орчим хүртэл үргэлжилсэн. Зарим баг,тамирчид авиралтыг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан хэдий ч Ахлагч өөрийн шийдвэрт итгэлтэй байлаа. Хамгийн наад зах нь Барилгачин цаашлаад Сүхбаатар оргил хүрлээ гэж үзэхэд буцах замын ая даах чадавхи ямар вэ? гэдгийг тооцсон хэрэг.Өгсөх зам,хад асга нойтон байсан бол буцахад мөстсөн байх болно.Аюул осолгүй буух боломж хэр үлдсэн билээ? гэх мэтийг нарийн тооцсон биз. “Сутайн бор” клубынхны хувьд буцах шийдвэрийг биелүүлэхэд мэдээж харамсалтай байлаа.Бэлтгэл сайн хангагдсан байсан юм.Үүнийг мэдсэн мэт манай багийнхныг цувааны “цоожлогч”багаар гараанд гарахын өмнө томилсон байв.Хоцорсон,буцсан хүмүүсийн тухай мэдээг Ахлагчид танилцуулах,хоцорч яваа хэн нэгнийг хүлээх,хүрч очин бага ч болов тус дэм болох,саналыг нь сонсох зэрэг үндсэн ажил хийсэн.Бусдыгаа хүндлэх нь зүй ёсны хэрэг билээ.
“Сутайн бор” клубээс Чөлөөт авиралтад дараах тамирчид оролцов. Үүнд:
1.А.Батсүх
2.Б.Баяндорж
3.Г.Чимэд-ОчирУулын спортын мастер,багийн ахлагч
4.Ц.Батбаяр
5.Д.Болормаа
6.О.Баттөр
7.Э.Ариунаа
8.П.Дашдулам
9.Х.Саранхөхөө
10.Л.Шинэбаяр нар оролцов.

Техникийн авиралт амжилттай болсон баярт мэдээг сонсоод А.Батсүх,Г.Чимэд-Очир,О.Батбаяр,П.Дашдулам,Л.Шинэбаяр,Н.Ганболд нар багийнхныгаа угтахаар үндсэн кэмпээс хөдөлсөн юм. Үерлэсэн голын усыг техникийн авиралтын баг хаагуур гатлах талаар тандалт хийж тэдэнд мэдээлэх зорилготой байв.Гатлах боломжтой газрын байршлыг бид олсон бөгөөд улмаар гол гаталж дөхсөөр тэдэнтэй мөсний захад байрлах кэмп дээр нь хоёр талаас зэрэг уулзалдлаа!. Бөөн баяр боллоо.Бүгдэд нь халуун баяр хүргэж билээ.Тэдний маань хувьд тэвчээр,зориг гаргаж хонон өнжин зүтгэсэний болон хүч, техникийн бэтгэл муугүй байсны үр дүн ийнхүү гарлаа.Цувааг үндсэн кэмп дээр 17 цагийн орчимд баяр ёслолын байдалтай угтаж,уулчид рапорт өгсөн билээ. Дараа нь уламжлалын дагуу хаалтын ёслол Альпинадын бүх оролцогчдыг хүлээж байлаа.
Хаалтын ёслол сайхан болж өндөрлөв.Ховд аймгийн засаг захиргааны байгууллагууд Альпинадын хөтөлбөрт тусгагдсан бүхий л арга хэмжээг нарийн бодож төлөвлөсөн нь илт байлаа.Уулын спортын мастер,аймгийн начин Ч.Сүхбаатараар ахлуулсан аймгийн БТСГ-ын баг хамт олон ачааны хүндийг түүртэлгүй үүрч гарсан юм. Хаалтын ёслолын үеэр Ч.Сүхбаатарт Монголын Үндэсний Олимпийн Хорооны Алтан медаль гардууллаа.Эзнээ олсон шагнал!. Мөн МУҮХ-ны Өндөр уулын авиралтын хорооны ажилтан Н.Батсайханыг Ховд аймгийг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлж Ховд аймгийн засаг даргын нэрэмжит “Ховдын төлөө медаль”-иар шагнасан юм. Альпинадын үеэр Хөдөлмөр нийгэмлэгээс санаачлан ахмад уулчин Ичинноровын хөдөлмөр алдарыг тэмдэглэлээ.Дараа дараагийн Альпинадыг зохион байгуулахад олон шинэ санаа төрүүлсэн Альпинад 2017 ийнхүү амжилттай болж өндөрлөлөө.Саахалт хүний санаа нэг гэдэг.Монгол улсын гавьяат тамирчин,ОУХМ Т.Гүррагчаа гуайгаар ахлуулсан Ховд аймгийн уулчид биднийг засмал зам хүртэл үдэн аян замдаа сайн явахыг ерөөн үлдэж билээ.Оролцсон нийт баг,тамирчдад сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!.

Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор”клубын Удирдах Зөвлөлийн гишүүн А.Батсүх PhD

Улаанбаатар
2017.VII.08