Мөнххайрхан (Таван хурмаст) -ын 2017 оны “альпинад”-ын тухай тэмдэглэл

Нэг: “Таван хурмаст”-ын ааш, аяг

Энэ удаагийн альпинадын /цугларалт/ авиралтын замыг A, В, С хэмээн гурав ангилж, аль  оргил замаар авирахаас шалтгаалан баг болгоны биедээ авч явах багаж хэрэгслийн тоо  /шруп, жумар, олс, карбин, буугч гэх мэт/ зэргийг удирдамжид нарийн зааж өгчээ. Уулын спортын зэрэг, цол горилох тамирчид C замаар авирах ба /градус ихтэй/ налуу багатай мөсөн дээр шруп зоож олс тавин, олсоор дамжих гэх мэт техник шаардсан авиралт хийж, оноо цуглуулах болзол тавьсан байв. Энэ нь Долоон нуураас дээш гол өгсөж очоод, Сүхбаатар /ноён оргил/ -ын шууд доороос авирах зам юм. Харин В замаар авирах уулчдын хувьд үндсэн бааз лагерын (хээрийн үндсэн буудал)  хажууханд байх Долоон нуурын голыг гаталмагц баруун хойд талд сүмбэрлэх уулс өөд огцом өгссөөр, Барилгачин оргил дээр гарч, улмаар тэр оргилоос дамжин, Сүхбаатар буюу ноён оргил руу зүтгэх чиглэлтэй. А замаар авирагчдын хувьд яг энэ замаар авираад Барилгачин  оргил дээр гармагц буцаж буух учиртай. Альпинад зохион байгуулагчид болон оролцогчид санал нэгдэснээр энэ замыг (A зам) энэхүү альпинадад оролцож буй хамгийн ахмад, эмэгтэй уулчин, ОУХМ Т.Ичинноров гуайн нэрэмжит зам болгохороор шийдвэрлэсэн юм. Альпинадыг бүхэлд нь Монголын анхны “Seven sammiter” (дэлхийн долоон тивийн ноён оргилд хөл тавьсан уулчин) МУГТ, ОУХМ Б.Гангаамаагийн нэрэмжит болгон зохион байгуулсан ч Б.Гангаамаа өөрөө хүрэлцэн ирж амжаагүй билээ.

Дашрамд үгүүлэхэд Мөнххайрхан уулын эдгээр оргилуудын нэрсийг Монгол оронд уулын спорт хөгжүүлж эхэлснээс хойш, тодруулбал “социализмын үе”-д шинээр оноож өгсөн болох нь тодорхой мэдэгддэг. Тэгвэл түүнээс өмнө тухайлсан нэр байсан уу? гэдэг талаар нийтээр мэдэхгүй байгаа ч, ямар нэг нэр байгаагүй гэж батлах боломж үгүй. Хайрханы нэрийг л гэхэд бид Мөнххайрхан хэмээн хэлж заншсан боловч энэ маань бас л “социализмын үе” ч юм уу, түүнээс өмнө, тэгэхдээ харьцангуй хожуу үеийн шинэ нэршил нь бололтой. Харин урьдын үед нэрийддэг байсан язгуур нэршил нь “Таван хурмаст” болохыг нутгийн өвгөд өтгөсүүдийн болгоосноор судлаачид олж тогтоосон байдаг.

Уулчид шөнийн 2 цагт босож, 3 цагт замдаа гарах ёстой байв. Дурьдсан цагтаа бүгд босоцгоосон авч зохион байгуулагчдын зааврын дагуу баг багаараа жигдэрч, гарахад бэлэн болтол зарим нэг баг нэлээд удсанаас болж 4 цагт хөдөлцгөөсөн юм. С замаар ердөө 4 багийн 15 уулчин авирахаар гарсан бол цугларалтанд ирсэн багуудын ихэнх нь В замыг сонгож авирсан ба 10 гаруй багийн 60-аад уулчин энэ замаар авирахаар хөдлөв. Энэ удаагийн альпинад авиралтанд олон жилийн туршлагатай мэргэжлийн клубууд болох “Улаанбаатар хакинг”, “Хайрхан аялагч”, “Сутайн бор”, “Хөдөлмөр нийгэмлэг”, “Хангарьд”, “Эрдэнэт”, “Хан Алтайн бүргэдүүд”,  “Цасны барсууд” –аас гадна Уулчдын үндэсний холбооны дэргэдэх “Дөрвийг үржих дөрөв” клуб, Ховд аймгийн “Цаст Алтайн хүчит шонхорууд” холбоо зэрэг шинээр үүсгэсэн холбоо, клубууд мөн оролцсон юм. Ихэнх уулчид В замыг сонгосон нь бас тодорхой шалтгаан байсан байх. Зөвхөн бидний (манай багийн) хувьд л гэхэд багийхаа 2-3 уулчинд зэрэг горилох болзол хангуулах үүднээс С замаар зааврын дагуу авиралт хийх сонирхолтой байсан ч удирдамжинд заагдсан багаж хэрэгсэл бүрдээгүй учир тийм боломжийг олж чадаагүй, мөн зарим нэг хүмүүс буруу ойлголт авсаны улмаас төөрөлдүүлэн, будилуулсан зэрэг дотоод шалтгаан ч бий гэдгийг энд дурьдах нь илүүц биз. “Үнэгэн харанхуй”-н заагаар ийн олон баг бааз лагераас хөдөлмөгц, нэг бүрчлэн духны гэрлээ асаасан уулчдын цуваа уул өөд хэжиж, мурилзан өгсөж буй нь нэн сүртэй, зүйрлэвээс тэнгэрийн луу гэгч л ийм амьтан байдаг биз” хэмээн бодогдож байсан тухай ард үлдсэн МУГЖ Сэнгэдорж гуай биднийг буцаж ирсэний дараа ярьсан юм. Сэнгэдорж гуай улсын чанартай энэ том арга хэмжээнд Алтай, Хайрхадыг аргадаж тууль хайлахаар ирээд байсан билээ.

Үүр шөнөөр намуун тогтуун байсан тэнгэр уулчдыг Барилгачин оргилд хүрэх замынхаа тэн хагасад дөхөж байхын хэрд хуйсагнан ширвэж, бороо шавшин, салхи үе, үе ширүүсэж эхэлснээ, төдөлгүй завсар чөлөөгүй бороон шуургаар нүдэж эхлэв. Явдалдаа булуу нь халж, хөлөрсөн уулчидад энэ хэр, нэг их анзаарагдамгүй бөгөөд том том үхэр хаднууд дундуур харайж, зүтгэлэн урагшилсаар байлаа. Тэрбээр бартаа ихтэй хад чулуу бүхий эгцэрхэг ар өөд барагтай километр хэрийн урт цуваа үүсгэн зүтгэцгээж байв. В замын авиралтыг удирдан хянах үүрэг хүлээсэн МУГТ, ОУХМ Гүррагчаа багш маань цувааны эхэнд толгойлж, цувааны сүүлчийг эмхлэн цоожлох үүргийг Спортын мастер, Монголын уулын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч А.Батсүхийн толгойлсон Сутайн бор клубын багийхан хүлээсэн байв.

Гүррагчаа гавъяат толгойд яваа багуудын хамт хааяа, хааяа зогсознон, сүүлчийн хэсгийг хүлээнэ. Бороон шуурга яг эгц өмнөөс шуургалан, зарим үед амьсгаа авах чөлөөгүй шахам хийгээд, урагш зүтгэхэд сүрхий хүч шавхаж байв. Ингэсээр нэлээн явтал уулчдын хувцас норж, даарч эхэлсэн тул овоо нөмөр бүхий том, том хадтай хэсэгт хүрээд түр саатаж, бүгд хувцсаа зузаалж, борооны цуваа өмсөцгөөхийг хэдэнтээ сануулав. Ихэнх нь цуваа өмсөж амжсан боловч, цув авч гаралгүй, цалгардсан  уулчид нэг бус ажээ. Тэдний хувьд, ялангуяа эмэгтэйчүүд нь цаашаа явах тусам хамаг хувцас нь нэвтрэн, хэсэгхэн зогсох төдийд бөмбөлзөтөл чичрэх нь санаа зовоож эхлэв. Уулын өндөрт ахих тусам салхины хүч ширүүсэж, нөгөө бороон шуурга маань цасан шуургаар солигдов. Урагшаа хүчлэн зүтгэвч шуурганд цохигдон, зогсосхийж, дахин хүчлэн урагшлах хэрэг гарна.  Манан улам өтгөрөөд, тэнгэр нэлэнхүй битүү, бас цасан шуурга өчүүхэн ч намдаж, тайтгарах шинж үгүй бололтой. Гэвч “зууралдан” зүтгэлж, урагш ахисаар мөсний захад ирж, мөсөн дээр бараг гарчээ. Одоо цаашаа зүтгэхэд бараг боломжгүй шахам болж ирсэн учир нэлээн томоохон талбайтай хадын нөмөр таармагц зогсон, сүүлчийн хүмүүсээ хүлээв. Бүгд гүйцэн ирж, бөөгнөрсний эцэст хэрхэх тухай хэлэлцсэн ба, цув авч гараагүй, бороо цаснаас халхлах халх, нөмрөггүй нөхдийн маань хувьд цаашаа зүтгэх ямар ч боломжгүй гэдэг нь хараажаар ил байв. Эмэгтэйчүүдийн хувьд дахин цаашаа ахихын аргагүй болсон гэдэг дээр дуу нэгдсэнээс гадна тэнгэр нэгэнт онгойхгүй нь тодорхой, зүтгэсээр “Барилгачин”-г дамжиж Сүхбаатар оргил хүрээд эргэлээ гэхэд шөнө дөл хүргэж, хээрийн буудалдаа буцаж очих нь тодорхой, өдөржин орсон бороо цасны ус газарт шингэлгүйгээр мөстөж, барьцалдан хөлдөх нь мэдээж, буцах замдаа ядарч цуцсан хүмүүс, харанхуйд тийн хальтаргаатай хав чулуу эзэлсэн эвгүй замаар эндэж осолдох магадлал нэн өндөр хийгээд борооны цувгүй хувцас нь нэвтэрсэн хүмүүс цаашаа явах тусам бээрч, осгох аюулд өртөх нь ч илэрхий байснаас нийтээрээ буцах шийдвэрт хүрчээ. Ийнхүү хүч шавхан мөсний захад гарч иртэл уулчид маань магад 5 цаг гаруйтай авирсан байв. Өглөөний 4 цагт хөдөлсөн бид төдий хэмжээнд ирээд цаг харахад 9 цаг өнгөрөөд, 10 дөхөж байлаа. Манан дунд ганц хоёроороо, эсвэл хэд гурваараа бусдаасаа холдож, төөрөхөөс болгоомжилон, бүгд бие биенээсээ таван алхамаас илүү холдохгүй явахыг сануулсан ёсоор уулчид бөөндөө, мөнөөх цас мөс, хад чулуун дундуур туучин уруудсаар арвандөрвөн цагийн үед сая хээрийн буудлын дэргэд ирэв. Өглөөнөөс хойш орсон бороо, цасны улмаас уулын гол үерлэн, улаан бороор оволзож байна. Үүр шөнөөр бидний дамжин гарсан явган гүүр нэгэнт далд ороод хаахан нь байгааг мэдэх арга алга. Эс бөгөөс гүүрийг ус авч одсон ч байж магад. Онцгой байдлын аврах албаны нөхөд олсны нэг үзүүрийг усны цаад эрэгт ойрхон байх том ургаа хаданд бэхлэн хамгаалаад, эсрэг эрэг дээрх нөгөө үзүүрийг уулнаас бууж ирсэн хэсэг уулчид бэхлэн хамгаалж, тэрхүү зэрэгцээ хоёр олсыг карбинаар биетэйгээ холбоод уулчид нэг нэгээрээ хувцас үүргэвчтэйгээ оволзсон усыг туучин гарцгаасан юм.

С замаар авирахаар явсан уулчид бараа сураггүй. Гэвч тэд уулын хормойд, мөсний захад бааз лагер /хээрийн буудал/ байгуулж хоноод цаг агаарыг анан байж авирах бэлтгэлтэйгээр майхан сууц, ор дэвсгэрээ авч явцгаасан тул магад майхнаа бариад хүлээж байгаа биз гэж бодоцгоож байв. Үнэхээр ч тийм байж, орой бүрэнхий болохын өмнөхөн тэдний хоёр нь (“Сутайн бор” клубын Х.Батсайхан, Т.Заднаабазар нар) голын цаад эрэгт ирээд хоол хүнсний зүйл нэмж базааж аваад буцав. Өглөө болтол тэнгэрийг ажиж, хүлээгээд авирах чөлөө өгөхгүй бол буцаж ирэх, хэрвээ тэнгэр гайгүй байж, боломж олговол авиралтаа хийхээр ярилцаад, дахин өндрийн буудал руугаа (уулын харьцангуй өндөрлөг хэсэгт дайралт хийж авирах замдаа дөхөж буудалласан газар) явцгаасан юм. .

Оройн хооронд бороо зогсож, салхи намдсан хэдий ч, тэнгэр бин битүү, нүүгэлтсэн их манан уулын оргил хийгээд энгэр биеийг ороож, хучсан хэвээр. Хээрийн буудал дээр ийм тогтуун байгаа хэдий ч дээр ууландаа, нэн ялангуяа оргилд дөтлөх тутам бороо цас, салх шуургатай байгаа нь мэдээж.

2012 онд энэ хайрханд альпинад (уулчдын үндэсний цугларалт) хийхэд хайрхан бас л ингэж догширсонсон. Мөн л уулчдыг авиралтанд гарах үеэр буюу үүр цүүрээр намуун тогтуун байснаа авирсаар замын талыг туулах үеэс л бороо, цасан шуургаар нүдэж эхлээд, оройн бүрий болтол намдаагүй. Тэр жил бид (манай баг) одоогийн энэ “С зам” хэмээн нэрийдсэн замаар авиралт хийж, цасан шуургатай тэмцэлдсээр ёстой л үхэн хатан байж оргилд хөл тавьсан. Нимгэн өмдтэй явсан багийн маань нэг гишүүн бараг л осгочих шахаж билээ. Түүгээр ч зогссонгүй хоёр багийн, зургаан уулчин цасан шуурганд төөрөн алга болж түргэн авахуулаад, шөнө дунд болтол эрэл хайгуул болсны эцэст ашгүй эсэн мэнд олдсонсон.   

 Ер нь миний мэдэхээс энэ хайрхан 2009 оноос л хойш олон хүн цуглаж авиралт хийх бүрийд ёс юм шиг ийм хатуу ширүүн ааш аяг үзүүлсээр ирсэн. Нэгэнд нь ч тэнгэр тавиун, тогтуун өдөр тохиогоогүй  юм. Чухам ямар учир байгааг хэрхэн мэдэх. Харин энэ альпинадын хувьд бол яг авиралт хийж, цасан шуурганд “балбуулдаг” өдөр Алтайн уулархаг нутгаар нийтдээ ширүүн бороо, цасан шуургатай хэмээн мэдээллийн хэрэгслээр зарлаж, анхааруулж байж. Гэтэл зохион байгуулагчид, болоод уулчдын хувьд энэ тухай ер ажиг сэжиг аваагүй мэт байсан нь мэдээлэлд ач холбогдол өгөх, асуудлыг тал бүрээс нь нягтлаж, эрсдлийг сайтар тооцож төлөвлөх талаар анхаарах зүйл байх шиг.

Хоёр: “Альпинад”-аас төрсөн эрэгцүүлэл

Өглөө босоход хайрханы оргилын хэсгээр үүл манан суусан хэвээр байсан ч тэнгэр ерөнхийдөө зохирч, тогтжээ. “С зам”-аар авиралт хийхээр явсан уулчидад маань боломж олгосон нь энэ байв. Тэд маань ч чамлалтгүй хүнд замыг туулан, хэд, хэдэн удаа олс тавьж, бас өвдөгцөө цасан хунгарыг туучин зүтгэж байж, оргилд амжилттай хөл тавиад, зорьсон хэргээ гүйцээж, орой нар шингэхийн хэрд хээрийн үндсэн буудал дээрээ ирцгээв. Тэнгэр бас тийм ч цэлмэг байгаагүй тул буцах замд цаг агаар эвгүйрч цас шуурвал замаа алдахгүйн тулд өгсөж авирах үедээ замынхаа хоёр талаар цас овоолон тэмдэг тавьсан гэх. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэгчлэн уулчдын хувьд сонсож мэдэхэд илүүдэхгүй санаа байгаа биз. Ийнхүү “С зам”-аар авирч зорьсон хэргээ гүйцээсэн энэ уулчдад Сутайн бор клубын хоёр баг, “Эрдэнэт клуб” болон  “Дөрвийг үржих дөрөв” клубын багууд баг багтаж, авиралтын замын удирдагчаар ОУХМ уулчин Бат-Эрдэнэ ажилласан юм. Цугларалтын хаалтын арга хэмжээний үеэр техник аиралтын багийнханд батламж гардуулж, уулын спортыг хөгжүүлэхэд хөдөлмөр, хүч, авъяасаа зориулж буй ахмадууд болон зарим зүтгэлтнүүдийг ОУХМ нэрт уулчин Т.Ичинноров гуайн зүгээс шагнаж урамшуулах ажиллагаа явагдсанаас гадна Монгол орны дөрвөн их нурууны ноен оргилуудад хөл тавьсан Т.Сэргэлэн ахлагчтай "Улаанбаатар хакинг" клубын уулчид гэх мэт уулчдад "Дөрвөн бэрх" цом гардуулсан нь бахархалтай явдал байв.       

Б замаар авирсан уулчид байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас оргилд хүрч чадаагүйдээ сэтгэл дундуур байсан болохоор зарим нэг нь дахиж авиралт хийх хүсэлт гаргасан ч, авиралтын замыг удирдаж байсан зохион байгуулагч эрс татгалзав. Энэ удаагийн альпинадад ирсэн уулчдын дийлэнх нь залуучууд бөгөөд бүгд л оргилд хөл тавьж, батламж гардана гэсэн оргилуун хүсэл өвөрлөж ирсэн нь магад. Гэсэн ч  дээр хэлсэнчилэн байгалийн бэрхшээлтэй халз тулгарсаны учир батламж гардсангүй. Уулчид бүгд л удирдамжид заасанчилан мандат, батламжын үнэ, амь даатгалын хураамж хэмээн мөнгө төлцгөөсөн нь тэдний сэтгэл дундуур буцах шалтаг болж байв.

Эндээс улбаалаад зарим нэг зүйлийг эрэгцүүлэв. Өндөр уулын спорт бол болзошгүй эрсдлээс өгсүүлээд, зориг самбаа, хатуужил, хэрэглэл, төхөөрөмж, зардал чирэгдэл, байнгын бэлэн байдал гэх мэт  олон зүйлээр бусад спортоос хавьгүй өвөрмөц, ихээхэн онцлогтой спорт. Энэ мэт өвөрмөц чанаруудыг нь бодит амьдралтай зөв зохилдуулж, төгөлдөржүүлэн хөгжүүлэхийн тулд Монголын уулчдын үндэсний холбоо болон холбогдох бусад байгууллагаас олон жилийн турш хүчин чармайлт гаргаж, шинэ шинэ санаачлага арга барилыг туршсаар авч, хаанаас гараад ирэв гэмээр дээрх мэт зүйлүүд тулгарсаар. Энэ удаагийн цугларалт авиралтын хувьд уулын холбооны удирдлага, зохион байгуулах хорооныхон маань (энд газар дээр нь ирж зохион байгуулсан МУҮХ-ны дэд ерөнхийлөгч, А.Батсүх, Золжаргал, зохион байгуулах хорооны гишүүн Н.Батсайхан нарын хүмүүсийг дурьдах нь зүй гэж бодно) урьд, урьдын амжилт, сургамжуудыг ажиглан дүгнэсний үндсэн дээр хэд хэдэн шинэлэг зүйлүүдийг хэрэгжүүлсэн нь үр өгөөжтэй болжээ. Үүнд юуны өмнө зохион байгуулалт, уулын болоод авиралтын сахилга журмыг сахих талаар ихээхэн дэвшил гаргаж, авиралтын зам бүрийг туршлагатай, мэргэшсэн удирдагчдаар ахлуулан, нэгдсэн журмын дагуу авиралт хийлгэсэн нь цаг агаарын бэрхшээлтэй үед баг болгон дур, дураараа салангид явж байж осолдох, цас, бороон шуурга, будан манан дунд замаа алдаж төөрөх зэргээс сэргийлж чадсан. Мөн замуудыг ангилж, ялангуяа зэрэг цол горилох болзол тогтоосон нь бас нэг дэвшил хэдий ч бусад үеийн амжилтуудыг орхигдуулж болохгүй гэдгийг хойно үгүүлсэн болно. Гуравт даатгалын байгууллагыг газар дээр нь авч ирж уулчдад амь даатгал хийлгэсэн, явуулын эмнэлэг ажиллуулсан, бүгдэд эрүүл мэндийн үзлэг хийсэн, багаж хэрэгслийн бүрдлийн хувьд тодорхой шалгуур тогтоосон (хэтэрхий өндөр болзол тавьсныг эс тооцвол) гэх мэт дэвшилттэй зүйлүүдийг бий болгосон нь тухай бүр үр дүнгээ өгсөн гэдгийг оролцогсод ажиглаа биз ээ.    

Монголын уулын спорт 1950-аад оноос, харин дэлхийн уулын спорт XIX зуунд үүссэн гэхэд наанадаж, 70, цаанадаж 100 хол гаруй жилийн түүхтэй аж. Гэтэл төдийгөөс өдий хүртэл өмнөх үеийн уулчдын авирч байсан мөс, цаст хайрхануудын маань мөсөн бүрхүүлийн талбай, хур тундасны хэмжээ, байгалийн тогтоц хүртэл ихээхэн өөрчлөгдөж, сүүлийн жилүүдэд улам ч эрчимжих боллоо. Зарим хайрхадын мөсөн бүрхүүлийн талбай 15-20 хувь хүртэл багассан ч явдал бий. Судлаачдын тооцоолсноор байгалийн өөрчлөлт энэ хэмнэлээрээ цааш өрнөх аваас 500-аас холгүй жилийн дараа Монгол орны бараг бүх мөс, цасан бүрхүүлт уулсын мөс, цас хайлж дуусах хэтийн төлөв ажиглагдаж байгаа гэх. Тэгвэл наанадаж 500 жилийн настай өндөр уулын спортын өнөөгийн технологийн талаар одооноос бодож санах, тооцож төлөвлөх зүйл байхгүй гэж үү ? гэсэн асуулт гарч ирнэ.

 Өдгөө дэлхий нийтийн хэмжээнд цаг уурын өөрчлөлтийн талаар санаа зовницгоож, түүнийг саармагжуулж, багасгах тухайд тал бүрийн арга саам эрэлхийлцгээж байна. Хоёр жилийн өмнө миний бие мөн энэ асуудлыг уулчид, уулын спортынхонтой холбон, тодорхой асуудал хөндсөн нийтлэл бичиж байсан авч хүмүүст хүрэх цар хүрээ нь хязгаарлагдмал байсан байх. Энд миний хэлэх гээд байгаа гол санаа бол уулын спортыг хөгжүүлэхийн төлөө, уулчдын залгамж халааг бэлтгэхийн төлөө ажиллаж буй байгууллага холбоод болоод уулчид бусад холбогдох газрууд хамтдаа өндөр уулын бүсийн уур амьсгалыг хэвээр хадгалахад нөлөө үзүүлэх бага ч атугай боломжийг олохын төлөө хамтран эрэл хайгуул хийж, анхаарлаа хандуулвал зохистой санагдаж байгаа юм.

Хоёрт “альпинад” буюу үндэсний цугларалт авиралтын зохион байгуулалт, арга барилын тухайд ганц нэг санаа төрснийг цухуйлгавал, уг арга хэмжээ нь нийт уулчдыг цуглуулаад зөвхөн авиралт, тэмцээн ч юм уу зохион байгуулахаас гадна өмнөх цугларалтаас хойш ямар, ямар уулчид, баг хамт олон дотоод гадаадад, хаана хаана авиралт хийж, ямар амжилт үзүүлсэн, өндөр уулын спорт болоод өндөр уулын аялал, жуулчлал, байгаль хамгаалал, хамтын ажиллагаа гэх мэт өргөн хүрээтэй бодлого үйл ажиллагааг боловсронгуй болгоход ямар, ямар хүмүүс болоод байгууллага, газрууд хэрхэн ямар санаачлага гаргаж, хэрэгжүүлж, оролцож, ямар үр дүнд хүрснийг тунгаан хэлэлцэж, цаашдын төлөв байдлаа тодорхойлдог өргөн цар хүрээтэй арга хэмжээ байхаар агуулгыг нь баяжуулж өгвөл тустай мэт санагдасан билээ. Цол зэрэг олгох тухайд ч зөвхөн нэг удаагийн альпинадын шалгуурыг баримтлал болгоно гэдэг нь учир дутагдалтай бөгөөд уулчдын баг багаараа, хэд гурваараа, ганц хоёроороо авиралт хийж, хүчээ сорьж, эрсдлийг сөрөн, эр зориг, авхаалж самбаа хатуужил тэвчээрээ батжуулж буй бүхий л үйл ажиллагааг анхааран бүртгэж, дүгнэж цэгнэх хэрэгтэй гэж бодно.

Дашрамд үгүүлэхэд Монголын уулчдын үндэсний холбоо болон бусад холбоодын үйл ажиллагааг дэмжиж, өндөр уулын спорт хийгээд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өндөр уулын бүс нутагт оршдог, дтд 4000 метр, түүнээс дээш өндөртэй уулс бүхий Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгууд хамтран дэмжиж, ээлжилэн зохион байгуулж байхаар урьд нь ярилцсан ч Завхан, Баян-Өлгий зэрэг зарим аймгууд хойргошин алгуурлаж, хамтран ажиллахаас зайлсхийсний улмаас 2015, 2017 оны альпинад цугларалт авиралтыг Ховд аймгийн Цамбагарав, Мөнххайрхан хайрхануудад дараалан зохион байгуулсан билээ. Энэ тухайд Ховд аймаг болон тус аймгийн Эрдэнэбүрэн, Мөнххайрхан сумдын засаг захиргааны байгууллага, Биеийн тамир, спортын газар болон холбогдох бусад газар, хамт олны тус дэм, хүчин зүтгэлд талархууштай.  

 Цаашид энэ талаар бусад аймгууд ч мөн адил анхаарлаа талбин, хамтран ажиллах биз ээ гэдгийг дурьдах нь илүүц бус гэж үзэв. Өндөр уулын спорт хийгээд өндөр уулын аялал жуулчлал, байгаль хамгааллын цогц үйл ажиллагааг цаашид улам боловсронгуй болгон хөгжүүлэх, дараа дараагийн (альпинад) цугларалт авиралтуудыг өмнөхөөсөө сургамж авч чанаржуулсан, шинэ түвшинд зохион байгуулах талаар холбогдох байгууллага хийгээд, зүтгэлтнүүд маань нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа нь лавтай.     

Хиргис Г.Төрмөнх

2017 оны 7 сарын 13-14. Ховд хот