“Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны төв” байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурлаа

By: Admin
2024-11-22
0
1121

Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны төвийг Монгол Улсын Ховд аймагт байгуулжээ. Энэ нь саяхан 2023 оны 6 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын нийслэлд болсон "Хил орчмын нутаг дэвсгэрт орос хэлний өвийг хадгалах, судлахад тулгамдаж буй асуудал, зөвлөмж" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол, амьдралын бага хурлын хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа юм. “Найрамдлын төв”-ийг байгуулах санаачилгыг ОХУ-ын Сэтгүүлчдийн эвлэлийн бүсийн салбар, Горно-Алтайск хотын дайн, хөдөлмөр, зэвсэгт хүчин, хууль сахиулах байгууллагын ахмад дайчдын орон нутгийн олон нийтийн байгууллага хамтран гаргасан бөгөөд Ховд аймагт энэ төвийг МЗЭ-ийн тус аймаг дахь салбарын болон, Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчдийн холбоо НҮТББ-ын тэргүүн, “Ховдын толь” сонины эрхлэгч Гонгоржавын Төрмөнх тэргүүлэхээр болжээ.

Тус төв нь Монгол Улсын Ховд аймаг болон ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын иргэд хоорондын хүмүүнлэгийн салбарт сайн хөршийн найрсаг харилцааг дэмжих, шинжлэх ухааны чиглэлийн болон бусад хамтарсан арга хэмжээг тогтмол зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр гэрээнд дурдагдсан байна.  Тэрчлэн шинээр байгуулагдаж буй “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны төв” нь Оросын Холбооны Улс, Монгол Улсын хил орчмын хамтын ажиллагааны хүрээнд орос хэлний үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн ажлуудыг өрнүүлэхэд “МУИС-ийн Ховд дахь салбар дахь орос хэл, орос утга зохиол, орос соёлыг гүнзгийрүүлэн судлах төв” болон Ховд аймгийн боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах, тодруулбал, Монгол дахь орос хэл, Орос дахь Монгол хэл (Алтайн Бүгд Найрамдах Улс) судлалын зуны сургалт, гадаад арга хэмжээ, хэл судлалын өдрүүдийг зохион байгуулах, наадам, тэмцээн, асуулт хариулт, театрын үзүүлбэр, урлагийн үзэсгэлэн, концерт, бүс нутгийн аялал жуулчлалын хөтөлбөр: спортын тэмцээн, байгаль орчны арга хэмжээ, нөхөрсөг тоглолтуудыг өрнүүлэх, тэрчлэн Монгол, Оросын ард түмний соёл, үндэсний шилдэг уламжлалыг сурталчлахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм байна.  

Энэхүү мэдээллийг Монголын хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээнд өргөнөөр сонирхон хүлээн авч байна. Түүнчлэн энэ ажлын хүрээнд “Хилийн бүсэд Орос, Монголын хүмүүнлэгийн салбарын сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх, бэхжүүлэх нь” сэдвээр удирдлагууд, сурган хүмүүжүүлэгчид, ард иргэдийн оролцоотой олон улсын “дугуй ширээний уулзалт” зохион байгууллаа. Мөн 2024 онд тэмдэглэх 1939 оны Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой, 2025 онд тэмдэглэх Дэлхийн 2-р дайны түүхэн ялалтын ой (1945), Ази, Номхон далайн бүсийг 1945 онд империализмийн түрэмгийллээс чөлөөлсний 80 жилийн ой зэрэг чухал үйл явдлуудад бэлтгэхэд талууд цаашид хамтран ажиллахтай холбоотой баримт бичгүүдийг баталсан байна.

Дмитрий СОКОЛОВ. (эх сурвалж Вестник Горно-Алтайска сонин)

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 2 =

Create Account



Log In Your Account