Н.В.Экэев: Ойрдууд болон Алтайчуудын язгуур соёл, харилцан уялдаа хийгээд давхцал - II

By: Admin
2024-12-24
0
4719

АБНУ-ын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Н.В.Экэев гуайтай Горний Алтайд уулзаж, уулын Алтай нутгийн уугуул ард түмний тухай болоод баруун Монгол, Горний –Алтайн (Уулын Алтай) ард түмний хоорондын түүхэн холбооны талаар цухас боловч сонирхолтой яриа өрнүүлж байж билээ. Энэ тухайгаа би “Уулын Алтайд өнгөрүүлсэн өдрүүд” цуврал тэмдэглэлдээ бичсэн авч, эрдэмтэн Экэевтэй дахиж уулзах завшаан олдоогүй явна. Гэтэл түүний урьд нь ярьж байсанчилан 2000-2003 онд баруун Монголын нутгаар явж, судалсан судалгааны ажлаараа ийм нэгэн цуврал үгүүлэл бичсэнийг нь цахим ертөнцөөс олж, олзуурхан уншсан хийгээд олон түмэнд сонирхолтой байх болуужин гэж бодсоны учир орчуулан нийтлэж байна. Урьд нь нийтэлсэн эхний хэсэгт судлаачийн бичсэн Мянгад, Урианхай, Өөлдүүдийн тухай болон хил алслан сунах түүхэн харилцаа холбооны талаар сонирхолтой судлал, таамаглалууд бий бол, удаах буюу энэ хэсэгт захчин, торгууд, баяд, дөрвөдүүдийн талаар цухасхан, тэрчлэн Ойрд Монгол, Түрэг, Алтайц (Орос дахь Алтайчууд)-ын бүрэлдэхүүнд буй овог угсаатнууд нь түүх, угсаатны онцлогийн хувьд хоорондоо нэн төстэй нэг гарал үүсэлтэй байж болох тухай маш сонирхолтой зүйлүүдийг үгүүлжээ.

(Хоёр дахь хэсэг)           

Баруун Монгол дахь өөр нэг зонхилох угсаатан захчингууд нь Галданбошигт хааны үед Зүүн гар улсын дорнот хязгаарыг сахиулахаар суулгасан хилийн харуулын ардуудаас бүрэлдэн бий болсон ажээ. Захчины энэхүү түүхэн хувь заяаны тухай би өмнө нь Орос, Казакын  түүхтэй холбоотой ямар нэг бичвэрээс уншиж байсан санагдана. Захчин угсаатан нь хэрээд, бүгүнүүд, харчин, харнууд, хиргис, хүнхээр, шангас, эмч, тараачин, буучин, турдаанхан, нохойнхон, шамбийнхан, хар азаргынхан гэх зэрэг 15  овог элкинээс бүрддэг байна /Нямсүрэн 1999/

Захчинтай нутгаа залгаа орших торгуудын хувьд 1771 онд Убаши (Увш) ханаар толгойлуулан Волго (Ижил) мөрний газраас Зүүн гарт ирсэн халимагуудын нэг хэсэг болох нь гарцаагүй. Зүүн гарт ирсэн тэр халимагуудыг чин улсын (манж) хаан нутаг хувиарлан суулгасны нэг хэсэг нь тийнхүү Ховдын хязгаарт идээших болжээ /Чернышев, 1990: 79, 80, 91 дэх тал/

Тэд одоо Монгол улсын Ховд аймагт бүлээрээ оршин суух агаад, баатууд, шарнууд, /их шарнууд, бага шарнууд/ хошууд, өөлд, бурдууд, хэрэйд гэх зэрэг 30 орчим овог элкинээс бүрдэнэ. Мөн торгууд нь манжийн үеийн нутаг захиргааны байдлаараа вангийнхан, бэйлийнхэн, тайжынхан гэж хуваагддаг байна. Манай экспедицийнхэн торгууд болон захчин угсаатны оршин суудаг нутгаар явж чадаагүй нь харамсалтай байв.

Баруун Монгол дахь хамгийн их хүн амтай угсаатны бүлэг бол дөрвөдүүд. Тэд Увс болон Ховд аймгийн хүн амын дийлэнх хэсгийг бүрдүүлнэ. Дөрвөдийг овог элкинээр нь задалж үзвэл тэдний дунд цорос, таргад, цоохор, хошууд, дураал, шаазган, хойд, шарайд, цагаачууд (цадаакчууд), борлууд, шангас, булгадар, тонгорууд, хиргис, харнууд, хэрэйд, их тугтан (тугтан), бага тугтан, цагаан тугтан, булгад, зуутраг (зутараг), зэд, цасан, монгул – моод, хар ярга (хари ярга), бүгүүд (бегюд), бөө (бёё) гэх мэт маш олон овог бий. /Вяткина 1960: 159-247, 238-239 дэх тал, Нямсүрэн 1999/ Дөрвөдийн дотор байгаа зарим овгууд нь XIX зууны хоёрдугаар хагас, XX зууны эхэн хагаст бий болсон, (дөрвөд угсаатны бүрэлдэхүүнд орсон) бололтой хийгээд тэдгээр нь хондого, шархиш, чечик (хошун вана), кельгит, ортус, борокчут, хасык, кочиныр, бульчин (хошун хана), сухын зэргүүд юм. Г.Н.Потанин, К.В. Вяткина нараас гадна өнөө цагийн зарим Монгол судлаачдын бүтээлд энэ тухай бий.

Ер нь Алтай, Соёны уулын бүс дэх ард түмнүүд нь өөр хоорондоо төстэй угсаатны нэгэн нийтлэгийг буй болгодог гэж хэлж болохуйц. Эхлээд энд “Алтайц”-уудыг (одоогийн Оросын Алтайчууд) авч үзъе л дээ. Нэрний хувьд энэ нь Монгол, соёк /соёд/ угсаатны (алт, могол/моол) гэдгээс улбаатай хийгээд кёбёк, кыпчак гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваагдана. Энэ хоёр гол бүлгийн нэрний угшлыг хөөвөл дахиад л кёёжё/кёжёё буюу хошууд/хошиуд (-кёжёё-ут) гэдэгтэй холбоо хоршоо бүхий ул мөр гарч ирнэ. Мөн тува угсаатны кожугет/кужугет (-кожуг/кужугет) гэдэг үгтэй ч үлжээ, сүлжээ бий юм шиг.

Эрдэмтэн Радловын судалсанаар XIX зуунд телеутын (тэлэнгид) дотор чюнгис (чангас) гэж овог байсан ба энэхүү нэр нь авиа дуудлагын хувьд дөрвөдийн шангас овгийн нэртэй бараг адил байгаа биз. Тэрчлэн Алтай болон тува угсаатны jууты (чогду/чоот), халимаг, дөрвөдийн зэд/зээт/зөөд/зоод гэсэн овгийн нэршилүүдийг авч үзвэл аль нэг нь, нэгнээсээ үүссэн нь магад баймаар. Тэгвэл Ойрд угсаатны дунд ихээхэн тархмал байдаг дархад (тархат) овог нь Алтай дахь кыпчик болон кёбёк угсаатны хувьд мөн л адил өргөн тархсан овгийн нэг.

Алтай угсааны йус (юс) дөрвөдийн зуутраг гэсэн овгуудын нэр нь адилхан (зуу) гэсэн үгийн үндэсээс бүтсэн байх жишээтэй. Ойрдод цорос, хиргис, сартуул гэсэн овгууд бий бол “Алтайц”-д чорос, кыргыс, сарт гэсэн овгууд бий. Сүүлийн хоёр овгийн тухайд “Алтайц”-уудын дунд XIX зууны төгсгөл хүртэл оршин байсан гэдэг нь тодорхой. Энэ тухай /эрдэмтэн Радлов, Потанин нарын бүтээлүүдэд бий/ бөгөөд үгүүлэн буй цаг үеэс хойш харин өөр овог элкинүүдэд уусан бүдгэрчээ.

Цаашлах юм бол Ойрдын шарнууд гэдэг овог Алтайц дах, (Алтайн) соёк угсаатны jети-сары (семь жёлтых /долоон шар/долоон шарнууд) овогтой төрөл холбоотой болох нь мадаггүй. Түүнчлэн “Алтайц”-уудын доторх (тодош, чапты, кыпчак, кергил, мундус, теелес, алмат, могол, иркит, сойонг, тогус, чагат) зэрэг арван хоёр овгийн дотор сары (шира) овог хуваагдан орсон байдаг.  Энд үгүүлэгдэж буй овог угсаатнуудын хувьд зөвхөн түрэг –монгол үндэстний бүрэлдэхүүнд тархан дэлгэрсэн хийгээд бие биендээ харилцан нөхцөлдсөн (эсвэл ямар нэг холимог нийлмэл угсаатны хэсгийг бий болгосон) аж.

Абакан, Енисейн түрэг угсаатны доторх большар гэх овог угсаатны нэршлийн анхдагч утгын холбоог эртний түрэг бичгийн хэлний үгсийн санд тулгуурлан авч үзэх юм бол (бол/бул +шар/сар) гэсэн тайлал гарч ирнэ.  Мөн ийм жишээ енисейн киргизүүдийн (баатарлаг угсаатан гэх булсар) овгийн доторхи Барс – бег, Эрен улуг гэх овог элкенд бий. (Киселев 1951. 561 -562 дахь тал: Савинов 1994, 30 дахь тал)

Дорно дахины хэл шинжээчдийн үзэлтээр өнгөний бэлгэдэл буюу өнгийг эрхэмлэх утга нь улс үндэстэн хийгээд угсаатнуудын хоорондын харилцаанд өөрийн гэх хэв шинжийг буй болгосон байдаг аж. Тэрээр бүүр эртний Хүн  буюу (Хүннү)-гийн сэтгэлгэ, зан заншилаас улбаатай болох нь мадаггүй Модун Шаньюгийн үеийн бичгийн дурсгалуудаас энэ тухай тодорхой зүйлүүдийг олж үзэж болно.

Хан гүрний хаан Гао –диний Байдэн уулан дахь орд бэхлэлтийг баруун талаас нь цагаан морьтон, зүүн талд нь цагаан толботой саарал (борлог) морьтон, хойт талыг нь хилэн хар морьтон, өмнө талыг нь шаргал зүсмийн морьтон цэргүүд хүрээлэн хамгаалдаг байсан гэх (Материал 1968. 41 дэх тал: Бичурин 1950. 51 дэх тал) Тэхээр дорно дахинд өмнө болон хойт зүгийг шар ба хар өнгөөр, баруун ба зүүнийг цагаан, цэнхэр өнгөөр төлөөлүүлэн бэлгэддэг байсан нь эндээс төвөггүй ойлгогдож байна. Одоо дахиад овгийн нэр нэршил рүүгээ орвол бурд/бурдууд гэх овог нь башкирийн буджан/бурзян овогтой нийтлэг холбоотой хийгээд Алтайн (Алтайц) угсаатны дунд бурат гэх овогтон тархмал бий.

Тэгвэл ойрдуудын дундах бас нэг түгээмэл овог болох бүргэд овгийг алтайц болон түрэг угсаатны дунд түгээмэл байх бяргут/мяркят (беркут) овогтой харгуулан авч үзэж болно. Харин ойрдын авгас/авга нар (авганер) овог болон алтайц, түргүүдийн аба/абалар овгийн хувьд адилхан (авга /аавын талын буюу ясан төрлийн садан, хамаатан/ гэсэн утга агуулдаг). Ойрд болон “алтайц”-уудын дунд буй овог угсаатнуудын өөр хоорондоо адил төстэй нэршил дээрхээр зогсохгүй, Тухайлахад баяд-баят, дөрвөд (дурвюд)-тюрбют, торгууд-торгул (тонгул/тонгжон), байлгас-байлагас, цагаан туг-чагантык, оорцог/оорчаг-чагат/чак-жак-сойан гэх  мэт... Мингат/мянгад гэх овог ч мөн харилцан хамааралтай, юу гэвэл энэ хоёр үгийн үндэс нь монгол болон түрэг (алтайц) хэлэнд адилхан мянга (минга) гэсэн тооны нэршлийн утгыг агуулна. Мөнхүү мин/минг овогтнууд башкир, узбек, татар болон бусад түрэг угсаатнуудын дотор нэг биш тааралддаг.

Би өмнө нь нийтлүүлсэн нэгэн үгүүлэлдээ хойт/хойут, хотогойт мөн сойан/сойонг гэх гурван овог угсаатны хоорондын холбоо хамаарлын тухайд анхаарал хандуулсан. Юу гэвэл нэгд хотогойт гэдэг нь  угсаатны судалгааны үүднээс авч үзвэл хото/гада (внешний-гаднын, харийн) бас хойт/гойт (гаднаас ирсэн гойд хүмүүс- /означивших “внешные (пришлые) хойты/) гэсэн хоёр салаа утгыг бий болгодог гэдгийг бүрнээ хүлээн зөвшөөрч болохуйц. Хоёрт гэвэл хойт/хойут болон сойот/сойан/сойонг гэх угсаатны нэршил нь аль нэг нь нэгнээсээ хувиран хэлбэржсэн болохыг батлах боломжтой мэт. Юу гэвэл буриад, башкир хэлний h (х) авиа нь халх монгол болон “нийтлэг түрэг” угсаатны “с” авианаас хувиран хэлбэржсэн, өөрөөр хэлбэл хойт/хойут  гэх нэршил нь сойот/сойан/сойонг –оос үүсэлтэй гэж үзэх нь зүй ёсны зүйл гэх ({Киекбаев, 1958. 7,9 дэх тал)

Тухайлахад аларийн буриадууд (аларские буряты) өөрийн хөрш түнхийн соёдуудыг (тункинских сойотов /сойонов/) хожим нь хойдууд (hойот/hойон) гэдэг болсон (Санжаев 1930: 14 дэх тал) бас архивийн материалаас үзвэл баруун буриадын хойгут овог нь сойгут гэх овгоос үүсэлтэй гэх (Асалханов 1960: 71 дэх тал). 

Тэрчлэн өдгөө цагт сойон гэх овог нь эртний түрэгийн со угсаа, йан/йонг (ард түмэн, нийгэм) гэх үгнээс үүсэлтэй гэсэн таамаглал дэвшүүлэх болсон (Абаев, 1999: 71 дэх тал) Дашрамд хэлэхэд ан/он гэх үг нь иран хэлэнд олон тоог илэрхйилсэн утгыг заадаг байна (Кузеев 1974). Тэхээр соёд (сойот/сойан) нь эртний түрэг угсаатны овог болно. Учир юу гэвэл энэ үгний уг язгуур нь манай эриний өмнөх X-II зууны үе дэх түвдийн зо/су/зак гэсэн үгнээс үүсэлтэй, /түвдийн дээрх үгтэй адил утгатай/ хийгээд тухайн цагт Гималайн нуруунаас Дундад ази хүртэлх нутаг дэвсгэрт оршин аж төрөгч угсаатнуудын дотор өргөн тархсан ажээ (Чеснов 1980: 214-216 дахь тал). Мэдээжээр энэ нь Алтайд ч адил тархсан байх нь боломжтой зүйл. Бас дашрамд нь дурьдахад иран, грекийн эртний удам угсааг тэнд саха (сака), массагет, скиф хэмээн нэрийддэг билээ.

Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ  

       

                                


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 8 =

Create Account



Log In Your Account