“Шижигт”-ийн УЦС –ын төсөл ба шинэ олдвор

By: Admin
2024-10-14
0
5033

Саяхан Ховд аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Х.Бямбасүрэн нарын хүмүүс Шижигтийн хавцал дахь Хар богочийн агуйгаас нэгэн шинэ олдвор буюу хадны зураг илрүүлэв. Тэрхүү түүхэн дурсгал нь хавцлын дээд эхэн хэсэгт, барагцаалбал хавцлын уртын гуравны нэгийн орчимд буй, 2 метрийн өргөн, 8-9 метрийн урт, 10 гаруй метрийн өндөр адар бүхий хавчиг хэлбэрт агуйн хананд зурсан олон давхар загасны дүрсүүд юм. Судлаач үүнийг урьдчилсан байдлаар, неолитийн буюу чулуун зэвсэгийн хожуу үед хамаарагдах, эртний хүмүүсийн гараар үйлдэгдсэн ховор дурсгал байх магадлалтай гээд, хэрвээ энэ таамаг батлагдвал Монгол оронд урьд нь бараг олдож байгаагүй шинэлэг олдвор болох тухай үгүүлсэн.

Энэхүү ховор олдвор олдсон газар нь Шижигтийн хавцалд усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөж буй газрын үндсэн байгууламжийн бүсэд багтах юм. Тэр орчимд зөвхөн энэ дурсгалаас гадна чулуун болон хүрэл зэвсгийн үе, түүнчилэн “түрэгийн үе” гэж нэрлэгддэг түүхийн үечлэлд хамаарах үй олон дурсгал бий. Судлаач Х.Бямбасүрэн, Ч.Мөнхбаяр нарын урьдчилан судлаж, бүртгэснээр бол усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөж буй тухайн бүс нутагт, зөвхөн Ховд голын зүүн эрэг талд нь нийтдээ 270 орчим түүх, соёлын үнэт дурсгалууд байгаагийн 30 орчим хувь нь тухайн цахилгаан станц байгуулахаар улсын тусгай хэрэгцээнд авагдсан хэсэгт хамаарч байгаа юм байна. Агуйн зургийг олж, нягтлан тэмдэгжүүлэх ажилд түүх, археологи сонирхогч Г.Хүрэлмөнх, иргэн Д.Гомбодаш, Х.Барсболд, Г.Тулга нар болон сэтгүүлч миний бие судлаач Х.Бямбасүрэнтэй хамтран ажиллав. Г.Хүрэлмөнх энэ ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.   

Шижигтийн хавцалд Усан цахилгаан станц барьж байгуулах тухай 2010-аад оны үеэс яригдсаар өдий хүрч байна. Анх 1964 онд ЗХУ-ын мэргэжлийн байгууллагаас хийсэн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах урьдчилсан судалгаанд үндэслэгдсэн энэхүү  санаа биеллээ олоход алхам, алхамаар ойртсоор байгаа нь магад.  2008 онд техник эдийн засгийн үндэслэлийг нь (ТЭЗҮ) анхдагч байдлаар боловсруулж, 2015 онд уг УЦС-ийг байгуулах тухай, төслийн үйл ажиллагааг концессийн зүйлийн жагсаалтад оруулах, мөн концесийн ажлын хэсэг байгуулах тухай, тэрчилэн төслийн нэгж байгуулах тухай Засгийн газрын шийдвэрүүд гарч, төслийн нэгж байгуулагдсан. Мөн тус УЦС-ын техник эдийн засгиийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах төсвийг 2015 оны төсөвт суулгаж баталсан бөгөөд, 2018 онд бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж төлөвлөсөн байдаг. Төслийн нэгжийн мэргэжилтний үгүүлснээр ТЭЗҮ -г Хятад улсын компани боловсруулж дуусаад байгаа, 2019 онд Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, /нөлөөллийн хуримтлалын ерөнхий үнэлгээ/ нь батлагдсан, өнөөгийн байдлаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээний сонгон шалгаруулалт зарлагдаж, “Нью гидро проект” болон “Энко” компаниуд уг ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан ажээ.

Шижигтийн хавцал дахь УЦС байгуулагдах газрын байршлыг урьдчилан тогтоож, зурагласнаар бол станц нь Шижигтийн хавцлын эхэнд, барагцаалбал хавцлын гуравны нэгээс дээшх хэсгийг хамран баригдах бөгөөд төслийн талбар нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Увс аймгийн Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумдын нутгийг хамрах юм. УЦС байгуулах зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хэмжээ нь 28 мянган га талбайг эзлэнэ. Байгууламжийг барихын тулд хавцлын дундуур урсаж буй Ховд голын урсгалыг далангаар хааж, хиймэл нуур үүсгэх, энэхүү нуурын талбай нь тусгай хэрэгцээний талбайн зонхилох хэсгийг эзлэхээр тооцоологджээ.  

Байгальд нөлөөлөх, байгалийн унаган тогтоцыг эвдэх замаар хийгдэх аливаа бүтээн байгуулалт нь хүрээлэн байгаа орчин, тэнд оршин амьдрагч хүн хийгээд байгаль, амьд амьтдын цаашдын амьдрал, хувь заяанд олон талын шийдвэрлэх нөлөөтэй байдгийн улмаас уг нөлөөллүүдийг урьдаас нарийвчлан судлаж, болзошгүй сөрөг зүйлсээс сэргийлэх, арилгах, эерэгээр эргүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай, эдгээр нь хуулиар зохицуулагдсан байдгийг уншигчид мэднэ.  

Шижигтийн хавцалд УЦС байгуулахаар төлөвлөж буй газар нутгийн төлөв байдлыг авч үзвэл, дээр үгүүлсэнчилэн 3 аймгийн 4-5 сумын нутаг дэвсгэрт харъяалагдах байгалийн хосгүй үзэсгэлэнт, үржил шимт нутаг бөгөөд эртний хүмүүсийн тахилын байгууламж, булш бунхан, хүн чулуун болон байгалийн чулуун хөшөөд, агуй хадны сүг зураг гэхчлэн түүх, соёлын ховор дурсгал нэн элбэгтэй. Түүнээс гадна яг тэр хэсэг нь бүсийн сумдын 400-500 орчим малчин өрхийн идээшил, амжиргаагаа залгуулдаг хамгийн үржил шим бүхий “бэлчээрийн нүд” газар юм. Одоогийн гаргасан зургийн дагуу төслийн үйл ажиллагаа өрнөх аваас дээр дурьдагдсан түүхийн ховор дурсгалууд, ой мод, ургамлын нөмрөг, байгалийн заяамал өвөрмөц тогтоц, үржил шимт бэлчээрийн зонхилох хэсгүүд нь нуурын усан дор орж сүйдэх дүр зураг ажиглагдаж байна. Гэхдээ төслийн ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө зэргийг мэргэжлийн байгууллага, хүмүүс судлан боловсруулж, нийтэд нээлттэй болгох ажил хүлээгдэж байгаа бөгөөд ийнхүү боловсрогдох үнэлгээ, төлөвлөгөөнүүд нь бодитой, хянуур, гярхай хийгдэж, болзошгүй сөрөг нөлөөлөл, эрсдэлийг бүрэн арилгаж нөхөх арга замыг олж тогтоосон байх нь чухал юм.

Төрийн холбогдох байгууллагуудаас гарган, сурталчилж буй мэдээлэлд Шижигтийн хавцал дахь УЦС-ыг барих гол зорилго нь баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах явдал гэдэг. 90 мегаваттын суурилагдсан хүчин чадал бүхий энэ станц  баригдсанаар  баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тохируулгын үүрэг гүйцэтгэх байгууламж давхар ашиглалтанд орж, баруун аймгууд эрчим хүчний хэрэглээнийхээ 78 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор хангаж байгааг өөрчилөн, цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг бууруулах, баруун бүсийн эрчим хүчний систем, улмаар Улиастай-Алтайн систем дотоодын хямд эх үүсвэрээр хангагдаж, төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаасыг тэглэж, хүлэмжийн хийг бууруулах боломж бүрдэх ажээ. Өнөөгийн нөхцөлд бидний гадаадаас импортлож буй эрчим хүч нь дотоодод үйлдвэрлэж буй /Дөргөний УЦС/ эрчим хүчнээс 5-6 дахин үнэтэй, баруун бүсийн эрчим хүчний татааст улсаас жил  бүр 6-8 тэрбум төгрөг төлдөг гэсэн мэдээлэл бий. Түүнээс гадна уг УЦС-ыг барьж, ашигласнаар жилд ойролцоогоор 756,6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний /ойролцоогоор 1,3 сая тонн/ нүүрс хүчлийн хийн ялгаралтыг бууруулна, УЦС-ын барилгын ажлын үед 800-1000 хүн түр ажлын  байраар, ашиглалтанд орсны дараа 70-100 хүн байнгын ажлын байраар хангагдана гэж байгаа юм.

Ийм ач холбогдолтой төслийг цааш үргэлжлүүлж, усан цахилгаан станцыг байгуулж, ашиглахын төлөө чармайх явдал нэн чухал болох нь мэдээж. Гэвч дээр үгүүлсэнчилэн урьдчилсан судалгаа, үнэлгээ, тооцооллуудыг хуулийн дагуу нягт, нарийн хийж, нэн ялангуяа тухайн бүс, орон нутагт амьдарч буй ард иргэд, засаг захиргааны болон мэргэжлийн байгууллагууд, орон нутаг дахь бие даасан судлаачидтай хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай болохыг холбогдох болон ажил хариуцаж, гүйцэтгэх эрх авсан байгууллага, хүмүүст сануулахад илүүдэхгүй гэж үзэв. Адаглахад л тухайн газарт байгаа тэр олон түүх соёлын дурсгалууд болоод оршин суугчид, малчдын амь амжиргааны үндэс, байгалийн унаган ховор тогтоцыг хэрхэн, яаж хамгаалах, нөлөөлөлд орж эвдэрсэн тохиолдолд яаж нөхөх вэ гэдгийг олон талаас нягтлан гаргаж ирэх учиртай. Бид түүгээр явахдаа ойр, орчны зарим малчидтай уулзаж, тухайн асуудлаар ямар мэдээлэлтэй байгааг нь тандаж үзэхэд мэдэж байгаа нь тун барагтайхан байв. Тусгай хэрэгцээнд авч буй тэр хэсэгт буурь нутаг нь хамрагдаж байгаа, тэрчлэн хаяа залгаа байдаг малчидтай уулзсан эсэх, төслийн талаар мэдээлэл өгсөн, саналыг нь асуусан, санал солилцсон, учрыг тайлбарласан эсэхийг тэд огт  мэдэхгүй байгаа нь тоогүй санагдав.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай хуулинд заасанчилан үнэлгээ хийх эрх авсан байгууллага хуулийн этгээд нь “төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн санаа бодлыг судлаж, хурал, хэлэлцүүлэг зохион байгуулан, тэмдэглэлийг баримтжуулж, тайланд хавсаргах,  төсөл хэрэгжих газрын түүх, соёлын үнэт зүйлс, төслийн онцлогтой уялдсан бусад асуудлыг нарийвчлан судалсан байх” шаардлагатай. Одоогийн байдлаар энэ талаар нутгийн иргэд, засаг захиргааныхан, судлаачидтай уулзаж, харилцсан зүйл үгүй, битүү хатуу байгаа нь уг ажлын явцын талаар эргэлзээ төрүүлж болохуйц санагдана.

Төслийн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээнд тодорхойлсноор энэхүү газар нутаг нь “усны ойн сан, урсац бүрэлдэх онцлог тогтоц бүхий, хуулиар хамгаалагдсан бүсэд багтах, хүний нөлөө, байгаль цаг уурын өөрчлөлтөнд эмзэг, мэдрэмтгий, бүс орон нутгийн хэтийн хөгжилд чухал ач холбогдолтой хийгээд сөрөг нөлөөлөлд өртөж болзошгүй, хуримтлагдах нөлөөлөл үүсэх эрсдэл ихтэй” гэж үзсэн байна. Мөн ерөнхий үнэлгээнд агаарын чанар, усан орчин, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, амьтны аймаг, түүх соёлын биет өв, нутгийн оршин суугчдын аж төрөл, ахуй амьдрал, хүний эрүүл  мэндэд нөлөөлөх нөлөөллийн тухайд тус бүрд нь нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай хэмээн дүгнэсэн байгаа юм.

                                                                                                                                                                                                                  Г.Төрмөнх    


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 6 =

Create Account



Log In Your Account