Орон сууцны барилгуудын чанар, стандартыг сайжруулахад тал, талаасаа хамтрах шаардлагатай байна.

By: Admin
2024-11-22
0
1981

Ховд аймагт нэг үеийг бодоход орон сууцны барилга баригдах нь нэмэгдэж байгаа ч ихэнхдээ дутуу дулимаг, стандартын түвшинд хийгдэж чадахгүй байгаа талаар бид өмнө нь хөндөж байсан. Нэн ялангуяа барилгын гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулалгүй орхигдуулах нь барилгын компаниудын хувьд бараг хэвийн зүйл болсон, мөн санхтехникийн бүтэц, зарим хийц төхөөрөг нь чанар муутай материалаар угсрагдсан зэрэг нүд хуурсан зүйл байх нь ч цөөн бус байдаг.

 Энэ нь нэг талаараа орон сууцанд амьдардаг иргэдийн эрүүл, аюулгүй бөгөөд тав тухтай амьдрах эрх нь зөрчигдөж буй асуудал болно. 2013 оноос хойш Ховд аймгийн  Жаргалант суманд 4-9 давхар бүхий 1856 айлын орон сууц ашиглалтанд орсон. Харин 2015 оноос хойш нийт 1345 айлын орон сууцыг 20 гаруй компани барьж ашиглалтанд оруулсан буюу улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Дээрх орон сууцнуудын 80 гаруй хувь нь гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбайгүй байгаа нь анхнаасаа төрийн хяналт дутуу хийгдэж, компаниудад зохих шаардлага шалгуурыг тавьж чадаагүй өдийг хүрснээс шалтгаалжээ.Жавхлант Гэрэлт ирээдүй” ТББ-ын хэрэгжүүлсэн “Орон сууцнуудын гадна тохижилт хуулийн дагуу хийгдэхгүй байгаад нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийх нь буюу төр хувийн хэвшлийн ажлын хариуцлагыг сайжруулах нь” төслийн хүрээнд орон сууцнуудын дэд бүтэц, гадна тохижилт хийгдэж буй эсэх, стандарт, журмын дагуу хийгдэхгүй байгаа нь юунаас шалтгаалж буйг тодруулах зорилгоор гүйцэтгэгч компани, хяналтын байгууллагууд, иргэд зарим иргэдийн бүлгүүдтэй уулзаж, санал бодлыг нь сонссон ба тэдгээрийг үндэслэн баригдаж буй болон баригдсан орон сууцнуудын гадна тохижолт, дэд бүтцийг стандартад нийцүүлэн хийлгэх талаар хяналт шаардлага тавихыг санал болгож, бичиг захидал хүргүүлсэн байдаг.

Мөн аймгийн Засаг даргын тамгын газраас Орон сууцнуудын гадна тохижилтыг нөхөж хийлгэх, бусад халаалт, дулаан, сантехникийн бүрэн бүтэн байдлыг сайжруулах талаар үүрэг даалгавар өгч, холбогдох мэргэжлийн байгууллагуудад хандсан “Мэдэгдэл”  гаргасан байна. Үүний үр дүнд зарим нэг компаниуд барьсан барилгынхаа гадна тохижилтын ажлын эхлэлийг тавьснаас гадна төслийн хүрээнд сонгогдон судлагдсан 2 компани 2, 3-р блокын барилгаа бүрэн ашиглалтанд оруулсны дараа уг барилгын гадна тохижолтыг цогцоор нь хийхээр төлөвлөж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Учир нь дараагийн блокын барилгын ажил явагдах үед зам талбай эвдэрч сүйдэх, зарим нь сүүлийн блокын өмнөх талбайд хүүхдийн тоглоомын талбайг хийхээр төлөвлөсөн зэрэгтэй холбоотойгоор ийм шийдэл гаргасан гэж байв.

Жаргалант сумын иргэдийн төлөөлөл болгож “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд Ховд аймаг” бүлгэмийн гишүүдтэй энэ талаар санал солилцоход орон сууцны гадна тоглоомын талбай, тохижилт хангалтгүй байгаа нь Ховд аймагт тулгамдаж буй хамгийн том бэрхшээлүүдийн нэг гэдгийг учирлаж байсан. Иргэд, иргэдийн бүлгийн санал бодлоос харахад, баригдаж буй орон сууцны барилгуудын гадна тоглоомын талбай, тохижилтыг хийлгэх нөлөөллийн ажлыг нийтээрээ нэгдэж далайцтай өрнүүлэх шаардлага байгаа бөгөөд холбогдох  мэргэжлийн байгууллага, аймаг сумын удирдлагууд үүнийг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгаа юм.

Жавхлант гэрэлт ирээдүй ТББ-ээс хийж буй ажлууд нь энэ асуудалтай холбоотой зарим мэдээ, мэдээллийг ил тодоор нийтэд хүргэх, тодорхой асуудлуудыг хөндөж олны анхаарлын төвд оруулах, хууль журмыг сурталчлан таниулахад чиглэгдэж байгаа юм байна. Үүнд аймгийн ЗДТГ, ГХБХБГ зэрэг холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулж, тодорхой түвшинд хяналт тавиж, зарим нэг даалгавар, шаардлагыг гаргаж, биелэлт тооцон ажиллах эхлэлийг тавсан нь сайшаалтай. Ховд аймгийн Цамбагарав багаас сонгогдсон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ “Сүүлийн 5 жил дотор Жаргалант суманд баригдсан орон сууцнуудын гадна тохижилтыг нөхөж хийлгүүлэх” талаар санал асуулга явуулж, иргэд, оршин суугчдаас санал, гомдол хүлээн авч байгаа нь бас нэг дэвшилттэй алхам болж байна.

Мөн аймгийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогчоос “Мэдэгдэл” гаргуулж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бол ГХБХБГ-аас төслийн хүрээнд сонгогдсон хотхоны барилгын компаниудад шаардлага бүхий албан бичиг хүргүүлж, үүрэг даалгавар өгөөд байна. Дээрх үүрэг даалгавруудтай холбоотойгоор шинээр барьсан орон сууцны барилгуудын гадна тохижолт хийгдээгүй бол уг барилгыг нь, түүнчилэн өмнө нь барьсан байрныхаа гадна тохижилтыг хийгээгүй байж дараагийн барилгаа ашиглалтанд өгвөл түүнийг нь ашиглалтанд хүлээн авахгүй байх тухай шийдвэр гаргаж нийтэд хандсан мэдэгдэл хийжээ. Мөн улсын комисс ажиллаагүй бүрэн бус барилгад иргэд, айл өрхүүд түрүүлж орохгүй байхыг ятган сануулж байгаа юм. “Жавхлант гэрэлт ирээдүй” ТББ нь энэ талаар гарч буй үр дүн, шийдвэрүүдийг олон нийтэд түгээхэд хамтран ажиллаж байгаа юм байна. Энэ талаарх нөлөөллийн ажлуудыг нийтийн үйл хэрэг болгон, оршин суугчид, сууц өмчлөгчдийн холбоод, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, орон нутгийн удирдлага, захиргааны болон мэргэжлийн байгууллагууд хамтарч, нэгдэж ажиллахыг нөхцөл байдал шаардсаар байгаа юм.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 5 =

Create Account



Log In Your Account