Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулиас

By: Admin
2024-12-26
0
154

Сонгогчдын боловсролд

Редакцын сонголтоор ард иргэдийн заавал мэдвэл зохих заалтуудыг түүлвэрлэн нийтлэв. 

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино.

4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгууль

4.2.Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.

4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:

4.3.1.Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар;

4.3.2.Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар.

Тайлбар: -“олныг төлөөлөх /мажоритар/ арга” гэж тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно.
-“хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ арга” гэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн энэ хуульд заасны дагуу суудал хуваарилж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно.

7 дугаар зүйл.Сонгуулийн зарчим

7.1.Сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ.

7.2.Сонгууль бүх нийтийн байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй.

7.3.Сонгогч сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа нууцаар гаргана.

7.4.Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална:

7.4.1.хууль дээдлэх;

7.4.2.ил тод байдлыг хангах;

7.4.3.шударга ёсыг сахих.

7.5.Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчим нь сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.

17 дугаар зүйл.Сум, дүүргийн сонгуулийн хорооны эрх

17.2.1.харьяалах хэсгийн хорооны үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

17.2.2.аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, харьяалах хэсгийн хорооны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах зардлыг гаргах, зарцуулалтад хяналт тавих;

17.2.3.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, хариуг бичгээр өгөх;

17.2.4.харьяалах хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг нэгтгэж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргэх;

17.2.5.дээд шатны сонгуулийн хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

17.2.6.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу гаргаж, харьяалагдах аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

17.2.7.саналын хуудас болон сонгуульд ашиглах техник хэрэгслийг хүргүүлэх, хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих;

17.2.8.хуульд заасан бусад эрх.

19 дүгээр зүйл.Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт

19.21.Хуульд өөрөөр заагаагүй бол доод шатны сонгуулийн хорооны шийдвэр, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргаж болох бөгөөд зохих шатны сонгуулийн хороо гомдлыг хүлээж авснаас хойш гурван хоногийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид хариуг бичгээр мэдэгдэнэ.

19.22.Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахтай холбогдсон, түүнчлэн хууль зөрчсөн тухай асуудлыг шалгуулах, эсхүл зөрчлийг таслан зогсоох асуудлаар сонгуулийн хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй.

19.23.Энэ хуулийн 19.22-т заасан шаардлагыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан ажлын гурван өдрийн дотор хариуг бичгээр мэдэгдэнэ.

19.24.Сонгуулийн хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэр дэх бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.

191 дүгээр зүйл.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссын чиг үүрэг

191.1.Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.2.Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

191.3.Төв комиссын дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.

191.4.Төв комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбар комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар хүлээнэ.

191.5.Төв комисс нь Сонгуулийн ерөнхий хорооны шууд удирдлагын доор сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулна.

191.6.Салбар комисс нь төв комиссын шууд удирдлагын доор гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулна.

191.7.Төв комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

191.7.1.гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах арга хэмжээг авах;

191.7.2.эрх хэмжээнийхээ хүрээнд сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

191.7.3.сонгууль зохион байгуулахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

191.7.4.салбар комиссын үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах;

191.7.5.Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналын хуудас, сонгууль зохион байгуулах болон санал авахтай холбоотой бусад баримт бичгийг олон улсын буухиа шуудангаар салбар комисст хүргүүлэх;

191.7.6.шаардлагатай тохиолдолд салбар комисст сургалт зохион байгуулах, төлөөлөгч томилон ажиллуулах;

191.7.7.Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, салбар комисст хуваарилах, зарцуулалтад нь хяналт тавих, холбогдох журмын дагуу тайлагнах;

191.7.8.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэж, бичгээр хариуг өгөх;

191.7.9.санал авах ажлыг зохион байгуулсан тухай тайлан, сонгуулийн бусад баримт бичиг, саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх;

191.7.10.хуульд заасан бусад чиг үүрэг.

191.8.Салбар комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

191.8.1.салбар комиссын буюу санал авах байрны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;

191.8.2.өөрийн байрладаг улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэж, сонгогчдын бүртгэлийг гарган төв комисст хүргүүлэх;

191.8.3.санал авах байр, саналын хайрцаг, санал бэлтгэх бүхээг, санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;

191.8.4.санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас, санал авахад зарцуулагдаагүй үлдсэн, хураагдсан, хүчингүй саналын хуудас, санал хураалтын тухай салбар комиссын хуралдааны тэмдэглэл, сонгуулийн бусад баримт бичгийг төв комисст олон улсын буухиа шуудангаар нэн даруй хүргүүлэх;

191.8.5.өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, бичгээр хариуг өгөх;

191.8.6.дээд шатны сонгуулийн байгууллагаас хуульд заасны дагуу өгсөн үүргийг биелүүлэх;

191.8.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ

20 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх

20.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна.

20.5.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчийг энэ хуулийн 20.4-т заасан цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжоор хангана.

23 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэх журам

23.1.Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр болон цахимаар гаргана.

23.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

23.3.Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглоно.

23.4.Итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад "Түр хасав" гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан арилсан тохиолдолд тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгож, тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээн, энэ тухай тэмдэглэл үйлдэн хэсгийн хороонд мэдэгдэнэ.

23.5.Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах талаар энэ хуульд заасан хугацаа дууссанаас хойш сонгогчдын нэрийн жагсаалт болон түүнд оруулсан өөрчлөлттэй танилцах эрхтэй.

23.6.Ажиглагч энэ хуулийн 23.5-д заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалттай танилцахдаа зураг авах, бичлэг хийх зэргээр сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж, олшруулахыг хориглоно.

23.8.Сонгуулийн ерөнхий хороо шаардлагатай гэж үзвэл сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол, мэдээллийн дагуу тухайн гомдол, мэдээллийг шалгахад шаардлагатай мэдээлэл, баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан авч, зөрчлийг арилгах асуудлаар эрх бүхий байгууллагад хугацаатай шаардлага хүргүүлэх эрхтэй.

24 дүгээр зүйл.Сонгогч шилжих

24.1.Сонгуулийн байгууллагын ажилтан, итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн багийн гишүүн, даамал, санал авах байр болон сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчийн сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.

24.2.Нэр дэвшигч болон энэ хуулийн 37.3-т заасан менежер, шадар туслагч нь сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.

24.3.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан сонгогч санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг бүртгүүлнэ.

25 дугаар зүйл.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох

25.1.Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

25.3.Нэмэлт болон дахин санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 25.1, 25.2-т заасан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг тухайн нэмэлт болон дахин санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

25.4.Ээлжит бус, нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан эрх бүхий байгууллага тухайн шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА

36 дугаар зүйл.Сонгууль эрхэлсэн байгууллага

36.1.Нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгогчидтой уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэрэг сонгуулийн сурталчилгааны ажлыг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага эрхлэн явуулна.

36.2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нам, эвслийн болон нэр дэвшигчдийнхээ сонгуулийн сурталчилгааг эрхлэн явуулах бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байна.

37 дугаар зүйл.Сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн

37.1.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна.

37.2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах 500 хүртэл, аймаг, нийслэлд 100 хүртэл, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно.

37.3.Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно.

37.7.Бие даан нэр дэвшигчид нэгдэж сонгууль эрхэлсэн байгууллага байгуулахыг хориглоно.

37.8.Ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна.

38 дугаар зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөр

38.1.Сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.

38.2.Нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

38.3.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглоно:

38.3.1.мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;

38.3.2.уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;

38.3.3.зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;

38.3.4.иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;

38.3.5.ажлын байранд зуучлах, ажилд оруулах;

38.3.6.улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.

38.4.Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрийн агуулгад нийцсэн уриатай байж болно.

38.5.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар төрийн аудитын байгууллагаар хянуулж дүгнэлт гаргуулсан байна.

38.12.Төрийн аудитын дээд байгууллага нь энэ хуулийн 38.13-т заасан тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэн энэ хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулна.

38.13.Төрийн аудитын дээд байгууллага нь нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн энэ хуулийн 38.5-д заасан мөрийн хөтөлбөр, 38.7-д заасан хандивын тайланд тус бүр нэг дүгнэлт гаргана. Хандивын тайлан нь ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааг, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацааг хамаарна.

39 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаа

39.1.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

39.2.Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:

39.2.1.сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;

39.2.2.нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;

39.2.3.хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;

39.2.4.сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;

39.2.5.ухуулах байр ажиллуулах;

39.2.6.радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;

39.2.7.цахим орчин ашиглах;

39.2.8.өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.

39.3.Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй. Зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна.

39.4.Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын баруун доод хэсэгт сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих бөгөөд энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна. Радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дурдана.

39.5.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.

39.6.Энэ хуулийн 39.1-д заасныг зөрчсөн радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.

39.7.Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз нь энэ хуулийн 39.5-д заасны дагуу нийтэд мэдээлсэн тайланг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нийтэд мэдээлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.

40 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах

40.1.Сонгуулийн тойрогт нэр дэвшигч нь нь сонгуулийн сурталчилгааны зорилгоор нэг хэсэгт хоёроос илүүгүй тээврийн хэрэгсэл ашиглаж болно. Тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

40.2.Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн улсын дугаарыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлэн, таних тэмдгийг авч, ил харагдахуйц байрлуулна.

40.3.Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан таних тэмдэггүй авто машин, автобус, мопед, мотоцикль болон бусад тээврийн хэрэгслийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно.

40.4.Сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт самбар, дэлгэц, уриа, намын далбаа, чанга яригч байрлуулж болно.

41 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх

41.1.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг дараах хэлбэр, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр сонгогчдод тараах эрхтэй:

41.1.1.хоёр хэвлэлийн хуудас сонин;

41.1.2.хоёр хэвлэлийн хуудас сэтгүүл;

41.1.3.нэг хэвлэлийн хуудас ухуулах буюу зурагт хуудас.

41.2.Нэг нам, эвслийн тойрогт нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар хамтран гаргаж болно.

41.3.Зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.

41.4.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 41.3-т заасан байршил тогтоохдоо аливаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр заахыг хориглоно.

41.5.Энэ хуулийн 41.3-т заасны дагуу тогтоосон байршилаас өөр газарт зурагт самбар байршуулахыг хориглоно.

41.9.Монгол Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй.

41.10.Сурталчилгааны хэвлэмэл материалыг шуудангаар хүргүүлж болно.

41.11.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан зурагт самбарыг гэмтээх, устгахыг хориглоно.

41.13.Өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд нийтлүүлэх сурталчилгааны материал энэ хуулийн 41.1.1, 41.1.2-т заасан хэмжээнд хамаарна.

41.14.Энэ хуулийн 39.2.8-д заасан сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн үнийн дунджаас хэтрэхгүй байна.

41.15.Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг бүхэлд нь брайль үсэгтэйгээр хэвлүүлж болно. Брайль үсэг бүхий хэвлэмэл материал энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасан хэмжээнд хамаарахгүй.

41.16.Нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны нэгдсэн хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байна.

42 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглах

42.1.Тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбар /цаашид “нэгдсэн самбар” гэх/-ыг сум, дүүргийн Засаг дарга дараах шаардлагын дагуу бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулна:

42.1.1.нэр дэвшигчийн зурагт хуудас нь нэг хэвлэлийн хуудасны дөрөвний нэг хэмжээтэй байх;

42.1.2.зурагт хуудас байрлуулах дарааллыг энэ хуулийн 60 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтоох;

42.1.3.сонгогчийн тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, аймгийн төвийн суманд тав хүртэл, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулах.

42.2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг суманд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулж болно.

42.3.Зурагт самбарыг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар, үнэ төлбөргүй байрлуулна. Зурагт самбарт тухайн нам, эвслийн нэрийг дурдсан байна.

42.4.Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц, түүний орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй.

42.5.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байр байрлаж байгаагаас бусад байшин, барилга байгууламжид сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулахгүй.

42.6.Нэгдсэн самбар болон зурагт самбар байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.

44 дүгээр зүйл.Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглаан

44.1.Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ.

44.2.Сонгогчтой хийх уулзалт, хурал, цуглаан зохион байгуулахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, сонгуульд оролцогч талуудад тэгш хандах үүрэгтэй.

44.3.Дараах байгууллага, хуулийн этгээд сонгуулийн уулзалт, хурал, цуглаан хийхэд нь зориулж өөрийн эзэмшиж байгаа соёлын төв, биеийн тамирын болон хурлын заал, бусад байр, танхимыг үнэ төлбөргүй ашиглуулах үүрэгтэй:

44.3.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

44.3.2.төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;

44.3.3.төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээс дээш оролцоотой хуулийн этгээд.

44.4.Энэ хуульд заасны дагуу санал авах байр болгон бэлтгэсэн, эсхүл сонгуулийн хороод тухайн байр, танхимд үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд энэ хуулийн 44.3 дахь хэсэг хамаарахгүй.

44.5.Энэ хуулийн 44.3 дахь хэсэгт шүүх, прокурор, тагнуул, цагдаа, онцгой байдлын болон эмнэлгийн байгууллага хамаарахгүй.

44.6.Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Улсын Их Хурлын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт болон энэ хуулиар хориглоогүй арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 6 =

Create Account



Log In Your Account