Ховд аймгийн хувьд ард иргэд болон олон нийтийн анхаарлын төвд байдаг чухал асуудлуудын нэг нь Хөшөөтийн уурхайг тойрсон асуудлууд уг уурхайгаас орон нутагт ирэх өгөөж, хувь нэмэр, мөн байгаль экологи, хүрээлэн буй орчинтой холбоотой эрсдэлт хүчин зүйлүүд байдаг. Энэ үүднээс тухайн уурхайг эзэмшиж буй МоЭнКо компани аймгийн Засаг дарга, захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг бөгөөд анх 2011 онд байгуулсан хамтран ажиллах гэрээг 2014, 2018, 2021 онуудад гурвантаа шинэчлэн байгуулж, мөн 2024 онд гэрээг шинэчлэх хугацаа болсон учир тухайн оны 12 дугаар сард ажлын хэсэг байгуулсан боловч одоо болтол гэрээ шинэчлэгдэн байгуулагдаагүй байна.
Гэрээг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдахаас өмнө энэ талаар олон жил, 2012 оноос хойш хяналт, шинжилгээ үнэлгээ хийж, гэрээг шинэчлэх бүрт зөвлөн туслаж ажиллаж байсан мэргэшсэн иргэний нийгмийн байгууллага, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын иргэний нийгмийн зөвлөлийн төлөөллөөс тодорхой санал хүргүүлсний дагуу тэр мөчид аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Э.Уртнасан тэдгээр нөхдийг ажлын хэсэгт орж хамтран ажиллахыг урьж, харилцан зөвшөөрөөд байсан боловч аймгийн Засаг дарга М.Амарсанаа тэдгээр нөхдийг ажлын хэсгээс шалтгаангүйгээр хассан байдаг.
Өнөөгийн нөхцөлд мөнөөх 2024 онд байгуулагдсан ажлын хэсэг юу хийж буй нь мэдэгдэхгүй, гэрээ шинэчлэн байгуулагдахгүйгээр жил тойрч байгаагаас гадна уг уурхайн асуудлаар тулгамдсан асуудлууд шил шилээ даран өрнөж байна. Энэ оны эхний хагаст “МоЭнКо” компани татварын өр болон бусад шалтгааны улмаас гэрээлэгчдийн гэрээний үнэ, цалин хөлсийг олгохгүй хэдэн сар болсон бол одоо гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн тээврийн хөлсийг 20 хувиар бууруулах тухай мэдэгдлийг гэрээлэн гүйцэтгэгч компаниудад хүргүүлжээ. Гэрээлэн гүйцэтгэгч компаниуд болон тээвэрчид үүнийг зөвшөөрөхгүй байгаа тул зөрчил үүсээд байна. Харин үүнийг зохицуулах оролдлого хийх үүднээс аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяраас тээврийн хөлсийг 10 хувиар бууруулж болох юм гэсэн бичгийг “МоЭнКо” компанид хүргүүлсэн байна.
Уул уурхай, эрдэс баялгийн салбарын хариуцлага, ил тод байдлын үүднээс авч үзвэл компани хийгээд ИТХ-ын даргын хооронд ийм харилцаа явагдаж байгаа нь нийтлэг зарчмаас гажууд зүйл юм. Энэ асуудлыг гэрээлэгч, гэрээлэн гүйцэтгэгч талууд хоорондоо тохиролцсон нөхцөлд нэг мөр шийдэгдэх ёстой. Хоёрт үүнийг зохицуулах гол арга зам нь орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компани (МоЭнКо ХХК) хоёрын хооронд байгуулдаг хамтран ажиллах гэрээ, тэрчлэн дагалдах гэрээ болох гэрээлэгч, гэрээлэн гүйцэтгэгчдийн хооронд байгуулдаг гэрээнүүд болно. Урьдны 2021-2024 оны гэрээнд ийм асуудал тулгарвал хэрхэн зохицуулахыг тодорхой заасан байсан. Тухайлбал гэрээний 16 дугаар зүйлийн 16.6-д “тээвэрлэлтийн гэрээний нөхцөл, тээвэрлэлтийн үнэ хөлсийг Авто тээврийн тухай хуульд заасны дагуу Компани болон тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож тогтоох бөгөөд гэрээний талуудын чөлөөт байдалд бусад этгээдийн зүгээс хууль бусаар нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэхийг хориглоно” гэж, мөн 16.7-д “гэрээт аж ахуйн нэгжүүдийн зүгээс гэрээний үнэ, бусад нөхцөлтэй холбогдуулан санал гаргасан тохиолдолд талууд харилцан хэлэлцэж 30 хоногийн дотор зөвшилцөлд хүрнэ. Энэ хугацаанд Ховд аймгийн зүгээс төслийн болон тээвэрлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах арга хэмжээг авна” гэж, гэрээний 8 дугаар зүйлийн 8.11-д “орон нутагт үйл ажиллагаа явуулж буй тээврийн болон уул уурхайн компаниудад нэг зарчмаар, шударга, ижил тэгш хандах, тэгш боломж олгох, тэдгээрт тавих хяналт, шаардлага, гэрээний нөхцлүүдийг ижил байлгана. Хэрэв шударга бус байдал үүссэн гэж үзвэл энэ гэрээний нөхцөл, компанийн хүлээсэн үүрэгт зохих өөрчлөлт оруулна” гэж, мөн 8.13-т “гэрээний хэрэгжилтийн явцад мэргэжлийн болон иргэний нийгмийн байгууллагаар хяналт хийлгэх ажлыг зохион байгуулна” гэж тус тус заасан байдаг.
Гэтэл өнөөдөр ажил хариуцсан нөхдийн хэтэрхий цалгар байдлаас үүнийг зохицуулах хүчин төгөлдөр зохицуулалтгүйгээс нийтлэг зарчим гажуудаахад хүрээд байгаа нь ажиглагдаж байна.
РЕДАКЦИ