Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой хөрөнгө, оруулалт, тэтгэмж, туслалцааны асуудал бүрэн хэмжээгээр шийдэгдсэн

By: Admin
2024-12-25
0
1877

2017 онд шинэчлэн байгуулагдсан МоЭнКо ХХК болон Ховд аймаг хоорондын  Хамтран ажиллах гэрээнд заагдсан ёсоор Хөшөөт багийн төвийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хамтран зохион байгуулж байгаа. Ажлын далимаар Хөшөөтийн уурхай болон Цэцэг сумаар дайран гарах дашрамд МоЭнКо ХХК-ны хэрэгжүүлж байгаа “Хөшөөт төсөл”-ийн менежертэй энэ талаар цухасхан ярилцаж мэдээлэл авсныг толилуулж байна.

- Ажлын явц ямар байдалтай байна. Хамтран хэрэгжүүлж байгаа гэдэг үүднээсээ талууд чухам аль тал нь ямар ажлыг хариуцаж байгаа тухайд мэдээлэл өгөхгүй юу?   

- Уг ажлын хүрээнд Ховд аймгийн зүгээс багийн төвийн захиргааны барилга, тог цахилгааны асуудлыг шийдвэрлэж байгаа бол Компанийн хөрөнгөөр 100 хүүхдийн цэцэрлэг, 150 хүний багтаамжтай багийн Соёлын төв, халуун ус, уурын зуух, гүний худаг, ус түгээх байрууд, дулааны шугам сүлжээ, иргэдийн 15 сууцны барилга угсралтын ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж, 2019 оны 9 дүгээр сард ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг 100 хувь орон нутгийн мэргэжлийн компаниуд гүйцэтгэж байна.

- Хашаанд амьдрах айлуудын хувьд хашаагаа өөрсдөө барьж босгож байгаа юу, тэдэнд ямар туслалцаа үзүүлж байгаа вэ?

- Хашаа бүхий нийт 111 айл өрхөд зориулан компаний хөрөнгөөр 900м2 талбай бүхий хашааг шинээр барьж, бэлэн болгосон. Одоогоор хашааны хаалга болон хашаа тус бүрт нойлын асуудлыг барьж өгөх ажлыг эхлүүлээд байна. Үүний зэрэгцээ Аймгаас томилогдсон хараат бус үнэлгээний компаниар нүүлгэн шилжүүлж буй нийт 174 айл өрхийн эд хөрөнгийн үнэлгээг хийлгэж нөхөн олговор олгох, нүүлгэн шилжүүлэх зардал болон нүүлгэн шилжүүлэх 1 удаагийн мөнгөн олговрыг өрх бүрт олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд нийт 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцуулж байгаа юм.

- Чамлалтгүй дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа юм байна гэж ойлгогдлоо. Өнгөрсөн хавар нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор зарим зүйл дээр багийн иргэд оршин суугчдын зүгээс үл ойлголцол гарч байгаа тухай сонсогдож байсан. Энэ асуудал бүрэн шийдэгдсэн үү. Ер нь урьд, урьдны жилүүдэд багийн хөгжил, оршин суугчдын нийгмийн асуудлын талаар хэрхэн анхаарч ирэв?

- Дээр дурьдсанаас гадна 2014 оноос хойш одоог хүртэл нийт 174 өрхийг ус, цахилгаанаар үнэгүй хангаж, тодорхой хугацааны туршид иргэн бүрт нас харгалзахгүйгээр сар бүр 55 мянган төгрөг олгох, тус багийн төвийн нийт айл өрхийн иргэдийг ажлын байраар хангах, жил бүр үнэгүй буюу хямдруулсан үнээр нүүрс олгох зэрэг Хөшөөт багийн иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, Монгол улсын хэмжээнд анх удаа жишиг багийн төвийг барьж байгуулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Түүнчилэн Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд тосгоны мал бүхий иргэдийн өвөлжөө, хаваржааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор Багийн Засаг даргатай хамтран холбогдох судалгааг хийж байна.

- Ярилцсанд талархалаа.

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 10 =

Create Account



Log In Your Account