Орон нутгийн хүүхэд, залууст хувь хүний ур чадвар, энтрепренершилийн боловсрол олгох төсөл хэрэгжинэ.

By: Admin
2024-11-22
0
1936

Японы Хүүхдийг ивээх сангаас Монгол Улсын БСШУСЯам, ХНХЯам, Насан туршийн боловсролын Үндэсний төв, ГБХЗХГ, аймаг, сумдын ЗДТГ болон бусад холбогдох газар, хэлтсүүдтэй хамтран 2020-2023 онд “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийг хэрэгжүүлэх гэж байна. 

Уг төслийн танилцуулга мэдээлэл солилцох хурлыг энэ сарын 27-ны өдөр аймгийн ЗДТГ-т зохион байгууллаа. Энэ үеэр төслийн багийнхан өнгөрсөн хугацаанд Ховд аймагт хэрэгжүүлсэн “Үерт өртсөн орон нутгийн гэр бүл, хүүхдэд нийгэм, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь”, “Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх нь”, “Боловсролд тэгш хамруулах нь” зэрэг төслүүдийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаанд анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Мөн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Тус төслийг Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар гэсэн 5 аймгийн 25 суманд Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн 2,7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм.

Монгол улсад боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 улсаас 130 дугаарт жагсдаг.  Тиймээс тус төслийг орон нутагт хэрэгжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгосноор тэдний сурлагын чанарыг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх боломжтойг төслийн багийнхан хэлж байна.

Ховд аймгаас тус төсөлд 6 сум хамрагдах юм. Эдгээр сумдыг орон нутгийн хөгжлийн стратеги төлөвлөгөө, зах зээлийн судалгааг сайтар хийж байж сонгох шаардлагатайг талууд онцолж байлаа. Төслийн хүрээнд 2020 онд сонгогдсон сумдын хүүхэд, залуучуудад чиглэсэн судалгааг хийж, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, гарын авлагуудыг бэлтгэх аж.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 4 =

Create Account



Log In Your Account