Жаргалант суманд иргэдийн 13 бүлэг хяналт үнэлгээ хийнэ

By: Admin
2024-12-23
0
1871

Жаргалант сумын ИТХ, Жаргалант сумын ЗДТГ, "Тогтвортой амьжиргаа-3" төсөлтэй хамтран “Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалтыг 10-р сард зохион байгуулсан. Сургалтад Жаргалант сумын 12 багийн төлөөлөл 300 гаруй иргэн хамрагдаж, ОНХС-тай холбогдох хууль, дүрэм журмууд, төлөвлөлтийн үе шатууд гэх мэт иргэн бүрийн мэдвэл зохих сэдвүүдээр мэдлэг эзэмшиж,  өөрөөр хэлбэр ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн аливаа ажилд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чадвартай болжээ. Иргэд баг тус бүр дээрээ таван хүний бүрэлдэхүүнтэй 13 хяналтын бүлгийн зохион байгуулалтад орж, гишүүний үнэмлэхээ гардан авлаа.

Иргэдийн хяналтын бүлэг баг тус бүр дээр 2017,2018 онд хийгдсэн хоёр хүртэлх ажлын үйл явц, гүйцэтгэлийг хянаж ажиллах бөгөөд эхний ээлжинд хуулийн дагуу тухайн ажлыг гүйцэтгэгч компани ажлын зургийг бүтээн байгуулалтын ажлын талбайд байршуулсан эсэхийг хянаж, хэрэв байршуулаагүй бол байршуулах талаар заавар зөвлөгөө өгөх, ажлын зургийн дагуу хяналт тавьж ажиллахаар ийнхүү ажилдаа гарлаа.

Иргэд 2013 оноос хойш орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтөд саналаа өгч, тухайн санал нь баг, сум, аймгийн түвшний бодлоготой уялдуулан эрэмбэлэгдэж, сумын ИТХ-аар батлагдан, ажил хэрэг болсон олон санаачилгууд бий. Төлөвлөлтийн шатанд иргэдийн оролцоо тодорхой түвшинд хүрсэн учраас одоо хийгдсэн ажлуудад эргээд иргэдийн хяналтыг бий болгох шаардлага байгааг албаныхан онцолдог. Тиймээс Сургалтаас иргэдийн оролцоог хангасан иргэдийн бүлгийг нь байгуулуулж, нэгдсэн зохион байгуулалтад орж ОНХС-аар хийгдсэн ажлыг хянадаг, тухайн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хууль, түүнийг дагаж гарсан журмуудыг хэрэгжүүлэн ажиллах эхлэл ийнхүү тавигдлаа.

Иргэд төлөвлөлтийн шатанд оролцоод зогсохгүй, төлөвлөсөн ажлын үр дүн, гүйцэтгэлийг эргэн хянадаг туршлага ийнхүү Жаргалант сумаас эхэллээ. Энэ онд 65 иргэнээс бүртсэн 13 бүлэг ажиллах бол 2019 онд 70 гаруй хяналтын бүлгээр тухайн онд хийгдсэн ОНХС-ийн ажилд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэж, үр дүнг тооцохоор төлөвлөж байгаа юм байна.

 

Г.Энхжаргал


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 9 =

Create Account



Log In Your Account