Хууль, шүүхийн байгууллага нь өөрөө хууль завхруулсаар байна уу !

By: Admin
2024-11-16
0
1648

“Цагаан эрэг”-ийн гянт болдын орд газартай холбоотой эрүүгийн хэргийг тойрсон асуудал  

 

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Цагаан эргийн гянт болдын ордод хууль бус олборлолт газар авч, улмаар түүнийг цэгцлэх, байгаль орчинд учирсан хохирлыг арилгах нэрээр аймгийн ИТХ-аас 2014, 2015 онд “хөндөгдсөн газрыг нөхөн сэргээх” журам гаргасан /аймгийн ИТХ-ын 82, 60 дугаар тогтоолоор батлагдсан журмууд/. Уг журмууд нь хууль бус олон зөрчил агуулсан байсан бөгөөд түүн дээр дөрөөлөн нэр бүхий компаниуд, холбогдол бүхий этгээдүүд мөн хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь илэрч, эрүүгийн хэрэг үүсгэгдсэн ч шийдэгдэлгүй 5 жилийн турш сунжирч, дахин мөрдөн байцаалтын шатандаа очиж шинээр мөрдөгдөж эхэлснийг уншигчид мэдэж буй. Бид энэ тухай дэлгэрэнгүй нийтлэлийг өмнөх дугаартаа толилуулсан.       

Хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэхээс үл хамааран хуулийн дагуу хэрэгжих ёстой, байгаль орчныг хамгаалах, байгальд учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээх арга хэмжээ авагдаагүй, 2018 онд улсын байцаагчийн хуулийн дагуу гаргасан дүгнэлт, тогтоосон акт, хохирол арилгуулах тухай шаардлага нь биелэгдээгүйгээр барахгүй даруй таван жилийн турш сунжирч буй, эдгээр нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны сүүдэрт дарагдан замхрах тийшээ хандсан тул “Шинэ эвлэл” ОНСХ төрийн бус байгууллагаас явуулж буй “стратегийн өмгөөлөл”-ийн ажлын хүрээнд юуны өмнө Цагаан эрэгт учирсан хохирлын үнэлгээг тогтоолгох, нөхөн сэргээхтэй холбоотой нөхцөл байдлыг судлан, хүлээсэн үүргийнхээ дагуу хийвэл зохих алхамуудаа хийж, дорвитой  арга хэмжээ авахад нь төрийн холбогдох байгууллагуудад нөлөөлөх, зөвлөмжлөхийг зорьж ажиллаж байгаа юм. shuuxed 1

Энэ хүрээнд тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шатанд Цагаан эргийн орд газарт учруулсан экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг тооцож тогтоох ажил хуулийн дагуу хийгдсэн эсэхийг мэдэхийг зорьж БОАЖЯ, Улсын МХГ, Эрүүгийн цагдаагийн газар, Авилгатай тэмцэх газраас удаа дараа тодруулж нэг бус удаа албан бичгээр хандсан бөгөөд тэд бүгдээрээ мэдээлэл өгөхдөө нэн хойрго байснаас гадна энэ тухай мэдээлэл огт байхгүй байна гэцгээсэн. Эцэст нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэд хэд дахин шалгаааж байж “2018, 2019 онд “Тод хангал” ХХК-ны хийсэн Цагаан эрэгт учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ, тооцоо хавтаст хэрэгт хавсаргагдсан байна” гэсэн хариу авсан юм. Гэсэн ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байгаа тул шүүхээс энэ мэдээллийг өгөх боломжгүй харин тухайн үнэлгээ хийсэн компаниас уг материалыг гаргуулан авах бололцоотой хэмээсэн. Бид компаний хаягийг сурвалжлан олж уг компаний хүмүүстэй холбогдсон авч “компанид үнэлгээний материалын хувь нь байгаа эсэх мэдэгдэхгүй байна, уг компанийн эрхлэж байсан хүмүүс нь нас барсан тул материалыг эрж хайгаад ч олдоогүй” гэсэн хариу авсан. Хуулийн дагуу бол байгаль орчны улсын байцаагч нь сүйтгэгдэж, эвдэрсэн газрын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож, буруутэй этгээдээр төлүүлэх эрхтэй байхаар заажээ.

Тодруулбал Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Нөхөн төлбөрийг ногдуулсан байгаль орчны хяналтын улсын байцаагч ажлын 14 хоногт багтаан тухайн төлбөрийг барагдуулах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна” гэж заасан байна. Шүүхийн өгсөн мэдээллээр хохирлын үнэлгээг тогтоож хавтаст хэрэгт хавсаргасан гэсэн атал тухайн үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг яагаад барагдуулахгүй байна вэ? Дээрх хуулийн заалтын дагуу бол 14 хоногт багтааж төлүүлэх эс бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд шилжүүлнэ гэсэн байх атал хууль шүүхийн байгууллагууд нь өөрөө хуулийг биелүүлэхээс зайлсхийсээр байна бус уу? гэсэн асуулт ч гарч ирж байгаа юм. Түүнчлэн БОХТ хуулийн 49 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно” гэсэн. Мөн Байгаль орчин, уур амьсгалын сангийн мэдээлэл нь цахимд ил тод нээлттэй байрших ёстой. Гэтэл мэдээллийн санд ямар ч мэдээлэл байхгүй, БОАЖЯ болон Цагаан эргийн орд газрыг харъяалж буй Ховд аймгийн Цэцэг сумын Засаг дарга болон түүний Тамгын газар, мөн Улсын МХГ, Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-ууд энэ тухай огт мэдэхгүй гэсэн хариу өгсөөр байгаа нь ойлгомжгүй байгаа юм.     

Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Цагаан эргийн хохирлыг  арилгах стратегийн өмгөөлөл”-ийн төслийн хүрээнд “Шинэ эвлэл ОНСХ” ТББ, Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран ажиллаж Цагаан эрэгт явагдсан гэмт хэргийн үйлдэл бүхий, хууль бус ажиллагааны улмаас учруулсан хохирлын экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгох, хохирлыг барагдуулах, нөхөн сэргээлт хийх асуудлыг хуулийн дагуу зохион байгуулахыг санал болгон БОАЖЯ, тус яамны Тусгай хамгаалалтай нутгийн удирдлагын газар мөн Үнэлгээ аудитын хэлтэст тус тусын байгууллагаас 2021 оны 10 сараас эхлэн удаа дараа албан бичиг илгээж санал хүргүүлэн, утсаар холбогдож ярилцсаны эцэст БОАЖЯ-наас Ховд аймгийн Засаг даргад хандан тухайн асуудлаар хуулийн дагуу шийдвэр гаргаж, арга хэмжээ авахыг даалгасан 2022 оны 3 дугаар сарын 22-ны 03/1442 дугаартай албан тоотыг хүргүүлсэн.

 “Шинэ эвлэл” ОНСХ ТББ-аас санаачилан аймгийн холбогдох байгууллагууд /ИТХ, ЗДТГ, БОАЖГ, МХГ, зарим ТББ-гын төлөөлөл/-ийг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг 4 дүгээр сарын 26-нд зохион байгуулсан. Мөн МУБЦГ-ын Хамгаалалтын захиргаанаас 2022 оны 5 дугаар сарын 21-нд Цэцэг суманд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд “Шинэ эвлэл” ОНСХ ТББ-аас оролцож, Цагаан эрэгт учирсан хохиролтой холбоотой үүссэн нөхцөл байдал, үүтгэл шалтгаан, цаашид энэ хохирлыг арилгах мөн үүнтэй ижил төстэй асуудлууд дээр тал талаасаа юуг анхаарч, ямар арга барилаар ажиллавал зохих талаар илтгэл хэлэлцүүлэн, хурлын зөвлөмжид санал оруулсан. Ховд аймгийн Засаг даргаас БОАЖЯ-нд хандан компаниудын хууль бус ажиллагааны /нөхөн сэргээлт нэрийн дор явуулсан олборлолт/ улмаас Цагаан эрэгт учирсан хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хуулийн дагуу тогтоолгосон эсэх, нөхөн сэргээлт хийхийн тулд аймгаас арга хэмжээ авахад БОАЖЯ хуулийн дагуу хэрхэн зөвлөн туслах талаар тодруулж, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/1039 дугаар албан бичгийг хүргүүлсэн. zd

Баянгол дүүргийн ЭХАШ-ны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ /уг хэргийг Баянгол дүүргийн ЭХАШ-ны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр анхан шатны журмаар шүүн тасалж, тогтоол гаргасан/ шийтгэх тогтоол буюу шүүхийн шийдвэрээ хуулийн дагуу ил тод тавиагүй, тэр ч байтугай хэргийн хохирогчдыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хохирогчдод шүүх хуралдааны шийдвэр тогтоолын хувийг ирүүлээгүй ноцтой асуудал байгаатай холбоотойгоор стратегийн өмгөөллийн үйл ажиллагааны хүрээнд “Шинэ эвлэл” ОНСХ ТББ-аас  шүүхийн тогтоолоо гаргаж үзүүлэхийг хүссэн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 11/58 дугаар албан бичгийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд мөн хүргүүлсэн. Харин Баянгол дүүргийн ЭХАШШ уг албан бичигт 2022 оны 6 дугаар сарын 27-ны 403 дугаар бичгээр хариу өгөхдөө “тухайн эрүүгийн хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэж, нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн тул шийтгэх тогтоолыг хуулбарлах, хавтаст хэргээс баримт  хүргүүлэх боломжгүй” хэмээн мэдэгдсэн бөгөөд “шийтгэх тогтоолоо яагаад хуулийн дагуу шүүхийнхээ цахим санд байршуулаагүй вэ?” гэсэн асуултанд мөн л “хэргийг хаалттай хэлэлцэж шийдвэрлэсэн учраас” гэж хариулт өгөв. Гэтэл Шүүхийн тухай хуулийн 12 болон 22 дугаар зүйлүүдэд шүүн таслах ажиллагаа, шүүх хуралдааны ил тод нээлттэй байдлыг хангах талаар хангалттай заалтууд тусгагдсан тухайлбал хуулийн 12-ын 6-д “Төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцад хамаарахаас бусад тохиолдолд шүүх хуралдааныг цахимаар болон телевизээр нэвтрүүлж болох бөгөөд холбогдох журмыг Ерөнхий зөвлөл батална” гэх мэтээр заасан, мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3-ын 2-тТөрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хамгаалах шаардлагатай, өсвөр насны яллагдагч, арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34-ын 4-т:

“1.Шүүх хуралдааныг нээлттэй явуулна.

2.Шүүх хуралдааныг дараахь тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна:

2.1.төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх;

2.2.өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол;

2.3.арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагатай гэж үзвэл:  

2.4.хамгаалалтад байгаа гэрчийн мэдүүлгийг уншиж сонсох, эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад олж авсан нотлох баримтыг шинжлэн судлах.

5.Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно” гэж тус тус заасан байна.

Эндээс үзэхэд нөхөн сэргээлт нэрийн дор “Цагаан эрэгт” хууль бус ашиг олох олборлолт явуулсан гэмт ажиллагаа нь дээр дурьдсанчлан шүүх хуралдааныг хаалттай явуулж болох хүндэтгэх шалтгааны алинд нь ч хамаарахгүй, 100 хувь нээлттэй явуулбал зохих хэрэг гэдэг нь ойлгомжтой байна. Тодруулбал түүнд төрийн болон албаны нууцын асуудал хамаарах боломжгүй Ховд аймгийн ИТХ-аас гаргасан хуулийн зөрчилтэй тогтоолыг нь ИТХ өөрөө 2018 онд хүчингүй болгож энэ нь ил тод зарлагдсан. Тогтоолын эх хувь нь ч ил тод байгаа. Бас уг асуудалд хувь хүний, гэр бүлийн аливаа нууц хамаарах ямар ч үндэслэлгүй, харин эрх мэдэлтнүүдийн, албан тушаалтнуудын хууль бус хуйвалдааны нууц л байх боломжтой /үүнийг хуулиар хамгаалах ёсгүй/, уг хэрэгт насанд хүрээгүй ямар нэг иргэн холбогдоогүй болно.   

“Шинэ эвлэл” ОНСХ-оос явуулж буй стратегийн өмгөөллийн гол зорилго нь Цагаан эрэгт учруулсан байгаль экологийн хохирлыг арилгахад чиглэгдэх бөгөөд энэ талаар хуулийн дагуу үүрэг хүлээдэг төр захиргааны байгууллагуудад нөлөөлөх, шахаж шаардах замаар хохирлын үнэлгээг нэн даруй бодитой тогтоолгож, учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, улмаар нөхөн сэргээлт хийлгэх тухай асуудлыг шүүхэд хэрэг үүсгүүлэхгүйгээр шийдүүлэхийг хичээж байна. Тэгтэл хэргийг хянан шийдвэрлэж буй хууль шүүхийн байгууллагууд нь өөрсдөө хууль зөрчиж, хуйвалдаан зохиож, мэдээлүүллүүдийг хууль бусаар нууцалж, шүүх хуралдаанд хэргийн хохирогчдыг оролцуулахгүй байх, шийтгэх тогтоолыг хохирогчдод олгохгүй байх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулж, бидний мэдээлэл олж авах, судлах үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар байна. Тэрчлэн “Шинэ эвлэл” ОНСХ-ТББ энэ асуудлаар нийслэлийн прокурорын газарт хандаж эхлээд байгаа бөгөөд Прокурорын газраас ямар хариу авах нь тодорхойгүй байгаа билээ.

Төслийн хүрээнд явуулсан ажиглалт, судалгааны үр дүнд бид хаа газарт байгаа үүнтэй төстэй нөхцөл байдлын тухайд, түүнчлэн Цагаан эргийн орд газрыг тойрсон асуудалтай төстэй хэргийг дахин гаргуулахгүй байхад нөлөөтэй гэж үзсэн дараах зөвлөмжүүдийг хүргэсээр байгаа билээ. Үүнд:

  • Юуны өмнө дээрхтэй төстэй асуудлуудтай холбоотой захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны Ерөнхий хуульд заагдсан сонсох ажиллагааг заавал явуулж хэвших
  • Ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сайтар сэргийлэх
  • Гаргахыг завдаж буй шийдвэр, захиргааны акт нь холбогдох хууль журам зөрчиж буй эсэхийн хянан нягтлах
  • Мэргэжлийн байгууллагууд болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийнхэнтэй хамтран ажиллах
  • Хохирлыг үнэлэх, арилгах арга хэмжээ авах, нөхөн сэргээх тухайд хуулийн заалтуудын хэрэгжилтийг хангах талаар холбогдох байгууллага, газрууд хоорондоо уялдаатай ажиллаж, асуудлыг цалгардуулж мартагдуулахаас сэрэмжлэхийн зэрэгцээ, эрх зүйн хувьд бүрхэг, тарамдуулсан нөхцөл шалтгаанууд байгааг анхааран, хууль эрх зүйг цаашид улам боловсронгуй болгох шаардлага байгааг хаа, хаанаа анхаарах
  • Хууль шүүхийн байгууллагад нь өөрсдөө хууль завхруулахыг цээрлэх !

            Хамгийн гол нь учирч болох эрсдлийг урьдаас сэрэмжлэн зайлуулахад хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд, хууль хяналтынхан, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, иргэд олон нийт тал талаасаа анхаарах  нь нэн чухал гэдгийг онцлон сануулж байгаа юм.

        “Цагаан эргийн хохирол арилгах стратегийн өмгөөлөл” төслийн баг

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 6 =

Create Account



Log In Your Account