“Уул уурхайн долоо хоног”-ийн дундуур хөндөгдсөн асуудлууд

By: Admin
2024-12-22
0
1264

Г.ТӨРМӨНХ                 

Монгол улсын Засгийн газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн ассиоциац, “Оюу толгой”, “Эрдэнэс таван толгой” компаниудын хамтран зохион байгуулсан “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээ 2022 оны 9 дүгээр сарын 19-ээс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод явагдав. Оролцогчийн хувьд хувийн дүгнэлтээ илэрхийлбээс энэхүү арга хэмжээ нь Монгол улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татаж эрчимтэй ашиглах, уул уурхайгаас олох орлогыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн чадавхийг сайжруулах, өөрөөр хэлбэл уул уурхайгаас яаж мөнгө олох вэ гэсэн хандлагыг бүхэлдээ илэрхийлж байлаа. Гэвч уул уурхайн бодлогыг оролцоотойгоор сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг дэлгэрүүлэх, эрх зүйн шинэчлэлийг хийхдээ олон талын оролцоог чухалчилах, хууль тогтоомжийн тухай хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, нээлттэй хэлэлцүүлгүүд өрнүүлж, ард түмний саналыг сонсож нягтлах, Монгол орны болон ард иргэдийн хойч ирээдүйг эрхэмлэсэн, алсыг харсан, сөрөг үр дагавар,  сөрөг хүчин зүйлсийг сайтар тандаж, тооцож, эргэж нягталсан бодлого явуулахыг шаарддаг ард олны хүсэл шаардлагыг авч хэлэлцэх тухайд тун учир дутагдалтай байв. Учир нь долоо хоногийн арга хэмжээний үндсэн хөтөлбөрт энэ чиглэлийн илтгэл, мэдээллүүдийг оруулсангүй. “Төлсөн авснаа нийтэл” олон улсын эвслийн Монгол дахь зөвлөл, Нээлттэй нийгэм форум болон идэвхтэй төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд хамтран, энэ чиглэлээр илтгэл  мэдээлэл хэлэлцүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, хөтөлбөртөө оруулж өгөхийг хүссэн боловч хүлээж аваагүй юм. Харин дээрх байгууллагууд хамтран долоо хоногийн арга хэмжээний хүрээнд “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэдэвт иргэний нийгмийн хэлэлцүүлгийг уг үйл ажиллагааны хүрээн дэх хуралдаанууд явагдаж байсан “Шангрила” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулсныг онцлон дурьдвал зохино.

mining week 1

Үндсэн зохион байгуулагчид болон ажлын хэсгээс гаргасан хөтөлбөрийн хүрээнд “Ашигт малтмал, газрын тосны хайгуул олборлолтын өнөө ба ирээдүй”, “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагаа”, “Mine golia”-g хэн үгүй хийсэн бэ?” хэмээх Монгол дахь Америкийн худалдааны танхимын хэлэлцүүлэг, онцлох төслүүдийн танилцуулгууд, “Эрдэс баялгийн салбар ба хөрөнгийн зах зээл”, “Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг”, “Уул уурхай ба орон нутгийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд”, “Нөхөн сэргээлт, уул уурхайн хаалтыг тойрсон асуудлууд”, “Гүний уурхайн өнөөгийн төлөв байдал, цаашдын чиг хандлага”, “Үүсмэл орд болон түүнийг тойрсон асуудлууд” гэсэн гол сэдвүүдээр бага хурлууд болон хэлэлцүүлгүүд өрнүүлсэн юм. “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлын хүрээнд тавигдсан илтгэлүүд, хийгээд хэлэлцүүлгийн үеэр яригдсан зарим зүйлийг онцловол Уул уурхайн ассиоциацын тэргүүн Эрдэнэтуяа хэлэхдээ “өнөөгийн нөхцөлд Монгол улсын уул уурхайн салбарт хууль, журмыг гэнэт өөрчилдөг, хуулиуд хоорондоо зөрчилддөг, зарим журам нь хуулиас давсан эрхийг бий болгодог, уялдаа холбоо муутай, тогтворгүй эрх зүйн орчин ноёлж байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээх томоохон хүчин зүйл болж байгаа хийгээд үүнийг эргэж харж, засамжилах нь зайлшгүй тавигдаж байгаа шаардлага” гэсэн бол Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин “хөрөнгө оруулалт гэдэг нь  мөнгө санхүүгээс гадна боловсронгуй орчин, дэвшилтэт технологи, арга барил, мэдээлэл, техникийн шийдэл, боловсон хүчний чадамж, боловсрол гэх олон хэлбэрээр биеллээ олж байх ёстойг онцолсон. Мөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш хэлэхдээ “өнөөдрийн ашгийн төлөөх өрсөлдөөн бус олон жилийн туршид үргэлжлэх ирээдүйн төсөөллийг бий болгох үүднээс хөрөнгө оруулалт хэрэгтэй байдаг” гэсэн нь тун бодууштай санагдав. Мөнхүү илтгэл хэлэлцүүлсэн, хэлэлцүүлэгт “панелист”-ээр оролцсон эрхэмүүдийн амнаас “манайхан  барууны ертөнцийн бизнесийн өндөр соёлыг мэддэггүй, ойлголтын зөрүү гардаг, тэдний түвшинд хүрч сэтгэж чаддагүйгээс гологдож байна” гэх маягийн утгатай “цэцэрхэл”-үүд олонтоо сонсогдож байлаа. Дээр дурьдсан хүмүүсээс гадна эдгээр бага хурал, хэлэлцүүлгүүдэд Уул Уурхай Хүнд үйлдвэрийн яамны сайд, удирдлагууд, “Рио Тинто” группын Монгол дахь үйл ажиллагаа эрхлэсэн захирал Х.Амаржаргал, “Эрдэнэс Монгол” компаний удирдлагууд, Монголын Бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт, Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Жеймс Лиотта, “Оюутолгой” ХХК-ны ХАМХ хариуцсан менежер Ж.Золжаргал, Европын сэргээн босголт хөгжлийн банкы Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, Монгол дахь Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ын дарга Жулиан Ларенс, Австралийн Куйсландийн их сургуулийн профессор Диана Кемп, Вигия Шарма, Канадын Бритиш Колумбын их сургуулийн багш, доктор Жоселин Фрейзер, “CPP Enveroment” байгууллагын судлаач Мике Поскенте гэх зэрэг нэр хүндтэй эрхэмүүд олноор оролцсон. 

m

    Эдгээр бага хурлууд, хэлэлцүүлгүүдийн дундуур “Эрдэнэ ресурс деволопмент корп” корпарацийн  “Алтны шинэ дүүрэг бий болгох” төсөл, ”Гурван тэс-ХХХҮ- компаний “Нүүрсний шинэ давхрагын метан хийн” төсөл, “Уран-Мон атом” компаний Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт уран олборлох төсөл, “Эрдэнэс газ” компаний ОХУ-аас хэрэгжүүлж буй байгалийн хийн хоолой барих ажлыг Монгол улсын нутгаар дамжуулах байгууламжын төсөл, “Эрдэнэс Монгол” компаний “Асгатын мөнгөний орд” төсөл, “Эрдэнэс-Алт ресурс” компаний “Алтны ордууд” төсөл, Эрдэнэс силвер ресурс компаний “Овоот хяр-Өлзийт овоон алтны орд” төсөл гэх мэт уул уурхайн олборлолтын төслүүдийг танилцуулав.  

minig week 3    

Долоо хоногийн арга хэмжээнээс бидний хувьд онцлож авч үзэх нэг сэдэв нь “Хариуцлагатай уул уурхай ба орон нутаг”, “Уул уурхай ба орон нутгийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд” гэсэн сэдэв байв. Уг сэдвийн хүрээнд тавигдсан Экологийн цагдаагийн албаны дэд дарга Т.Баатарын илтгэлээс эшэлвэл “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг жил дараалан өссөн дүнтэй байгаа. Тухайлбал хууль бусаар ашигт малтмал олборлож, хууль бус ашиг олох гэмт хэрэг 2016 онд 104, 2017 онд 126, 2019 онд 136, 2020 онд 221, 2021 онд 175, 2022 оны эхний 8 сарын байдлаар 102 удаа гарсан. Үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 25-30 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эзлэж байгаа. Мөнгөтэй, орчин үеийн техникээр өвч зэвсэглэсэн гэмт бүлэглэлтэй тэмцэхэд хүчин мөхөсдөх ч явдал байдаг” гэсэн юм.  Уул уурхайн хяналт мониторингийн чиглэлээр олон жил уйгагүй ажиллаж, тэмцэж ирсэн “ТАН“ эвслийн зохицуулах зөвлөлийн гишүүн, “Хил хязгааргүй алхам” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Баярсайхан хэлэхдээ “уул уурхайн салбар дахь өнөөгийн тулгамдсан асуудлуудыг цэгцлэж гаргалгаа олоход иргэний нийгмийн оролцоо нэн чухал. Өнөөгийн нөхцөлд Монгол улсад энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд нь ил тод байдлыг болон засаглалыг сайжруулах, авилгалыг бууруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Стратегийн өмгөөлөл хийж, хууль бус асуудлуудыг хэрхэн арилгах, яаж шийдэх талаар тодорхой гаргалгаанууд гаргаж байна. Энэ нь бизнесийн хөгжлийн тусын тулд юм. Уул уурхайд нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийдэг болох хэрэгтэй. Сонсох ажиллагааг огт явуулахгүй байгаа. Үүнийг хэрэгжүүлдэг болох, олон нийтийн оролцоог эрс сайжруулах шаардлага чухал байна” гэсэн. Мөн хоёр дахь хэлэлцүүлэгт панелистээр оролцсон “ТАН“ эвслийн зохицуулах зөвлөлийн гишүүн, “Ховдын толь сонин” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Төрмөнх /миний бие/ “орон нутагт буй болсон уул уурхайн нэн тулгамдсан, мухардмал асуудлуудлын голлох шалтгаан нь уул уурхайн харилцаанд оролцож буй бүх талуудын жигд оролцоог анхнаасаа хангадаггүй, иргэний нийгэм, хөндлөнгийн хараат бус експертүүдийн үг, зөвлөмжийг төдийлөн хайхардаггүй, хуулийн дагуу эрх ашиг нь хөндөгдөж буй иргэдийн дунд сонсох ажиллагаа явуулдаггүй. уул уурхайн лиценз эзэмшигчийн түүх хийгээд хэрэгжүүлэх төслүүдийн талаар бодит мэдээллийг олж авах боломж нь олон нийт, ард түмэнд нээлттэй бус байгаатай холбоотой” гээд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр боловсруулж буй, нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж буй хуулиуд, эрх зүйн баримт бичгүүдийн төслүүдийг олон нийтэд анхнаас нь нээлттэй болгох, өргөн хэлэлцүүлгүүд өрнүүлэх, талуудын жигд оролцоог хангах тухайд дорвитой арга хэмжээ авч ажиллахыг салбарын яам, ажлын хэсгийнхэнд санал болгосон.

mining week 2

Дээр үгүүлсэнчлэн “ТАН” /Төлсөн авснаа нийтэл эвсэл/, түүний гишүүн байгууллагууд санаачлан уул уурхайн долоо хоног арга хэмжээний хүрээнд “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” хэлэлцүүлгийг зохион байгуулж, тухайн чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд, экспертүүд, салбарын яам /УУХҮЯ, БОАЖЯ/, мэргэжлийн байгууллагууд, хууль хяналтын байгууллагынхан, уул уурхай идэвхтэй өрнөж буй орон нутгийн иргэдийн төлөөллүүдийг өргөнөөр оролцуулав. Энэ бага хурал, хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид, “Хүний эрх, хөгжил төв” ТББ-ын тэргүүн Г.Уранцоож, Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, “Транспэрэнси итернэшнл Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр нар илтгэл хэлэлцүүлж, Эрдэс баялгийн салбарт Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд ямар асуудлууд байгаа, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг буй болгоход өнөөгийн нөхцөлд бодлогын түвшинд яаж ажиллавал зохих, юу дутагдаж байгаа тухай, тэрчлэн уул уурхайн салбарт талуудын оролцоог бодит утгаар нь тэгш хангасан, ирээдүйн сайн сайханд чиглэгдсэн, боловсронгуй засаглалыг буй болгохын тулд үзэл баримтлал, бодлого стратегидээ юуг анхаарах  талаар онол, амьдрал, олон улсын туршлага, өнгөрсөн өнөөгийн сургамжид тулгуурласан гаргалгаанууд дэвшүүлж, тодорхой асуудлуудыг санал болгосон юм.

Илтгэлүүдийн дараа өрнөсөн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын зүгээс уул уурхайн салбарт явуулж буй өнөөгийн төрийн бодлого, эрх зүйн орчны тухай, нэн ялангуяа эрх зүйн орчинг бүрдүүлэх, хууль боловсруулж батлуулахад “Хууль тогтоомжийн тухай” хуулийн тодорхой заалтуудыг хэрэгжүүлэхгүй, оролцоог сайтар хангахгүй, нээлттэй бус байгааг эрс шүүмжилж байв. Ашигт малтмалын тухай хуулийн төслийг яагаад нээлттэй болгохгүй байгааг асууж оролцогчдын зүгээс хүчтэй шахалт үзүүлсний үр дүнд УУХҮЯ-ны газрын дарга Д.Цогтбаатар “хуулийн төслийг өмнөх сайд /9 сарын эхээр албан тушаалаас чөлөөлөгдсөн/ нууцлахыг тушаасан” хэмээн улайв. Хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ИТХ-ын дарга байр сууриа илэрхийлэхдээ “Өнөөдрийн манай Засгийн газраас явуулж буй бодлого нь суурьгүй, өөрөөр хэлбэл ард түмнийхээ санаа бодол хүсэл зорилгод тулгуурлаагүй, гадаадынхны үг зөвлөмжийг биелүүлэхэд чиглэгдсэн муйхар хандлагад тулгуурлаж байгаа учир орон нутгийн бид нар дэмжих боломжгүй байна” хэмээн шулуухан хэлэв. Энэ мэтээр орон нутгаас ирсэн малчид, иргэдийн санал шүүмжлэл хөвөрсөн бөгөөд салбарын яам, төрийн байгуулагууд уул уурхайн салбарын компаниудаас оролцсон төлөөллүүдийн ихэнх нь уг санал шүүмжлэлээс зугатаж хэлэлцүүлгийн танхимыг орхин гарч одсон нь харамсалтай байв. “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” иргэний нийгмийн хэлэлцүүлгээс санал зөвлөмж гаргасан ба уг санал зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж байгаа юм. Тэрхүү санал зөвлөмжийг бид дараагийн удаад нийтлэх болно.

mining week 4    

 

      

                    


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
6 + 6 =

Create Account



Log In Your Account