Ховд аймаг авлига, хүнд суртлыг халах "ХАРИУЦЛАГАТАЙ, ТУНГАЛАГ ТӨР" хөтөлбөртэй болно

By: Admin
2024-11-22
0
1874

Шинээр томилогдсон удирдлагууд хариуцлагатай, ил тод, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгоход иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг тэдний оролцоотойгоор шийдэл гарцыг эрэлхийлэх, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, үйлчилгээний соёл, хүргээмжийг дээшлүүлэх зорилгоор “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөж буйгаа шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгдэж байсан юм. Тэгвэл хөтөлбөр боловсруулах анхны хэлэлцүүлгийг энэ сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулав. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, ахмад, залуу үе гээд салбар бүрийн төлөөлөл 30 гаруй хүн оролцож, санал солилцсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд “Хариуцлагатай, тунгалаг төр” хөтөлбөрийн хэлэлцүүлгийг олон үе шаттайгаар зохион байгуулж, гарсан саналд үндэслэн судалгаа хийж, эрдэмтэн, судлаачдын багаар хэлэлцүүлсний эцэст хөтөлбөрөө батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллахаа дурдав.

- Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудаас эшлэл болгон хүргэе.-


Ховд аймаг дахь Залуу багш нарын холбооны тэргүүн, Прогресс сургуулийн сургалтын менежер Х.Лхамсүрэн:
Чадварлаг залуусын намын харьяалал, ар тал харалгүйгээр ажилд авах хэрэгтэй байна. Төрийн албан хаагчдын хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, сургалтад хамруулмаар байна.

Хан Жаргалант Ховд хоршооны менежер Э. Өлзийхүү: Хариуцлагатай, тунгалаг төр хөтөлбөр боловсруулахаар санаачилга гаргаж, ажил хэрэг болгохоор зүтгэж буйг дэмжиж байна. Алдаа дутагдал гаргалаа гэхэд хариуцлага хэрхэн тооцох вэ гэдэг асуудал их чухал. Хуулийг дарга, цэрэггүй мөрдөөд явбал хариуцлагатай, тунгалаг төрийг бий болгож чадна. Хууль иргэн бүрт тэгш үйлчилдэг байгаасай. Иргэд бидний санал төрийн бодлого төлөвлөлтөд хоцрогдчихсон байдаг. Төлөвлөөгөөг цаг үеийн шаардлагаа дагаад өөрчлөлтийг оруулж баталдаг байгаасай гэж боддог. Миний хувьд үйлдвэр байгуулах гэж хоёр жил гаруйн хугацааг үйлдвэр барих газрын асуудлаар цаг алдсан. Шат шатандаа хариуцлагаа ухамсарлаад хуулийн дагуу чиг үүргээ хэрэгжүүлээд ажиллавал төрийн ажил тунгалагшина.

Хувь хүний хөгжлийн институтын сургагч багш Ш.Номин-Эрдэнэ: Миний хувьд их сургуулийн бакалаврын дипломоо “Төрийн байгууллагын стратеги төлөвлөлт” сэдвээр хамгаалсан. Дипломын ажлаа бичихдээ төрийн албан хаагч болон иргэдийг судалгаандаа хамруулсан. Ховд аймгийн хөгжлийн бодлого стратеги төлөвлөгөөний тухай жирийн иргэн, хариуцлагатай алба хашдаг төрийн албан хаагчаас асуухад адилхан мэдээлэлтэй байх жишээний. Тэр бүү хэл их сургуулийн багш нар ч мэдэхгүй байх жишээтэй. Энэ том бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх шатны төрийн албан хаагчид мэдэхгүй байхад ард иргэд ямар мэдлэг, мэдээлэлтэй байх вэ гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Энэ хөтөлбөрт саналыг маш хялбар аргаар цахим шуудангаар авах ч юмуу зохицуулалт хийж, хэрэгжүүлэх арга замыг сайн тодорхойлоосой гэж бодож байна.

Ахмад багш Б.Даваа: Иргэдийн түгээмэл үйлчилгээ авдаг нийгмийн даатгал, эмнэлэг, сургууль, улсын бүртгэл гээд бүх шатны албан хаагчдад хариуцлагыг ойлгуулах хэрэгтэй. Боловсролын салбарт сүүлийн 20 жилд 8 удаа хөтөлбөр өөрчлөгдлөө. Хүүхдүүдийг урамшуулдаг дүнд нь хангалттай, хангалтгүй үнэлгээтэй тогтвортой бус байна. ЕБС-ийн сурагчдын хувьд ахмад настнаа хүндэтгэх, зан суртахууны ёс зүй алдагдсан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад тааруу оноо авсан хүүхдүүд багш болж байгаад би шүүмжлэлтэй ханддаг. Үнэхээр боловсролын салбарыг чадварлаг боловсон хүчнээр хангаж, энэ улсын ирээдүйг бэлтгэе гэж байгаа бол өндөр оноотой, онооны шалгуур хангасан хүүхдүүдийг багш мэргэжлээр суралцуулах хэрэгтэй байна. Ажиглаад байхад сүүлийн жилүүдэд шат шатны удирдлагууд “ургийн мод” шиг болчихсон байна. Энэ хөтөлбөрийг бүх шатны байгууллага дээр хэлэлцүүлж, хэрэгжүүлэх хугацааг тодорхой зааж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Хариуцлагын асуудлыг тухайн албан тушаалд ажиллаж буй хүний мэдлэг, чадвартай нь холбож ойлгодог. Жишээлбэл, шинээр баригдсан орон сууц хүүхдийн тоглоомын талбайгүй, гадна тохижилт хийгдээгүй байхад л дарга даамлууд хүлээгээд авчихдаг. Үүнийг мэдлэггүй, хариуцлагагүй, сэтгэлгүй гэхээр өөр юу гэх билээ. Алдаа дутагдал гаргасан, хариуцлагагүй нөхөд хариуцлага хүлээх биш албан тушаал ахиж бна. Төрийн албаны нэр хүнд асар их унаж байгаа нь манай аймагт авилга газар авсантай холбоотой гэж боддог. Тиймээс авилгыг жигших уриа лоозон гаргая, төрийн бүх шатны байгууллагуудад мөрдүүлье. Шинэ удирдлагуудын гаргасан санаачилгыг ахмад багшийн хувьд дэмжиж байна.

"Буянт үйлийн шим хоршоо"-ны дарга А. Сэржханд: Төрийн албан хаагчид хариуцлагатай байх хэрэгтэй байна. Ард иргэдийн түгээмэл үйлчлүүлдэг газруудад хүнд сурталтай, харилцааны соёлгүй, зөвлөх үйлчилгээ хангалтгүй байдаг. Шинэ удирдлагуудад уламжлах хэдэн санал байна. Нэгдүгээрт, аймаг бүрт үйлдвэрлэл хөгжүүлэх 21-100 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэхийн тулд аймгийнхаа үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын үйл ажиллагаатай өөрсдийн биеэр танилцаад цаашдын стратегиа боловсруулах, хоёрдугаарт, зам талбай сэтэлж шугам сүлжээний ажил хийсэн бол тухайн орчноо тэгшлэх, ажлаа дуусгасан эсэхийг хянадаг төр, хувийн хэвшлийг үүрэгжүүлэх, гуравдугаарт, хүнсний эрүүл аюулгүй байдлыг онцгойлон анхаарч хөтөлбөрт тусгах саналтай байна.

Ховд аймгийн Ахмадын холбооны тэргүүн Ч. Дамбадаржаа: Төрийн алба бол хариуцлагатай, ур чадвартай, өндөр ёс зүйтэй албан хаагчдаас бүрдэх ёстой. Тиймээс мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг авч ажиллуулах, тэднийг ашиглах ёстой. Ховдод цаг ашиглалт гэдэг зүйл байхгүй болсон. Цайны цаг дуусчихаад байхад ажил дээрээ ирдэггүй, ажлын цаг дуусаагүй байхад иргэдэд үйлчилдэггүй асуудлууд гардаг. Энэ асуудалд онцгойлон анхаарахыг хүсэж байна.

Ховд аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Г.Цоожхүү: 2012-2016 онд аймгийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд Залуучуудын холбооны төлөөлөл багтдаг байсан. Залуучуудынхаа дуу хоолойг төрийн засгийн бодлогод тусгахад ойр ажиллах боломжтой байсан. Гэвч 2016 оноос эхлэн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн Залуучуудын холбооны төлөөллийг хассан. Бидний дуу хоолой төрийн шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байна.

Ийнхүү анхны хэлэлцүүлэгт оролцогчид төрийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчдыг соён гэгээрүүлэх, аливаа үйл ажиллагааг ил тод, нээлттэй, иргэдийн оролцоотой явуулахад анхаарах шаардлагатай байгааг хэлсэн юм. Хөтөлбөр боловсруулагдаж, төрийн алба хүнд сурталгүй, чирэгдэлгүй, авлигагүй болоход иргэн бүрийн оролцоо чухлыг энд онцолъё.

Г.Энхжаргал


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
2 + 7 =

Create Account



Log In Your Account