HWPL байгууллага Ховд аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1-р сургуультай хамтран энх тайвны соёлыг түгээх аян өрнүүлж байна

By: Admin
2025-06-01
0
159

HWPL байгууллага Ховд аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1-р сургуультай хамтран 5 дугаар сарын 9-ны өдөр Булган суманд 1000 гаруй мод хамтдаа тарьж, энх тайвны хөшөө босгон, энх тайвны алхалт зохион байгуулжээ. Энэ үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын 1-р сургуулийн үе үеийн төгсөгчид болон сургуулийн удирдлага, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөлүүд болох 300 гаруй хүн оролцсон байна. Булган суманд энх тайвны эдгээр үйл хэрэг зохион байгуулагдсан нь үнэхээр ач холбогдолтой нөлөөллийн үйл ажиллагаа болсон хэмээн зохион байгуулагчид ярьсан юм. 

HWPL 1

Улаанбаатар хотоос 1800км зайд орших баруун хязгаарын Ховд аймгийн Булган сум бол түүхийн онцлог бүс нутаг. Учир нь 1947–1949 оны хооронд Ховд аймгийн Булган сумын нутагт орших Байтаг Богд уулын орчимд хилийн тулгаралт болж, уг тулалдаанд БНМАУ-ын маань олон баатарлаг хилчид эх орныхоо тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөөх хурц ширүүн, гарамгай тэмцлийг өрнүүлэн, цөөнгүй дайчид алтан амиа алдсан гашуун түүхтэй. Тиймээс ч үр хойч болсон бид эх орныхоо энх тайван амьдралын үнэ цэнийг байнга санаж, хамгаалан сахих, түүхэн үнэнийг ирээдүй хойчид дамжуулан өвлүүлэх үүрэгтэй билээ. 

HWPL 2

HWPL байгууллагынхан цааш нь ярихдаа “... манай байгууллагын алсын зорилго нь дайнгүй энх тунх дэлхийг буй болгох явдал. Энэ зорилгынхоо хүрээнд тогтвортой энх тайванд хүрэх замыг харилцан ойлголцол гэж үзэн 10 бүлэг 38 зүйл бүхий DPCW эрх зүйн баримт бичгийг тунхаглаж, өдгөө НҮБ-ын тогтоол болгон батлуулахаар зорин ажиллаж байгаа ажээ. Тус зорилгын хүрээнд  дэлхий даяар энх тайвны соёлыг түгээх олон кампанит ажил өрнүүлж байгаагийн нэг нь Булган сумын Ерөнхий боловсролын 1-р сургуультай хамтран энх тайвны хөшөө босгож, энх тайвны алхалт зохион байгуулсан үйл явдлууд юм.

ЮНЕСКО-ийн дүрмийн оршилд “Хүний оюун ухаанд дайн эхэлсэн учир хүний оюун ухаанаас эхлээд энх тайван тогтох хэрэгтэй” гэж бичигдсэн байдаг. Тэгвэл энэ цаг үед хүн бүр оюун ухаандаа энх тайвныг хоногшуулж, үнэ цэнийг нь улам гүнзгий ойлгож ухаарсан цагт бүх нийт аливаа асуудалд мөргөлдөөний замыг бус харилцан ойлголцлын замыг сонгох юм” хэмээв. 

HWPL 3

Ховд аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирал С.Баярсайхан энх тайвны хөшөөний ач холбогдлыг дурьдахдаа: “Энэхүү үйл явдлаар дамжуулан ард иргэд маань энх тайвны талаар ойлголт мэдрэмжтэй болж, энх тайван оршихын утга учрыг мэдэрсэн гэж бодож байна. Манай Булган суманд 1947-1949 онд хилийн мөргөлдөөн болж байсан түүхэн газар, өдгөө олон ястан зэрэгцэн оршиж байгаагаараа онцлог. Түүнчлэн одоо ч үл ойлголцол, зөрчилдөөн гарах үе байгаа тул эв найрамдал, эв нэгдлийг бэлгэдэн энэхүү энх тайвны хөшөөг босголоо.” хэмээн онцложээ.

Энх тайван бол зөвхөн дайнгүй байх тухай биш. Харин хүн бүрийн харилцаа, оюун санаанд эв нэгдэл бий болох явдал юм.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 8 =

Create Account



Log In Your Account