Сургууль цэцэрлэгүүд танхимаар, их дээд сургуулиуд цахимаар хичээллэхээр тогтжээ

By: Admin
2024-04-25
0
1653

2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар орон нутгийн сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын нэгний өдрөөс хичээллүүлэхээр, мөнхүү аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр болжээ. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулах, гэхдээ хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын алинд нь хамрагдахаа сонгох, харин орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүд танхимаар хичээллэхгүй байхаар шийдэл гаргасан байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс, цэцэрлэг, хүүхэд харах төв, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр санал оруулсан ч дэмжигдсэнгүй. Хэдийгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг ажил, амьдрал, бизнесийн хэвийн горимд оруулж, дархлаажуулалт эхэлсэн ч энэ нь цар тахлын аюул ард хоцорсон гэсэн үг биш. Иймээс хатуу хөл хорио тогтоосон 12 хоногт голомтыг хумьж, тархалтыг зогсоох чиглэлээр хийсэн ажил болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үр дүнг бататгах, эрсдэлээс сэргийлэх, халдварын нөхцөл байдал зэргийг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэхээр болж байгаа юм.

Үүний зэрэгцээ дээрх хуралдаанаар төв цэвэрлэх байгууламж шинээр барих, Улаанбаатар хотын нийтийн ус хангамжийг нэмэгдүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго-1 орон сууцны хороолол, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам барих зэрэг томоохон төслийн явцыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт даалгасан байна. Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг нэг жилээр сунгахаар болов. Хэлэлцээрийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дууссан байна. Хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах 71 машин, тоног төхөөрөмж авахаас 58-ыг нь дагалдах хэрэгслийн хамт хүлээн авчээ.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 9 =

Create Account



Log In Your Account