Ховд аймагт явагдсан "Сонгууль 2020" бодлогын мэтгэлцээн

By: Admin
2024-12-22
0
1764

Иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд, зарим иргэдийн санаачлагаар Ховд аймагт “Та бидний мөнхийн үнэ цэнэ” олон нийтийн хөдөлгөөн үүсгэгдэн, иргэдийн язгуур эрхийг хамгаалах, олон түмэнд бодит үнэнийг таниулахад чиглэгдсэн үйл ажиллагаа өрнүүлэх болсон тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн.

Тэгвэл уг хөдөлгөөн болон Ховд аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид хамтран УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үйл явцыг тэгш зарчимын үүднээс идэвхжүүлэх, нэр дэвшигчдийн талаар аль болох богино хугацаанд, нэг дороос бодитой, тодорхой мэдээлэл олж авахад нь сонгогч олон түмэнд туслах зорилгоор бүх нэр дэвшигчид болон бусад оролцогчдыг хамруулсан улс төрийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг хуулийн хүрээнд зохион байгуулахаар санаачилж, нам эвсэл, нэр дэвшигчдэд хэд, хэдэн удаа бичгээр  мэдэгдэн, улмаар биеэр очиж, танилцуулж ойлгуулах замаар мэтгэлцээнд оролцохыг зөвшөөрүүлж, урилга өгч, бүүр гарын үсгийг нь зуруулж авсан боловч товолсон өдөр, цагт хоёр нэр дэвшигч, мөн иргэд олон нийтийг төлөөлөн ажиглагчаар оролцох хүмүүс л хүрэлцэн ирсэн. Бусад нэр дэвшигчидийг удтал хүлээж, утсаар нь залгаад ядсан ч ирээгүй байна.

УИХын сонгуулийн XYI тойрогт /Ховд аймаг/ 15 нам, 4 эвслээс, мөн бие даагчид нийлээд 17 хүн нэр дэвшин өрсөлдсөн тул тэдгээрийг бүгдийг нэг дор оруулж хэлэлцүүлэг мэтгэлцээн зохион байгуулах боломжгүй. Ийм учраас 3 хэсэг болгон явуулахаар тогтож, тус, тусад нь цагийг товолсон байсан. Гэтэл нэр дэвшигчдээс бие даан нэр дэвшигч, Дамдинсүрэнгийн Ууганжаргал, “Сахигтун ! Үндсэн хуулий 19” эвслээс нэр дэвшигч Баатаражвын Ганзориг нараас бусад нь урилгаа хүлээн авч оролцохоо илэрхийлсэн атлаа яг болох үед нь элдэв шалтаг хэлэн, зарим нь хар, цагаан дуугүйгээр  зугтаж, оролцоогүй юм.

Тиймээс уг мэтгэлцээн буюу хэлэлцүүлэг нэвтрүүлэг хоёрхон нэр дэвшигч, мөн олон нийтийн төлөөллүүдийн хүрээнд явагдсан бөгөөд орон нутгийн телевиз, цахим сайтаар дамжуулж нийтэд толилуулсан.

“Уг санаачлага нь сонгогч олны дундаас гарсан санаачлага бөгөөд нэр дэвшигчид зөвхөн нам эвслээрээ тус тусдаа хүмүүсийг энд тэнд цуглуулж, өөрсдийнхөө санаа, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийнхээ байр байдлыг ул суурь муутайгаар магтан дөвийлгөж, ухуулах нь учир дутагдалтай. Харин өрсөлдөгчид нүүр, нүрээ харж байгаад, улс, орон нутаг, зон олны өмнө тулгараад байгаа, сонгогчдын хувьд хамгаас сонирхож буй гол, гогцоо асуудлуудын талаар байр сууриа илэрхийлж, шийдлийг ярилцах нь илүү чухал хийгээд бодитой гэж үзсэний үндсэн дээр, тэднийг ийнхүү мэтгэлцээнд урьсан хэрэг. Нөгөө талаар ил тод нээлттэй ярилцах замаар өрсөлдөх, улс төрийн дэвшилтэт соёлыг орон нутагт бий болгохыг хичээсэн. Уул нь үүнийг улс төрийн нам эвсэлүүд уухайн тас дэмжих, бүр манлайлж уриалах ёстой байтал, ийм байдал гаргаж байгаа нь тун тоогүй. Бид ер нь ямархуу хүмүүсийн ухуулга сурталчлгааг хүлцэн сонсоод, ямархуу байдлаар саналаа өгч, сонгоод байна вэ гэдгийг эрэгцүүлэн бодох ёстой гэдэг нь эндээс илт харагдлаа” хэмээн зохион байгуулагчид үгүүлсэн юм.

Цаашид ил тодоор, ярилцаж мэтгэлцэх ийм соёлыг улс төрд, тэр тусмаа сонгуулийн үед бий болгож, хэвшүүлэх зайлшгүй шаардлагатай нь тодорхой бөгөөд “Та бидний  мөнхийн үнэ цэнэ” хөдөлгөөн болон мэтгэлцээн, нэвтрүүлгийг санаачлагчдын хувьд үүнийг зөвхөн нэг удаагийн хэрэг болгоод сонгууль өнгөрлөө гээд орхихгүй, түүнчлэн улс төрийн хүрээн дэх бусармаг зүйлсийг арилгахад чиглэгдсэн үйл ажиллагаануудыг үе шаттайгаар өрнүүлэхийг хичээнэ гэдгээ мөн илэрхийлсэн юм.  


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 4 =

Create Account



Log In Your Account