Халзан бүрэгтэй-н ордыг ашиглах боломжгүй ... !

By: Admin
2026-02-22
0
465

Г.Даваасүрэн /судлаач, хүний их эмч/

Монголд өнөөдөр мега төслийн хүрээнд Ховд аймгийн Мянгад сумын Халзан бүрэгтэй төслийг хөдөлгөнө, хэрэгжүүлнэ гэж дээр, доргүй  ярих боллоо. Ховдын  Халзан бүрэгтэйн орд нь хүнд бүлгийн цацраг идэвхт ГХЭ давамгайлсан, дээр нь уран, торий болон цацраг идэвхит хүнд металууд бүхий чулуун орд гэдгээрээ онцлогтой юм. Уг ордын уулын үйлдвэрлэл явагдаж эхэлвэл Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр, Сэлэнгийн Төмөртэйн төмөрийн хүдрийн ил уурхай шиг урт эгнээ тэсэлгээ удаа дараалан хийгдэнэ. Жилд 5 сая тн хүдэр олборлоно (Ц.Пүрэвтүвшин) гэж байгаа үйлдвэр сард хэдэн удаа тэсэлгээ хийх бол, үйлдвэрлэлийн дундаж хэмжээгээр бодоход (Зөвлөлтинйн геологчдын тогтоосноор ураны агууламж 2-13 мг/кг, дундаж нь 7,5 мг/кг) жилд 37,5 тн орчим уран тэсэлгээнд өртөхөөр байна. Уурхайг 15 жил ашиглана гэж байгаа бол их хэмжээний  цацаргийн хаягдал ил задгай хяналтгүйгээр үлдэнэ. Бас дээр нь  цацраг идэвхт газрын ховор элемент терби, иттерби, неодум, дисдрози цацраг идэвхт хүнд металлууд тории, циркон, необи, тантал бий.

 Гэтэл Хойт Солонгос улс  зэвсгийн түвшинд сайжруулсан  2 тн ураны баяжмалын нөөцтэй гэж олон улсын мэдээллийн сувгаар буруушаан мэдэгдсэн. (2025 оны 9 сарын 26, 27-ны өдрийн МҮОНРТ-ийн цагийн хүрд нэвтрүүлэг) Тэр ураны баяжмал нь газрын гүнд зузаан ган бочкинд хийж тусгай хадгалах байгууламжид хадгалагдаж буй бол Халзанбүрэгтэйн ордын олборлолтоос гарах цацраг идэвхит хаягдалууд нь ил задгай шороон овоолого болон үлдэж хэдэн зуу, хэдэн тэрбум жилээр хагас задрал явагдаж бүс нутгийг хордуулах  уу?. (Уран 238 изтопийн хагас задралын хугацаа 467 тэрбум жил). Геологийн шинжлэх ухааны доктор Ч.Хурц гуайн хэлээд байгаагаар тэсэлгээний үед уран нь ради гэх цацраг идэвхит хий болон тоос манантай хамт агаарт  3 хоног байж байгаад газарт буухдаа радон гэдэг хорт бодис болж байгаль орчныг бохирдуулдаг гэсэн байна. Салхины хүрд бага зэрэг буюу 10 м/сек гэвэл 1цагт 36 км, 3 цагт 108 км явах бол 3 хоногт, эсвэл шуургатай үед хаа хүрэх бол... Тэсэлгээнээс гадна хад чулуулгийг бутлах, жижиглэх, тээрэмдэх нүсэр техникийн ажиллагаа болон химийн боловсруулах үйлдвэрийн явцад цацраг туяа ялгардаг байна. Гэтэл уг орд бүхий газраас 12 км-т Ховд гол, 15-25 км-т  Ховд аймгийг бүхэлд нь төмс, хүсний ногоогоор хангадаг тариалангийн талбайн байршил газар бий. 1986 онд Украйны Чернобилийн АЦС-д дэлбэрэлт болсны уршгаар 125 мянган хүн хорт хавдраар нас барсан байдаг. Уг дэлбэрэлтийн үед Улаанбаатар хотын агаарын цацрагийн дэвсгэр хэмжээ 34 дахин ихсэж байжээ.

 Мянгадын Халзан бүрэгтэйн ГХЭ-ийн ордын хайгуул явуулж эхэлснээс хойш байгаль орчин, хүн, мал, амьтанд мэдэгдэхүйц хэмжээний хор нөлөө үзүүлж байгааг нутгийн иргэд  ахуй амьдарлаараа мэдэрч түүнийг эсэргүүцэн тэмцээд эхэлсэн. Тэгээд 2021 онд 11 дүгээр сард Цөмийн энергийн комиссын ажлын хэсэг ирж цацрагийн хэмжилт хийсэн. Энэ үед иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаас шаардаж хайгуулын ажиллагааг зогсоож яндангуудыг битүүмжлээд 20-оод хоночихсон тухайн байгаль  орчин салхины хөдөлгөөнөөр цэвэршээд байсан үе юм. Хэмжилтийн үр дүнгээр хайгуулын орчинд  байгаа цацрагийн хэмжээ 1,67 мк/з буюу ердийн түвшнээс 8 дахин их байна гэж гарсан.  Хайгуулын ажиллагаа явагдаж буй үед байгаль, хүн, мал, амьтанд нөлөөлж үнэг, туулай зэрэг амьтад үхэж үрэгдэж, бод, бог малын уушиг уйланхайтан цоохортож, ургийн гажигтай төл, төрөлхийн гажигтай хүүхэд төрж (1990-2000 онд нэгч тохиолдол гарч байгаагүй бол яг ХАлзан бүрэгтэйд өрөмдлөг явуулсан жилүүдэд буюу 2012-2014 он, мөн 2022-2024 онд төрөлхийн гажигтай хүүхэд, амьгүй төрөлт 5 тохиолдол гарчээ) иргэд, малчид бие сэтгэл, амьжиргаагаараа мэдэрч тэмцэлд босоод байхад төр нь төслийн МНРИК компанитай хамтран худал мэдээлэлээр олон нийтийн тархи угаалт хийж уран байхгүй, байсан ч өчүүхэн хэмжээтэй байгаа (ураны агууламж 0,009% гэж дээр дурдсан хэмжээг 70 дахин бууруулж), Халзан бүрэгтэй орд нь ураны орд биш газрын ховор элементийн орд, ГХЭ нь цацраг ялгаруулдаггүй, олборлолт нь хоргүй, төлийн ургийн гажигийг шинжлэх боломжгүй (Цөмийн шинжилгээний нэгдсэн институт, цөмийн физикийн судалгааний үндэсний төв, геологийн төв лаборатори , Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори гэх мэт байсаар байтал) гэхчилэнгээр аргацаасан хэвээр...

Хэрэв ил уурхайн үйл ажиллагаа явагдаж  тэсэлгээ хийгээд  эхэлбэл цацрагийн түвшин 1,67 мк/з биш хэдэн мянга дахин ихсэх нь ойлгомжтой. Гэтэл сурталчилгаа хийх дуртай төслийнхөн тэсэлгээний талаар ганц үг ган хийлгүй 2012 оноос хойш өдий хүрч ирлээ... Энэ нь юуны учир вэ?. Уг нь төслийнхөн ард иргэдэд үнэн зөв мэдээллийг хүргэх үүрэгтэй.

 Газрын ховор элемент олборлох ил уурхайн үйл ажиллагаа эхэлбэл байгаль орчны нөлөөллийн бүсийн цацрагийн хэмжээ маш ихээр нэмэгдэж хүний цусны цагаан бөөм, болон чөмөгөнд шууд нөлөө үзүүлэх онцгой аюултай байдаг (Г.Жамсрандорж) гэжээ. Ер нь уран, торий, газрын ховор элемэнтүүдээс ялгарах цацраг туяа нь дунд түвшний аюултай цацраг бөгөөд  ионжуулагч чанартай юм байна. Ионжуулагч цацрагийн урсгал нь ургамал, хүн, амьтны дотоод орчинг ионжуулснаар дархлаа нь унаж элдэв өвчинд хялбар нэрвэгддэг, удаан хугацаанд (10 жилээс  дээш) биед хуримтлагдсан цацрагийн нөлөөллөөс үүдэж биеийн эд, эс мутацид орж хавдар үүсгэдэг байна.

GXE 2

Газрын ховор элементүүдийг дэлхийд анх судалж нээсэн эрдэмтэн Мери Склодовска Кюри, түүний охин Ирен Жолио Кури нар  хоёул хорт хавдараар нас баржээ. Тэд өвчтэй шаналж байх үедээ “Бид хүн төрөлхтөнд юу нээгээд өгчхөвдөө” гэж халаглан ярьцгаасан байдаг. Дараагийн нэг сөрөг нөлөөлөл нь химийн хортой, аюултай бодисийн хөнөөл юм. Алт олборлоход мөнгөн ус, уран олборлоход хүхрийн хүчил ашигладаг, тэдгээр нь ямар их хор аюулыг учруулна гэдэг билээ. Гэтэл  ГХЭ-үүдийг олборлоход хүхрийн хүчил, азотын хүчил, фосфорын хүчил, мышак зэрэг маш хүчтэй химийн бодисуудыг их хэмжээгэр ашиглаж элементүүдийн ялгалт хийдэг байна. Жилдээ 5 сая тн хүдэр олборлоход асар их хэмжээний химийн бодис шаардлагатай нь мэдээж хэрэг, 15 жилд юу болох вэ? Үйлдэвлэлийн явцад ашигласан химийн бодисын 70 гаруй хувь нь байгальд хаягдал болон үлддэг гэх. Хаягдал химийн бодисууд нь нуур үүсгэж тэр нь ууршиж салхиар дамжин байгаль орчныг бохирдуулна, хөрсөнд шингэж гүний ус, худгийн усыг хордуулна, бороо үерийн усаар туугдаж гол, горхи, булаг шандын усыг бохирдуулна, ундны усгүй болно  гээд сөрөг үр дагавар ихтэй байх нь. Тэр их хэмжээний химийн бодисуудыг импортлох, тээвэрлэх, хадгалах гээд бас асуудалтай юм.

Нөгөө талаар Халзан бүрэгтэйн орд нь ГХЭ-үүдийн   агууламж маш багатай (0,3%-тай), нөөцийн хувьд 800 гаруй га талбайд тархсан сарнимал орд юм. Тэдгээр 15 элементээс  4 элементийг нь олборлоно гэхээр  бүр бага хувьтай байх нь. Тэгвэл дэлхийн бусад ордууд 3,8 –аас дээш 4, 5, 8 бүр 12 хувийн агууламжтай, 20, 21, 22, 40, 45, сая тн-ийн нөөцтэй ордууд ашиглаж байгааг харахад уг орд нь өрсөлдөх чадвар султай, эдийн засгийн үр өгөөж муутай юм. Үйлдвэр барихад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай болно. Ийм ордод гаднын хөрөнгө оруулагч ирэх үү. Ирлээ гэхэд гаднын хөрөнгө оруулагчид  монголчуудыг бодох уу, танайд маш их талбайд уулын ажил хийж техник, хөрөнгө хүч зарж байж  багахан ашиг оллоо. Танайх өртэй үлдлээ гэх биз.

Түүнчлэн тухайн ордыг ашиглахад усны хэрэглээ их юм. Секундэнд 300 л ус ашиглана, түүнийгээ гүний усаар шийднэ гэхээр орд хавийн худаг ус, булаг шанд, нуур цөөрөм үгүйрч газар нутаг хуурайшиж цөлжих, ундны усгүй болох асуудал үүснэ. Монгол улс гүний усны нөөц багатай гэдэг. Тухайн орчны гүний усны нөөцөө судалсан юм уу. Зөвхөн хайгуул хийхэд сеундэнд 9.5 л ус хэрэглэж байгаа гэх юм.

Халзан бүрэгтэй ордын нөлөөллийн бүс нь өвөрмөц онцлогтой бүс нутаг. Их нууруудын хотгор гэгдэх уулын цэнгэг уст гол горхи, нуур цөөрмүүд нь төв азийн эко системийн чийгшлийг хангаж, хамгаалж  байдаг онцгой чухал ач холбогдол бүхий байгалийн эх үүсвэр нутаг. Халзан бүрэгтэй ордоос Хар ус нуур 19 км-т оршдог, байгалийн үзэсгэлэнтэй цэнгэг уст нуур. Түүнд Монголд  ирдэг нүүдлийн шувуудын ихэнх нь ирж үржиж өсөөд буцдаг. Улаан номонд орсон хулсны гахай, нэн ховордсон борцгор хотон, бор галуу, цэн тогоруу, алтан гургалдай тэргүүтэй зүйл зүйлийн амьтан, шувуудын амьдрах таатай орчин. Тэгээд ч 2024 онд ЮНЕСКО-ийн “Шим мандалын нөөц газар” дэлхийн сүлжээнд Хар ус нуурын цогцолбор газрыг бүртгэж батламж олгосон байдаг. Хар ус нуур, Ховд гол, Буянт голууд цацаргийн болон химийн хүчтэй бодисуудаар хордвол дагаад Хар нуур, Дөргөн нуур,Чоно харайх, Хом, Тээл, Завхан голууд, Сангийн далай, Хяргас нуурууд бүхэлдээ хордож байгалийн тэндвэрт байдал, биологийн олон янз байдлыг алдагдуулж,  бүс нутгийн ард иргэдийн эрүүл мэнд, амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх юм биш үү.

Уг ордын олборлолтын хор холбогдолыг танин мэдсэн хэн бүхэн тэмцэлд нэгдэхээс өөр аргагүйд хүрч байна. Хэрэв Халзан бүрэгтэйн орд хор уршиг багатай байсансан бол уг хайгуулын төслийнхөн бүх сумдаар явж ГХЭ хор хөнөөлгүй гэж үнэнийг нууж сурталдах, хаана ямар арга хэмжээ болно тэнд очиж хөгжим, дуу хууртай хүүхдэд залуучуудыг ашиглан сурталчлах, орон нутгийн иргэдийг мөнгө, эд баргаагаар татах, оюутны сургалтын төлбөр төлөх, зарим нэг шантаачид, дарга даамал, хэвлэл мэдээллийнхнийг урхидах зэргээр их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах шаардлага байгаа юм уу. Үгүй шүү дээ.

Төслийнхөн орон нутагт хөрөнгө оруулалт хийнэ, ажлын байраар хангана гэдэг нь юу л бол. Энэ хортой нөхцөлд гаднынхан ирж ажиллах уу? “би үхэхээр чи үх” биздээ. Цацрагийн хийгээд химийн бохирдол ихтэй хүн, амьтан амьдрах боломжгүй нөлөөллийн бүсд хөрөнгө оруулалт ямар хэрэгтэй гэж?. 2024 оны 11 сард хуралдсан Хими -2024 Үндэсний эрдэм шинжилгээний хурал дээр ШУТИС-ийн эрдэмтэн багш Д.Энхбат тавьсан илтгэлдээ Халзанбүрэгтэйн ордын ГХЭ-ийн агууламж маш бага эсэргээрээ цацраг идэвхт металын агууламж өндөр юм гэж дүгнэсэн. Ингээд бодохоор Халзан бүрэгтэй ордыг ашиглах болмжгүй гэсэн гадна, дотнын эрдэмтэд, судлаачдын  дүгнэлт үнэн байх нь. Хэрэв Халзан бүрэгтэйн ГХЭ-ийн ордын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь бодьтой үнэн зөв хийгддэгсэн бол  ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарах нь тодорхой юм биш үү. Тэгвэл ТЭЗҮ боловсруулах нөхцөл бүрдэхгүй юм байна. Өнөөдөр монголчуудыг уран, газрын ховрын талаар мэдлэг ойлголт муутай байгаа дээр нь олборлох үйлдвэр барихаар гадна донынхон нийлж луйварын гэрээ хийж шамдуулан зүтгүүлж байгаа нь аюул нүүрлэж буй хэрэг биш үү. Монголд уран, ГХЭ-ийн олборлолт эхэлбэл ард иргэдийн уламжлалт амьжиргаа алдагдаж их нүүдэл, шилжилт болж “баруун зүгт хүний мөргүй, зүүн зүгт малын мөргүй” гэгчээр  Улаанбаатарын яндангийн тоо, замын түгжрэл ихсэж Улаанбаатарчуудын амьдарлын чанарт муугаар нөлөөлөх нь  зайлбаргүй мэт.

Онцолж буй асуудлаар  Монгол улсын УИХ-ын гишүүд нь үнэн бодит мэдээлэл байхгүй, өөрсдөө энэ талаар сонирхох ч үгүй, зөвхөн мөнгө талаас нь бодож суугаа нь дэндүү харамсалтай бөгөөд бүр улс орны аюулгүй байдалд ноцтой хортой юм биш үү. Тэр ховор металаас чинь хувь илүү эх орон, төрөлх нутаг маань хүн ард, хойч ирээдүйд хэрэгтэй биш үү. Усгүй бол алт эрдэнэ байгаад яах юм, газар нутаг үгүй бол амьдрал тэгээд юу болох вэ?

Улс орны төрийн гол үүрэг нь хүн ард, газар нутгаа хамгаалахад оршино гэдэг. Амеркийн нэгдсэн  улсад хүн оршин сууж амьдардаг орон байрны дотор ханыг модоор доторлох стандарт мөрддөг. Учир нь барилгын материалаас ялгарах цацрагаас хүн ардаа хамгаалах зорилготой гэх. Америк, Герман, Англи зэрэг хөгжилтэй орнуудад цагны хуруун зайг ашиглаж дууссаны дараа  заавал цуглуулж устгалд оруулдаг. Учир нь түүнд ГХЭ оролцдог учир. Мөн хөгжилтэй орнуудад  16 нас хүрээгүй хүүхдэд гар утас хэрэглэхийг хориглосон хуультай юм. 2024 онд Бразил улс ийм хуультай болсон бол 2025 онд Сингапур, Австрали улс хүүхдэд гар утас хэрэглэхийг хориглосон. Энэ онд Малайз, Шинэ Зеланд улсууд мөн хориглохоор төлөвлөж байна. Гар утасны дэлгэцийн мэдээллийг тодруулахын тулд ГХЭ өчүүхэн хэмжээгээр орсон байдагт тэр юм. Мөн компьютерыг туяаны хамгаалалттай нүдний шил хэрэглэж ашиглах ёстойг бид мэднэ, өглөөгүүр хабрид машинд суухдаа эхлээд дөрвөн хаалгаа онгойлгож агаарын солилцоо хийлгэ гэдэг...

Монгол түмнийг минь төрийн сүлд өршөөг ээ.

GXE 3

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 2 =

Create Account



Log In Your Account