Аймгийн Засаг даргын сэлгээний эргэн тойронд

By: Admin
2024-12-21
0
1986

Халуун  сэдэв

Саяхан буюу өнгөрөгч наймдугаар сарын сүүлийн хагаст Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ховд аймгийн Засаг даргыг солих учир битүүлэг халаа сэлгээ хийгдэж, Засаг дарга Б.Дүгэржавыг огцруулан, оронд нь 2021 оны 2 дугаар сараас Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан гэх Энхбатын Болормаа гэдэг эмэгтэйг намын удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр хэмээн авч ирж “томилов”. Шинэ Засаг дарга 9 дүгээр сарын 2-ны өдөр ажлаа хүлээж авсан. Хэрхэн ажиллахыг одоохондоо таамаглаж хэлэх эрт байна. Гагцхүү Засаг даргыг ийнхүү солих болсон нь хачирхалтай хийгээд учир битүүлэг. Түүгээр ч барахгүй хуулиас гадуур үйл ажиллагаа болсон юм. Учир юун хэмээвээс орон нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймгийн ИТХ энэ талаар ямар ч мэдээлэлгүй байхад гэнэт нэг өдөр Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бэлтгэл ажлыг удаашруулсны учир” Ховд аймгийн Засаг даргыг огцруулсан тухай Засгийн газрын албан ёсны мэдээлэл цацагдав. Энэ мэдээлэлд хуулийн ямар заалтыг үндэслэсэн тухай байсангүй. Хуулиар бол аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэх эрх нь тухайн шатны ИТХ-д бий. ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 35.1.7-д “Аймаг, дүүргийн ИТХ нь хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих эрхтэй” гэсэн бий. Гэтэл Ховд аймгийн ИТХ дээр ийм асуудал яригдаагүй, ийм шалтгаан ч байгаагүй. Харин Засгийн газрын тухай хуулинд Засгийн газарт аймгийн Засаг даргыг чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэх талаар эрх олгогдсон заалт байхгүй. Энэ үүднээс уг асуудал хачирхалтай хийгээд учир битүүлэг зүйл юм. Цаашилбал асуудлыг хуулийн дагуу авч үзнэ гэх юм бол Ховд аймгийн ИТХ нь Засгийн газрын хууль бус шийдвэрийн талаар Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой байсан.    

 Төд удалгүй аймгийн Засаг даргыг чөлөөлсөн тухай шийдвэр нь ирсэн гэх бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг үүрэг гүйцэтгэгчээр түр томилжээ. Засаг даргаас энэ талаар тайлбар, тодруулга авах гэсэн боловч тайлбар өгөхөөс зайлсхийв. Ингэж байтал 8 дугаар сарын 26-нд аймгийн ИТХ-ын хуралдаан зарлаж, Ховд аймгийн Засаг даргыг шинээр сонгох асуудлыг авч хэлэлцэв. Засгийн газрын гэхээсээ илүү Монгол Ардын Намын эрх мэдэл бүхий нөхдийн төлөөлөл гэх Намын хяналтын Ерөнхий хорооны дарга Б,Баярбаатар Намын удирдах зөвлөлийн гишүүн /УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал гэх мэт хүмүүс/ гэсэн хэсэг нөхөд намын удирдах зөвлөлөөс Ховд аймгийн Засаг дарга болгохоор 100 хувь санал нэгдсэн гэх Энхбатын Болормаа гэгч залуу эмэгтэйг ИТХ-д тулган хүлээлгэхээр иржээ /ийнхүү тулган хүлээлгэх арга барилаар ажилласан нь ИТХ-ын хуралдааны үйл явцад нэгэнт нотлогдсон/. Хуралдаан дээр зарим төлөөлөгчид Улаанбаатар хотоос МАН-ын томилолтоор ирсэн дээрх нөхөд Ховд аймгийн ИТХ-ын  төлөөлөгчдийг нэг нэгээр нь дуудан уулзаж, асуудлыг тулгах байдлаар ажилласан тухай ярив.

selgee

9 дүгээр сарын 26-ны хуралдаан энэхүү намын нөхдийн санаснаар бас болсонгүй. Урд өдөр нь аймгийн намын хороон дээрээ хотоос ирсэн Намын удирдах зөвлөлийн эрхэмүүдийн үгийг бүгд дагацгааж зөвхөн Э.Болормааг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн 100 хувь гар өргөж дэмжихээр тохирсон /энэ тухай уг хуралдаан дээр тус намын гишүүн, ИТХ-ын нэр бүхий төлөөлөгч илчилсэн/ боловч ИТХ-ын хуралдаан дээр төлөөлөгч Ганбат Э.Болормаатай өрсөлдүүлэхээр аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханыг нэр дэвшүүлэв. Ийнхүү зоримог алхам хийснийг нь яг нарийндаа бол төлөөлөгчдийн “танхим”-ын дийлэнх, түүнээс гадна хуралдаанд урилгаар оролцогч иргэд, олон нийтийн төлөөллүүд бүхэлдээ дэмжиж байгаагаа илэрхийлцгээж байв. Ийнхүү хоёр дахь хүнийг нэр дэвшүүлмэгц аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Маамын Ганзориг хуралдаанаас завсарлага хүсэв. Хурлын дарга завсарлага өгсөн бөгөөд нэг цагийн завсарлага авсан нөхөд хоёр цаг болж байж сая нэг хуралдаанд орсноор хуралдаан дахин үргэлжлэв. Төлөөлөгчид болон хуралдаанд оролцогчдын зүгээс Засаг даргад нэр дэвшигчид болон хуралдаан даргалагчаас асуулт асуух санал хэлэх үйл явц өрнөж хэд хэдэн хүн аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиас “аймгийн ИТХ нь мэдээгүй байхад Засгийн газрын хуралдаан хийж, Засаг даргыг чөлөөлсөн шийдвэр гаргачихаад байхад Засгийн газраас учир шалтгааныг тодруулах алхам хийсэн үү?" гэж асуусан нь зөв зүйтэй гогцоо асуудал байсан бөгөөд Хурлын дарга ийм санаачилга гаргаагүй, тодруулах алхам хийгээгүй гэж хариулсан. Тэрчлэн хэд хэдэн төлөөлөгч болон оролцогчид “Засгийн газрын шийдвэрээр  аймгийн Засаг даргыг чөлөөлсөн шалтгаан нь яг юу вэ? Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажилд саад хийсэн гэдэг бол худал шалтгаан, ийм шалтгаан байх үндэслэлгүй” гэдгийг нотлон тайлбарлаж, хариулт нэхсэн боловч Засгийн газрын төлөөлөл, аймгийн ИТХ-ын дарга, мөн намын даалгавраар ирсэн нэр дэвшигч нар энэ асуултанд хариулт өгч чадаагүй юм.

Санал хэлсэн төлөөлөгчдийн дотор олон хүн нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг үгүйсгэсэн, үнэгүйдүүлсэн учир битүүлэг шийдвэрийг Засгийн газраас гаргасанд харамсаж байгаа илэрхийлж, үүний таагүй үр нөлөөний талаар анхааруулж байв. Хуралдаан үргэлжилсээр Засаг даргыг сонгох санал хураалт явагдах болж тооллогын комиссыг сонгон, яг санал хураах гэтэл МАН-ын бүлгийн дарга дахиад завсарлага хүсэв. Хурлын дарга дуртайяа завсарлагыг зөвшөөрөв. 17 цагийн орчимд нэг цагийн завсарлага авсан Ховд аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид, мөн ИТХ-ын дарга нь өөрөө хуралдаанд эргэж орж ирсэнгүй. Хуралдааны танхимд МАН-ын бүлгийн зарим төлөөлөгчид, мөн ИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид хүлээсээр шөнө дөл болов. Завсарлага авсан нөхөд, аймгийн ИТХ-ын дарга хүртэл өөрөө гар утсаа огт авахгүй байснаа сүүлдээ утсаа унтраацгаажээ. Шөнийн 12 цаг болтол хүлээгээд завсарлага авсан нөхөд түүний дотор ИТХ-ын дарга нь өөрөө хуралдаанд эргэж орж ирэхгүй нь тодорхой болсон тул хурлын нарийн бичгийн дарга шийдвэр гарган, хуралдааныг даваа гариг буюу 9 дүгээр сарын 29-ний өдөр дахин үргэлжлүүлэхээр болж тарцгаав.  

Дараагийн хоёр өдөр нь амралтын өдөр /хагас, бүтэн сайн/ байсан тул нам жим өнгөрөв. Энэ хооронд Улаанбаатар хотоос МАН-ын удирдах зөвлөлөөс нэмэлт хүчийг Ховд аймаг руу онгоцоор илгээж, тэдний бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан /ХНХ-ын яамны сайд асан А.Ариунзаяа, Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг нар араас нь ирсэн сураг бий/ нар ирж, бүтэн сайн өдөр аймгийн намын хороог дахин хуралдуулж “хүч нэмэгдүүлсэн тулгалт”-ын үйл явц явагджээ. Тэрчлэн 9 дүгээр сарын 23, 24-ний үеэс эхлэн Улаанбаатар хотоос ирсэн МАН-ын эрх мэдэлтнүүд өөрийн намын нөхдөөс гадна АН-ын ИТХ дахь төлөөлөгчид болон намын гишүүдтэй ганцаарчилан уулзаж ятгахаас гадна, элдэв, амлалт тохироо хийх үйлдэл явуулж буй тухай нийтийн сүлжээгээр цацагдаж байв. 29-ний өдрийн даваа гаригт хуралдаан дахин үргэлжилэхэд нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэгэнт нэрээ татсан байв. Улаанбаатар хотоос МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрээр ирсэн Энхбатын Болормаа ИТХ-д дийлэнх олонхийн суудалтай МАН-ын төлөөлөгчдийн 100 хувийн, нийт төлөөлөгчдийн 73.1 хувийн саналаар Ховд аймгийн Засаг даргаар сонгогдов.

Аймгийн Засаг даргыг “томилох” буюу сонгох асуудал ийнхүү нэг мөр шийдэгдсэн ч цаана нь нэг асуудал учир битүүлэг хэвээр үлдсэн нь юу гэвэл хуучин Засаг даргыг чөлөөлж, шинээр нийслэл хотоос 30 шүргэж буй насны залуу эмэгтэйг илгээж Засаг дарга болгосны хүндэтгэх шалтгаан нь яг юу байв гэдэг асуудал юм. Үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-ы нэр бүхий сэтгүүлч Засгийн газрын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн Б.Дүгэржаваас ярилцлага авах санал тавьж, удаа дараа шалгаасан боловч тойрч зугатсаар ярилцлага өгсөнгүй. Аймгийн ИТХ-ын дарга, Засгийн газар болон МАН-ын удирдах зөвлөлөөс илгээсэн эрхэмүүд мөнхүү шинээр ажил авсан Засаг дарга нар бүгдээрээ энэ  талаар тодорхой тайлбар өгсөнгүй. Зарим цахим сайтуудад, тухайлбал Isee.mn гэх цахим сайт дээр Б.Дүгэржаваас авсан гэх  тодруулга нийтлэгдсэн байсан бөгөөд Засаг дарга асан Б.Дүгэржав чөлөөлөгдсөн шалтгаанаа “...хот хүрээ газарт өөр ажилд шилжүүлж өгөөч, Засаг даргын ажил санаанд тохиромжгүй байна гэж урьд нь намын удирдлагад хүсэлт өгсөн байсан. Засгийн газар энэ хүсэлтийг маань авч үзэж шийдвэрлэсэн гэж ойлгож байгаа” гэсэн байсан нь нэг талаасаа инээдтэй гэхээсээ илүү эмгэнэлтэй тайлбар юм. Энэ яриагаар бол Засгийн газар гэгч нь эрхлэсэн албан тушаалдаа сэтгэл ханамжгүй байгаагаа илэрхийлсэн хэн нэгний намын удирдлагад гаргасан хүсэлтийг биелүүлдэг, хүссэн ажилд нь шилжүүлэн томилж эрхлүүлдэг ивээн тохинуулагч юм байжээ гэсэн “ёж ойлголт” төрөхөөр байгаа юм ! Тэр тусмаа Засгийн газарт бус улс  төрийн намд гаргасан хүсэлтийг !  

Г.Төрмөнх                                   


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 7 =

Create Account



Log In Your Account