Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа цаашид хэрхэх вэ?

By: Admin
2024-12-23
0
1258

               Цаг үе-Асуудал 

            “Ховдын толь сонин” ТББ нь Бест хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Ховд аймгийн Сум хөгжүүлэх сангийн үр дүнг шинжлэх нь” төслийн хүрээнд, тус аймгийн Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд цогц шинжилгээ, үнэлгээ хийж, энэ ажлын явцад 2021 оны 5 сарын 27-нд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлэг ЖДҮГ, аймгийн ИТХ, ЗДТГ, бүх сумдын засаг дарга, мэргэжилтнүүд, Ховд аймагт тухайн чиглэлээр анхаарал хандуулж ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулан, хэлэлцүүлэг өрнүүлж тодорхой шийдлийг гаргасан.

            Тэрхүү шийдлийн хүрээнд явагдсан нэг чухал ажил нь хийгдсэн судалгааны дүгнэлт, бусад хүчин зүйлд тулгуурлаж, мөн аймгийн хэмжээн дэх холбогдох байгууллага газрууд, иргэдээс нэмэлт санал цуглуулан нэгтгэн боловсруулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлэг ЖДҮГ дээр боловсрогдож буй шинэчилсэн төсөлд тусгуулах саналыг бэлтгэн хүргүүлэх явдал байсан юм. Ховдын толь сонин ТББ тэрхүү саналыг бэлтгэн, 2021 оны 6 дугаар сарын эхээр тус газарт хүргүүлж, улмаар нөлөөлөл үзүүлж, хамтран ажилласны үр дүнд шинэчилсэн журамд тусгуулахаар өргөн барьсан уг саналуудын дийлэнх нь журмын төсөлд тусгагдаж чадсан байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлэг ЖДҮГ аас хариуг албан бичгээр ирүүлэхдээ хүргүүлсэн саналуудын аль, алийг нь яаж тусгасан талаар тодорхой тайлбарлажээ. 

Энэ нь аливаа чухал асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, тодорхой түвшинд мэргэшсэн иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын хувьд төрийн бүх шатны байгууллагатай хамтарч, хүссэн үр дүнд хүрч болох боломж байгааг харуулахуйц нэг жишээ гэж болно. Яг одоогийн байдлаар Засгийн газрын хэрэгжүлэгч агентлиг, Жижиг дунд үйлдвэрийн газар дээр боловсрогдож байгаа шинэчилсэн журмын төсөл эцэслэн батлагдаагүй ч үндсэндээ бэлэн болсон гэсэн мэдээлэлтэй байгаа. Шинэчилсэн журмын үндсэн үзэл баримтлал нь Хоршооны хуульд өөрчлөлт оруулсан батлуулсны дагуу Сум хөгжүүлэх санг хоршоо хөгжүүлэх сан болгон цаашид үргэлжлүүлэн үйл ажиллагааг нь явуулах чиглэлтэй байгаа бөгөөд, урьдны цалгар назгай, зохицуулалт муутай, үр ашиггүй байдлыг өөрчилж, үр өгөөжийг нь эрс сайжруулахад дөхөм бүхий эрх зүйн зохицуулалт хийгдэнэ гэсэн хүлээлт, хаа сайгүй байгаа. Үүнээс гадна “Ховдын толь сонин” ТББ-аас хийгдсэн судалгааны үр дүнд үндэслэсэн дэлгэрэнгүй санал зөвлөмжийг 2021 оны 6 сарын 07-нд аймгийн ИТХ болон Засаг дарга, Жаргалант сумын ИТХ, Засаг даргад хүргүүлж, улмаар тухайн асуудлаар ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллаж байгааг удаа дараа тодруулахыг хичээсэн авч, албан ёсны хариу авч чадаагүй хэвээр байнаа.

Тэрчлэн 2021 оны 12 дугаар 26-нд Бест хөтөлбөрөөс зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтын хүрээнд тус байгууллагаас Ховд аймгийн Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд  хийсэн судалгааны  сүүлчийн үр дүнг танилцуулж, дүгнэлт зөвлөмжийн дагуу, тодорхой арга хэмжээ авах, саналын дагуу хариу ирүүлэхийг дахин сануулсан билээ.

Дашрамд үгүүлэхэд ард түмний буюу төсвийн хөрөнгөөр санхүүжин, зарцуулагддаг аливаа сангууд, хөтөлбөр төслүүдийн үр өгөөжийг сайжруулах, хариуцлагын тогтолцоог боловсронуй болгох, ил тод байдлыг дээшлүүлэх, оролцоог шинэ шатанд гаргах тухайд тал, талаасаа хамтарсан дорвитой, үр нөлөөтэй ажлууд үгүйлэгдэгдсээр байгаа билээ.

Аймгийн ИТХ, Засаг дарга, түүний Тамгын газар, мөн сумуудаас ирэх хариу мэдээлэл, бодит нөхцөл байдалтай уялдуулан, цаашид зохицуулалтын ямар шийдэл гаргах, тодорхой алхам хийх талаар Ховдын толь сонин ТББ-ээс судлахын дашрамд, энэ асуудалд анхаарлаа хандуулж, үр нөлөөтэй алхам хийхэд хамтран оролцохыг төрийн болон иргэний нийгмийн байгууллага, холбогдох бусад газрууд хийгээд иргэд олон түмэнд уриалж байгаа юм.

b

z

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 3 =

Create Account



Log In Your Account