"Халзан бүрэгтэйн сонсгол"-ын тухай зарга

By: Admin
2025-12-02
0
197

Манай редакци өмнөх дугаартаа “Халзан бүрэгтэйн сонсгол” хийгээд хачирхалтай үзэгдлүүд нийтлэлийг толилуулсан бөгөөд сонсголд оролцогчдын зүгээс уг сонсголыг зохион байгуулсан байдал, ялангуяа тайлан дүгнэлт, сонсгол даргалагчийн ёс зүйн асуудалтай холбоотой өргөдөл гомдлыг холбогдох газруудад хүргүүлж байгаа талаар цухас дурьдсан. Нийтлэлд амалсан ёсоор сонсголын үйл явц процессыг сайтар ажиглан, баримт нотолгоонд үндэслэж бэлтгэсэн үндсэндээ шүүмж, анализын шинжтэй уг өргөдлийг өргөдөл гаргагчдын зөвшөөрснөөр бүрэн эхээр нь нийтлэж байна.

Өргөдлийн эх:

“УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулсан “Халзан бүрэгтэй”-н ордын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг нарийвчлэн судлах нь” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайлан, дүгнэлтийг бичиж боловсруулж, хэвлэн нийтлэхдээ Нийтийн сонсголын тухай хууль, сонсгол зохион байгуулах журам, тэрчлэн холбогдох хууль журмуудыг зөрчсөн, тайлангийн санал дүгнэлтийг хэт хөнгөн гоомой, дэгс үндэслэлгүй байдлаар үйлдсэн, сонсгол даргалагч, зохион байгуулагч нөхөд нь уг ажлыг өрнүүллэхдээ ёс зүйн алдаа дутагдал гаргасан зэрэг асуудлуудыг нягтлан шалгуулж, хэлэлцүүлэн, үнэн мөнийг тогтоолгох, зохистой шийдэл гаргуулах зорилгоор сонсголд оролцогч иргэд, хуулийн этгээдүүд, ажиглагчид, хөндлөнгийн хянагчид хамтран энэхүү өргөдөл гомдлыг гаргаж байна.

                                      Нэг:  Сонсгол зохион байгуулах

үйл явцын алдаа завхралын талаар:

  1. Сонсголын тайлангийн “зохион байгуулах ажлын хүрээнд хийсэн ажлын талаар” гэсэн хэсэгт 2025 оны 9 дүгээр сарын 07-09-ны өдрүүдэд ажлын хэсгийн нэр бүхий хүмүүс “Халзан бүрэгтэйн орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг орон нутгийн түвшинд нарийвчлан судалж байгаль орчин, нийгэм, эдийн засаг, мал аж ахуй, иргэдийн амьдралд үзүүлэх нөлөөллийг бодитоор үнэлэн, санал боловсруулах зорилгоор аймаг орон нутгийн удирдлагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагаа, иргэдийн төлөөлөлтэй биечлэн танилцаж, мэдээлэл сонссон” гэжээ.

Энэ тухай бодит байдлыг мэдүүлвэл: Сонсгол даргалагч Б.Баярбаатараар ахлуулсан, Ховд аймагт ажилласан ажлын хэсгийнхэн ажлынхаа зорилгыг “байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг орон нутгийн түвшинд нарийвчлан судалж байгаль орчин, нийгэм, эдийн засаг, мал аж ахуй, иргэдийн амьдралд үзүүлэх нөлөөллийг бодитоор үнэлэн, санал боловсруулах” гэж тодорхойлсон атлаа ажиллах хөтөлбөртөө тухайн нөлөөллийн бүс, мөн бүс нутгийн иргэд, бусад холбогдох талуудтай уулзах тухай огт тусгаагүй, зөвхөн аймгийн удирдлага, албаны хүмүүс, төслийн нэгжийнхэнтэй уулзах хөтөлбөртэй ирсэн. Ийм учир тухайн чиглэлээр ажиглалт  тандалт судалгаа хийж, асуудлуудыг бодитоор судалсан иргэний нийгмийн байгууллагууд, нөлөөллийн бүс, бүс нутгийн иргэдийн төлөөллүүд тэднийг аймгийн удирдлага, албаныхантай уулзаж байх үеэр нь  албаар хүсэлт тавьж, гуйж байж ажлын хэсгийнхэнтэй уулзаж тодорхой мэдээлэл өгсөн. Ингэсний хүчинд сонсгол даргалагч “иргэний нийгмийн байгууллагын танилцуулсан асуудлаарх мэдээлэл, материалыг бичгээр өг” гэсэн бөгөөд маргааш нь бичгээр уг мэдээлэл материалыг өгөх гэтэл сонсгол даргалагч өөрөө тэдгээр хүмүүстэй уулзаагүй, олон цагаар нэхэл дагал болж хөөцөлдөж байж УИХ-ын хяналт шалгалтын газрын дарга Ч.Онончимэгт гардуулсан. Гэтэл 9 дүгээр сарын 23-нд болсон сонсгол дээр тэрхүү материалыг уншиж танилцсан гэхээр зүйлийг бид сонсгол даргалагч, ажлын хэсгийнхэн, төрийн байгууллагын холбогдох нөхөд, шинжээчдийн амнаас огт, юу ч сонссонгүй хийгээд бидэнд энэ талаар тодруулах боломж олгоогүй нь харамсалтай !

Ажлын хэсгийнхэн 9 дүгээр сарын 8-ны өдөр Халзан бүрэгтэй дэх МНРИК ХХК-ны тусгай  зөвшөөрөлтэй талбайд очсон боловч тэнд байсан иргэдтэй уулзаагүй. Ховд аймгаас Халзан бүрэгтэй уулын чиглэлд явах замд байдаг Ховд голын гүүрэн дээр гурван цагдаад үүрэг өгөн зогсоож, тэр чиглэлд хүн явуулахгүй байхыг даалгасан байсан. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийнхэн өөрсдийн явсан чиглэл дэх зорчих хөдөлгөөний замыг цагдаагаар хаалгасан нь эмгэнэлтэй явдал гэхээс өөр хэлэх үггүй мэт! Ховд голын гүүрэн дээр Буянт сум, Мянгад сум, Дөргөн суманд алба үүрэг гүйцэтгэдэг гурван цагдаад үүрэг өгч зогсоосон, тэр гурван цагдаа Халзан бүрэгтэй чиглэлд зорчих хөдөлгөөний хориглож, хүн явуулахгүй байсан нь баримттай зүйл. Дарга болон ажлын хэсгийнхэн өрөмдлөг хийсэн талбайтай танилцаад машинаараа иргэдийн хүлээж байсан газарт буюу компаний кэмпийн суурин дээр хүрч ирэх үед нь иргэд, уулзах хүсэлтээ илэрхийлж, гараа өргөж зогсохыг санал болгоход хажуугаар нь дайрах шахан, зогсолгүй явж одсон нь болсон явдал билээ. Тэрчлэн нөлөөллийн бүсийн айлуудаар орж ярилцаж мэдээлэл авна гэсэн боловч дараа нь судалж үзэхэд айлуудаар яваагүй. Тэр даруйдаа аймгийн төвд буцаж очсон байсан. Сонсгол даргалагч хийгээд ажлын хэсэг Ховд аймагт ажиллахдаа тухайн асуудлаарх зөрчил, судалж мэдвэл зохих ажлын хэсгийн зорилго чиглэлтэй холбоотой асуудлуудын талаар мэдэхийг огт хичээгээгүй гэдгийг энд онцлон дурдаж байна.

  1. Сонсголын зар гаргах, сонсголд оролцогчдыг бүртгэж, баталгаажуулах талаар зохион байгуулалт хариуцсан ажилтнууд харьцангуй сайн ажилласан гэж үзэх боломжтой ч, зарим бүртгүүлсэн иргэний нийгмийн болон иргэдийн төлөөллийг бүртгэгдээгүй хэмээн сонсголд оруулаагүй асуудал байгааг дурьдахгүй орхиж бас боломгүй.
  2. Тайланд бичсэн “... Сонсголын талаар” гэсэн хэсэгтэй холбогдуулан мэдүүлэхэд: Тухайн хэсэгт “... сонсгол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд ач холбогдолтойг сонсгол даргалагч онцлож танилцуулсан” гэжээ.

Гэвч бодит байдал дээрээ сонсгол яаж явагдсан бэ? гэвэл сонсгол оролцохоор орон нутгаас Улаанбаатар хотод хүрэлцэн очсон иргэд сонсгол ямар зарчим, хөтөлбөр дэгээр, яаж явагдах тухай огтхон ч мэдээлэлгүй байсан бөгөөд УИХ, ажлын хэсгээс энэ талаар мэдээлэл өгөхгүй байсан тул УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нарт хүсэлт тавьж, энэ тухай мэдээлэлтэй болгож өгөхийг тэдгээр иргэд төлөөллүүд гуйсан. Энэ ёсоор З.Мэндсайхан гишүүн 9 дүгээр сарын 22-ны өдөр тэдгээр иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа сонсгол даргалагч болон сонсгол зохион байгуулах ажлын хэсэгтээ холбогдож хөтөлбөрийг авч иргэдэд танилцуулсан. Гэтэл уг хөтөлбөрт иргэдийн оролцоо огт байхгүй. Сонсгол даргалагч болон ажлын хэсэг Ховд аймагт ажиллахдаа “сонсголд орон нутгаас оролцогчдын зүгээс мэдээлэл хийлгэх боломжийг хангаж, хөтөлбөрт тусгаж байгаа. Мэдээллээ бэлтгэж ир” гэсэн боловч хөтөлбөрийг нь авч үзэхэд орон нутгаас мэдээлэл хийх цаг хөтөлбөрт байсангүй. Иргэдийн үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх цаг ч хязгаартай тусгагдсан байв. Тэгээд сонсгол даргалагчид энэ асуудлаар утсаар ярьж гомдол гаргахад (З.Мэндсайхан гишүүнээр дамжуулж) Б.Баярбаатар “тэр орон нутгийнхан чинь мэдээлэл хийх цагийг хас гэсэн ш тэ” гэсэн. Гэтэл орон нутгаас хэн ч мэдээлэл хийх цагийг хас гэж хэлээгүй. Тэр ч бүү хэл мэдээлэл хийх цагийг хамгийн наад зах нь нэг дахин нэмэгдүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг илэрхийлсээр байсан юм. Ийнхүү гомдол тэмцэл болсны үр дүнд сонсгол даргалагч, зохион байгуулагчид орон нутагт мэдээлэл хийх багаахан цагийг хөтөлбөрт тусган, хөтөлбөрийг шинэчилж баталсан боловч “мэдээллийн цаг нь бэлтгэсэн мэдээллийг танилцуулахад хүрэлцэхгүй байна” гэсэн орон нутгийн оролцогчдын хүсэлтийг үл хэрэгсэж, хүч түрэн хөтөлбөрөө шинэчилж баталсан юм.  

  1. 9 дүгээр сарын 23-ны өглөө сонсгол эхлэхээр оролцогчид бүртгүүлэн орж танхимд суудлаа эзэлснээс хойш, сонсголд оролцох УИХ-ын гишүүд танхимд орж ирэхгүй хүлээлгэсээр, сонсгол эхлэх цаг 1 цаг 30 минутын хугацаагаар хойшилсныг мэдэж байгаа. Тиймээс сонсголд оролцогчдын дундаас энэ талаар шүүмжлэл хэлж, гомдол санал илэрхийлэхэд сонсгол даргалагч “сонсголыг ирц бүрдүүлж байж эхлүүлнэ гэж УИХ-ын гишүүдэд хэлээгүй” хэмээн хариуцлагагүй зүйл ярьсан ба даруй түүнийгээ цайруулж, сонсголыг цагтаа эхлээгүйд хариуцлага хүлээвэл зохих зохион байгуулах ажлын хүмүүст хариуцлага тооцно” гэсэн. Сонсголд оролцогчдыг танхимд ороход сонсголын батлагдсан хөтөлбөрийг хэвлэж оролцогч УИХ-ын гишүүд болон зарим оролцогчдын ширээн дээр тавьсан байв. Хөтөлбөрөөр сонсгол даргалагч үг хэлсний дараа Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны сайд, БОУАӨЯ-ны сайдууд мэдээлэл хийж, шинжээчид танилцуулга хийх ба үдээс хойш орон нутгийн мэдээлэл тэрчлэн оролцогчдын үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх цагийг тусгасан байв. Гэтэл сонсгол даргалагч хамгийн эхэнд орон нутгийн мэдээллийг хийлгэнэ хэмээн хөтөлбөрөө зөрчиж эхэлэхэд нь орон нутгийн мэдээлэл хийх хүмүүс хүлээн зөвшөөрөөгүй юм. Зөвшөөрөхгүй байх шалтгаан нь сайд нар хийгээд албаны нөхөд, шинжээчид юу ярихаас шалтгаалан орон нутгийнхан тухайн асуудал, зөрчлийн цөм дунд байгаа, нарийн ширийн асуудлуудыг сайтар мэдэж байгаагийн учир тэдгээрт хариулт, тодруулга өгөх замаар мэдээлэл хийх шаардлагатай, мэдээлэл танилцуулга хийхэд шинжээчдэд нэг бүрт нь 20 минут, сайд нар болон албаны нөхдөд нэг бүрт нь 10 минут өгсөн мөртлөө, орон нутгийн мэдээлэлд тус бүрт нь ердөө 5 минутын хугацаа тавьж хөтөлбөрийг баталсан нь Нийтийн сонсголын тухай хуулинд заагдсан “сонсгол даргалагч нь оролцогчдод тэгш боломж олгож, тэнцвэртэй, шудрага хандах” зарчмын заалтыг зөрчиж” байсан хийгээд үүнийг хэлж, залруулах боломжийг оролцогчдод олгохгүй байснаас орон нутгаас мэдээлэл хийх хүмүүс хөтөлбөрийн дагуу эхний мэдээлэл таницуулгуудыг сонсож ажиглах шаардлага зүй ёсоор урган гарсан юм. Ийнхүү орон нутгаас мэдээлэл хийх хүмүүс сонсгол даргалагчийн санааг зөвшөөрөөгүй учир сонсголд оролцогч УИХ-ын гишүүдээс санал хурааснаар олонх нь сонсголыг батлагдсан хөтөлбөрийнх нь дагуу явуулахыг дэмжиж, орон нутгийн мэдээллийг хамгийн эхэнд сонсоно гэсэн сонсгол даргалагчийн санаа дэмжигдээгүй юм. Эдгээрээс харахад сонсгол даргалагч эхнээсээ сонсголыг зохион байгуулах, даргалах үүрэгтээ хариуцлагагүй хандаж, хуулиа зөрчиж, магадгүй нэг талд үйлчилсэн гэж үзэхээр байдлыг гаргаж байсан нь илэрхий болно! Гэсэн ч эдгээр солиу гажуу зүйлүүдийн талаар тайланд огт цухуйлгаагүй байна. Цухуйлгахгүй нь ч мэдээж байх !

Хоёр: Сонсголын үйл явцын тухай:

Цаашилбал сонсгол дээр БОУАӨ-ийн яамны Хүрээлэн буй орчны газрын дарга Г.Энхмөнх, сайдыгаа төлөөлөн мэдээлэл хийхдээ “Халзан бүрэгтэй” төслийн байгаль орчныг хамгаалах асуудлаарх эрсдэл, зөрчил, ялангуяа хууль зөрчигдөж буй асуудлуудын талаар огтхон ч цухуйлгасангүй. 2023 онд тухайн яаманд Ховд аймгийн Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, мөн байгаль хамгаалах, уул уурхайн хариуцлага ил тод байдалд хяналт тавих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас хүргэгдсэн Халзан бүрэгтэй дэх газрын ховор элементийн ордын тусгай зөвшөөрөл хууль бус болохыг хянуулж, дүгнэлт гаргуулах тухай өргөдлийг хэлэлцүүлэхгүй, хянан шийдвэрлэхгүй хоёр жилийн нүүр үзэж байгаа шалтгаанаа хальт мөлт тайлбарлахдаа уг өргөдөл болон хавсаргасан материалууд нь журмын шаардлага хангахгүй байгаа мэтээр гөрдөж, худал хэлэв. Тиймээс орон нутгийн мэдээллийн 5 минутын цаг дээр Халзан бүрэгтэй төслийг тойрсон асуудлууд, олон нийтийн мэдэх эрхийн зөрчил зэрэгт хараат бус шинжилгээ, үнэлгээ хийсэн “Ховдын толь сонин” НҮТББ-ын төлөөллөөс мэдээлэл хийхдээ БОУАӨ-ийн яамны газрын дарга тухайн асуудал дээр худал ярьсан болохыг, яаманд хүргэгдсэн материал сайдын тушаалаар батлагдсан тусгай зөвшөөрөл цуцлуулах дүгнэлт гаргуулах тухай өргөдөл, гаргах, түүнийг хянан хэлэлцэхэд баримтлах журмын шаардлагыг хангасан, хангалттай нотлох баримт, материалыг хүргүүлсэн гэдгийг, энэ асуудлаар БОУАӨЯ-ны газрын дарга Г.Энхмөнхтэй мэтгэлцэх шаардлага үүсч байгааг (сонсгол дээр тэрхүү албан тушаалтан илт худал ярьсны улмаас) хэлсэн. Гэвч УИХ-ын байнгын хорооноос гаргасан сонсголын тайланд энэхүү маргаан зөрчилтэй асуудлыг хянасан тухай, эсвэл хэрхэн хянан шийдвэрлэх тухай юу ч дурьдаагүй орхисон байна.

  1. “Халзан бүрэгтэй”-д үйл ажиллагаа явуулж байгаа компани нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг анхнаасаа хууль бус, хуйвалдааны аргаар боловсруулж батлуулж ирсэн, 2023, 2024 онд БОУАӨЯ-наас компаний “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөө”-г баталсан нь ч хууль журам зөрчсөн, хууль бус зүйл болохыг орон нутгийн мэдээлэл дээр тодорхой баримт дурьдаж ярьсан. Түүний зэрэгцээ 2023 оны тухайн компаний байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэхдээ бодит үнэнд нийцэхгүйгээр, худал дүгнэсэн тухай хараат бус мониторингийн багийн тэмдэглэлд үндэслэсэн гомдлыг 2024 оны 4 дүгээр сарын 10-нд нэр бүхий төрийн бус байгууллагуудаас, мөн 2025 оны 5 дугаар сарын 10-нд Ховд аймгийн Мянгад сумын ИТХ-аас БОУАӨЯ-нд гаргасан. БОУАӨЯ нь Захиргааны Ерөнхий хууль, Төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль, холбогдох бусад хууль, журмын дагуу гомдлыг хэлэлцүүлж, хянан шийдвэрлэх ёстой байтал, хэлэлцүүлэх бүү хэл өргөдөл, гомдол гаргагчдад одоо болтол буюу 17 сарын хугацаанд нэг ч удаа хариу өгөөгүй. Газрын дарга Г.Энхмөнх мэдээлэл хийхдээ энэ тухай юу ч ярихгүй нуун дарагдуулсан зэргийг хэрхвэл зохих тухай тайланд юу ч цухуйлгаагүй байна.

Сонсгол даргалагч болон ажлын хэсгийг 9 дүгээр сарын 7-9-нд Ховд аймагт очиж ажиллах үеэр нь эдгээр дурьдагдаж буй зүйлүүдийн талаарх тодорхой мэдээлэл, материалуудыг сонсгол даргалагч Б.Баярбаатарт мэдүүлж, УИХ-ын хяналт шалгалтын газрын дарга Ч.Онончимэгт гардуулж өгсөн тухай дээр дурьдсан. Ажлын хэсгийнхэн, тэр дундаа томилогдон ажилласан шинжээч тухайн материалыг заавал үзэж танилцаж, түүнтэй холбоотой нэмэлт баримт сэлтүүдийг цуглуулан, тухайн материалыг өгсөн этгээдтэй холбогдож асуудлуудыг тодруулах нь гарцаагүй хийгдэх зүйл. Гэтэл сонсгол дээр байгаль орчны нөлөөллийн асуудлаар шинжилсэн хэмээн дүгнэлт танилцуулсан Н.Наранцэцэг шинжээч бас л энэ талаар нэг ч үг цухуйлгаагүй нь хачирхалтай. Н.Наранцэцэгийн танилцуулсан танилцуулга бол тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн захиалгаар хийгддэг нөлөөллийн үнэлгээн дээр ажилласан үнэлгээний компаний л танилцуулга байна гэхээр мэдээлэл байсныг бас хэлэх хэрэгтэй!

  1. Шинжээч Х.Лхагвабаатар Халзан бүрэгтэйн газар ховор элементийн ордод тусгай зөвшөөрөл олгосон үйл явц, нөхцөл байдлыг шинжилсэн хэмээн 20 минутын урт танилцуулга хийхдээ тухайн тусгай зөвшөөрөл олголтонд ямар зөрчил байгаа, түүнтэй холбоотой ямар судалгаа хийгдэж, ямар ямар газруудад ямар гомдол санал хүргэгдэж, түүний дагуу тухайн газрууд яаж ажилласан тухай нэг ч үг амнаасаа унагаагүй. Зүгээр л Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст байгаа бүртгэлийн түүхийг танилцуулснаа шинжилгээний дүгнэлт гэж нэрлэсэн. Орон нутгийн мэдээллийн цаг дээр (5 минут) “Ховдын толь сонин” НҮТББ-ын төлөөлөл мэдээлэхдээ энэ талаар ямар зөрчил байгаа, ямар хуулийн ямар заалтууд зөрчигдсөн тухай тодорхой дурьдсан атал энэхүү маргаан зөрчилтэй зүйл дээр яаж анхаарах талаар тайлангийн санал дүгнэлт хэсэгт мөн л ганц ч үг оруулаагүй байна.

Тэрчлэн цацрагийн шинжилгээний дүн, дүгнэлт, эрсдэлт нөхцөл байдлын талаар тухайн асуудлаар танилцуулга хийсэн шинжээчийн (Т.Аззаяа) мэдээлэлд яригдсан зүйлс, оролцогчдын асуултад хариулсан хариулт нь орон нутгийн хараат бус шинжилгээний дүгнэлтэд үндэслэсэн мэдээлэл, мөн оролцогчдын асуултад хариулсан Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн даргын хариулт зэрэгтэй эрс зөрчилдөж, маш их зөрөөтэй байгааг хэрхэн нягтлан тодруулах, маргаанийг хэрхэн шийдэх тухайд ч  тайлангийн санал дүгнэлт хэсэгт сох орхигдуулсан байна. Харин ч илт нэг талыг баримтлаж, зөвхөн шинжээчдийн хэлсэн ярьсан л хөдлөшгүй үнэн, бусад талуудын ярьсан танилцуулсан нь худал, тэр ч атугай үзүүлсэн нотлох баримтууд ч худал мэтээр тайлангийн санал дүгнэлт хэсэгт оруулсан нь харамсалтай! Үүнтэй холбогдуулан бичихэд шинжээчийг хэн хэрхэн, яаж томилсон вэ? гэдэг асуудал энд яригдах ёстой. Олон талуудаас санал гомдолтой, маргаан зөрчилтэй ийм асуудалд шинжээчийг томилохдоо зүгээр нэг эрх мэдэлтнүүдийн үзэмжээр, аль нэг талын давамгайллаар бус, тэдгээр бүх талуудын санал зөвшилцөлд тулгуурлан сонгож, томилж байх нь шудрага ёсны нэн түгээмэл нийтлэг зарчим гэдгийг энд сануулахыг хүснэ !    

  1. “Халзан бүрэгтэй” төслийн асуудлаар УИХ дээр нийтийн сонсгол зохион байгуулсан үндсэн зорилгын хүрээнд тухайн асуудалд ямар ямар зөрчил, эрсдлүүд байгаа зэрэгт 2021 оноос хойш урт хугацааны ажиглалт, хараат бус хяналт хийсэн судалгааны материалуудыг үндэслэн боловсруулсан олон улсын “Нөөцийн шудрага ёсны эвсэл”-ийн (хуучнаар ТАН буюу “Төлсөн, авснаа нийтэл” эвсэл) цогц дүгнэлт, байр суурийн баримт бичгийг сонсгол даргалагч болон сонсголд оролцсон Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны бүх гишүүдэд имейлээр урьдчилан хүргүүлж, улмаар эвслийн төлөөлөл сонсгол дээр энэ тухай тайлбарлан, уг баримт материалыг сонсгол даргалагчид гардуулсан. Мөн түүнтэй хамт сонсголын тайлан, дүгнэлтэнд тусгахыг хүссэн тодорхой саналуудыг өргөн барьсан атал сонсголын тайланд үүний талаар огт дурьдаагүй байна. Тэр ч байтугай сонсгол даргалагч Б.Баярбаатар уг эвслийн төлөөллийг сонсгол дээр үг хэлж, тодорхой баримтуудын талаар дурьдсаны төлөө даргалагчийн индэр дээрээс загнаж, үндэслэлгүй худал зүйл ярьсан мэтээр гүтгэж буруутгаж, дээрэнгүй хандаж байсан нь нэн зохисгүй ёс зүйгүй үйлдэл юм!
  2. Сонсголын тайлангийн “Улсын Их Хурлын гишүүдийн асуулт хариулт” хэсэгт гишүүдийн хэлсэн үгнээс тоймлон цохолборлож оруулахдаа тэдний хэлсэн үгийг бүтнээр нь анхааралтай сонсож, ажиглаагүй, сонсголын дэлгэрэнгүй тэмдэглэлийг сайтар уншаагүй юм уу гэхээр, тухайлбал гол санааг нь илэрхийлэхүйц хэсгийг сонгож чадаагүй байдал илт харагдаж байна. Тухайлбал гишүүн М.Бадамсүрэн, Б.Заяабал, О.Амгаланбаатар, З.Мэндсайхан, Д.Цогтбаатар, нарын тухайд яригдсан асуудлуудтай холбоотой зөрчилтэй, эрсдэлтэй ноцтой зүйлүүдийг хөндсөн байхад тэдгээрийг нь орхигдуулан, төдийлөн ач холбогдолгүй мэт ойлгогдохоор ганц, хоёр үгүүлбэр цойлдож оруулах маягаар ажилласан нь тоогүй байна!
  3. Мөнхүү асуултанд хариулсан албаны болон мэргэжлийн хүмүүс, шинжээч гэх хүмүүсийн хариултыг тоймлохдоо ч гол зөрчил зангилааг гаргахгүйгээр хал балгүй, төдийлөн оновчгүй хэсгүүдээс эшлэл авсан, зарим хариулт өгсөн нөхдийн илтээр худлаа ярьсан зүйлийг нягтлах шалгах ямар ч оролдлого хийгээгүй гэх мэт өөлөх гоочлох зүйлүүдээр арвин байна. Тухайлбал шинжээч Аззаяа, Лхагвабаатар, Лхамсайзанмаа нарын ярьсан зүйл, асуултанд хариулсан хариулт нь Мэргэжлийн байгууллага болох Үндэсний Геологийн албаны дарга Н.Мөнхбилэг, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, түүнчлэн иргэний журмаар үг хэлсэн, судлаач Б.Гантөмөр, Хундаганай, мөнхүү иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн мэдээлэл, байр сууриас эрс зөрүүтэй, тэдгээртэй зөрчилдөж байгаа атал энэ тухай тайланд нэг ч үг дурьдаагүй байна.
  4. Сонсголын тайлан дүгнэлт гэдгийг үйлдэхдээ сонсголын дэлгэрэнгүй тэмдэглэлийг харгалзаж үзээгүй гэхээр зүйл уг тайланд олонтоо давтагдаж байна. Үндсэндээ сонсголын дэлгэрэнгүй тэмдэглэл, сонсголын тайлан дүгнэлт хоёр ихээхэн зөрүүтэй байгаа нь анхаарахаас аргагүй зүйл!
  5. Тэрчлэн сонсголын тайланд, ялангуяа санал дүгнэлт хэсэгт тусгуулахаар сонсголд оролцогчид, иргэний нийгэм, хараат бус талуудаас гаргасан саналыг огт хэрэгсээгүй, тайлан дүгнэлтээс зориуд орхигдуулсан нь байж боломжгүй зүйл гэж үзэж байна !

Гурав: Сонсгол даргалагчийн ёс зүйн асуудал:

  1. Сонсгол явагдаж өнгөрсний дараа, сонсголын тайлан гарахаас өмнө сонсгол даргалагч Б.Баярбаатар “Ийгл” телевизийн сувгаар хөтлөгч Г.Балжинямтай ярилцаж, түүнийгээ 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус сувгаар олон нийтэд түгээлгэжээ. Хэвлэл мэдээллийн байгууллага сонсгол даргалагчаас ярилцлага авах нь байж болох ч тухайн ярилцлагад сонсгол даргалагч бодит байдлыг илт гуйвуулсан, худлаа зүйлүүдийг, хэт нэг талыг баримтласан, сонсголын учир зорилгыг гажуудуулж, төөрөгдүүлсэн зүйлүүд ярьж, түүнийгээ нийтэд цацуулсан нь ёс зүйн хувьд байж боломгүй үйлдэл гаргав. Үүнд сонсгол дээр яригдсан талуудын эсрэг тэсрэг байр суурьтай, эш баримттай мэдээллүүдийг харгуулан нягтлах, үнэн мөнийг олох ямар ч оролдлого хийгээгүй атлаа зориудын худал дүгнэлт хийж:
  • Тусгай зөвшөөрлийн тухайд хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй нь шинжээчдийн дүгнэлтээр нотлогдсон мэтээр;
  • Халзан бүрэгтэйн орд газарт хэрэв олборлолт хийвэл ямар нэг хаягдал, түүн дотор цацраг идэвхт хаягдал гарахгүй мэтээр;
  • Сонсголд оролцогчдын дунд гадны агентаас санхүүждэг, “шантаажид”, Улсын эсрэг үйл ажиллагаа явуулагчид байгаа, түүнийг шалгаад тогтоочихсон мэтээр (маш хариуцлагагүй яриа, иргэдийг, оролцогчдыг санаатайгаар доромжилсон гүтгэлэг);
  • Хариуцлагатай уул уурхайг тодорхойлох ямар ч тодорхой ойлголтыг дэлхий нийт бий болгоогүй мэтээр;
  • Цацраг туяа нь ямар ч хор хөнөөлгүй, шүдний рентген, тамхины утаанаас ч бага хортой байдаг мэтээр;
  • Малын ургийн гажиг үүссэн нь адууны баас, машины дугуйгаар хорт ургамалын хор тээгдэж очсоноос болсон гээд тогтоочихсон мэтээр;

- Халзан бүрэгтэй төслийг “шантааж” хийж, ашиг олдог хэдэн нөхөд л эсэргүүцээд байгаа мэтээр, түүнийг өөрөө нотолчихсон мэтээр хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй, бодит байдлыг гажуудуулсан гэхэд маш явуургүйгээр гажуудуулсан зүйлүүдийг ярьсан нь ёс зүйн хувьд огт байж боломгүй зүйл гэж үзэж байна.

Сонсгол даргалагч Б.Баярбаатарын энэхүү зохисгүй зан байдал, үйлдлийг УИХ-ын ёс зүйн байнгын хороо, болон холбогдох эрх бүхий газраар хянаж хэлэлцлүүлэн. хуулийн хариуцлага оногдуулж, цаашид ийм үйлдэл давтагдахгүй байхад сайн нөлөө үзүүлэхийг хүсэж байна.  

Дөрөв: Сонсголын тайлан, санал дүгнэлтийн тухай

  1. Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 1-д “...хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд тэдгээрийн удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих” зорилгоор уг сонсголыг явуулсан” гэсэн авч, хэрэг дээрээ сонсголын үйл явц, гаргасан тайлан дүгнэлт нь энэхүү зорилгоо өөрөө зориудаар үгүйсгэсэн гэхээр зүйлүүдээр арвин, байгаа нь сонсголын дэлгэрэнгүй тэмдэглэл хийгээд, дээр өгүүлэгдсэн, мөн доор бичигдсэн үйл, баримтуудаас тодорхой харагдаж байна. Тухайлбал:

Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 3-т: “Халзан бүрэгтэйн орд бол ураны орд биш, газрын ховор элементийн орд бөгөөд ашиглалтанд бэлтгэгдэж байгаа Монгол Улсын анхны төсөл юм” хэмээсэн ямар зорилгоор бичсэн нь ойлгомжгүй сонсголын сэдэв, сонсгол дээр яригдсан зүйлсийн агуулгаас гажууд солиу зүйлийг оруулсан нь ойлгомжгүй байна. Учир нь сонсгол дээр “Халзан бүрэгтэйн орд нь ураны орд гэж хэн ч хэлээгүй. Харин тухайн орд газар цацраг идэвхт ашигт малтмалын орд болох нь Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.15 дахь заалтуудаар тодорхой нотлогдож байгааг зарим мэдээлэл хийсэн, асуултад хариулт өгсөн хүмүүс хэлсэн. Гэвч үүнийг дурьдахгүйгээр шал солиу гажуу зүйл бичсэн нь хачирхалтай !

Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 4-т: “Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн ордод агуулагдаж буй элементүүд нь өөрөөсөө цацраг идэвхгүй” хэмээн санаатай худал зүйл бичсэн нь маш хариуцлагагүй явдал. Энэ тухайд сонсгол дээрх мэдээлэл хийсэн, асуултад хариулсан, үг хэлсэн хүмүүсийн маргаантай, эсрэг тэсрэг байр суурийг тодруулж, нягтлах ямар ч оролдлого хийлгүйгээр ийм  санаатай, нэг талын, худал дүгнэлт хийх нь зохисгүй зүйл !

Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 5-д “Халзан бүрэгтэйн ордоос нийлмэл исэл үйлдвэрлэх нь өндөр ач холбогдолтой. Эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр болох чухал төсөл” гэж бичсэн нь сонсгол дээр танилцуулагдсан 2023 онд Цөмийн энергийн газраас гаргасан албан ёсны дүгнэлт, хараат бус судалгааны материалуудыг үндэслэн  “Нөөцийн шудрага ёс” иргэний нийгмийн эвслээс гаргасан дүгнэлт, тэрчлэн Үндэсний Геологийн албаны дарга Н.Мөнхбилэг зэрэг мэргэжлийн байгууллагын хариуцлагатай албаны хүмүүсийн ярьж хэлснээс ихээхэн зөрөөтэй, маргаантай байгааг харгалзаж үзээгүй, нэмэлт судалгаа хийгээгүй, нягтлаагүйн дээр, тодорхой ямар судалгааг үндэслэж ингэж дүгнэж байгаагаа тодруулаагүй, ямар ч эх сурвалжгүй санаан зоргын, таамаг дүгнэлт гэж үзэж байна.

Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 6-д: “Байгалийн цацраг гэдэг нь ердийн ашигт малтмалын ордуудад ч байх бөгөөд Халзан бүрэгтэй ордод агуулагдах уран 0.009 хувь байгаа нь Монгол Улсын бусад газрын ховор элементийн үзүүлэлтээс бага үзүүлэлт юм гэсэн нь ямар эх сурвалжид үндэслэсэн, хэний гаргасан дүгнэлт болох нь тодорхойгүй (бодвол томилогдсон шинжээчийн үг байх), сонсгол дээр танилцуулагдсан тухайн орд газар хийгдсэн Коваленко тэргүүтэй олон улсын судлаачдын багийн эрдэм шинжилгээний дүгнэлт, Монгол Улсын Ц.Энхбат зэрэг эрдэмтдийн эрдэм шинжилгээний дүгнэлт, тэрчлэн Цөмийн энергийн комиссын дүгнэлт зэргээс мөн эрс зөрүүтэй байгаа атал шалган нягтлахгүй хүч түрсэн, “хийрхүү” дүгнэлт болсон байна !

Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 7-д: Халзан бүрэгтэй дэх “МНРИК” ХХК-ны тусгай зөвшөөрлийн бүртгэлийн мэдээллийн талаар “шинжээч гэх” Х.Лхагвабаатарын мэдээллээс эш татсан нь зүгээр Ашигт малтмал, газрын тосны газарт буй бүртгэлийн мэдээлэл бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой илэрсэн зөрчлийг шинжилсэн зүйл биш юм гэдгийг дээр үгүүлсэн. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн зөрчлийг сонсгол дээр тодорхой танилцуулсаар байхад тайланд оруулахгүйгээр зориудаар нуун дарагдуулсан байна !

Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн 10-т: “Халзан бүрэгтэй төсөл” орчимд цацрагийн хэмжээ хамгийн их газраа 1.67 микрозиврт/ц байгаа нь шинжлэх ухааны үүднээс авч үзвэл хүний биед нөлөө үзүүлэх эрсдэл байхгүй” гэж дүгнэсэн нь  мөн л үзэл бодолд тулгуурласан, таамаг шинжтэй, хэтэрхий хариуцлагагүй, илт увайгүй дүгнэлт юм. Сонсгол дээр энэ талаар судалж мэдсэн хэд хэдэн мэргэжлийн судлаач, эрдэмтэд маш тодорхой мэдээллүүд өгсөн нь үүнээс хол зөрүүтэй байгааг тайлан бичигчид нягтлахыг хүссэнгүй. Жич: тэдгээр хүмүүс нь өөрсдийн эрдмийн цол гуншин, эрхлэдэг ажлаа дурьдалгүйгээр зүгээр иргэн гэж өөрийгөө танилцуулж ярьсан нь тайлан бичигчдийг ийнхүү увайгүй үйлдэл хийхэд өөш болсон бололтой !

Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 12-т: “Хайгуулын шатанд усны нөөц болон чанарт онц ноцтой хохирол учруулсан гэсэн нь шинжээчийн дүгнэлт болон төрийн байгууллагаас өгсөн мэдээллээр нотлогдоогүй” гэсэн нь мөн л маш хариуцлагагүй, зориудаар зохиож, гуйвуулж бичсэн, үзэл бодолд суурилсан дүгнэлт байна. Сонсгол дээр усны нөөц болон чанарт ноцтой хохирол учруулсан гэж хэн нэгэн яриагүй. Харин ус ашиглах дүгнэлт, зөвшөөрлүүдийг олгосон үйл явцууд нь хууль зөрчсөн болохыг судалж, авилгатай тэмцэх газарт хандсан, АТГ хэрэг үүсгэн шалгаж байгааг мэдүүлсэн. Мөн Усны асуудал эрхлэсэн Төрийн Захиргааны төв байгууллага буюу усны газрын дарга З.Батбаяр сонсгол дээр хэлэхдээ Халзан бүрэгтэйд хэрэв олборлолт явуулбал, тухайн компаний одоогоор ашиглана гэж тооцсон, зөвшөөрөл авахаар хүсэлт гаргаснаар нь тооцвол усны нөөц хүрэлцэх ямар ч боломжгүй” гэж мэдэгдсэнийг зориудаар, санаатайгаар үгүйсгэсэн байна !

Сонсголын тайлангийн санал дүгнэлт хэсгийн: 13-т: “Орон нутгийн иргэд болон ТББ-уудаас төслийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлуудыг Төрийн байгууллагаас тодруулахад үндэслэл муутай, нотлогдохгүй байсан” гэсэн нь зориудын гүтгэлгийн шинжтэй бичвэр байна! Тиймээс энэ асуудлыг тухайн тайлан бичигч болон “тодруулсан гэх” төрийн байгууллагын тухайн мэдээллийг өгсөн этгээдтэй хамт нягтлан, шалгуулах, халз мэтгэлцэх замаар үнэн мөнийг тогтоолгохыг шаардаж байна!

Тав: Сонсголыг мэдээлсэн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн талаар:

Сонсголын тайланд уг сонсголыг МҮОНРТ шууд дамжуулсныг дурьдаснаас гадна 13 мэдээллийн сайт, 8 телевиз сонсголыг мэдээлсэн гэжээ. Эдгээр мэдээллийн хэрэгслүүд мэдээлэх мэргэжлийн зарчимаа хэрхэн баримтлаж ажилласан тухайд шүүмжлэлтэй зүйл арвин байна. Юуны өмнө сонсголоос контент бэлтгэж цацсан мэдээллийн сайт, телевизүүдийн аль нь ч бидний гаргаж буй энэхүү шүүмжид бичигдсэн шүүмжлэлтэй асуудлуудыг мэдээлэлдээ оруулаагүй. Үндсэндээ нэг талыг баримтласан өнгө аяс, агуулгатай контентүүдээр олон нийтийг бөмбөгдсөн. Орон нутгаас мэдээлэл хийсэн, бодитой баримттай асуудал, зөрчлийн талаар ярьсан хүмүүсийн үг яриа тэдгээр мэдээллийн хэрэгслүүдийн контентэнд байр зайгаа эзлээгүй. Зарим сайт, телевизүүд энэ тухай яриа, ярилцлага авсан ч түүнийгээ гаргаагүй, үнэнийг зориудаар нуун дарагдуулсан (ямар ямар мэдээллийн хэрэгсэл хэнээс яриа авснаа гаргаагүй нь баримттай зүйл) нь хачирхалтай.

Энэ байдлаас харахад сонсголыг сурвалжилж мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ашиг сонирхлын зөрчил ихтэй, тохироо, үгсэн хуйвалдаан байгаа гэсэн хардлагыг зүй ёсоор төрүүлж байна. Тиймээс сонсголыг мэдээлсэн гэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бэлтгэж гаргасан контентүүдэд анализ хийж, ашиг сонирхлын зөрчлийг шалган тогтоох шаардлага байна гэж үзэж байна !   

Эдгээрээс харахад сонсголын тайлангийн дүгнэлт нь дийлэнхдээ худал дүгнэлт болсон байна !   

Зургаа: Өргөдөл, гомдол гаргасны учир:

Тиймээс:  “Халзан бүрэгтэй”-н ордын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдлийг нарийвчлэн судлах нь” сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан үйл явц, сонсгол дээр хөндөгдөж, яригдсан зүйлсийн үнэн мөн чанар, тухайн сонсголыг зохион байгуулахад Нийтийн сонсголын тухай хууль болон холбогдох хууль журмуудыг хэрхэн хэрэгжүүлж, ажилласан, сонсголын тайлан, дүгнэлтэнд бичигдсэн бидний хүлээн зөвшөөрөхгүй байгаа, үндэслэлгүй, худал, хуурмаг зүйлүүдийн талаар энэ тухай өргөдөл, гомдол гаргагчид, сонсголд оролцогчид, тэрчлэн хараат бус хөндлөнгийн шинжээчид, тухайн асуудлаар саналаа илэрхийлсэн бүх талуудын төлөөллүүдийг байлцуулан, хуулийн хүрээнд, нээлттэй ил тод байдлыг бүрэн хангасан нөхцөлтэйгээр хэлэлцүүлж шийдвэрлэхийг хүсэж энэхүү өргөдөл гомдол хүргүүлж байна” гэжээ.

Өргөдөлд 40 гаруй оролцогч гарын үсэг зуржээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
3 + 4 =

Create Account



Log In Your Account