“Торгоны зам” авто уралдааны маршрутыг оролцогчид нь өөрчилжээ

By: Admin
2024-12-23
0
2739

          “Торгоны зам-2021” олон улсын авто уралдаан

 

            “Торгоны зам 2021” олон улсын авто ралли /автомашины уралдаан/ Омскод эхэлсэн тухай бид 10 гаруй хоногийн өмнө мэдээлж байсан. Энэ нь анх зохиогдож эхэлснээс хойших 11 дэх удаагийн олон улсын тэмцээн бөгөөд Алтайн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэр дээгүүр уг уралдааны анхны маршрут зохиогдож байлаа. Долоон сарын гурванд Горный Алтайск хотын төв талбайд бартаат замын машин, хоёр болон дөрвөн дугуйт мотоцикл, ачааны машинаар уралддаг тамирчид нийт 90 гаруй экипажийнхан цуглан, хотын зуу, зуун оршин суугчид хийгээд зочидод мэндчилгээ дэвшүүлэв. Ингэсний дараа тэд Чуйн хөндийг дагасан замаар Монгол нутгийн зүгт жолоо залах ёстой байлаа. Анхлан төлөвлөснөөр бол авто уралдааны маршрутын гол газрыг Монголын нийслэл Улаанбаатар хот байхаар газрын зураг дээр цэг хатгаж, тэр хотод олон улсын энэхүү нэр хүндтэй уралдааны хаалтын үйл ажиллагааг хийх, үүнд янз бүрийн улс орноос, түүнчилэн Монголоос оролцсон оролцогчдын 40 гаруй багийг хамруулахаар зурагласан байсан юм.  

         Долоон сарын гурванд Горный Алтайск хотод болсон нээлтэн дээр байлцсан тамирчин жолооч нарын дунд дөрвөн дугуйт мотоциклийн төрлөөс 2019 оны Торгоны зам уралдааны аварга Рафал Сонник, дэлхийн аварга Александр Максимов нар байсан. Рафал Сонник нь “Дакар” олон улсын авто уралдаанд 11 удаа оролцож, уг уралдааны 2015 оны аварга болж байсан бол Александр Максимовын хувьд 2019 оны “Торгоны зам” уралдаанд мөн оролцсоноос гадна дөрвөн дугуйт мотоциклийн уралдааны төрлөөр “Африка Эко Рейс” тэмцээний аварга, дэлхийн цомын эзэн юм. Нээлтэнд оролцсон дөрвөн дугуйт мотоциклийн уралдааны тамирчдаас цааш нэрлэвэл “Торгоны зам - 2018” уралдааны аварга, мөн “Торгоны зам - 2016- уралдааны мөнгөн медальт, дэлхийн цомын төлөөх уралдааны олон удаагийн аварга Язид Аль Раджи, 2019 оны “Дакар” уралдаан, мөн “Африка Эко Рейс” уралдаанд амжилттай оролцсон Денис Кротов, мөн түүний залуурч, “Африка Эко Рейс” уралдааны цомын эзэн, Торгоны зам маршрутын оролцогч Константин Жильцов нар байлаа.

       Тэгвэл энэ тэмцээний оролцогч эмэгтэй тамирчид болох “Торгоны зам” олон улсын уралдааны хоёр удаагийн оролцогч, “Дакар” уралдаанд барианд орсон Оросын анхны эмэгтэй тамирчин, кросс –кантри-ралли уралдааны мотоциклын эмэгтэйчүүдийн шүүлгийн дэлхийн аварга Анастасия Нифонтова, мөнхүү мото уралдаан, дөрвөн дугуйт мотциклийн уралдааны залуурч, “Торгоны зам” уралдааны оролцогч, дэлхийн чанартай авто уралдааны хамгийн олон төрөлд хүч сорьж байсан тамирчин, залуурч Екатерина Жаданова нарыг дурьдахгүй байж болохгүй. Ачааны автомашинаар уралдагчдын олонх нь Оросын багууд байсан бөгөөд эдний дунд олон улсын хэмжээний мастер, “Африка Эко рейс” тэмцээний гурван удаагийн аварга, “Торгоны зам -2019” уралдааны аварга, “Дакар” олон улсын авто уралдааны 2020, 2021 оны мөнгөн медальт, тамирчин жолооч Антон Шибалов, залуурч Дмитрий Никитин, механик Иван Татаринов нар байв.

shelkovii puti avtoralli 2

       shelkovii puti avtoralli 4

         Уралдаан эхлэхийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Торгоны зам – 2021” авто уралдааны оролцогчид, зохион байгуулагчид, үзэгчдэд хандан мэнчилгээ дэвшүүлсэн. Тэр хэлэхдээ: “Уг уралдаан нь үнэнхүү эрч хүчээр бялхсан, хүчтэй өрсөлдөөн, сэтгэл хөдөлгөм хурц, тод үзүүлбэрүүдээр баян, илүү орчин үеийн хийгээд, тамирчид, үзэгчдэд онцгой дурсамжтай тэмцээн болно гэдэгт итгэж байна” хэмээн онцолсон. Энэхүү тэмцээн нь Орос, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойд зориулан зохиогдож буйгаараа илүү онцлогтой. Ойн хүрээнд олон ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөгдсөний нэг нь энэ юм.

        Хэдийбээр энэхүү олон улсын уралдаан тэмцээний учир холбогдолыг авч үзвээс хил орчмын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны хөгжилд өндөр ач холбогдолтой ч гэсэн өнөөгийн сөрөг нөхцөл байдлын улмаас зарим асуудлыг хязгаарлахаас аргагүй болсон. Алтайн бүгд найрамдах улсад зохион байгуулагдах уралдааны хувьд тус бүсийн нутаг дэвсгэрээр явах маршрутыг хэлэлцэх үеэр  маршрутад зурагдсан уул, давааны замаар өдөр болгон зуу, зуун машин байнга зорчдог нь эрсдэлийг тооцох зайлшгүй хүчин зүйл болж байв. Торгоны зам олон улсын уралдааныг зохион байгуулагчид урьдчилсан шатны бэлтгэл арга хэмжээг нэг бүрчлэн төлөвлөн зохион байгуулж, спортын хорооны бүрэлдэхүүн, ажиглагчид, Олон улсын автомашины холбоо, Олон улсын мотоциклийн холбоодуутай зөвлөлдсөний үр дүнд уг уралдааны маршрутыг уян хатан, сэлгэн солих боломжтой байх гэдэг дээр санал нэгдсэн юм. Торгоны зам авто уралдаан, олон улсын тэмцээний цар хэмжээ хэдий өргөн байх тусмаа илүү том хэмжээний шийдвэр, зохицуулалт шаардагдах нь ойлгомжтой байсан хийгээд, зайлшгүй хэрэгжүүлэх ёстой бэлтгэл зохион байгуулалтын зүйлүүд, тэрчилэн  цаг үеийн нөхцөл байдлын улмаас хүний бөөгөнөрөл үүсгэхгүй байх нь нэн чухал болж байлаа. Маршрутын талаарх анхны шийдвэрийг гаргасаны дараа “Ковид -19” тахлын тархалт хаа сайгүй болж, бүх нутаг дэвсгэрийг хамарсан төвөгтэй нөхцөл байдалд дахин анхаарах, тэмцээний оролцогчдын болоод Монгол улсын орон нутгийн хүн ам, оршин суугчдын эрүүл мэндийг хамгаалж, халдвараас сэргийлэн зайлсхийх үүднээс авто уралдааны маршрутыг Орос - Монгол улсын хил гатлуулахгүйгээр, зөвхөн ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр уралдуулах, уралдааныг зөвхөн мэргэжлийн тамирчдын хүрээнд явуулах шийдвэрийг “Торгоны зам” уралдааны зохион байгуулагчид хүлээн авсан юм.

        Ингэснээр авто уралдааны гуравдугаар тойргийн оролцогчид урьд долоо хоногийн амралтын өдөр Горный-Алтайск – Кош Агач гэсэн маршрутаар замд гарсан ба уралдааны замын туршид тэдний тээврийн хэрэгсэл авто машин, мото хэрэгсэлд нь эвдрэл гэмтэл гарвал,  механикууд, бусад багийн оролцогч, аливаа хүнийг ойртуулахыг хориглож, жолооч тамирчин нь зөвхөн өөрөө бие дааж засахаар зохион байгуулсан. Харин тэдгээр баг тус бүрийн техникийн дэмжлэг үзүүлэх группыг Горно-Алтайскийн ойролцоо тусгайлан байршуулсан юм. Торгоны зам олон улсын төслийн удирдагч Владимир Чагин “Уралдааны оролцогчдыг Монгол улсын нутаг дэвсгэрээр саадгүй нэвтрүүлэх дэд бүтэц, оролцогчдыг хүлээн авах, хүн амыг тахлын эрсдэлээс хамгаалах үүрэг бүхий шуурхай үйлчилгээний цэгүүдийг улсын болон орон нутгийн засаг захиргааны шийдвэрт үндэслэн тэмцээний зохион байгуулагчдаас гаргасан тухайн үеийн шийдвэртэй уялдуулан ажлуулах бэлтгэл зохион байгуулалтыг хангах ёстой” хэмэээн чиглэл өгсөн бол, тус төслийн захирлуудын зөвлөлийн дарга Булат Янборисов байр сууриа илэрхийлэхдээ  “Оршин суугчид хүн амын амьдрал, эрүүл мэндийн асуудлыг тэргүүнд тавих ёстой. Монголд тусламжийн ачаа барааг хүргэхэд санаа тавих нь зүйтэй. Хэдийнээс нааш уралдааны оролцогчидтой болон бидэнтэй уулзсан олон хүмүүс зонхиороо манай шийдвэрийг дэмжиж, ойлгож байгааг мэдсэн маань их чухал. Өмнө нь маршрутын талаар бас хэд хоногийн маргаан тэмцэл өрнөсөн. Тахал зогсоогүй, буураагүй байна. Хожим нь бид хариуцлагагүй шийдвэр гаргаж, элдэв чирэгдэл бий болгосныхоо төлөө өөрсдөөсөө ичихээр тийм таагүй байдлыг үүсгэхгүйн тулд өнөөдрийн нөхцлийг бодитоор үнэлэх хэрэгтэй. Олон улсын “Торгоны зам” уралдааныхан гэх том гэр бүл бол Монголын ард түмэнтэй сэтгэл зориг нэгтэй. Бид ямар нэг буруу алхам хийхгүй байж, коронавирусыг хамтдаа ялах ёстой” хэмээсэн юм.

       “Торгоны зам” авто уралдааны оролцогчид Монголын ард түмэнд дэмжлэг үзүүлэхээ ч илэрхийлцгээв.  Тэд “ковид” тахлын эсрэг ашиг тус бүхий эм хэрэгсэл шаардлагатай зүйлсийг цуглуулах аян өрнүүлж эхэлжээ.

        Дмитрий СОКОЛОВ.

      Орчуулсан Хиргис Г.ТӨРМӨНХ     

shelkovii puti avtoralli 3     


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
7 + 6 =

Create Account



Log In Your Account