"Цагаан эрэг" орчим дахь байгаль орчинд учруулсан хохирлыг хэрхэн яаж арилгах вэ?

By: Admin
2024-12-23
0
2222

Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Цагаан эрэгийн гянтболд /вольфром/-ын орд газар нь иргэдийн хууль бус олборлолтын улмаас хөндөгдөж, байгалийн унаган төрх ихээхэн алдагдсан байсан. Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх, нэмж сүйтгүүлэхгүй байх арга замыг аймаг, сумын удирдлага, захиргааны байгууллагаас эрж хайж, журам баталсан боловч тэр нь ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтуудад нийцээгүй, журмын дагуу гэрээ байгуулж, нөхөн сэргээлт хийж буй хуулийн этгээдүүд нь тухайн газарт нөхөн сэргээлт хийхээс илүү хууль бусаар ашиг олох ажиллагаа явуулж байсан зэргээс олон жилээр сунжирсан зөрчил маргаан үүсэх нөхцлийг үүсгэж, орон нутгийн болон нийтийн эрх ашигт харшилах нөхцлийг үүсгэх болсон.
Цэцэг сумын Цагаан эрэг орчим газарт 1960-1970 онд гянтболд /вольфрам/-ын орд илрэн, судлагдсан ба 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Мянган угалзатын нурууг тусгай хамгаалалтанд авахад Цагаан эрэг орчмын гянт болдын орд бүхий газрыг ч мөн хамгаалалтын бүсэд оруулсан байдаг. Гэвч 2000 оноос хойш тэнд хууль бусаар гянтболд олборлох болжээ. 2014-2015 онд “Тод хангал” ХХК-ны гүйцэтгэсэн хууль бусаар ашигт малтмал олборлогчдын байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн судалгаагаар нийт хохирлын хэмжээ нь 1014876,323 мянган төгрөг, хууль бус олборлолтод өртсөн талбай 11.75 га гэж тогтоогдсон байна. Өмнө нь Цагаан эрэгийн хөндөгдөж сүйтгэгдсэн газрыг нөхөн сэргээх ажлыг улсын төсвийн 170 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн ч, “нинжа” нар дахин сүйтгэсэн юм. Тиймээс ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 07 сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг баталжээ. Гэвч уг журам нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудтай зөрчилдөж, нөхөн сэргээлт нэрийдлээр хууль бусаар ашигт малтмал олборлох үүдийг нээж өгөв.
Журамд нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь улсын төсөв, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно гэж заасан нь Ашигт малтмалын тухай хуулийн “хайгуул олборлолт хийж байгаа этгээд нь илэрсэн баялгийг сорчлон олборлохыг хориглоно” гэсэн заалт, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 3-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, басхүү уг тогтоол нь Захиргааны хэм хэмжээний нэгдсэн санд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус байсан, улсын тусгай хамгаалалттай, байгалийн цогцолбор газрын бүсэд хамаардаг, дархан цаазат ан амьтан нутагладаг тухайд журамд огт дурьдаагүй зохицуулалт хийхийг оролдоогүй, батлагдахаас нь өмнө иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал аваагүй гээд өч төчнөөн зөрчлийн “цуглуулбар”-ыг бий болгожээ.
Журам гэж хэлэхэд хэцүү энэ баримт бичгийг 2015 оны 7 дугаар сарын 3-нд аймгийн ИТХ батласны дараа Цагаан эрэгт нөхөн сэргээлт хийх гэрээг “Ашид Алтай Майнинг” компанитай 7 сарын 09-нд байгуулсан байдаг. Баталсан журмынхаа дагуу бол “Сонгон шалгаруулалтын зар мэдээллийг тухайн захиалагч ажлын 14-өөс доошгүй хоног орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил зарлана. Төсөл сонгон шалгаруулалтын журмаар явуулна” гэсэн боловч, зар мэдээллийг олон нийтэд зарлаж түгээхгүйгээр ажлын тав хоногт Цэцэг сумын Засаг даргын Тамгын газраас “Ашид Алтай Майнинг” ХХК-тай гэрээ байгуулсан.
Гэрээнд “Ашид Алтай Майнинг” ХХК 7 дугаар сарын 9-ний өдөр ажлаа эхэлж, 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээлгэн өгөхөөр хугацаа заажээ. Гэтэл ажлаа хийж дуусгаагүй гэсэн шалтгаанаар 11 дүгээр сарын 20 хүртэл тус газарт нөхөн сэргээлт нэрийн дор олборлолт явуулсан байна. Ажлын гэрээнд уг компани техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхээр тусгасан ч техникийн нөхөн сэргээлтээ ч дуусгалгүй олборлолтоо явуулсаар хүйтний эрч чангарсан гэсэн шалтгаанаар нөхөн сэргээлтийн ажлаа орхижээ.
Нөхөн сэргээлт хийх журам батлагдаж, эхний компани гэрээлэн ажлаа эхлэсэн цагаас холбогдох хэд хэдэн хуулийг зөрчсөөр ирсэн. Мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтаар зөрчил дутагдлыг нь илрүүлж албан шаардлага хүргүүлж, гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг сануулсан ч нутгийн захиргааны байгууллагууд дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрчээ. “Ашид Алтай Майнинг” компанийн зүгээс олборлолт хийхдээ Ангиртын голын голдрилыг өөрчилж, усан буу ажиллуулан шороо угааж байсан нь байгаль орчныг нөхөн сэргээхээс илүүгээр улам доройтуулжээ. Тэгээд уг гэрээ дуусгавар болж, нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авах комисс байгуулагдсан ч гүйцэтгэлийг дүгнэж, хүлээж авалгүйгээр, 2016 оны 05 сарын 04-ний өдөр “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх ажлын гэрээ”-г дахин нэг өөр этгээд болох “Өгөөжтэй өв” ХХК-тай байгуулжээ. Гэрээнд гүйцэтгэгчээр “Өгөөжтэй өв” компаний захирал Г.Эрдэнэ-Очир, захиалагчаар Цэцэг сумын Засаг дарга Д.Цогбадрах, Мянган угалзатын нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Пүрэвдорж, хяналт тавих байгууллага болох аймгийн МХГ, БОАЖГ-ын дарга нар тус тус гарын үсэг зуржээ.
“Ашид Алтай Майнинг” ХХК, “Өгөөжтэй өв” ХХК хоёул тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 7.3 дахь заалт, мөн Усны тухай хуулийн 3 дугаар бүлэг 22.2.1-д “Онцгой хамгаалалтын бүсэд газар хагалах, ашигт малтмал хайх, олборлохыг хориглоно”, мөн хуулийн 22.8-д “Гол мөрний байгалийн үндсэн гольдролыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөхийг хориглоно”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18.1-т “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс хайрга чулуу авах, мод зэгс шагшуурга бэлтгэх хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 12.6-д “хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах ыг хориглоно” Хог хаягдлын тухай хуулийн 10.2.4 /хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях эсхүл хог хаягдал цуглуулж тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх/, 10.3.5 /хог хаягдлыг хогийн сав болон тогтоосон цэгээс бусад газарт хаях/- гэсэн заалтуудыг зөрчсөөр ирсэн байдаг.
“Өгөөжтэй өв” ХХК 2017 онд эвдрэлд орсон 8 га талбайд нөхөн сэргээлт хийхдээ “Мөнх цагаан сувд” ХХК, “Топ маунтайн” ХХК, “Грийн хоум ланд” ХХК, “Зэт Кэй Эй Экспресс” ХХК-уудтай туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллажээ.
2018 онд МХГ, БОАЖГ, Цагдаагийн газар хамтран “Өгөөжтэй өв” ХХК-ий үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд БОНХАЖС-ын А/138 дугаар тушаал “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-ыг баримтлаагүй, нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөө байхгүй, шатах тослох материалын хадгалалт хамгаалалт алдагдсанаас хөрсөнд бохирдол үүсгэсэн, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан гэх мэт ноцтой зөрчлүүд илэрч, ашигт малтмал баяжуулан олборлож байсан 4 усан бууг лацдах шаардлагатай болсон.
Улмаар 2018 оны 06 сарын 21-24-ний өдрүүдэд БОАЖЯ, Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Улсын мөрдөн байцаах газар, МХЕГ, Гадаадын иргэн, харьяатын алба, аймгийн Цагдаагийн газар, БОАЖГ, ГХБХБГ-ууд Цэцэг сумын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллаж Цагаан эрэгт нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт явуулсаар ирсэн “Өгөөжтэй өв” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоов.
“Өгөөжтэй өв” ХХК Цагаан эрэгт 2016 оноос 13 га талбайд, 2017 оноос 8 га талбайд нөхөн сэргээлт хийх гэрээг сумын Засаг дарга, Мянган угалзатын нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хийсэн боловч аймгийн МХГ, БОАЖГ, Цагдаагийн газрын удаа дараагийн хяналт шалгалтаар ноцтой дутагдалууд илэрч, ашиглаж буй техник хэрэгслийг нь улсын байцаагч лацдаж, үйл ажиллагааг зогсоосоор байсан ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байсан юм. Тиймээс Цэцэг сумын Засаг даргын 2018 оны 06 сарын 22-ны өдрийн А/47 дугаар захирамжийн дагуу ашиглаж байсан гэр, техник хэрэгсэл, автомашинуудыг албадан буулгуулж, хууль бус үйл ажиллагааг ийнхүү таслан зогсоохоос аргагүй болсон.
“Өгөөжтэй өв” компани бараг гурван жилийн турш нөхөн сэргээлт нэрийдлээр их хэмжээний олборлолт явуулсан ч нөхөн сэргээлтийг хангалттай хийгээгүй нь мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтаар илэрсэн юм.
Дээрх хууль бус үйлдэлтэй хууль хяналтынхан хүртэл холбогдсон нь эхнээсээ тодорхой болж байна. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард нэр бүхий сонин болон мэдээллийн хэрэгслүүдээр Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа С.Батзаяа нарыг бусдаас 20 мянга гаруй ам.доллар хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдсан учир АТГ-аас цагдан хорьж, улмаар хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн хэмээн мэдээлж байв.
Гэтэл тэдний холбогдсон авлигын хэрэг явж явж дээрх нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмал олборлосон хэрэг гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Өгөөжтэй-Өв” ХХК-ийн захирал Ч, “Белон” ХХК-ийн захирал Б нар нь хууль бусаар ашигт малтмал олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа явуулахдаа орон нутгийн удирдлагууд болон дээрх цагдаагийн газрын дарга нарыг татан оролцуулсан байна.
АТГ-аас эл хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн шинжтэй гэж үзсэн тул эрүүгийн хэрэг үүсгэж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхээр уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Одоо прокуророос тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснээр хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх юм.

Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн 60-р тогтоолоор өмнө батлагдсан “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-д нэмэлт өөрчлөлт оруулан баталсан нь журмын зөрчлийг арилгаж чадаагүй, түүнчлэн аймгийн ИТХ-аас ийнхүү журам гаргаснаар уг асуудлыг зохицуулах эрх зүйн баримт бичиг болж чадахгүй нь тодорхой болсон тул Аймгийн ИТХ-ын 2018 оны 08 сарын 01-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх, хяналт тавих журам”-ыг хүчингүй болгосноор нэр бүхий компаниудтай гэрээ байгуулж нөхөн сэргээлт хийлгэж байсан ажил албан ёсоор зогсов.
Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан компанийг Цагаан эрэгээс гаргаж чадсан ч нутаг, нутгийн 50 гаруй “нинжа” (гар аргаар ашигт малтмал олборлогчид) тэнд цугларан, олборлолт явуулж байна. Мянган угалзатын нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас авсан мэдээллээр одоо Цагаан эрэгт 50 гаруй нинжа байна. Хамгаалалтын захиргааны ажилчид, холбогдох хүмүүс тус газрыг хамгаалж байгаа боловч нинжа нарыг дийлэхгүй байгаа гэнэ. Тиймээс өдөр 3-4 цаг тэдгээр “нинжа” нар гар аргаар ашигт малтмал олборлосоор байгаа юм байна.
Цагаан эргийн орд газарт нөхөн сэргээлт нэрийдлээр ашигт малтмал олборлосноор тухайн газрын байгалийн унаган төрх алдагдаж, хөрсний хэв шинжид өөрчлөгдөж, хөрс болон усыг хог хаягдал, шатах тослох материалаар бохирдуулсан, хууль бусаар голын гольдролыг дур мэдэн өөрчилж, бохир усаа гол руу нийлүүлж, байгаль орчныг бохирдуулсан зэрэг ноцтой зөрчлүүд үүссэн тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 11, 12 дахь заалт; Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А-156 тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу хохирлыг мэргэжлийн байгууллагаар тооцуулж, хохирол учруулсан аж ахуйн нэгж байгууллагаар төлүүлэн, цаашид нөхөн сэргээлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэх шаардлагатай байгааг мэргэжлийн улсын байцаагчид акт үйлдэн, шаардлага хүргүүлсэн ба биелэлт нь хүлээгдэж байгаа юм.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
8 + 10 =

Create Account



Log In Your Account