Гурав дахь 49 хоног эхэллээ, Ерөнхийлөгчөө!

By: Admin
2024-12-23
0
1324

Оффшор бол мангас. Иймээс мангасын үүрэнд байгаа эрхмүүд өөрсдийгөө илчилж, нуусан хөрөнгөө оруулж ирвэл хууль цаазаас хэтрүүлнэ гэж Ерөнхийлөгч Х.Баттулга айлтгаж билээ. Тэр бүү хэл, Төрийн тэргүүн маань “хууль зөрчигч”-дөд 49 хоногийн хугацаа хүртэл өгсөн. Хэрэв заасан хугацаанд тодруулбал, “Дурьдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна” хэмээн олон нийтэд зарласан.

Тоолуур гүйж эхэлснээс хойш гурав дахь “мянганы” 49 хоног талаасаа өнгөрөөд явж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн тэргүүний товлосон 49 хоног есдүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон гэсэн үг. Түүнээс хойш эл өдөр хоёронтоо эргэлдэж. Ерөнхийлөгч ч хэлсэн үгээ мартаж. Арга ч үгүй байх хөөрхий. Жүдочдын энгэрт одон зүүж, эрх баригчдын гаргасан шийдвэрт хориг тавих гээд энэ өдрүүдэд тун завгүй байлаа. Сонин дээрээ соохолзоно, сониноо буухаар гоохолзоно гэгч болсон юм даг уу. Ядаж байхад хэлсэн үгийг нь нохой хуцсан дайны хэн ч тоосонгүй. Тиймээс хэлсэн үг гаргасан авианыхаа эзэн болох сонирхол, зориг түүнд дутсан биз. Үгүйсэн бол оффшортнууд хэдийнэ аавын хаалга татаад эхэлсэн баймаар. Монгол Улсын 49 иргэн, аж ахуйн нэгжийн нэр оффшор данстай холбогдсоноос нарийвчлан шалгахад 29 иргэн 35 аж ахуйн нэгж оффшор бүсэд бүртгэлтэй болохыг хуулийн байгууллагынхан тогтоочихсон. Энэ 29 иргэнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон хамааралтай болох нь илчлэгдсэн. Энэ асуудалд Улсын Ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа гэж АТГ-аас мэдэгдсэн. Улмаар оффшорын хэргийн мөрдөн байцаалтын явцын талаарх танилцуулгыг энэ оны наймдугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлжээ. Чухамдаа Төрийн тэргүүн хичнээн хүн оффшорт холбоотой болох бүхий л мэдээллийг мэдэж байгаа гэсэн үг. Мэдээж тэдний хэн нь ч өөрсдийгөө илчилж, хөрөнгөө Монгол Улс руу оруулж ирээгүй.

Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон нь энэ. Мөн тэд Авлигатай тэмцэх газрын Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй гэдгийг хавтаст хэргээс харж болно.

Эхний илчлэгдсэн эрхмүүдээ хэрхэхийг шийдээгүй байтал Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийнхэн оффшор бүсэд Монголоос бүртгэгдсэн дараагийн оффшорчдын жагсаалтыг ил болгов. “Paradise papers” жагсаалтад Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Б.Баттүшиг, “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү Б.Батхишиг, “Энержи ресурс” ХХК-ийн Б.Батцэнгэл, “Моннис” группийн Б.Чулуунбаатар, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван гэхчлэн дараахь жагсаалт гарчээ.

  1. Чүлтэмсүрэн Ганхуяг
  2. McGay – Douglas John
  3. Очирпүрэв Ганжолоо
  4. Жанчив Оюунгэрэл
  5. Сүхболд Зүчи
  6. Батбаяр Батхишиг
  7. Батболд Баттүшиг
  8. Бат-Оч Төгөлдөр
  9. Батсүх Батцэнгэл
  10. БАЗ-Чулуунбаатар
  11. Бодь Интернэшнл ХХК
  12. Чимэд Энхтайван
  13. Дашдаваа Уянга
  14. Доржнамжим Эрдэнэ
  15. Зоригтбаатар Номундарь
  16. Номундарь Зоригтбаатар

Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 8 =

Create Account



Log In Your Account