Анхны цэцэрлэгийн барилга маань аврал эрэн мэгшиж байна

By: Admin
2025-05-15
0
35

Ховд аймгийн төв талбайн хойморт хаалга, цонх, шатыг нь тонож онгойсон хуучны барилга харагдана. Хэн нэгнээс авран хамгаалахыг хүсэх мэт Нэгдүгээр цэцэрлэг өнгө алдан гундсаар хэдэн жилийн нүүрийг үзэв. Барилгыг анх 1960 онд барьсан түүхтэй. Түүхийн хуудсыг эргүүлвэл Ховд аймгийн Жаргалант сумын 1-р цэцэрлэг 1944 онд Хөгжимт драмын театрын урд нэг гэр, нэг жижиг байшинтайгаар анхны шаваа тавьжээ. Ховд аймаг дахь сургуулийн өмнөх боловсролын түүхэн замнал үүнээс эхлэлтэй бөгөөд 1960 онд баригдсан нэгдүгээр цэцэрлэгийн барилга нь хотын түүхийг үгүүлэх барилгуудын нэг яалтгүй мөн. Өдгөө Ховд хотын түүхийг өгүүлэх цөөн барилга бийг дурьдвал Хөгжимт драмын театр, Политехник коллеж, Нэгдүгээр цэцэрлэг гурвыг эхний ээлжинд нэрлэхээс аргагүй.   Хөшөө дурсгал, дурсгалт барилгыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах үндсэн шалтгаан нь  тэдгээрийг зөвхөн урлагийн бүтээлийн хувьд нь бус түүхийн гэрч баримтын хувьд нь ач холбогдол өгч, авран хамгаалахад оршидог байна. Аливаа дурсгалт барилгыг унаган газарт нь бэхжүүлж хамгаалах, сэргээн засварлахыг нэн тэргүүнд чухалчлан үздэг бөгөөд шинэ төлөвлөлт хийх зайлшгүй тохиолдолд өөр газар зөөж шилжүүлэн байрлуулах, байгаа газарт нь хадгалан үлдээх, архитектурын ил музей байгуулах зэргээр шийдвэрлэдэг нийтлэг жишиг, туршлага дэлхийн олон улс оронд байдаг байна. Гэтэл манай улс улсынхаа түүхийг харуулах олон барилга байгууламж, хөшөө дурсгалыг сүйтгэж, ул мөргүй хөрснөөс арчсаар байна. Тэдний нэг нь болох Ховд аймгийн анхны цэцэрлэгийн түүхэн барилгыг нураах шийдвэрийг ИТХ-ын төлөөлөгчид гаргажээ. Анхны цэцэрлэгийнхээ барилгын сүйтгэн, устгах уу? авран хамгаалах уу гэх сонголтын өмнө бид ирчихлээ... түүхэн гэрэл зурагт хадгалан үлдээчихээд халаглан сууцгаах уу? Соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамаарах барилгыг нураах гэж байхад Ховд аймгийн Соёл, урлагийн газар юу хийж байна вэ гэх мэт асуултуудад одоо хариулт эрье.

Цэцэрлэгийн анхны барилга маань

СОЁЛЫН БИЕТ ӨВ мөн үү? 

 “Соёлын биет өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг хэлдэг байна. Анхны цэцэрлэгийн барилга тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх барилга мөн үү гэвэл мөнөөсөө мөн. Түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг хэлнэ. Тэгвэл нэгдүгээр цэцэрлэг, политехник коллеж, Цаст алтай цогцолбор сургууль, Хөгжимт драмын театр бол үл хөдлөх дурсгалд зүй ёсоор тооцогдохоор байгаа юм.

Соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд эртний ургамал, амьтны олдворт газар; эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга; чулуун зэвсгийн олдворт газар; хадны зураг, бичээс; булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж; ЭРТНИЙ ХОТ СУУРИН, СҮМ ХИЙДИЙН ҮЛДЭГДЭЛ, ТҮҮХЭН ДУРСГАЛТ БАРИЛГА, АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛ; хөшөө дурсгал; эрт цагт ашигт малтмал олборлож, боловсруулж үйлдвэрлэл, газар тариалан эрхэлж байсан газар, түүнд холбогдох чулуун дурсгал; тахилгат газар; түүхэн үйл явдал болсон дурсгалт газар; бусад түүх, соёлын үл хөдлөх дурсгал зэргийг хамааруулдаг байна.

Аливаа барилга байгууламжийг “архитектурын дурсгал, түүхэн дурсгалт барилга” хэмээн тодорхойлохдоо Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу “ТҮҮХЭН ТОДОРХОЙ ОРОН ЗАЙ, ЦАГ ҮЕИЙН АЛЬ НЭГ ХЭСГИЙГ ТӨЛӨӨЛЖ  ЧАДАХ БАЙГАЛЬ, НИЙГЭМ, ТҮҮХ, СОЁЛ, УРЛАГ, ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНЭ ЦЭНЭ, АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ӨВИЙГ” тогтоох ёстой. Энэ ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, олон улсын жишгийн дагуу улам боловсронгуй болгох, тэдгээрийг тодорхойлох шалгуур, үзүүлэлтийг нарийн тодорхойлж, гарах үр дүнг үнэн зөв, бодитоо тогтоох шаардлага гардаг байна. Бүртгэж, жагсаалт гаргахын тулд эхлээд түүх, соёлын дурсгалаа тодорхойлох хэрэгтэй. Тодорхойлохын тулд холбогдох эрдэмтэн, мэргэжилтэн, урлаг судлаач, архитектор, археологич, түүхч зэргээс бүрдсэн “Түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг тодорхойлох үнэлгээний баг”-аар тусгай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийлгэдэг байна. Гэтэл манай аймаг ямар нэгэн үнэлгээний баг ажиллуулалгүйгээр анхны цэцэрлэгийнхээ барилгыг нураах шийдвэр гаргасан нь харамсалтай. Зүй нь үнэлгээний баг ажиллуулж,  мөн ард иргэдийн дунд санал асуулга явуулан хэрхэхээ шийдвэх төртэй баймаар байна. Ардчилсан нийгмийн үнэт зүйлс нь иргэнээ сонсох, иргэдийнхээ хүсэл зоригт нийцсэн шийдвэр гаргах юм. Мөн аливаа шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй, эрдэмтэн судлаачид, мэргэжлийнхний үгийг сонсдог “зөөлөн чих”-тэй, хүнлэг төртэй, эрх тэгш, хэн нэгний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаггүй байгаасай гэж хүснэ.  

Хуульд нийцээгүй хуудуутай шийдвэр

Нэгдүгээр цэцэрлэгийн газрыг чөлөөлөх, нураах асуудал зөвхөн энэ онд яригдаж байгаа асуудал биш юм. Анх 2017 онд МАН засаглаж байх үед Нэгдүгээр цэцэрлэгийн газар дээр 9 давхар бүхий кино театр, зочид буудал, хурал цуглаан, олон талт арга хэмжээ хийх, “Икэл цогцолбор” барих санаачилга гарч, 75 сая төгрөгөөр зураг төсвийг нь хийлгэж төсвийн мөнгийг салхинд “хийсгэж” байсан. Хотын А зэрэглэлийн бүс төдийгүй төв талбайдаа өндөр барилга барихын тулд цэцэрлэгийн газрыг булаах санаархал, санаачилга найман жил үргэлжилж, өнөөдөр АН намын үед санасандаа хүрэхээр улам улайрч байна гэж болох .

Ховд аймгийн ИТХ-ын Гуравдугаар хуралдаан 2025 оны 03 сарын 28-ны өдөр болсон бөгөөд уг хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг акталж, үндсэн хөрөнгөнөөс хасах зөвшөөрөл олгох тухай 7 дугаартай тогтоол гаргасан. Тогтоолын зарим үндэслэл нь хуулийн шаардлага хангахгүй байх тул үндэслэлгүй,хууль бус тогтоол гэж үзэхээр байна. Үүнд:

Эхний асуудал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 зүйлүүдийг хангаагүй. Уг хуулийн 31.1-д “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” хэмээн заасан байдаг. Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар уг асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхдээ аймгийн Музейгаас авсан түүхэн барилгын жагсаалтад байхгүй гэдэг шалтгаанаар актлах шийдвэр гаргуулжээ. Хуулийн дагуу бол мэргэжлийн байгууллага болон шинжээчээр дүгнэлт гаргуулсны дараа хуралдаанаар хэлэлцүүлэх учиртай ч хууль, журмаа ноцтойгоор зөрчжээ. Бидний өнөөгийн хот байгуулалтын түүх юу вэ? Хэдэн жилийн насжилттай барилга Ховд хотын түүхийг өгүүлэх вэ? Соёл иргэншлийн түүхэнд юуг хамааруулах вэ гэх мэтчилэн асуултуудад хариулсны дараагаар шийдвэр гаргах, асуудалд ул суурьтай хандах учиртай. Төв талбайдаа өндөр барилга сүндэрлүүлэх нь хөгжил мөнүү? гэдгийг ч бид бодолцох хэрэгтэй юм. Хэрэв Нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг ашиглах боломжгүй юм бол Политехник коллеж, Цаст алтай цогцолбор сургуулийн барилга дараагийн нураах бай болохоор байна. Зэргэлдээ орших хоёр барилгыг нь арчлаад засварлаад хамгаалаад явж болсоор байхад Нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг нураах, актлах шийдвэр гаргах нь хэний ашиг сонирхолд нийцэх вэ гэх мэт асуудлууд урган гарч байна.

Дараагийнх нь зөрчил бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3 дахь заалтыг ноцтойгоор зөрчиж буй явдал. Энэ хуулийн 31.3-т 31.1-т хөрөнгийг худалдах, шилжүүлэх, устгахад баримтлах журмыг багтаажээ. 31.3.1 1/ худалдах, шилжүүлэх, устгах эд хөрөнгийн талаар өмч хамгаалах Байнгын зөвлөл дүгнэлт гаргасан байхаар тусгасан байтал аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өмч хамгаалах байнгын зөвлөлийн дүгнэлтгүйгээр уг барилгыг актлах шийдвэр  гаргажээ. Мөн 31.3.2 илүүдэл эд хөрөнгө болон элэгдэл хорогдлын шимтгэлээр анхны үнийг нь нөхсөн, түүнчлэн нөхөөгүй боловч гэмтэж, засаж сэлбээд өөр зориулалтаар ашиглаж болох эд хөрөнгийн үнийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоох тухай заасан. Гэвч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатайгаа харилцан зөвшилцөлгүйгээр тогтоолын төсөл бэлтгэн баталсан. “31.3.3 засаж сэлбэн ашиглах боломжгүй эд хөрөнгийг акталж устгах” гэж заасан байгаа ч засаж сэлбэн ашиглах боломжгүй гэсэн нэг ч дүгнэлт өнөөдөр байхгүй байна. Мөн 31.3./ ашиглах хугацаа дуусаагүй боловч осол, гэмтлийн улмаас ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр энэ зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх; хэмээн хуульчилжээ. Соёлын өвийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр ИТХ-ын хуралдаанаас тогтоол гаргасан нь Нэгдүгээр цэцэрлэгийн газрыг наймаалцаж, ашиг олох гэсэн санаархал гэж үзэж болохоор байна.

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх данснаас хасах, шилжүүлэх журам”-ын 6-д Төрийн өмчийн эд хөрөнгийг акталж, данснаас хасах тухай заасныг бүхэлд нь болон хэсэгчлэн зөрчжээ. Журмын 6.2.5, 6.4.3 , 6.5 дахь заалтуудыг огт хангаагүй бөгөөд хангасан мэтээр илтэд худал тайлбарлан уг шийдвэрийг гаргасан байна.

Ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг үндэслэн сэргээн засварлах, хүчитгэх тооцоолол хийлгүйгээр актлах дүгнэлт гаргасан. Мөн 2019 онд 331 сая төгрөгийн үнэлгээтэй байсан барилгыг дахин үнэлгээ хийлгэлгүйгээр шууд актлах нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн сэжиглэхэд хүргэж байна. Сүүлийн арваад жилийн үйл явцыг ажиглахад МАН, АН намуудаас сонгогдсон эрх баригчид аль аль нь түүхэн барилга, архитектурын дурсгал гэж үзэхээр барилгад үнэлгээний баг ажиллуулалгүй шууд газартай тэгшлэх шийдвэр гаргаж байгаа нь харамсмаар... Үүний ард тухайн А зэрэглэлийн газрыг наймаалцах сонирхол байна гэж л харахаар байна. 

atsb 1atsb2

Манай улсад мөрдөж буй соёлын өвийг 

хамгаалах баримт бичгүүд

Монгол Улс “Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах олон улсын конвеци”-д 1990 онд нэгдэн орсон бөгөөд ICOMOS-оос соёлын өв тухайлбал, хөшөө дурсгал, архитектурын болон археологийн өв, модон барилга, түүхэн хот зэргийг хадгалах, хамгаалах, сэргээн засварлах талаар батлан гаргасан олон улсын дүрэм, зарчмыг үйл ажиллагаандаа даган мөрдөх үүрэгтэй юм билээ. Тиймээс ICOMOS-ийн баталсан “Хөшөө дурсгал, дурсгалт газрын хадгалж хамгаалах, сэргээн засварлах дүрэм” (Венецийн Харти), “Түүхэн дурсгалт модон бүтээцийг хадгалах зарчим”, “Архитектурын өвийг  хадгалж хамгаалах, сэргэн засварлах болон дүн шинжилгээ хийх зарчим”, соёлын өвийн менежментийн онол, практик ойлголтыг хөгжүүлэх зорилготой “Буррагийн дүрэм” зэргийг баримталж  мөрдөх ёстой ажээ.

“Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах конвенци”- д  “Соёлын өв” гэдэг ойлголтыг үл хөдлөх дурсгал гэсэн утгаар нь ХӨШӨӨ ДУРСГАЛ, АРХИТЕКТУРЫН ЧУУЛГА, ДУРСГАЛТ ГАЗАР гэж гурав ангилаад, Архитектурын чуулга гэдэгт түүх, урлаг, шинжлэх ухааны хувьд дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ бүхий салангид буюу нэгдмэл барилга байгууламж, уран барилгын цогцолборыг оруулсан байдаг. Дурсгалт барилга гэдэг нь биднийг гайхшруулах мэдрэмжийг төрүүлж, түүнийг бүтээсэн хүмүүс болон соёлын талаар илүү ихийг мэдэх боломжийг олгодог бөгөөд тэр нь архитектур, гоо зүй, түүх, баримтат, археологи, нийгэм, эдийн засаг, улс төрийн болон бэлгэдлийн үнэ цэнийг агуулсан байдаг байна. Үүнээс үзэхэд Нэгдүгээр цэцэрлэгийн барилга тухайн түүхэн цаг үеийнхээ үнэ цэнэ, соёлын онцлогийг харуулсан, зүгээр ч нэг хуучин барилга биш гэдэг нь тодорхой. Тэнд суралцаж байсан мянга мянган хүүхэд багачуудын сэтгэл хөдлөлийн үнэ цэнэ оршиж байгаа гэдгийг харгалзах ёстой. Дэлхийн улс орнууд дурсгалт барилгаа хадгалан үлдэх нь тухайн нутгийн онцлог боловч сэргээн засварлах, хүчитгэн сайжруулах нь улс орны аж амьдрал, соёлын онцлог, хот суурингийн хөгжлийг харуулдаг байна. Гэтэл бид засаж сэлбэж, сайжруулахаас илүүтэйгээр түүхийн ул мөрийг нураах гээд байгаа нь гажуудал юм. Эрдэмтэн мэргэдээ сонсож, их мэддэгээ түр хойш тавъя л даа дарга нараа, иргэдийн хурлын төлөөлөгчид өө!  

Дэлхийн улс орнууд хэд хэдэн аргаар түүхэн дурсгалт барилгаа авран хамгаалж байгаа жишээгээр бид энэ асуудал дээр ердөө гуравхан ажил хийх санаачилга гаргахад  энэхүү түүхэн дурсгалт барилгыг хамгаалж үлдэж чадахаар байна. Үүнд,

Нэгт, Нэгдүгээр цэцэрлэгийн барилгын хувьд эх материал, археологийн нотолгоо, эх загвар, бодит баримт зэргийг үндэслэн анхны санаа, анхны төрх байдлаар сэргээн засварлах шаардлага бий.  Дурсгалт барилгын цэвэрлэгээ, алга болсон чимэглэлийн элементийг дахин байрлуулах зэрэг нь сэргээн засварлалтын ажлын нэг хэсэг бөгөөд аливаа нэмэлт сэргээн засварлалт нь “түүхийн баримт” болон хадгалагдаж үлдэнэ.

Хоёрт, Нөхөн сэргээлт буюу шинэчлэлт (Rehabilitation). Дурсгалт барилга, байгууламжийг хамгаалах хамгийн шилдэг арга бол тэдгээрийг одоо үеийн хэрэгцээнд тохируулан ашиглах явдал юм. Ингэхдээ жинхэнэ эх байдлаар нь ашиглах нь хамгаалах хамгийн сайн арга болдог.

Дээрх хоёр аргад тулгуурлан Ховд хотын анхны хүүхдийн цэцэрлэгийн түүхэн барилгаа  хамгаалах авч үлдэх боломж бидэнд байна.

Бодитой дүгнэлт хийгээд

иргэдийн санал оролцоо чухал

 Аливаа барилга байгууламжийг “архитектурын дурсгал, түүхэн дурсгалт барилга” хэмээн тодорхойлохдоо Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу “түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж  чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг” тогтоох ёстой байдаг байна. Ингэхдээ тулд холбогдох эрдэмтэн, мэргэжилтэн, урлаг судлаач, архитектор, археологич, түүхч зэргээс бүрдсэн “Түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг тодорхойлох үнэлгээний баг”  тусгай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх нь зүйн хэрэг.

Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг тодорхойлох, хамгаалалтын түвшингээр зэрэглэх үйл ажиллагааг гүйцэтгэхэд дээрх журам, зааврыг мөрдөх ёстой байдаг. Тэрчлэн ард иргэдийн болон хэн нэг этгээдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй хийгээд хөндөгдөж буй асуудлаар аливаа Захиргааны шийдвэр гаргахдаа тэдгээр этгээдүүд болон ард иргэдийн саналыг заавал сонсох, бүүр нарийвчлан зохицуулсан журмын дагуу сонсох ажиллагаа явуулах тухай Захиргааны ерөнхий хуульд заасан байдгийг ч манай аймгийн Засаг дарга, ИТХ, түүний төлөөлөгчид илтээр зөрчжээ.

Гадаадын улс орнуудад буй бидний гайхан биширдэг барилгуудыг ч энэ журмаар сэргээн засварлаж, хадгалан хамгаалж үлдсэн байдаг байна. Шинжлэх ухаанч, эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсдог, ард иргэдийнхээ саналыг асууж, оролцоог нь хангадаг, судалгаа шинжилгээ хийлгэдэг, ул суурьтай шийдвэр гаргадаг төрийг төлөвшүүлэхийн төлөө хаа хаанаа анхаарцгаая.

Гэтэл аймгийн удирдлагууд Нэгдүгээр цэцэрлэгийн барилгыг нураах дүгнэлт гаргуулахаар шинжээчидтэй холбогдсон гэх яриа чих дэлсэх нь жигтэй! Өнөөгийн хөгжил нь өндөр сайхан барилга биш өндөрт өргөм ёс зүй, тэгш шудрага байдал юм шүү. Бүх зүйлсийг зоосны нүхээр хараад байвал бид хойчдоо юу өвлүүлэх вэ гэдгийг бас бодолцъё...

        Г. ЭНХЖАРГАЛ


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 10 =

Create Account



Log In Your Account