2025 оны есдүгээр сарын эхээр ШХАБ-ын гишүүн орнуудын уулзалтыг Бээжин хотноо зохион байгуулж, БНХАУ-ын нийслэл хотын төв талбайд Ялалтын парад болж байхтай давхцан Монгол Улсын Ховд, Баян-Өлгий аймагт мөн “Чөлөөлөх дайны ялалт”-д зориулсан арга хэмжээ зохион байгуулжээ. Юутай ч өнгөрсөн зууны 40-өөд онд ЗХУ, Монгол, Хятад, Солонгос болон Ази Номхон далайн бүс нутгийн бусад орнуудын эсрэг Япон улс цэргийн ажиллагаа эхлүүлсэн нь түүхэн баримттай бөгөөд одоогоос яг 80 жилийн өмнө буюу 1945 оны есдүгээр сарын 2-нд милитарист Япон ямар ч болзолгүйгээр бууж өгөх тухай актад гарын үсэг зурсан нь бас түүхэн баримт билээ.
2025 оны 9 дүгээр сарын 3-нд Монгол Улсын Ховд хотод, МУИС-ийн Баруун бүсийн салбар сургууль дээр болсон уулзалт арга хэмжээний үеэр тэрхүү түүхэн үйл явдлыг сануулж, 1945 онд Японы милитаризмыг ялахад ЗХУ, Монгол, Хятад улсын оруулсан хувь нэмрийг онцлон авч үзсэн бөгөөд уг арга хэмжээнд 100 гаруй оюутан сурагчид оролцсон. Уг үйл ажиллагааг "Шинэ эвлэл" ОНСХ төрийн бус байгууллага (сэтгүүлчдийн холбоо), Монгол Улсын Ховд аймгийн Цэргийн штаб, "Ховдын толь" сонины редакци, МУИС-ийн баруун бүсийн салбар сургуулийн багш нар, Ховд аймаг дахь Монголын зохиолчдын эвлэл хамтран зохион байгуулсан юм.
Оюутан залуустай хамтдаа өрнүүлсэн ярианд Цэргийн штабын орон нутгийн бэлтгэл хариуцсан офицер, хошууч С.Тамир, сэтгүүлч, зохиолч Г.Төрмөнх, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ч. Мөнхбаяр, мөн МУИС-ын түүхийн багш нар голлон оролцож, Зүүн хойд Хятад, Солонгосын эсрэг Япон түрэмгийлэл эхэлсэн шалтгаан, Квантуны армийн явуулж байсан ажиллагааны түрэмгий шинж чанар, Манжуурын энгийн ард иргэдийг харгис хэрцгийгээр хэлмэгдүүлж байсан баримт мэдээллүүдийн талаар ярилцсан нь чухал юм. Хятадын энэ хотод Японы офицер, цэргүүд 300 мянга шахам энгийн номхон иргэдийг хомроголон устгаж байсан аюумшиг хийгээд 1937 оны "Наньжингийн их хядлага" зэрэг баримтуудыг энд дурьдан ярилцаж, Зөвлөлт, Монголын цэргийн шургуу ажиллагааны ачаар хоёр долоо хоногийн дотор хэдэн сая хүнтэй Квантуны арми бут цохигдож, 600 мянга орчим цэрэг, офицер, генерал бууж өгснийг онцлов. Зөвлөлт, Монголын цэргүүдийн энэхүү дайчин үйл ажиллагааны үр дүнд Зүүн хойд Хятад, Солонгосын ард түмнийг Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлж, Дэлхийн 2-р дайны сүүлчийн галыг Ази, Номхон далайн бүс нутагт бүрэн унтраасан нь маргашгүй зүйл билээ.
Мөнхүү “Чөлөөлөх дайн”-ы үйл хэрэг нь БНМАУ-ын тусгаар тогтнол, орчин цагийн Монгол Улсын бүрэн эрхт байдлыг бэхжүүлэхэд хэрхэн нөлөөлсөн талаар тэнд яригдсан юм. Өнөөдөр барууны орнууд болон Японы эхлүүлсэн мэдээллийн дайн бодитойгоор өрнөж байгаа нь тэдний зүгээс тухайн үеийн түүхийг гуйвуулж, дэлхийн 2-р дайны үр дүнд эргэлзээ төрүүлэх, Японы милитаризмыг ялахад ЗХУ, Монгол, Хятад улсын оруулсан хувь нэмрийг үгүйсгэхэд чиглэгдэж байна гэдгийг ч сануулан анхааруулж байв. Дугуй ширээний уулзалтад оролцогчид өөрсдийн өвөг дээдэс, ойр дотны хүмүүсээс Чөлөөлөх дайнд оролцсон хүмүүс байгаа эсэх, тэд дайнд ямар үүрэг гүйцэтгэж байсан талаар мэдээлэл солилцсон юм.
Энэхүү үйл явдал Монгол Улсын ОХУ-тай хил залгаа Баян-Өлгий аймагт бас явагдав. Өлгий хотын 1, 4, 5-р сургууль, МСҮТ, тэрчлэн аймгийн “Цэрэг, үйлдвэрчний салбарын ахмадын хороо-“н дээр болсон уулзалтыг боловсролын байгууллагын түүх, орос хэлний багш нар, мөн ахмадын байгууллага хамтран зохион байгуулжээ. Багш Х.Жулдыз 1945 онд Ази Номхон далайн бүс дэх цэрэг дайны ажиллагаа, дэлхийн II дайны ялалтын түүхэн ач холбогдлын талаар, ЕБС-ийн сурагчдад таниулга хийж, сурагчид болон ахмад дайчдын хамтарсан эксурсыг зохион явуулсан нь сонирхолтой болжээ. Чөлөөлөх дайнд Баян-Өлгий аймгаас 345 ахмад дайчин оролцсоноос харамсалтай нь одоо хоёр дайчин л амьд сэрүүн байгаа аж. Х.Жулдызын хийсэн лекц таниулгад Япончуудын зүгээс үнэн түүхийг гуйвуулахыг хичээж буй явдал, Японы милитаризмыг устгахад ЗХУ, Монгол, Хятадын түүхэн үүргийг бас онцлон хөндсөн байна. Энэ үеэр Орос-Монголын “Найрамдал-Достык” нийгэмлэгийн дарга, ОХУ-ын Алтайн бүс нутгийн сэтгүүлчдийн эвлэлийн нэгдүгээр орлогч дарга Алексей Ивашкин Ховд, Баян-Өлгий аймагт зохиогдсон эдгээр арга хэмжээнд цахимаар холбогдон оролцож, баяр хүргэсэн юм.
Тэрчлэн Баян-Өлгий аймгийн ахмадын хороонд Дэлхийн II дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал, дугуй ширээний уулзалт болж, ахмадын хорооны дарга Х.Бейбитхан, тэргүүлэгч гишүүн С.Гүлбарша болон бусад ахмад дайчид үг хэлж, дуу хоолойгоо гаргажээ. Тэдгээр хүмүүс Квантуны армийг ялахад Монгол, ЗСБНХУ, БНХАУ-ын оруулсан хувь нэмрийг онцлон, нэн ялагуяа Оросын сэтгүүлч, судлаач А.Ивашкины “Монголын халуун наран дор” цуврал номонд орсон тодорхой баримттай мэдээллүүдийг чухалчилан эш татаж байв. Баян-Өлгий аймгийн удирдлагын шийдвэрээр ахмад дайчид Өлгий хотын төв талбай дахь БНМАУ-ын баатар Экейгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн байна.
Х.Мөнх, Н.Сабит