Фашизмыг ялсан тэмээн жин

By: Admin
2024-04-25
0
1642

Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд

Өнөөдөр төрөлх улс орныхоо туулж өнгөрөөсөн түүхийн тухай, тухайлахад агуу их эх орны дайны үед эхнээс нь дуусах хүртэл Зөвлөлт холбоот улсад тусалж, дэмжиж байсан улс орны тухай хэн дульхан мэдэж байна, тэр бол өрөвдөлтэй нэгэн гэж болно. 1941 оны 7 сарын 22-нд БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчид болон МАХН-ын төв хорооны хурал болж, фашизмын эсрэг зөвлөлтийн ард түмний тэмцэлд бүх талын тусламж үзүүлэх талаар санал нэгтэй шийдвэрлэсэн байдаг.

Монголчууд юуны өмнө Зөвлөлт холбоот улсад хэрэгтэй байгаа эд зүйлийн тусламж үзүүлжээ. Тэрбээр номхон, хүч чадал сайтай, тэсвэр хатуужилтай 500 мянган монгол адууг фронтод илгээсэн нь хамгаас чухал зүйл байлаа. Морьдууд дэлхийн хоёрдугаар дайны гол зүтгэгч хүч нь болж, цэргийн бүх  талын үйлчилгээнд маш идэвхтэй хэрэглэгдэж байжээ. Ялангуяа хуягт, их бууны анги нэгтгэлүүдэд нэн чухал зүтгэгч хүч нь болж байв. Рот, салааны түвшинд байнга л явагддаг артиллерийн зэвсэгүүд болон бусад сум хэрэгслүүдийг тээвэрлэх, хувиарлан тараах зэрэгт ачааны машин хүрэлцээгүйн улмаас мориор эдгээр ажлыг гүйцэлдүүлэх нь олонтоо. Монголын ард түмний цуглуулсан мөнгөөр бүхэл бүтэн танкийн цувааг худалдан авч, тусгай бригад бий болгон фронтод илгээсэн бөгөөд эдгээр танкуудад “Их хурал”, “БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс”, “Сүхбаатар”, “Маршал Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Монгол чекист”, “Монгол ард”, “БНМАУ-ын сэхээтнүүдээс”, “Баян-Өлгий” гэх мэтчилэн бүгдэд нь нэр оноосон байсан аж.

Цаашилбал Монголын ард түмэн ЗХУ-ын Гадаад худалдааны банкаар дамжуулан, 2,5 сая гаруй рубль, 300 килограмм алтыг туслалцаа болгов. Энэ мөнгөөр нь тэрээр агаарын цэргийн хүчний “Монгол ард” эскадрилыг байгуулсан юм. 1943 оны 8 дугаар сарын 18-д Иосиф Сталин БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Чойболсанд хандан, “Зөвлөлт Засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа танд болон Танай Засгийн газар, БНМАУ-ын нийт ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний цуглуулан, илгээсэн хоёр сая рублээр агаарын цэргийн байлдааны онгоцуудыг худалдан авч “Монгол ард” эскадрилийг байгуулан, Гитлерийн түрэмгийлэгчдийн эсрэг агуу баатарлаг үйл хэргээ зориулж буй улаан армид хүлээлгэн өглөө. Агаарын цэргийн “Монгол ард” эскадрил БНМАУ-ын ард түмний хүслийг биелүүлж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэх болно” гэсэн цахилгаан шуудан илгээжээ.

1942 оны намрын сүүлчээр Монголын баруун хязгаарын Ховд хотоос нэхий дээл, эсгий гутал, бээлий, суран бүс, хатаасан мах зэрэг тусламжийн барааг тэн дүүргэн ачаалсан 1200 тэмээ ачаа бүхий жингийн хөсөг Бийск хотын зүгт хөдөлжээ. Жингийн хөсгийг 19 настай залуу комиссар Борондонгийн Лувсан ахалж, зорьсон газраа очтол 1200 км замыг туулжээ. Жингийн зан амар хялбар байсангүй. Эрс, цавчим даваагаар давж, зайрмагтаж, хөлдсөн голыг дүүжин гүүрээр гатлан, өвлийн хүйтэн жавар, Катуны хөндийн шуургыг сөрөн урагшлаж байв. Тэр өвлийн тачигнасан жавар ч гэж жавар байсан гэдэг. Жинчид нь ч тэр, тэмээ нь ч тэр ялгаагүй тээж яваа ачаагаа Сталинградыг хамгаалан тулалдаж буй улаан армид хүргэхээс нааш сөхрөхгүй гэсэн хатуу зорилгод хадаатай.

Бараг гурван сар зүтгэсний эцэст Бийск хотын ойролцоох төмөр замын станцад хүрч очжээ. Замд тохиолдсон гэнэтийн эрсдлээс болж жингийн хэсэг тасран гээгдэж, улмаар нэгээр зогсохгүй жинчин амь үрэгдэж, 10 гаруй тэмээ хорогдов. Жингийн ачааг Бийск хотын өртөөн дээр төмөр замын тусгай ангийнхан (эшелон) тосож аван, галт тэргээр цааш, фронт руу тээвэрлэжээ. Ийм байдлаар зөвхөн нэгээр зогссонгүй, харин арваад тэмээн жин фронтод бэлэг тээж хүргэсэн юм.

Саяхан Горно-Алтайска хотод В.К. Плакасын нэрэмжит гимназын 8-ын Б ангийн сурагчид дээр үгүүлсэн сэдвээр “Монголын халуун наран дор” /Под жарким солнцем Монголий/ цуврал ном хэвлүүлсэн, АБНУ-ын гавъяат сэтгүүлч, Горно-Алтайска хотын ахмадын зөвлөлийн дарга Алексей Ивашкинийг урьж, уулзалт хийв. Гавъяат сэтгүүлч маань фашистуудтай тулалдаж байсан улаан армид Монголын ард түмнээс үзүүлсэн үнэ төлбөргүй тусламжийн тухай үгүүлсэн, өргөн олон нийтэд зориулагдсан баримтат нийтлэлүүдээс бүрдсэн уг номынхоо талаар сурагчидтай дэлгэрэнгүй яриа өрнүүлсэн юм.  

Агуу их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээн дэх энэхүү уулзалтанд түүнийг тус 8-ын Б ангийн удирдагч багш, англи хэлний хичээл, заах аргын тэнхимын эрхлэгч Жанна Уханова урьж оролцуулжээ. Уулзалтан дээр 8 дугаар ангийн сурагч Кристина Белеева ялалт болон тэмээн жингийн тухай өөрийн бэлтгэсэн эсээ үгүүлэмжээ /реферат/ танилцуулж, илтгэсэн бөгөөд сурагчид түүнийг их сонирхож, анхааралтай сонсоцгоосон юм.

Сэтгүүлч Алексей Ивашкин 2014 онд Монголын Ховд аймагт хүрэлцэн очиж, тэр үед амьд сэрүүн байсан БНМАУ-ын хөлдөлмөрийн баатар, домогт жинчин Лувсантай уулзсан байна. Тэгэхэд жинчин 93 настай байжээ. Хэдий нас өндөр болсон ч хөнгөн шингэн, түүгээр ч барахгүй ус чийг татруу, говирхог газарт байх өөрийн хашаандаа таримал цэцэрлэг бий болгон, цэцэг жимс тарьж, 27 метрийн гүнээс гар худаг гарган, цэцэрлэгээ усжуулж, мод, ургамлаа тордож байсан. Бас тэр Бийск рүү фронтын бэлэг хүргэж явахдаа тэмээн жингийн хамгийн сүүлд явдаг асан солби хар атныхаа хүзүүнд зүүж явсан гуулин хонхоо хадгалж ирсэнээ үзүүлсэн, зочдыг цайгаар дайлж, өөрийн гараар буй болгосон, амьдрал хувь заяаныхаа түүхийг харуулсан бичил музейгаа танилцуулж байхдаа нулимсаа тэвчин, барьж байгаа нь мэдэгдсэн тухай, энэхүү сонирхолтой уулзалтыг тус нутагт аж төрдөг, нэрт олон улсын сэтгүүлч Гонгоржавын Төрмөнх хэлмэрчилж, түүнээс хойш тэд байнга хамтран ажиллах болсон тухай гээд өч төчнөөн мэдээллийг сурагчидтай хуваалцсан.

Харамсалтай нь тэрхүү домогт жинчин маань өнөөдөр хүмүүсийн дунд алга. Монголын нийслэл Улаанбаатар хотод домогт жинчинд зориулсан хүрэл баримал ч хийгджээ. Сурагчид асуултаар булж, ахмад сэтгүүлч тэр бүрийг соргогоор шүүрэн хариулт өгч байсан энэ уулзалт танин  мэдэхүйн үнэт  мэдээллээр арвин, сонирхолтой сайхан арга хэмжээ болсон юм. Уулзалтын дараа сэтгүүлч Алексей Ивашкин энд үгүүлэгдсэн үйл явдлын тухай “Монгольский ленд лиз” нийтлэл бүхий Вестник Горно-Алтайска сонины дугаарыг музей болон гимназид бэлэглэсэн. Уг нийтлэлдээ тэр Монголын Ховд аймаг, ОХУ-ын Алтайн хязгаар дахь уулын Алтайг холбосон тэмээн жингийн мөрөөр аялсан тухайгаа үгүүлжээ. Түүнчилэн сэтгүүлч маань ялалтын 75 жилийн ойд зориулагдан хэвлэгдэх, 1921-оноос хойш бараг 100 жилийн баялаг түүхтэй, Орос, Монголын ард түмний найрамдлын тухай үгүүлсэн, “Монголын халуун наран дор” цуврал номынхоо төгсгөлийн дөрөв дэх дэвтрийг хэвлэлд нэгэнтээ бэлэн болгосон агаад хэвлэгдмэгц В.К.Плакасын нэрэмжит музей, номын сан, мөн гимназид бэлэглэнэ гэдгээ  мэдэгдсэн юм.

 

Анна АЛЕКСЕЕНКО                                                                           

Ховдын толь сонины редакцид орчуулав.                                                           


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 10 =

Create Account



Log In Your Account