“Хариуцлагатай уул уурхай” чуулганы хариуцлагагүй авир, хандлага

By: Admin
2024-12-21
0
745

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг санаачлагын үндэсний зөвлөл, Уул уурхайн үндэсний ассиоциац, Говь—Алтай аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан “Хариуцлагатай уул уурхай” баруун бүсийн чуулган 2023 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв “Алтай хот”-д болов.

Чуулганд УУХҮЯ /Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам/, АМГТГ /Ашигт  малтмал, газрын тосны газар/, БОАЖЯ /Байгаль орчин аялал жуулчлалын яам/, УУҮА /Уул уурхайн үндэсний ассиоциац/, Цагдаагийн Ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл, ажлын алба, ОҮИТБС-гийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймаг дахь дэд зөвлөлүүд, “Хан Алтай ресурс” ХХК, “МоЭнКо” ХХК, Иннова минерал ХХК, Макс групп, “Монголын үндэсний ховор элемент корп” ХХК болон бусад бизнесийн байгууллагууд, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, “Төлсөн авснаа нийтэл” олон улсын эвслийн Монгол дахь зөвлөл, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын ЗДТГ, эдгээр аймгуудын зарим иргэд, иргэний нийгмийн төлөөллүүд оролцов.

Хоёр өдөр үргэлжилсэн чуулганы эхний өдөрт Яамдууд, Засгийн газрын байгууллагууд, уул уурхайн компаниудын илтгэл мэдээллүүд явагдсан бол хоёр дахь өдөр нь Олоборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл (Дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулдаг олон талт зөвлөлийн Монгол дахь салбар) болон аймгууд дахь дэд зөвлөлүүдийн мөн эрдэс баялаг уул уурхайн асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Үндэсний хэмжээний олон нийтийн байгууллага болон ТАН /Төлсөн авснаа нийтэл/ эвслийн илтгэл мэдээллүүд хэлэлцэгдэж, харилцан санал солилцон зөвлөлдсөн юм. ОҮИТБС-гын Ховд аймгийн дэд зөвлөлийн илтгэлд (дэд зөвлөлийн иргэний нийгмийн талыг ахлан ажилладаг “Ховдын толь сонин” НҮТББ-ын тэргүүн Г.Төрмөнхийн илтгэл) орон нутаг дахь энэхүү салбарт өрнөж буй үйл явц, тулгамдсан асуудлуудыг нарийн судалгаатай, баримт нотолгоотойгоор гарган тавьж, тодорхой саналууд дэвшүүлсэн нь чуулганд оролцогчдын анхаарлыг зүй ёсоор татсан бөгөөд, чуулганд оролцогсод цаашид Ховд аймгийн дэд зөвлөлийн манлайлалд тулгуурлан, баруун бүсийн аймгуудын ОҮИТБС-гын дэд зөвлөлүүд нэгдэж хамтарч ажиллах замын зургаа гаргахаар ярилцсан юм.  

XXXCh

Чуулганд оролцсон Засгийн газрын байгууллагууд, Яамдууд, Уул уурхайн том компаниудын удирдлага болон чухал төлөөллүүд эхний өдөр илтгэл мэдээллээ хийчихээд, дараагийн өдөрт хэлэлцэгдсэн олон талт зөвлөл, иргэний нийгмийн илтгэл мэдээллүүдийг сонсолгүй, чуулганыг орхин явсан нь харамсалтай бөгөөд чуулганыг үр дүн муутай, дутуу дулимаг болгосон гэж үзэхээр таагүй уур амьсгалыг буй болгов. Ганц энэ удаад ч бус өнгөрсөн жил Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Уул уурхайн долоо хоног”  үндэсний чуулган дээр ч Засгийн газрын байгууллагууд маань ийм авир аашийг үзүүлсэн. Цаашид Засгийн газрын байгуулагууд маань ийм байдлаа хадгалсаар байвал тухайн салбарт үл ойлголцол, хагарал бутралыг буй болгох “хариуцлагагүйн зуд” руу хөтлөнө гэдгийг энд онцлохыг хүснэ. “Хариуцлагатай уул уурхай” гэдэг уярам сайхан нэртэй чуулганыг санаачилж зохион байгуулсан яамдууд хийгээд мөнгө, санхүүгээр дэмжигч уул уурхайн компаниуд маань чуулганаа дундаас нь орхин зугатаж, харин ч хариуцлагагүй чуулган болгон хувиргадаг нь юуны учир вэ? Тэр тусмаа жил дараалан ингэдэг нь ...?

Редакци

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
10 + 8 =

Create Account



Log In Your Account