Ховд - Бүх нийтийн гүйлт 2017

By: Admin
2024-12-22
0
1898

Дэлхий нийтэд чимээгүй тахал хэмээн нэрлэгдээд байгаа хөдөлгөөний хомсдол, хэт таргалалтын өвчин ихэссэнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газар, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас хамтран улсын хэмжээнд бие бялдарын сорилын түүвэрчилсэн судалгааг 4 дүгээр сараас 5 дугаар сарын 1-ний хооронд явуулсан. Дээрх судалгаагаар хөдөлгөөний хомсдолд бага өртсөн аймгуудад төвийн бүсийн аймгууд оржээ. Ховд аймгийн тухайд энэ судалгаанд 2000 гаруй хүн хамрагдсан байна. Судалгааны дүнгээр Ховд аймгийн нийт иргэдийн 10 орчим хувь нь хөдөлгөөний хомсдолтой нь тогтоогджээ. Энэ үүднээс Ховд аймагт нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх ажлыг анхаарч эхлэв. Өнгөрсөн долоо хоногт Ховд аймгийн ЗДТГ, аймгийн БТС-ын газар, Жаргалант сумын ЗДТГ, Ховд аймгийн Цагдаагийн газар, Ахмад эмэгтэйчүүдийн Сүүн сэтгэл холбоод хамтран “Ховд кросс 2017” бүх нийтийн гүйлтийг 3 насны ангилалаар амжилттай зохион байгуулав.

“Ховд кросс- 2017” бүх нийтийн гүйлтийн арга хэмжээнд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт, хүүхэд залуус, оюутан сурагчдын төлөөлөл болсон 300 гаруй хүн хамрагджээ. Тэмцээнд 22-оос доош насны эрэгтэй эмэгтэй тамирчид 10 км, 23-40 насны эрэгтэй эмэгтэй тамирчид 7 км, 41-нээс дээш насны эрэгтэй эмэгтэй тамирчид 5 км-ийн зайнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. “Ховд кросс-2017” бүх нийтийн гүйлтэд амжилттай оролцсон байгууллагуудын тамирчидад Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн БТС-ын газрын дарга н.Цэдэнбал нар шагнал гардуулж баяр хүргэлээ.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
4 + 3 =

Create Account



Log In Your Account