Ховд аймаг дахь уурхайн болон олборлох салбар, хүрээлэн буй орчин, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний үр дүнд боловсруулсан дүгнэлт санал, зөвлөмжийг толилуулж байна.
2026 оны 1 дүгээр сар Ховд аймаг
2025 онд Ховд аймаг дахь уурхай, олборлолт, эрдэс баялгийн зарим асуудалд хийсэн судалгааны дүгнэлтийг танилцуулан, тодорхой асуудлуудыг зөвлөмж болгох зорилгоор энэхүү мэдээллийг бэлтгэв.
“Ховдын толь сонин” НҮТББ нь 2025 онд хэрэгжүүлсэн “Мэдэх эрх-Эрсдлийн өмгөөлөл” төслийн хүрээнд судалгаа мониторинг, мөн стратегийн буюу нийтийн эрхийн өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ тус аймаг дахь “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дэд зөвлөл” болон холбогдох байгууллагуудтай тогтмол хамтран ажилласан болохыг дурьдаж байна.
Энэхүү мэдээллийн хүрээнд бид Ховд аймаг дахь байгалийн эрдэс баялаг, байгаль хамгаалал, уурхайн хайгуул, олборлолтын төлөв байдлын тухай тойм мэдээлэл өгөх, тэрчлэн;

Нэг: Уурхайн салбарын орон нутагтай хамтран ажиллах гэрээний ил тод байдал, хариуцлага
Монгол Улсын түвшинд уурхайн салбар дахь зарим гэрээ ялангуяа орон нутгийн гэрээний баримт бичгүүд харьцангуй ил тод болсон ч нэн ялангуяа газрын тосны чиглэлээрх гэрээ ил тод бус. Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл дэх заалтын хэрэгжилт хангалттай биш, аливаа этгээдийн эрх ашгийг хөндсөн Захиргааны шийдвэр гаргах, гэрээ байгуулахад эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдүүдийн (нутгийн иргэд) саналыг сонсох зорилгоор сонсох ажиллагаа заавал явуулах тухай Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүргийн хэрэгжилт нэн хангалтгүй байсаар байна.
Энд Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор батлагдсан орон нутгийн гэрээ байгуулах жишиг загварчлалыг голчлон дурьдах ёстой бөгөөд уг тогтоолын хавсралтанд “ гэрээг байгуулмагц талууд өөрсдийн цахим сайтад ажлын 3 хоног дотор нийтлэх, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын дэд зөвлөлд ажлын 5 хоног дотор хүргүүлэх, иргэдэд сар бүр мэдээлэл хүргэх, гэрээг байгуулах хэлцлийн явцад олон нийтийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэсэн үүрэгжүүлсэн заалтууд бий. Гэтэл хэрэгжилтийн хувьд хангалттай бус, зарим нь сайтдаа байршуулдаггүй, хяналт, үр дүн тааруу, газрын тосны салбар дахь гэрээнүүд ихэнх нь ил тод тавигдаагүй, (гэрээг ил тод байршуулсан байдал нь дунджаар 50 хувьтай) тогтоолын зарим заалтад өөрчлөлт оруулах шаардлага ажиглагддаг гэх мэт асуудлууд байгаа.
Ховд аймгийн хувьд бол iltodgeree.mn цахим сайтад гэрээгээ байршуулсан нь МоЭнКо компаний гэрээнүүд, мөн “Талст молор” компанийн ганц нэг ус, газар ашиглах гэрээнүүдээс бусад нь ил тод бус байсаар байна. Тэрчлэн Ховд аймаг болон МоЭнКо компаний хооронд 2021 онд шинэчлэн байгуулсан хамтран ажиллах гэрээг аймгийн Засаг даргын Тамгын газар өөрийн цахим сайтад байршуулаагүй явж ирсэн бол гэрээг 2025 онд дахин шинэчлэн байгуулахдаа, гэрээний төслийг олон нийтэд нээлттэй мэдээлээгүй, гэрээг шинэчлэн байгуулах ажлын хэсгийг байгуулахдаа талуудын оролцоог хязгаарласан, энэ талаар өргөн мэдээлэл бүхий, тухайн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагын саналыг хүлээж аваагүй, ажлын хэсэгт оролцуулаагүй, гэрээг шинэчлэх хэлцлийн явцад олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулаагүй, энэ асуудлын хүрээнд урьд нь 2024 онд аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргад хүргэгдсэн мониторингийн дүгнэлт, санал зөвлөмжийг анхаарч авч үзээгүй, дүгнэлт зөвлөмжийн тухайд ямар нэг байдлаар хариу огт өгөөгүй, тэрчлэн 2025 онд шинэчлэгдэн байгуулагдсан гэрээний баримт бичгийг нийтэд нээлттэй болгоогүй гэх мэт анхаарч, засаж залруулвал зохих зүйлүүд цөөнгүй байна.

2024 оны мониторингийн дүгнэлт, зөвлөмжид Ховд аймгийн Засаг дарга болон МоЭнКо компаний хооронд 2021 оны хамтран ажиллах гэрээнд байсан загвар гэрээний ил тод байдлын зарчмуудыг хангах тухай заасан гэрээний /8 дугаар зүйлийн 8.9, 8.13, 8.14, 25 дугаар зүйлийн 25.1), гэрээний хэрэгжилтийг дүгнэх тухай заасан (25.2 дахь) заалтууд хэрэгжээгүйг сануулсан байдаг. Тэгтэл 2025 оны шинэчлэгдсэн гэрээний баримт бичиг нийтэд нээлттэй бус байгаагийн улмаас дээрх чухал зарчим агуулгууд “шинэ гэрээ”-нд хэрхэн тусгагдсаныг мэдэх боломжгүй байна.
Тиймээс юуны өмнө шинэчлэгдсэн гэрээний баримт бичгийг хууль дүрмийн дагуу нэн яаралтай албан ёсны сайтад болон тогтмол хэвлэлд хэвлэн нийтлэхийг зөвлөмж болгож байна.
Бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тухайд авч үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж буй аливаа этгээд орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулах асуудлаар нутгийн Захиргааны байгууллагатай хамтран, олон нийтийн хэлэлцүүлэг явуулах үүрэгтэй ч уг асуудлаар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах алхмууд хийгдэхгүй байгааг онцлон анхааруулж байна.
Хоёр: Стратегийн буюу нийтийн эрхийн өмгөөллийн зарим асуудал;
Стратегийи өмгөөллийн үйл ажиллагаа нь хүний эрх болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хуулийн харэгжилтийг хангах, жишиг тогтоох, хууль тогтоомж эрх зүйн бусад актыг боловсронгуй болгох, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, шийдвэр, зөвлөмж, дүгнэлтийн гүйцэтгэлийг хангах зэрэг цогц үйл ажиллагааг агуулдаг. Өмгөөллийн үйл ажиллагаа нь хэдийгээр саад бэрхшээлийг тойрдоггүй ч, эрх зүйн шинэчлэл, олон нийтийн хандлагыг зөв гольдролд чиглүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Манай байгууллага 2022 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын нутаг Халзан бүрэгтэй дэх “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ны үйл ажиллагаатай холбоотой зөрчилтэй асуудлууд, нийтийн эрх ашигт харшлаж буй зүйлүүд болон Цэцэг сумын нутаг Цагаан эргийн хууль бус олборлолт, авлига, байгаль орчинд учруулсан хохирлыг шүүх байгууллага хэрхэн шийдвэрлэж байгаа тухайд стратегийн өмгөөлөл явуулж ирсэн бөгөөд 2025 онд энэхүү ажил мөн үргэлжлэн явагдав. Халзан бүрэгтэйн асуудлаар 2022-2023 оны байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх менежментийн төлөвлөгөөг хууль зөрчин баталж, хууль бус үйл ажиллагаа явуулсныг нягтлан судлаж, нотлох баримтуудаар нотлон Ховд аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдүүлсэн бол “Монголиан нэшнл рийр ийрт корп” компаний одоо эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хууль бус болохыг мөн нарийвчлан судлаж тогтоогоод, хуулийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамаар (одоогийн Байгаль орчин уур амьсгалийн өөрчлөлтийн яам) дүгнэлт гаргуулах асуудлыг Мянгад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн Засаг даргатай хамтран тавьсан бөгөөд яаман дээр тухайн асуудлыг хэлэлцүүлж шийдэхгүй хүлээгдсээр байна. Эдгээр нь иргэд олон нийт, оршин суугчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийтийн эрх, эрх чөлөөг дээдлэхэд чиглэгдсэн зайлшгүй үйл ажиллагаа юм. Судалгаа, өмгөөллийн явцад илэрсэн нарийн тодорхой асуудлуудыг мэдээлэх, холбогдох албаны хүмүүст таниулах, цаашдын эрсдлээс сэргийлэх үүднээс эдгээр асуудлаар болон эрдэс баялаг, уул уурхайн салбар дахь хариуцлага, ил тод байдлын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргад 2024 оны санал зөвлөмжийн хамт, мөн 2025 онд хэд хэдэн дэвшүүлсэн боловч авч үзэж, хэрэгжүүлэх алхам хийгдсэнгүй. Тиймээс “Мэдэх эрх-Эрсдлийн өмгөөлөл” төслийн хүрээнд явагдсан судалгааны үр дүнд үндэслэн дээрх саналыг 2026 онд хэрэгжүүлэхийг хүсэж, үргэлжлүүлэн дэвшүүлж байна.
Жич: Стратегийн өмгөөллийн туршид хуримтлуулсан мэдээлэл, илрүүлэн тавьсан гогцоо асуудлуудын тухай системчилсэн тойм мэдээллийг дараах зурган таниулгуудаас үзнэ үү.


Гурав: Ил тод байдал, хариуцлагатай холбоотой тулгамдсан асуудлууд;
Монгол улсын үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчны багц хууль гэх мэт хууль тогтоомжууд, мөн холбогдох журмуудад ашигт малтмалыг хайх, ашиглах, олборлох, байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцвэрийг хадгалахтай холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага, төрийн удирдлага захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэд ард олонд нээлттэй, ил тод байлгах, хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу хариуцлага хүлээдэг байх талаар тодорхой заалтуудыг тусган хуульчилж өгсөн. Гэвч бодит байдалдаа бол дээр дурьдагдсанчилан хэрэгжилт хангалтгүй, алдаа дутагдал цөөн бус байна. Судалгаа, мониторингийн үр дүнд:


Энэхүү дүгнэлтийг үндэслэн зөвлөмжлөх нь:
Нэгдүгээрт: Хөшөөтийн уурхайн орон нутгийн хамтран ажиллах гэрээний баримт бичгийг олон нийтэд нээлттэй, ил тод болгож, гэрээний талаар талууд хийгээд иргэд олон нийтийн зүгээс нээлттэй санал авах ажлыг өрнүүлэх, гэрээний тухайд олон нийтийн хяналтыг сайжруулах, тайланг ил тод болгох, бодит дүнг нягтлан үзэх боломж бүрдүүлэх. ОҮИТБС-гын дэд зөвлөл болон хөтөлбөрийн багаас санал болгосны дагуу гэрээг дүгнэхэд бүх талын оролцоог хангах, давхар хяналт тавих боломж бүрдүүлэх, гэрээ байгуулаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй оролцоог хангасан, нээлттэй, ил тод байдлаар хэлэлцээр үүсгэж, гэрээ байгуулах ажлыг хэрэгжүүлэх;
Хоёрдугаарт: Ард иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөж, чимээгүй аюул нүүрлээд буйг онцгой анхаарч, хуулийн дагуу нийтийн эрхийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэх. Тусгай зөвшөөрөл эзэмшигч зориудаар худал мэдээлэл түгээх, албан тушаалтнууд хууль зөрчих, бусармаг зүйлийг аялдах явдлууд байгааг анхаарч, тухай бүр таслан зогсоох арга хэмжээ авах. “Халзан бүрэгтэй”-д өрнөж буй үйл явдлыг тойрсон хууль бус асуудлууд, аюул хөнөөлийн талаар үнэн мэдээллүүдийг нийтэд хүргэж, мэдэх эрхийг хангах, сонсгол, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх, сургамжийг таниулах зэрэгт Захиргааны байгууллагаас хуулийн хүрээнд үүргээ хэрэгжүүлж ажиллах.
Гуравдугаарт: “Цагаан эргийн хэрэг явдал”-ын тухайд төрийн байгууллагууд (Байгаль орчны яам, аймаг, сумын Засаг дарга, ИТХ) хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх. Хэргийг шүүхээр шийдвэрлэхэд хууль ёсны хохирогчийг оролцуулаагүй явдлыг анхаарч, энэ талаар гомдол, санал гарган, таслан шийдвэрлэх ажлыг хуульд нийцүүлэхийн төлөө тэмцэх, Цагаан эрэгт учирсан экологи, эдийн засгийн хохирлыг бодитоогоор арилгахад Удирдлага, Захиргааны байгууллагууд хуульд заагдсан үүргээ биелүүлж ажиллах. Шүүхийн шийдвэрийг судлан үзэж, Цагаан эрэг дэх сүйтгэгдсэн газар нутгийн экологийн болон байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх.
Дөрөвдүгээрт: Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын аймгийн дэд зөвлөлийн ажлыг эрчимжүүлж, олон улсын стандарт, үндэсний бодлого, орон нутгийн дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэмд нийцүүлэн ажиллуулах бололцоо нөхцлийг бүрдүүлэх, “хамтын оролцоот байгаль орчны мониторингийн баг”-ийг Ховд аймагт бий болгож ажиллуулах асуудлыг судлах, хөндлөнгийн хараат бус хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, зарим захиргааны шийдвэр, баримт бичгүүдийн хэрэгжилт, үр дүнд бодитой хяналт тавих. Тухайлбал уурхай олборлолтын салбар дахь орон нутгийн хамтран ажиллах гэрээний бүх шатлалт үйл явцад (хэлцэл, хэлэлцүүлэг, хэлэлцээр, гэрээний баримт бичгийн боловсруулалт, батлагдсан үйл явц, гэрээний хэрэгжилт, хяналтын тогтолцоо, үр өгөөж, олон нийтийн оролцоо, хариуцлага, нээлттэй ил тод байдал) хөндлөнгийн, хараат бус хяналт мониторинг хийлгэх, талуудын оролцоог хангах, ил тод нээлттэй байх тухай зарчимуудыг бодитоор хэрэгжүүлэх, хөндлөнгийн болон мэргэжлийн хяналтийн байгууллагуудын хяналт, шинжилгээ, мониторинг, аудитын үр дүнд өгөгдсөн дүгнэлт, зөвлөмжүүдийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг заавал тайлагнаж, үр дүнг тооцон ажиллах гэсэн санал зөвлөмжийг хүргүүлж байна.
Холбогдох байгууллага газрууд, талууд болон олон нийтэд энэхүү санал зөвлөмжийг дэлгэрэнгүй таниулж, хэлэлцүүлэхийн тулд нийтийн сонсголын хуулийн дагуу нийтийн сонсгол зохион байгуулахыг санал болгож байна.
Санал зөвлөмжийг анхааралтай авч үзэж, үүний дагуу холбогдох ажлуудыг өрнүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.
ТӨСЛИЙН БАГ

