Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газар ажлын үр дүнгээрээ улсад тэргүүлжээ

By: Admin
2024-12-23
0
2405

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Шүүхийн Тамгын газруудын 2019 оны ажлын үр дүнг дүгнэхэд Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар “Монгол Улсын Тэргүүний шүүхийн Тамгын газар”-аар шалгарчээ. Шүүхийн тамгын газрын үндсэн чиг үүрэг нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бусаар ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх явдал бөгөөд шүүхийн захиргааны алба, ажлыг голчлон зохицуулдаг.

 Монгол Улсын Гавъяат хуульч Чимидийн Доржгочоог Ховд аймгийн шүүхийн даргаар ажиллаж байх үед 1975-1980 онд Ховд аймгийн шүүх Улсын Тэргүүний шүүхээр тасралтгүй 5 жил шалгарч байсан түүхтэй бөгөөд үүнээс хойш 40 жилийн дараа Ховдын шүүх байгууллагын хамт олон ийнхүү ажлын амжилтаараа дахин улсад тэргүүлэв.

Өнөөгийн Ховд аймаг дахь шүүх нь 1927 онд Чандмань Уул аймгийн шүүх нэртэйгээр байгуулагдсан 94 жилийн түүхтэй байгууллага, хамт олон юм. “Алс баруун хязгаарт олон үндэстэн ястан ард иргэддээ төрөөс үзүүлэх шүүхийн үйлчилгээг үр дүнтэй хүргэхэд хүчин зүтгэл гаргаж буйг маань дээд байгууллагаас ийнхүү үнэллээ” хэмээн тус шүүхийн удирдах ажилтнууд ярьж байна.

Ховд аймгийн шүүх нь Иргэн, Эрүү, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын алба зэрэг бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийт 12 шүүгч, 28 шүүхийн Тамгын газрын ажилтны орон тоотой. Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар Дашнямын Даваасүрэн 2007 оноос 14 дэх жилдээ амжилттай ажиллаж байгаа юм.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
9 + 3 =

Create Account



Log In Your Account