"Соёл урлаг- Орон нутгийн хөгжил" зөвлөгөөний тухай

By: Admin
2024-11-23
0
1689

Энэ сарын 3-наас 5-ны өдрүүдэд Ховд аймгийн төвд “Соёл урлаг –Орон нутгийн хөгжил” нэрийн дор  соёлын ажилтнуудын аймгийн зөвлөгөөн зохион байгуулагдав.  

Уг зөвлөгөөний хүрээнд Хөгжимт драмын театр, Нийтийн номын сан, Музей болон сумдын соёлын төвүүдийн тайлан мэдээлэл сонсох, Мэргэжлийн урлагийн байгууллагын менежментийн орчинг сайжруулах нь сэдэвт сургалт хийх, нэгдсэн зөвлөгөөн, хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулах, соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, Мөн Хөгжимт драмын театрын өвөл цагийн нээлтэнд оролцох, зөвлөгөөнд зориулсан гар бөмбөгийн тэмцээн зохиох гэсэн ажлууд явагдав.  

Нэгдсэн зөвлөгөөний нээлтэнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн Засаг дарга Д.Дүгэржав, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын Урлаг – Уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, СУИС-ийн Театр урлагийн сургуулийн захирал доктор (PhD), профессор Ж.Долгорсүрэн нарын чухал албаны хүмүүс оролцсон. Зөвлөгөөн дээр үндсэн таван илтгэл хэлэлцэгдэж, дараа нь дөрвөн салбар хуралдаан явагдсан ба Соёл урлагийн газрын Урлаг –Уран бүтээийн хэлтсийн дарга Г.Батхуягийн “төрөөс баримтлах соёлын бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны шинэ хандлага, шилжилтийн стратегийн тухай” таниулсан илтгэл гойд сонирхолтойгоос гадна ач холбогдолтой мэдээллийг агуулж байлаа.  Тэрбээр илтгэлийнхээ гол агуулгаар дамжуулан, оролцогсодод төрийн соёлын бодлогыг бүх салбарын бодлого төлөвлөлтөнд шингээн оруулах замаар, олон тулгуурт зарчимаар хэрэгжүүлэх, соёл бол бүх нийтийн үйл хэрэг гэдгийг сайтар анхаарч, холбогдол бүхий бүх талуудтай, бүхий л шатанд нь хамтарч ажиллах, аялал жуулчлал, эдийн засаг, нийгэм, спорт, тэр ч байтуай үйлдвэрлэлийн салбарын бодлого үйл ажиллагаанд соёлын элементүүдийг уусган шингээх замаар соёлыг төрийн бүх салбарын үйл хэрэг болгоход чиглэгдсэн онол, суртахууны ойлголт, олон улсын чиг хандлага туршлага, түүнчилэн эрх зүйн боломжуудын талаар танилцуулсан.

Мөн профессор Ж.Долгорсүрэнгийн хэлэлцүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэл санааг түгээх илтгэл сонирхолтой хийгээд өндөр ач холбогдолтой мэдээлэл агуулж байв.

Зөвлөгөөнд Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбарын гүйцэтгэх захирал Г.Төрмөнх оролцож, орон нутгийн төдийгүй Монгол улсын төрийн соёлын бодлогод төрийн бус сектерүүд хийгээд мэргэжлийн холбоод, уран бүтээлчдийн оролцоо үгүйлэгдэж байгааг сануулан, оролцоо хамтын ажиллагааг бодлого төлөвлөлт хийгээд хэрэгжүүлэлтэнд шингээн хэвшүүлэх асуудлыг хөндсөн нь чухал зүйл байв. Энэхүү саналыг Засгийн газар, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд санал нэгтэй дэмжиж, цаашид онцгой анхааралдаа авна гэдгээ ч илэрхийлэв.

Аймгийн Соёлын ажилтнуудын зөвлөгөөнөөс зөвлөмж, уриалга гаргасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд бүх талын хамтын оролцоо нэн чухал болохыг ч онцолсон юм.      


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
5 + 1 =

Create Account



Log In Your Account