"Рио Тинто"-гийн Монгол болон Канадад хэрхэн татвараас зугтсан талаарх баримтыг дэлгэв

By: Admin
2024-12-21
0
1914

Монгол Улсын Татварын албанаас өнгөрсөн сард “Рио Тинто”-гийн охин компани болох “Turquoise Hill Resources”-ийн “Оюутолгой” уурхайд  2012-2015 онд явуулсан үйл ажиллагаанд аудит оруулж, 155 сая ам.долларын торгууль ноогдуулжээ. Торгуулийг “Turquoise Hill Resources”  үндэслэлгүй гэж мэдээлсэн бөгөөд албаныханд нэг сарын дотор хариу илгээнэ гэж мэдэгдсэн байна. Үүнээс өмнө “Рио Тинто” нь 2014 онд мөн Монгол Улстай татварын маргаан үүсгэж байсан бөгөөд 127 сая ам.долларын торгууль тавьж байсан ч маргааныг эцэслэн шийдвэрлэхдээ  торгуулийг 75 хувь бууруулж 30 сая ам.долларыг Монголын татварын албанд төлж байв.

Тэгвэл “Рио Тинто”  групп зөвхөн Монгол биш өөр олон улс оронд татвараас зайлсхийхийг оролдож байсан юм. Тухайлбал, өчигдөр Нидерланд улсад байдаг олон улсын татварын байгууллага “SOMO”-гоос “Turquoise Hill Resources” нь Канад улсад явуулсан үйл ажиллагааны  470 сая ам.долларын татвар, мөн Монгол Улсад ч 230 сая орчмын ам.долларын олон улсын татвараас бултсан гэх баримтыг дэлгэсэн байна. 

“SOMO”-гоос “Рио Тинто” группийн татвар болон явуулсан үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар Канад улсаас тээвэрлэлт явуулах бүртээ  татварын диваажин гэгддэг Люксембург, Нидерланд дахь тээврийн компаниудыг ашигладаг байсан бөгөөд хоёр жилийн туршид нийт 470 сая ам.долларын татвараас зайлсхийсэн гэж мэдээлжээ. Түүнчлэн, “Рио Тинто”-гийн Монгол Улстай хийсэн “Оюутолгой”-н уурхайтай холбогдох гэрээ нь 2011-2016 оны хугацаанд  Монгол Улсад 230 сая ам.долларын татварын алдагдал хүлээлгэсэн гэх баримтыг мөн энд багтаажээ.

Энэ тухай “Turquoise Hill Resources”-н Лондон дахь төлөөлөгчийн газраас  уг баримтыг мөн л  үндэслэлгүй гэж мэдэгдээд байна. Асуудал хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.

 “SOMO”-гоос  гаргасан баримтыг бүрэн эхээр нь эндээс  уншина уу.  

 Эх сурвалж: Somo.nl, Bloomberg.com, Business.financialpost.com

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 7 =

Create Account



Log In Your Account