Дэлхий дахинд
Туркийн Станбул хотод Монгол, Тажик, Киргиз, Армян, Казакстан улсуудын Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын Үндэсний зөвлөлийн төлөөлөгчид болон Олон улсын ОҮИТБС-гын Нарийн бичгийн дарга нарын газрын Төв Ази, Кавказийн бүсийг хариуцсан салбарын зохицуулагчид хамтран эрдэс баялаг, байгалийн нөөц, уурхай олборлолт, байгаль хамгаалал, эрчим хүчний шилжилттэй холбоотой бодлого, үйл ажиллагааг ил тодорхой, нээлттэй, бүх талууд болон олон нийтийн оролцоонд тулгуурласан, хариуцлагатай зарчмаар явуулдаг болгоход чиглэгдсэн сэдэв, асуудлуудаар 3 өдрийн турш чилэм хөтөлбөрөөр хэлэлцэж зөвлөлдөв.
Монгол Улсаас ОҮИТБС-гийн Ажлын албаны дарга Ш.Цолмон, ажлын албаны зохицуулагч Б.Хосбаяр, Иргэний нийгмийн талыг төлөөлж Үндэсний зөвлөлийн болон ТАН эвслийн гишүүн Г.Төрмөнх (Ховдын толь сонин” НҮТББ-ын тэргүүн), хувийн хэвшил, компаниудыг төлөөлж Үндэсний зөвлөлийн гишүүн, "Монгол-Орос цветмет" нэгдлийн албаны дарга, инженер Б.Билгүүнбат нар оролцов.
Энэ чиглэлээрх олон улсын стандартыг нэвтрүүлэх, мөрдөх тухайд улс орнуудын Парламент, Засгийн газрууд ойлголт тааруу, хойрго байгаа хийгээд бодлогыг эрүүлжүүлэхэд хаа сайгүй бэрхшээл тулгарч байгаа ч талуудын оролцоо зүй жамаараа нэмэгдсээр байгаа ажээ. Монгол Улсын тухайд стандартыг хэрэгжүүлэх, бодлогыг эрүүлжүүлэх үндсэн зорилтын хүрээнд Ил тодын үндэсний зөвлөл, оролцогч талууд санаачилж хамтран боловсруулсан, бараг 10-аад жил дэвшүүлж, өргөн барьсаар буй "Олборлох салбарын ил тод байдлын тухай" хуулийг 2025 ондоо багтаан УИХ-аар батлуулах зорилт дэвшүүлснийг олон улсын уулзалтын оролцогсод ч санал нэгтэй дэмжсэн юм.
Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын олон улсын стандарт нь хамгийн сүүлд 2023 онд шинэчлэгдэн батлагдсан бөгөөд олборлох салбар, эрдэс баялаг, уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн ил тод байдал, оролцоо хамтын ажиллагаа, тусгай зөвшөөрөл түүний хяналт, бүртгэл, тайлагналт, мөн эдгээр салбаруудын түвшинд байгуулагдан хэрэгжиж буй олон зүйл гэрээнүүдийн ил тод нээлттэй байдал, хэрэгжилт үр дүн, эерэг сөрөг нөлөөлөл, олборлох салбарын аж ахуйн нэгжүүдийн эцсийн өмчлөл буюу ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил тодорхой болгох, бүртгэлжүүлэх, мөн төрийн болон улсын өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг ил тодорхой, нээлттэй болгох, тэрчлэн эдгээр бүх үйл явцыг талуудын болон ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдүүд, мөн олон нийтийн тэгш оролцоонд тулгуурлаж хэрэгжүүлэх зарчмын шаардлагуудыг зүйлчилэн тусгасан байдаг. Энэхүү олон улсын стандарт нь бүгд 7 хэсэг 38 зүйл шаардлагаас бүрддэг бөгөөд эдгээр стандартын шаардлагуудыг хэрэгжүүлж сахиж чадвал олборлох салбар дахь байгалийн нөөцийг ашиглах, уурхай, хайгуул, олборлолтын бодлого, үйл ажиллагааны хариуцлага жинхэнэ утгаараа дээшилж, “хариуцлагатай уул уурхай”, “хариуцлагатай олборлох салбар” гэгчийг бодитоор нь бий болгох боломж бүрдэх ёстой гэсэн хүлээлттэй юм.
Монгол Улсын тухайд олон улсын энэ санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд конвенцийн дагуу үүрэг хүлээж, Олборлох салбарын үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ил тод байдал, хариуцлага стандартын хэрэгжилтийн дэлгэрэнгүй тайланг жил тутам гаргуулан, нэгтгэж нийтэлдэг. Гэвч тайлагналтын явц хангалттай түвшинд явагдахгүй байгаагийн дээр уг тайлагналт нь шаардлагын түвшинд, хангалттай үнэн бодитой байж чаддаггүй нь нийтлэг дутагдал юм.
Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын олон улсын стандартыг дахин шинэчлэх төслийг 2025 онд боловсруулж хэлэлцэхээр олон улсын санаачилгынхан ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар уг төсөлд зайлшгүй тусгавал зохих асуудлуудыг мөн хэлэлцэв.
Тэрчлэн Монгол Улсын Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл, ажлын албанаас 2024 оны үйл ажиллагааг дүгнэж, 2025 оны төлөвлөгөөг боловсруулан, тэрхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зориулагдах төсвийг УИХ-аар батлуулахаар Засгийн газарт өргөн барьсан ч уг төсвийн ихэнхийг хасаж танаж орхисон нь ил тод нээлттэй байдал, оролцоог сайжруулахад Засгийн газар хойрго хандаж байгаагийн нэг илрэл болж байна. Монгол Улсын хувьд 2025 онд тэргүүн зорилт болгож буй бас нэг чухал зүйл нь энэхүү салбарын үйл ажиллагаанд талуудын оролцоог сайжруулах үүднээс ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, ялангуяа орон нутгийн түвшинд талуудад болон иргэдэд мэдээлэл өгөх, тодорхой ойлголттой болгоход чиглэгдсэн ажлуудыг түрцтэй өрнүүлэхээр төлөвлөсөн.
Олборлох салбарын мэдээллүүдийг ил тодорхой, нээлттэй болгож, талуудын болон олон түмний оролцоог хангах явдал нэн чухал хийгээд хариуцлагыг сайжруулах үндсэн гол хүчин зүйл гэдгийг бодолцон, цаашид аймаг, сумууд, орон нутгийн удирдлагууд болон ажил хариуцсан эрхэмүүд маань энэ чиглэлийн санаачилга, үйл ажиллагааг сайтар дэмжиж, хамтран ажиллах, суралцах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.