"Хариуцлагатай төсөв" нийтийн сонсгол дээр юу яригдав?

By: Admin
2024-12-25
0
2151

        “Ховдын толь сонин” төрийн бус байгууллага нь Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Ховд аймгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, зарим хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний гүйцэтгэл, үр дүн, Жаргалант сумын хөгжлийн сангийн санхүүжилтээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад олгогдсон зээлийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, эргэн төлөлтийн байдал, мөн аймгийн ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдсэн хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилт үр дүнд хөндлөнгийн, хараат бус шинжилгээ хийсэн.

         Ажиглалт, шинжилгээг энэ оны 5 дугаар сараас оны эцэс хүртэл явуулсан ба өнөөдөр тус байгууллагааас аймгийн ИТХ-тай хамтран, төслийн хүрээнд хийгдсэн судалгаа, шинжилгээний дүгнэлт, илэрсэн асуудлуудын талаар танилцуулах зорилгоор нийтийн сонсголыг аймгийн Захиргааны хуралдааны их танхимд зохион байгууллаа.

        Нийтийн сонсголын хуулийн дагуу Засгийн газар, төрийн захиргааны төв, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сан, орон нутгийн хөгжлийн сангийн төсөв, газрын тусгай сангийн төсөв зэрэгтэй холбоотой асуудлаар жил бүр нийтийн сонсгол зохион байгуулахаар заасан байдаг тухай сонсгол зохион байгуулагчид танилцуулж байв.

        Нийтийн сонсголын үйл ажиллагааны хүрээнд дээр дурьдсан асуудлуудаар “Ховдын толь” сонин, “Хариуцлагатай төсөв” төслийн багийн Г.Төрмөнх, Г.Энхжаргал нар илтгэл таниулга хийсэн ба судалгаа, шинжилгээний үр дүнд илэрсэн хэд, хэдэн гол асуудлын талаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгааг ажил хариуцсан хүмүүс болон эрх бүхий албан тушаалтнуудад санал болгосон юм.

         Тухайлбал төслийн хүрээнд сонгож судалсан тендерүүдийн 90 хувь нь хугацаа хоцорч зарлагдсан ба төлөвлөгдсөн хугацаанаасаа хамгийн багадаа 8 хоног, хамгийн ихдээ 180 хоногоор хэтэрсэн,  урьд нь ажилдаа хариуцлага алдаж байсан компанийг дахин шалгаруулсан, их төлөв эдийн засгийн үр өгөөж багатай зүйлд, өндөр дүнтэй хөрөнгө оруулалт төлөвлөж батлаж байгаагаас хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийн тэнцвэрт байдал алдагдсан, хөтөлбөр төслүүдийн хүрээнд олгогдсон зээлүүдийн эргэн  төлөлт хангалтгүй, зарим нь мухардмал байдалд орсон, их хэмжээний зээлийг зориулалт бусаар зарцуулсан зэрэг асуудлууд илэрсэн байна. Тиймээс төслийн багаас 

      I. Орон нутгийн төсөв, ОНХС-гийн төсвийг төлөвлөж, батлахдаа хууль, журамд заасны дагуу олон нийтийн оролцоог хангах, аймгийн түвшинд хуулийн хугацаанд багтаан, олон нийтийн өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж хэвших, төсвийн урьдчилсан төсөл болон жагсаалт, төлөвлөгөөг төлөвлөх шатанд нь хэвлэн нийтлэж, олон нийтэд хүргэдэг болох, хөндлөнгийн экспертүүдээр шинжилгээ хийлгэж, санал дүгнэлтийг нь сонсдог байх

       II. Гүйцэтгэлийн хяналтыг хөндлөнгийн үнэлгээний багаар хийлгэдэг болох, гүйцэтгэлийн мэдээллийг ил тод байлгах тухай хуулийн заалтуудыг биелүүлэх, ач холбогдолгүй зүйлд их хэмжээний төсөв хөрөнгө төлөвлөхгүй байх, тендерүүдийг төлөвлөгдсөн хугацаанд нь зарлаж, гүйцэтгүүлдэг болох талаар дорвитой арга хэмжээ авах

      III. Жаргалант сумын хөгжлийн сангийн зарцуулалт, олгогдсон зээлүүдийн эргэн төлөлт, үр дүнтэй холбоотой тулгамдсан асуудлын тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж, эрх бүхий байгууллагаас тодорхой шийдвэр гаргах

       IY. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдсэн хөтөлбөр төслүүдийн эргэн төлөлтийг сайжруулахад чиглэгдсэн тодорхой арга хэмжээ авч, хөндлөнгийн үнэлгээний багаар үнэлгээ хийлгэх, ил тод нээлттэй байдлыг сайжруулах зэрэг асуудлуудаар тодорхой шийдвэр гаргахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад санал болгосон юм.

 


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 10 =

Create Account



Log In Your Account