АЙМГИЙН БАЯР НААДАМ БОЛЛОО

By: Admin
2024-12-23
0
1771

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам ёслол төгөлдөр эхэлсэн юм. 

Баяр наадмыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нээж, нутгийн зон олон, наадамчиддаа мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, хэлсэн үгэндээ "Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлж, эвийн хүч, шударга ёс, бүтээлч сэтгэлгээг эрхэмлэн дээдэлж, үндэсний түүх, эх хэл, соёл уламжлалаа нандигнан өвлөж, аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж буй хүн бүхэнд талархал илэрхийлье. Ажилч, хичээнгүй иргэдийн цаг наргүй хөдөлмөрийн үр шимээр Ховд аймаг маань улам улмаар урагшлан дэвжиж байгааг онцлон тэмдэглэе" гээд хотол олноороо өргөн дэлгэр сайхан наадахын ерөөл өргөсөн юм.

Энэ үеэр Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт Драмын театрын уран бүтээлчид, ГБХЗХГ-ын морин хуур, бүжгийн дугуйлангийн авьяаслаг сурагчид олон угсаатны түүх, соёл, өв уламжлал, бахархлыг илтгэсэн урлагийн тоглолтоор наадамчин олны мэлмий, сонорыг мялаалаа.

Энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын начин И.Мөнхбаатар, Улсын начин Ч.Цогбаяр тэргүүтэй аймгийн арслан 3, аймгийн заан 6, аймгийн харцага 6, аймгийн начин 15, сумын заан, начин 33 нийт 128 бөх зодоглож, бяр хүч, уран мэхийг уралдуулан барилдаж байна. Харин өсвөрийн бөхийн барилдаанд 32 хүүхэд барилдаж байна. Бөхийн барилдааны хөлийн цэцээр аймгийн арслан Р.Галсандаваа, аймгийн начин Ц.Балжаа, ахлах гарын даагаар С.Загдсүрэн, гарын даагаар Г.Авирмэд, Т.Амарсайхан, хаяавчаар Ч.Адилбиш, Б.Батмөнх, бөхийн тайлбарлагчаар аймгийн ахлах тайлбарлагч Б.Даваасүрэн нар ажиллаж байна.

Шагайн харваанд 40 гаруй харваач оролцож байгаа бол сурын харваанд 120 харваач цэц мэргэнээ сорьж байна.

Мөн наадмын эхний өдөр азарга, их нас, соёолон, хязаалан насны болон жороо морьдын уралдаан "Бөөр харын урд" гэх газарт боллоо.


Сэтгэдэлүүд
Сэтгэдэл бичих
1 + 9 =

Create Account



Log In Your Account